Showing posts with label Зүгээр л.... Show all posts
Showing posts with label Зүгээр л.... Show all posts

Friday, October 5, 2012

Юу ч мэдэхгүйгээ мэднэ...


Миний хувьд хамгийн гашуун санагддаг, юу ч мэдэхгүйгээ мэдрэх зовиурт мэдрэмжтэйгээ ахиад л учирч, баяртайяа гуниглаж сууна. Энэ мэдрэмж төрөх бүхэнд би өөрийн эрхгүй ямар нэг зүйлийг барьж авч нухацтайгаар оролдож эхэлдэг юм. Надад хийх зүйл энд мөн ч их байна. Даанч тэдгээрийгээ тодорхой зорилго, дэс дараалалтайгаар хийхгүй байгаагаас сэтгэл дотор юу ч хийж бүтээгээгүйн төлөөс болох хоосон хөндүүр шаналал салхинд хийсэх хамхууль мэт бөмбөрсөөр л байна.

Friday, July 1, 2011

Бүх гоё юмаа хаячихлаа, зориуд...


Чихэр шоколандны цаасан дээр хэн хэдийд өгсөн хэнтэй хувааж идсэнээ бичээд хадгалдаг, эзгүйд ажил дээр ирсэн хэн нэгний үлдээсэн зурвасыг ч хаядаггүй, сонин хэвлэлээс хайчилж авсан хэрэгтэй мэдээллүүдээ цуглуулдаг, баярын мэндчилгээ, ил далд захидлуудаа нэн чухалд тооцдог, новш ноохойдоо дарагдсан Сэгсгэр чинь хамаг хайртай нандин бүхнээ өөрийн гараар хогийн саванд хийчихлээ. Араас нь нь амь тэмцээд атигас татгас гээд байсан боловч “Маргааш үхлээ гэхэд аваад явахгүй нь тодорхой шүү дээ”, “Гэнэгүйхэн нэг өдөр зүгээр л шатчихаж ч болох байсан” гэхчилэн агуу их тайтгарлын тарни шившиж байгаад л устгачихлаа. Одоо зөвхөн өмсдөг хэдэн хувцас, ганц тэмдэглэлийн дэвтэр, хаяж хэзээ ч зүрхлэхгүй хэдэн халтар номоо тэврээд л үлдлээ. Сайхан байна аа, санаа сэтгэл хөнгөрөөд.

Thursday, June 30, 2011

Үүрч аваад шүүрч хаяад л явж байна даа


Үүлтэй тэнгэрийг цэлмээж үдийн нар шагайлгая даа энэ чинь одоо. Блогтоо бороо зүсрүүлээд бараг сар боллоо. Срезный ажил сэгсгэр үснээс минь их байсан эл өдрүүдэд бороо шивэрсэн уйтгарт блогт минь шүхэртэй шүхэргүй зорчсон андууддаа баярлалаа. Ардын хувьсгалтай сүүдэр чацуу байгууллага маань 90 нас зооглоод идээ ундааг нь аягалаад энүүхэндээ ажил ихтэй л сууж байна. Бас манай байгууллага Ази Номхон далайн сүлжээнийхээ хамгийн том их хурлыг Монголдоо анх удаа авч хийлээ. Олон улсын хурлын оволзсон ажил дундуур нөхөр Сэгсгэр төрсөн өдрөө халсан нөхөдтэйгөө төөнөтөл тэмдэглээд авч амжлаа. Ирэх наймдугаар сард эндээс ховхрох санаатай Сэгсгэр андад нь амжуулах ажил их, атгах зоос бага байгаа тул өдөр шөнийг ялгалгүй өөрийн хүнийх гэлгүй ажил ажлын захаас атгаж тавиад л явж байна даа.

Friday, February 5, 2010

Сэмхэн сэмэрсэн...


Тэнгэр бүрхэхэд би түгшдэг

Тэнд миний нартай өдрүүд бий...

Sunday, January 10, 2010

Нэг л өдөр...


Бурхадын өвчин мартагдаж ноёд хатагтай нар гоёход Буруу чихээ сэтлэж ээмэг зүүсэн би...

Monday, November 9, 2009

Хариулт нь тодорхойгүй асуулт


Гаж зүйл гэж юу вэ гэдэг бол хариулт нь тодорхойгүй асуулт. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгддөггүй үзэгдэл юмсыг л бараг гаж хэмээн нэрлэсээр ирсэн байх. Эгэл, танил зүйлсээс залхах үедээ хүн гаж зүйлийг сонирхдог гэсэн. Энэ утгаар нь аваад үзвэл гаж хандлага гэдэг гаж биш харин ч дэвшилтэт, танин мэдэхүйн шинэ шат болох биш үү? Тэгвэл гаж зүйлсээс цэрвэдэг сэтгэлгээг юу гэж үзэх вэ? Сүргийн инстикт уу, эсвэл...?

Monday, November 2, 2009

Үргэлжлэл...


Мэдрэмжээсээ татгалзахгүйн тулд мэддэг мэддэггүй бүх зүйлсийнхээ өрийг төлөөд "Баяртай" гэж хэлээд явуулсан минь миний амьдрал дахь хамгийн том худалдан авалт байлаа...

Wednesday, June 24, 2009

Баяжих совесть алга


...Автобусанд сууж хэрүүл сонсож, айлд зочлохдоо санаа зовж, хүүхдэд таван чихэр өгч чадаагүйдээ үнэн шаналж, хөгшдөд цайны сүү санаснаараа сарвайж амжаагүйдээ гэмшиж, эцэг эхийгээ ачилж үзэлгүй маань уншиж, эрхэм андыгаа ангал дээрээс аварч хүчрэлгүй алдаж, айлын гэр хөлсөлж, ажлынхаа хөлсөөр амьдарч явахад юу эс бодогдох вэ. Тэгэхдээ л хүний хоол булаах хүсэл алга... Өнөөдрийн Монголд өөртөө аягалчих хоол алга л даа.

Tuesday, June 23, 2009

Авсанд орох минь өлгийд орох шиг...


Дээр нэг шүлэг харж байсан юм. “Гэнэт л би хөгшин настай төрж, гэнэт л би хөгшин хүүхэнд дурлаж.... тэгээд юу ч гэдэг билээ дээ. Ямарч байсан төгсгөл нь “Авсанд орох минь өлгийд орох шиг байгаасай” ч гэдэг билүү. Хэний ч шүлэг байлаа даа марчихаж. Өнөөдөр энэ мөрүүд санаанд эргэлдээд...

Thursday, February 12, 2009

Торгон гуниг


Хэ хэ хэ, гангачуул нь үйтэн хуар гээд андуурчихав /сар шинэ ч ойртож байна/, хэнэггүйчүүл нь хээгүй даалимба гээд бодчихов /даалимба ч ховордож дээ/, энэ бол торго шүү. Сэтгэл минь гэнэтхэн торго болоод сэм сэмхэн шаналахдаа хээ урлаад... жигтэйхэн гоё хүн хаврын амьсгалтай сүүлчийн цаснаар будран алхаж явна даа. Гоё байнаа. Сайхан...


Хэлээгүй үгс цас болон бударнам

Хэн ч намайг ийм дотно үнсэж байгаагүй