Thursday, January 28, 2010

Хоосон өдөр...


Инээмсэглэх минь хачин гунигтай

Итгэлийн хөшиг гандсан байнам

Цонхоо битүүлсэн ч нэвт үзэгдээд

Цоожгүй атал орохоос халширнам

Tuesday, January 26, 2010

Баян айл


Хамар хашааны маань айл

Хар цагаан нохойтой

Нүгэл буян хоёроор хөрөнгөө мануулсан

Нүнжигтэй баян айл аа

Sunday, January 24, 2010

Сэмхэн


Бэлтгэж зассан мөсөн талбайд минь

Бэртэж унахдаа хараал хэлээгүй

Тэр хүн...

Tuesday, January 19, 2010

Мөнхрөл гунигийн тухай хэнд ч би ярихгүй...


Зөөлөн цагаан цасанд нүүрээ шургуулж мэгшлээ

Зөрөөд төөрөөд хаачих вэ дээ энэ л уйтхан орчлонд

Sunday, January 17, 2010

"61 ах"-ын найз

Америкт суугаа Бум-Эрдэнийн өгүүллэгүүдийг түүний блогоос уншдаг л байлаа. Монголоо санагалзсан, хүн сэтгэл ханхийсэн сайхан л өгүүллэгүүд. Харин би гэж этгээд нөхөр танил ертөнцийн үнэр танараас илүүтэй, өөрөө “харь гаригийн” хэмээн нэрлэдэг тийм л палхийлгэсэн гаж содон юманд дуртай, тэрхүү үнэрт нь мансуурч мангуурч, заримдаа ухаан балартан падхийтэл унаад сэргэж сэхээрэлгүй хэдэн цагаар ч хамаагүй “ертөнцөөс тасрах” дуртай. За тэр ч яахав.

...Нэг л өдөр Бум ах эх орондоо ирж мессенжэрээр hi, bye-тай байдаг бидний хэдэн нөхөд царай бараагаа харан уулзацгаах юм боллоо. Яагаад ч юм, бодлогоширонгуй, ухаалаг төлөв яриа хөөрөөтэй, дотоод харцаараа нэвт сүлбэсэн, түүнийгээ нуун зөөлхөн инээвхийлсэн нөхөр байх юм бодож байлаа. Өгүүллэгүүдийг нь уншжээ суухад л тийм дүр зураг буугаад байдаг юм. Гэтэл санаснаас ихээ өөр, жоготой инээж хүн явуулсан, эрээ бараагүй эршүүдхэн эр зантай, амьдралын торгомсог утсыг сэм хөвөрдөхөөс илүүтэй алга ширүүн хорвоотой үзэлцэж явсан шинжтэй, бардам, тийн атлаа жигтэйхэн эгэл, манайхны ярьдгаар ёстой л нөгөө гүдэс шударга нөхөр байсан нь сонин.

Бум ах саяхан номоо гаргасан. Анхны биш гурав дахь ном нь. Өмнө нь “Сэмэрч үл барагдана”, “Америкт зорчсон Жийжээ” хэмээх хоёр номоо хэдийнэ уншигчдынхаа гар дээр чулуудчихсан. Саяын амралтын хоёр өдөр “61 ах”-тай өнжлөө. Ёох, сэтгэл гэдэг эрхтэнээ мартаж удчихаад байхад гэнэтхэн хаалга тогшоод вакцин, үгүй ээ биш, витамин тарихаар ороод иржээ “61 ах”.

Хөвсөлзөөд, тэгснээ сэмрээд, дараа нь нэг их баярлаад, хундага юм татчихмаар ч болоод, за мэдэхгүй ойрд оргиогүйгээрээ оргиод, цээжин дээр нэг зөөлхөн юм дарчихаад... сонин л боллоо дог. Энэхэн үес "скафандртай нисгэгч"-ээс илүүтэй дээлтэй монголдоо хайр ч хүрэх шиг хэхэ. Юутай ч Бум-Эрдэнийг “таньдаг” боллоо. “Нөхөрлөл”-өө нандигнана аа.

Sunday, January 10, 2010

Нэг л өдөр...


Бурхадын өвчин мартагдаж ноёд хатагтай нар гоёход Буруу чихээ сэтлэж ээмэг зүүсэн би...

Tuesday, January 5, 2010

...мм...


Өөрийгөө би өөд нь шидчихээд
Тосож авалгүй явчих дуртай...