Friday, December 4, 2009

Зандаа минь, сонсоод танихгүй нэр минь


Зандаа минь, сонсоод танихгүй нэр минь
Зам жим тийм хялбар байгаагүй шүү тавилан минь

Ямар зүгээс ирснээ мэдэхгүй би
Яруу холд шингэхээ мэднэ эвий минь

Өгснийг чинь даруухнаар өмсөж зүүж
Өгөөмрийг чинь гайхаж явсан бурхан минь
Өнөөдрийг бэлэглэж маргаашийг бүтээх нэгэнтэй учирсан

Өө, тэр хэтэрхий бардам байсан зол минь
Тэглээ гээд өлмийд нь сэтгэлээ дэвсээгүй

Тэргэл маргаашийн зүг алхсан, Зандаа тийм, хувь заяа минь

Sunday, November 29, 2009

Зандаа минь тайван бай гэж явуулын бурхан хэлчихээд


Би өөрийгөө уучилж чадахгүй тийм хачин цаг хугацаанд

Биелсэн зөн минь дэндүү өчүүхэн санагдахад


Амьдрал агуу гэх хэн нэгний хийрхэл

Аль эртний хуучирсан дурсамж мэт бодогдоход


Өмнө минь зогсоо ялдам, ядуухан амраг минь


Өөр нэгний тухай ер бусыг төсөөлөхөд


Хундаган дахь дарс зүрхний ховдолд нуурлаж


Хуурайхан энхрийллээр нулимсыг минь арчихад


Зандаа минь тайван бай гэж явуулын бурхан хэлчихээд


Зам мөрөө хайн хаа нэг тийш одоход…

Monday, November 23, 2009

Зам зуурын салхин Зандааг сэмрээж орхивол...


Эвлэршгүй дайсан, хагацашгүй анд минь билээ сэтгэл минь чи
Эрүүдэн шүүж болдоггүй гавъяа шиг ял билээ сэтгэл минь чи

Энэлэл хайр, хорсол зэвүүцлийн илдийг хурцлагч
Эмзэг атлаа хүнд зэвсэг юм сэтгэл минь чи

Ертөнцийн амьдрал баян ч чиний энд хүрэхгүй

Ер бусын сэлүүрт хөлөг онгоц юм сэтгэл минь чи


Авсан дотор ч баяртайяа сэрж мэдэх


Аз жаргалын сэрүүн хүйтэн зүүд шүү дээ сэтгэл минь чи


Зам зуурын салхин Зандааг сэмрээж орхивол


Завсарт нь бүтэн үлдэнэ ээ сэтгэл минь чи

Tuesday, November 17, 2009

Зүрх минь санаа алдаж байна...


Хүнд битгий хэлээрэй. Яагаад гэвэл энэ миний нууц түүх. 1998 оны тэмдэглэлүүд. Гэвч одоог хүртэл хөндүүр, нууцхан хэвээр сэтгэл дотор санаа алдалтын минь хаа нэгтээ хийсч л явдаг юм. Бурхан минь цаг хугацаа бүхнийг мартуулдаг гэж худлаа юм байна. Өнөөдөр чинь 2009 он шүү дээ...

* * *
...Тэр үед залуухан сайхан эмч. Би түүнд дурлаж байсан. Хэзээ ч мартагдахгүй тэр дүр. Биеэ үзүүлэхдээ дандаа ичдэг ч хамгийн их аз жаргалыг тэнд л мэдэрдэг байж билээ. Чагнуурынх нь ормоор дугуй дугуй хээ үлдэхэд тэр инээж байдаг байсан. Би ч бас инээдэг... Орой болгон бурхнаас өвчин гуйж залбирдаг байлаа. Түүний гар дээр дахин очихын тулд тэр шүү дээ.
* * *
Би танд хайртай гэж хашгирдаг, шивнэдэг, дэвтэртээ бичдэг, харин хэлдэггүй. Хэлдэггүй учраас та мэддэггүй. Мэддэггүй болохоор та инээдэг, тоглодог, шоглодог, заримдаа бүр гомдоодог. Гомдох бүхэндээ би уйлдаг. Та “уучлаарай” гэж хэлдэг. Харин нулимсыг минь арчдаггүй. Тэгсэн хэдий ч би уучилсан л байдаг. Уучлаарай эж хэлээгүй үед чинь ч уучилдаг. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Та ч бас...
* * *
Та намайг уйланхай жаахан охин гэж боддог. Юу ч мэдэхгүй бяцхан амьтан гэж санадаг. Гэтэл би таныг бодолтой чинь хамт цээжиндээ тээгээд хайрлаж явдаг. Би хайрлаж мэднэ.
* * *
Цаг хугацаа өнгөрсөөр байхад та ингээд зогсолтгүй алхсаар л байх хэрэг үү? Ганцхан удаа эргэж хараач дээ. Тэгвэл танд хавар, зун, намар, өвөл хамтдаа харагдаж харин би тэнд гав ганцаараа уйтгарлан зогсоо нь үзэгдэх болно. Энэ л агшинд та миний зуун жилийг ойлгож магадгүй. Энэ зуун жил хэдийд эхэлснийг, хаана дуусахыг та мэдэх үү?
* * *
Өнөөдөр би зүрх сэтгэлтэйгээ ярилцлаа.
–Биелэх үү?
–Хэзээ ч үгүй
–Яагаад?
Би өөрөө хүсээгүй юм
–Тэгвэл яах гэж...?
–Зүгээр л...
–Утгагүй юм
–Харин тийм ээ
* * *
Өнөөдөр тантай тун адилхан хүн явж байхыг хараад өөрийн эрхгүй араас нь дагав. Машин сигнаалдах үед тэр эргэж харсан. Инээд хүрмээр улцгар шар нүүр... Ээ бурхан минь, та намайг уучлаарай.
* * *
Таныг зүүдэлсний маргааш өдөржин л таны тухай бодлоо. Орой нь бороо орсон. Борооноор таны тухай л бодон алхаж явлаа. Бодол минь харин нороогүй.
* * *
Өнөөдөр нээх их гоё цэнхэр цамц өмсчихсөн байсан. Энэ нь түүнд их зохиж байлаа. Хувцас юу ч биш гэж ярьдаг үгэнд би итгэдэггүй. Гоо сайхныг ч, хайр дурлалыг ч хувцаслаж байж л сая тэр төгс төгөлдөр харагддаг шүү дээ. Өнгө гэрлийг үгүйсгэгчдэд би дургүй. Тэр минь өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байсан.
* * *
Сэгсгэр минь, сэтгэлээ редакторлох хэрэггүй. Ертөнцөд төгс төгөлдөр зүйл гэж үгүй бөгөөд тэрхүү гайхамшигт төгс төгөлдөр рүү үргэлж тэмүүлж байдаг гагц зүйл нь сэтгэл өөрөө юм. ]
* * *
Урьд нь хүмүүс үүнийг хэлсэн, бичсэн, харин би одоо давтаж байна. Тэгэхдээ урьд өмнө сонстож байгаагүй тийм яруу хоолойгоор, яриангүй үнэмшилтэйгээр бодож байна. Энэ агшинд итгээрэй. Зүйрлэшгүй үнэт сэтгэлийг минь мэдэрвэл...
* * *
Бие минь бийгээ мартаж, би өөрөө нэг л хачин. Гэмшил төрөх шиг хуйс хуйсхан салхи үүсээд, таны тухай гуниглуухан сэтгэж эхэллээ би.
* * *
Дэмий, бүх юм дэмий... Уулзах минь ч утгагүй, хүсэх минь, мөрөөдөх минь цөм биегүй. Халуун дулаахан угталт ч үгүй. Зүгээр л хэт хөөрсөн шунал хүсэл, хөөсөрсөн хөөс. Өөр юу ч биш. Зүрх сэтгэл минь хов хоосон байна.
* **
Гадаа бороо орж байна. Та бороонд дуртай шүү дээ. Тийм учраас би бичиж байна. Энэ борооноор тань руугаа очих сон. Намайг алгаа дэлгэн угтахгүйг чинь мэддэг болохоор... Сайндаа л та “Миний дүү юу хийж яваа чинь энэ вэ, хар борооноор...” гэж хэлэх биз. Гэтэл би таны дүү биш. Ойлгож байна уу? Ингээд л хашгирмаар санагддаг шүү дээ.
* * *
Энэ тэмдэглэлүүд яг л өвчний түүх шиг. Эмч өвчтөнүүдийг историйг өмнөө дэлгээд зовиур шаналлынх нь тухай бичдэг шүү дээ.
* * *
Хязгааргүй шударга хайр минь таныг энхрийлэн тэврэг. Хэдийгээр та бидэн өнөөдөр газар нутгийн хувьд алс зайтай байгаа ч сэтгэл зүрх минь ямагт хамт цохилсоор байна. Сонс л доо... Мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ. Тэр тусмаа та бид хоёр...
* * *
Жигдхэн амьсгалан тайван нойрсох чамайгаа хараад тэмдэглэлээ бичиж сууна. Залбирал хүслийг минь сонсож өнөөдрийг над руу илгээсэн бурхан танд баярлалаа. Аз жаргалдаа итгэх сэн. Яг одоо би юун тухай бичихээ ч мэдэхгүй нь.
* * *
Цагийн цохилт “тэнэг тэнэг” хэмээн лугшиж байна. Учир нь би бүхэнд шунан дурладаг хэвээрээ.
* * *
Догдлонгуй ширтсэн мөнөөх гайхамшигт харц одоо ямар болсон бол? Хэрэв тэр өөр болсон бол /Тэгсэн гэдэгт эргэлзэхгүй байна/ би түүнийг дурсаж байгаа нь тэнэг хэрэг болох сон. Гэвч хорвоо эргэж буй. Би чамайг буруутгамааргүй байна.
* * *
Яагаад чи над руу ийм хуурамчханаар ширтэнэ вэ. Чиний нүднээс би хайр энхрийллийг эрсэн боловч олсонгүй ээ. Гэтэл би яагаад чамайг ийм их хайраар өлгийднө вэ. Хайртыг минь ялдам болгооч гэж ямар бурханд хэлэх вэ?
* * *
Шинэ жил, шинэ зуун эхлэх мөчид чин сэтгэлээсээ чамтай хамт байхын тулд ийнхүү бичиж сууна. Яагаад гэвэл өнгөрсөн он жилүүдэд чи бидэн дэлхий хэмээх гариг дээр төрж хамгийн эрхэм хүмүүсээ энд оршуулж баяр гунигийн нулимсаа шүлгээрээ нэрсэн. Ах дүү ч бай, амраг садан ч бай хоёул учирсан минь юутай их аз вэ.
* * *
Заримдаа их ганцаардах юм. Гэхдээ зүрх сэтгэлийн мөнхийн гэгээ болсон чамайгаа бодохоор би ганцаардах ч учиргүй, үхэх ч эрхгүй гэдгээ мэдэрдэг.
* * *
Өнгөрөн одох, угтан ирэх цаг хугацаанд хайртай. Таны минь амьдран буй ертөнцийн зовлон нь жаргалын амттай байдаг. Та минь эрүүл энх, аз жаргалтай л явбал тэр нь миний хамгийн том шагнал байх болно. Ерөөсөө л би үүний төлөө ертөнцөд ирсэн юм биш үү...
* * *
Хэдийгээр энэ өдөр хоногууд юу ч үгүй хов хоосон өнгөрч байгаа ч энэ нь надад бага зэрэг бодлогошрох, гансрах боломжийг олгож байна. Маргаашид би яарах сэтгэлгүй болчихож. Нэг л тойргоороо элэгдтэл, залхтал эргээд байх шиг санагдах юм. Түүнээ ч илүү шаналлыг өдөр бүр амсаж байна. Ирэх өдрүүдийг би халуухан харц, дотнохон үгс, чиний үнсэлтээр төсөөлж явсан. Сүүлчийн хэд хоног би орь ганцаар амьдарч байна. Зүрх сэтгэл дотроо л амьдарч байна.
* * *
Зүрх минь санаа алдаж байна. Өөрийн эрхгүй л, хүссэн ч эс хүссэн ч би “Амьдрахын төлөө” л зүтгэж байгаа минь харамсмаар. Амьдарч буй минь гунигтай.

Monday, November 9, 2009

Хариулт нь тодорхойгүй асуулт


Гаж зүйл гэж юу вэ гэдэг бол хариулт нь тодорхойгүй асуулт. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгддөггүй үзэгдэл юмсыг л бараг гаж хэмээн нэрлэсээр ирсэн байх. Эгэл, танил зүйлсээс залхах үедээ хүн гаж зүйлийг сонирхдог гэсэн. Энэ утгаар нь аваад үзвэл гаж хандлага гэдэг гаж биш харин ч дэвшилтэт, танин мэдэхүйн шинэ шат болох биш үү? Тэгвэл гаж зүйлсээс цэрвэдэг сэтгэлгээг юу гэж үзэх вэ? Сүргийн инстикт уу, эсвэл...?

Saturday, November 7, 2009

Орчлон дээр...


Орчлон дээр тайван буй юм нэг ч алга
Одогсдын дуу алдалт, ирэгсдийн уйлаан
зүрхний хана тэмтэрч

Олдсон жаахан газарт минь анхны цас
сүүлчийн бороо намирч

Орон гэр минь мөнхийн салхинд дэрвэж,
нисэх мэт гэгэлзэж

Орчлон дээр тайван буй юм нэг ч алга...

Monday, November 2, 2009

Үргэлжлэл...


Мэдрэмжээсээ татгалзахгүйн тулд мэддэг мэддэггүй бүх зүйлсийнхээ өрийг төлөөд "Баяртай" гэж хэлээд явуулсан минь миний амьдрал дахь хамгийн том худалдан авалт байлаа...

Thursday, October 29, 2009

Би "Аан" л гэсэн...


Японд сурч байгаа анд маань саяхны нэг өдөр ийм /Afghanistan, Bangladesh, Bhutan, Burma (also known as Myanmar), Cambodia, Kyrgyzstan, Laos, Maldives, Mongolia, Nepal, North Korea, Tajikistan, Timor-Leste, Turkmenistan, Uzbekistan and Vietnam/ хэдэн улсын нэр шидлээ миний мессенжэрт. Ямар учиртайг нь асуусан чинь

-Мк Дональдсын салбар байхгүй улсууд гэнээ.

-Мк Дональдс яагаад тэнд салбараа байгуулаагүй юм бэ гэсэн чинь

-Судалгаагаар хүмүүсийнх нь худалдан авах чадвар хүрээгүй юм... гэлээ. Би “Аан” гэж хэллээ. Тун удалгүй ахиад энэ /argentina, aruba, australia, bahrain, belgium, bermuda, brazil, canada, chile, china, cyprus, czech republic, denmark, finland, france, germany greece, guam, hong hong.../ улсуудын нэрсийг дахин савлаа. Ямар учиртайг нь дахиад л лавлахад

-Та бүхний талбай /Сүхбаатарын талбай/ дээрээ нээлтийг нь хийсэн Louis Vuitton дэлгүүрийн салбар сүлжээтэй улсуудын нэрс байгаа юмаа гэж хариулсан. Би бас л “Аан” гэлээ...

Wednesday, October 28, 2009

Өндөрхаан...

Өндөрхаанд эль хульхан, Хэрлэнгийн чимээ ч сонстохгүй
Өнгөрүүлсэн мөчүүдийн дурсамж, уйлах дуун сонстохгүй
Зэлүүд хачин өдрүүдийн гийгэх совин дор
Зэрэглээт сэтгэгдлийн хүчээр амьд яваагаа мэдэрнэ
Өндөрхаанд...

Monday, October 26, 2009

Гүүр...


Зүрх рүүгээ очихын тулд гүүр барьж эхэллээ. Барилгын материалаа өөрөө үйлдвэрлэж байгаа...


Saturday, October 24, 2009

...мм...


Жигүүртэй явснаа санан гуниглахад
Газрын хүмүүс ойлгохгүй...

Thursday, October 22, 2009

Үйрмэгхэн...

Зэрвэс гунигт амгалан шөнийн нүцгэн уй
Жиндэж санагдсан миний сэтгэлийн алс буйдханд
Гэмэрхээд эргэж олоогүй шаналанд зангидсан бяцхан чулуу
Гэм зэмгүй бүрэнхүйд минь уусаад өгүүлшгүйг зорилоо
Чи хол алс, надаас чинагш, бүр тэртээд
Чиний тухай бодох сэтгэл энүүхэнд
Одоо би зэрвэс гунигт нүцгэн шөнийн амгалан уйг
Олж аваад чиний хол өөрийн ойрд үйх болно... үйрмэгхэн

Tuesday, October 20, 2009

Гутлаа мялаалгая


















Ийм гуталтай боллоо. Ямар байна даа? Саналаа хэлээрэй найзууд аа хэхэ.

Monday, October 19, 2009

Миний...

Гэрэлт амраг минь
харанхуй моддын дор

Гэгээн хаврыг мөрөөдөн
гуниглан суусныг

Цаснаар гэнэт би
олж мэдээд

Царцах шиг
харууссан

Одоо тэр минь
ертөнцөд үгүй

Орон гэрийнхээ мартмал оршихуйд
би ганцаар

Цэнгэлт хавар цаг миний амрагийн гуниг
Цэнхэр өдрүүд болж сарны чинадад одсон
Цаснаар цагаан моддын дор
Цаг нар шиг амрагаа бодоход...

Wednesday, October 14, 2009

Гадаа цас орж байна


Уйтгартай, нам гүм дэх миний дурлал
Улиг болоогүй, цоо шинэхэн, гоо сайхнаараа...

Tuesday, October 13, 2009

Амьдрал минь


Гайхах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй

Өөр бас хэн нэгний хуудаснаас тасдаж

Хээрийн цэнхэр салхинд хийсгэх эсвэл

Хэвтэж байхдаа дуулж

Хэнэггүй гэнэхэн уйлах хэрэгтэй

Тайтгарч чадахгүй бол үхэх

Таалагдалдаа үнэнч үлдэх хэрэгтэй

Мянган он өнгөрөхөд

шинэ жилийн баяр ч хэрэггүй

Мартагдал дундаас ургаж

өлгийтэй хүүхдийг цочоох хэрэггүй

Зүгээр л ингээд амьдрах

Зүүдэндээ ярьж дэмийрэх

Хайр, гайхшрал аль алиных нь хамт

Хамаг бүхнийг гишгэн амьд явах...

Thursday, October 8, 2009

Өө, хайртан...


Өө, хатсан модод, хайртнууд минь
Ямар агуу симфони тоглоно вэ
Өнгөрснөө дурсахад би дургүй
Ялдам хаврын эмэг эхийн дүртнүүд минь

Шар ширхэн бүү мэгшээд бай
Шазруун тэнэгхнээр нэгэн дуу аялъя

Эрт урьдын биш, ирэх цагийн юм шүү
Эргэдэг хормойтой, тийм гоё даашинзтай болно би

Tuesday, October 6, 2009

Би Баярмаа багшдаа хайртай


“Баярмаа багшийн группийнхэн” гэдэг лут нэртэй, багшдаа дулдуйдан бас ч гэж нэлээд биеэ тоох хандлагатай хэдэн нөхөд орос хэлний хичээлийнхээ дараа үндсэн ангидаа орж ирэхэд манай нөгөө группийнхэн тэвэг тоглосон, пуужин нисгэсэн хэдэн атаманууд л сууж байдаг сан. Тэвгэнд бухимдаж пуужинд оногдсон хэсэг нөхөд Баярмаа багшийн группийнхнийг атаархангуй сонжих нь сэтгэлд нэн таатай байдаг байж билээ. Хүүхэд нас аа гэж...
Жаахан байхад Баярмаа багш маань их том хүн шиг санагддаг байж. Угаасаа хүүхэд насанд багш нар маань л бидний мэдэх, бидэнд ойр том хүмүүс байлаа шүү дээ. Тэр том хүмүүсээс бидэнтэй ойр дотно найзалсан нь үнэхээр ховор. Баярмаа багш бол яах аргагүй бидний хамгийн хайртай, дотно найзын минь нэг байсан юм. Их ч булагнадаг сан. Хичээлээ үнэхээр өгөөжтэй заана. Тэгсэн мөртөө хичээлийн 45 минутын 5-ыг нь яаж ийгээд хямгадчихсан бидэнд хөгжилтэй сонин сайхан юм ярьж өгнө. Орос дуу шүлэг заана. Багш гэрээсээ пянз тоглуулагч авчирчихаад л багахан хэмжээний концерт дэглээд өөрсдөө түүндээ хөөрхөн баясчихдаг сан манай группийнхэн. Тэр үед нэг ангийг хоёр групп болгоод хоёр тусдаа ангид орос хэлний хичээл ордог байсан юм. Манай Баярмаа багшийн группийнхэн хичээлийн хөтөлбөрөөрөө хэзээний л нөгөөдүүлээ ардаа хаячихсан явна. 4-р ангийн орос хэлний “Радуга-1” гэдэг улаан номынхоо хуудсыг дэлгээд үзсэн хичээлээ харж сууж байгаа манай группийнхэн дээр ирсэн нөгөө группийн хэд маань паах пөөх болоод л явчихна. Бид нар тэднээс хэзээний л түрүүлээд 4-5 хуудас өмнө оччихсон явж байх жишээтэй. Нэлээд хэдэн хичээлээ тэгж түрүүлж үзчихсний дараа нэг өдөр Баярмаа багш бид нарыг аваад орос хэлнийхээ хичээлийн цаг дээр зурагчинд очиж группээрээ зургаа авахуулж билээ. Тэр зураг одоо ч бидэнд байгаа. Ямар хөгжилтэй гоё өдөр байсан гэж санана аа. Тэр үед аймагт ганцхан зурагчин байдаг, зургаа авахуулна гэж сүртэй юм болдог байлаа шүү дээ. Бүгдээрээ зургаа авахуулчихаад замдаа цасаар байлдан, багшийнхаа нүүрийг цасаар угаачихаад бөөн баяр хөөр болж уур утаа савсуулсан хүмүүс дараагийн хичээлийн өмнөхөн ангидаа дуу хуур болон орж очиход нөгөө группийнхэн бас л нэг их атаартаж билээ. Зарим нь Баярмаа багшийн группт оръё гэж ангийн багшдаа хэлж байсан санагдана.
Юугаа ч мэдэхгүй хонгор бага насанд гадаад хэлний хичээлтэй минь хамт гадаад ертөнцийг бидэнд бэлэглэсэн Баярмаа багшдаа бид хайртай. Багш минь бидэнд хүн хүнээ хайрлах хайр, бие биенээ хүндлэх сэтгэл, соёл, нийгэмд бие хүн байхын утга учир хийгээд өнөөдрийг минь бэлэглэсэн. Аймгийн төвийн 10 жилийн хичээлийн ширээнийхээ араас арайхийн цухуйж байсан сахилгагүй бор жаалууд өнөөдөр бүгд том хүн болсон. Ширээ нь томдсон нялхас шиг бие нь томдсон жижиг хүмүүс болоогүй ээ. Багш бидэнд ямар том хүн болохыг үггүйгээр заасан, бид ч бас багш шигээ хүн болохыг тэсгэлгүй мөрөөдөж өссөн шүү дээ...
Энэ бүхнийг эргэн дурсахын учир нь тэртээд үлдсэн бага насны минь эрхэм хөтөч Баярмаа багштайгаа би өнгөрсөн баасан гаригт IT паркт болсон “Блог бидний амьдралд” өдөрлөгийн үеэр уулзан тэврэлдсэн явдал байлаа. Блог нийтлэлийн уралдаанд намайг тэргүүн байр эзэлснийг багш минь хэн нэгний блог дээрээс олж мэдчихээд шагнал гардуулах ёслол дээр нь хүрээд иржээ. Бас болоогүй ээ, шинэхэн хэвлэгдсэн “Монголын нууц товчоо”-н дээр шавьдаа сэтгэлийн үгээ биччихсэн хүрээд ирж. Миний Баярмаа багш ийм л хүн. Хамгийн хачирхалтай нь багш маань бидний багад их том хүн шиг харагддаг, санагддаг байж. Гэтэл тэр үед хонгорхон жаахан охин байж шүү дээ. Яагаад гэвэл багш тэр өдөр миний өмнө ямарч багш биш, харин миний үе тэнгийн найз бүсгүй шиг тэгж л харагдаж байсан. Миний багш угаасаа мөнхийн залуу зүрх сэтгэлтэй хүн дээ.
Юмны учрал гэдэг сонин. Би тэр нийтлэлийн уралдаанд олон нийтлэл илгээснээс шүүгчид “Сэтгэл хуучирдаггүй” гэдэг нийтлэлийг минь шалгаруулсан байсан. Багш аа, та энэ нийтлэлийн ГОЛ БААТАР нь билээ. 20-оод жилийн өмнө орос хэлээр хазгай муруйхан алдаад бичихэд минь аашлаагүй харин инээсэн, хонгор бага насыг минь голоогүй харин хайрласан ТА л бидэнд сэтгэл хуучирдаггүйг мэдрүүлсэн. Хайрт багшдаа энэ ертөнцөд тохиолдож болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Алдарт зураач Анри Матисс нэгэнтээ “Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг” гэж хэлсэн билээ...

Бодох минь цэцэг үрслэх шиг...

Monday, October 5, 2009

Блогчдын өдөрлөгийг боргионы ширээний араас сурвалжилсан тэмдэглэл

За би бол өөрийгөө нэг их блогчин энэ тэр гэж боддоггүй, блогчид гэдэг мундаг улсыг хулгай нүдээр атаархангуй хяламхийж, басхүү дотор сэтгэлдээ догдлонгүй бишрэнгүй ханддаг нэгээн. Гэтэл үзэл бодлыг үндсээр нь өөрчилсөн нэгэн явдал болсон нь зартай блогчин Зараа гэгч этгээд археологийн олдвор шиг аймаар гоё өргөмжлөл сэлтийг өвөрт минь тэврүүлж блогчдын халуун ертөнцөд болзоогүйгээр дагуулсан орох нь тэр.
Өнгөрөгч баасан ахын төрсөн өдрөөр IT паркт болсон “Блог бидний амьдралд” өдөрлөгт очсон минь олон сайхан “Од” блогчдыг амьдаар нь харсан аргагүй агшин хормууд байлаа. Агшин хормоор ч барахгүй аагтайхан оройг хамтдаа өнгөрүүлсэн бөлгөө. Харин төгсгөлийг нь төдийлөн сайн санахгүй байгаа нь урагшгүй би вээр уусан сархадандаа хөлөмцөж ухаан манаран, кадр тасарсных байх аа.
Сторми гэдэг гялалзсан залуутай хэзээний найз шиг буу халж, гурван оны өмнө миний Сэгсгэр “гэр”-ийг төхөөрч өгсөн Зараа андтай зантай сайхан тулгаж, ганц нэгэн удаа гал дөлтэй уулзаж асан Гаамп нөхөртэй хууч хөөрөн, нэгэн цагт нэхий дээлээ уралцаж асан Idea, Зүүдчин хоёртой хошуу холбож, зам зуурт нь зартай блогчин Микатай миегнэж, Анжгайтай ангалзаж, Амарсайхантай амаа урчих шахаж, Ободтой ширээ дамнан шивнэлдэж, бөөрөнхий дэлхийн бөөрөн дээрээс бөөн бөөн маазрал шидэлцдэг Бум-Эрдэнэ, Ганга нартайгаа нүүр учирч... за ер нь яаж хашгирч орилж, харайж гүйлдэж, хачин сайхан “монки”-нүүд болсон гэхэв.
За тэгээд эцэст нь завьтай Зараа маань зальтай Зараа болж, Monkey-гийн бичлэг Сэгсгэр имиджтэй болж, Гаамп гараа үрж гуяа алгадсан сайхан л орой байлаа.
Ингээд эцэст нь тэнд хэлж амжаагүй нэгэн тостоо хэлчихье дээ.

Ахин дахин уулзаж учрахын төлөө
Агсарч амжилгүй тасарч унахын төлөө
Таксигаар биш Бумаар хүргүүлэхийн төлөө
Танихгүй блогчдоо амьдаар нь харахын төлөө...

Wednesday, September 30, 2009

Шавраар цэцэг бүтээж...

Шавраар цэцэг бүтээж
Шаналахдаа навчлуулж
Цонхны цаана ганцаар
Цонхийтлоо тарималжуулж
Өөрийгөө гийгүүлнэ
Өрөөгөө гийгүүлнэ
Өд жигүүртэй хүсэл
Цоожлогджээ

Tuesday, September 29, 2009

Шавраар сэтгэл бүтээж...

Шавраар сэтгэл бүтээж
Нөмөрт нь хоргодохыг хүслээ
Шалтаггүй их гунигласан минь
Даарсных байж
Бусдыг дуурайж бүтээсэн
Бурхан минь шүтээнтэй төсгүй
Эцсийн эцэст зуурмаг зуурч
Этгээд гунигаа булшилнам

Tuesday, September 1, 2009

Ахиад л БУЛАНГИЙН ТЭРТЭЭХ НАМАР


Гайхмаар сайхан юм юу ч үгүй
Ганирсан зэлүүд үдшээр нэгэн совин төрнөм
Баяр баясгалант сүүлчийн дуу авиа
Бахардан унахыг сонсох шиг автнам
Энэ магадгүй, миний хайрын оршуулгын
Эмгэнэлт хөгжим дуурсаж дуусаагүй намар байх
Этгээд гуниг яг л навчны араас гашуудсан шиг
Эргэлзэлгүй намайг дагуулж одсон
булангийн тэртээх намар байх

Saturday, August 29, 2009

Булангийн тэртээх намар


Санааны улирал булангийн тэртээд одож
Шаналсан лааны дэргэд бүрхэг хэвээр үлдлээ
Савлаж ганхсан хаалгаар гарч гүймээр хүслэн минь
Гавлаж хорьсон мэт юунд надтай ханьсана вэ
Амтат хархан нүд аньж хөшөөд анирласан
Айхаа мэдэхгүй зүрх харсаар байтал халирсан
Цас хаялах шиг амраг минь цуг инээхээ больсон
Цаг үүрд гунигтай булангийн тэртээх намар минь

Monday, August 24, 2009

Тост-2


Инээж уйлах бүхэндээ ганцаараа байсны төлөө
Ирэх өдрүүдийг тосохдоо алгаа дэлгэдгийн төлөө
Ийм сайхан ертөнцөд олуулаа ирсний төлөө
Итгэж найдах анд дандаа олддогийн төлөө
Зүрх өвдөн шаналдаг ч зүгширч эдгэдгийн төлөө
Зүүдэндээ энэлж хэрсүүждэг ч сэрж баярдагийн төлөө
Бие биенээ харж амьд явдгийн төлөө
Биелшгүйд үргэлж тэмүүлж дундарч дүүрдгийн төлөө...

Monday, August 3, 2009

ЦЭНХЭРЛЭН ХАРАГДАХ НЯМДОРЖИЙН НУТАГ


Ононгийн шугуйд монос сэгсийтэл ургажээ. Энэ жил хур өгөөжтэй сайхан зун болж байна гэх урамтай үгс нутгийнхны амнаас үе үехэн сонстохоос үзэхүл сүүлийн хэдэн жил зуншилга төдийлөн сайн байгаагүй нь илэрхий. Хэнтийн Батширээт гэхээр мойлтой тос, зөөхий харагдаж ажилсаг гүндүүгүй буриад зоны аж амьдрал нүднээ ургаад ирэх.

Харин энэ удаа тэр нутгаас байгалийн өгөөж, баян хангайн хишгээс илүүтэй Мо

нголын оюуны ширгэшгүй ундаргын нэгэн их салааг олж түүнээс сэрэл мэдрэхүйдээ хүртэж анхилам үнэрийг нь дотоод сэтгэлдээ арилахааргүй хадаж авсан нь хамгаас олзуурхам хувь тохиол байлаа.

Өнгөрөгч 7-р сарын 25-ны өдөр Батширээт суманд зохиогдсон “Онон хатан ижий” яруу найргийн наадамд хот хөдөөгийн 50-иад шүлэгч оролцож уран үгсийг уралдууллаа. Батширээтийн эрхэмсэг найрагч Нямбуугийн Нямдоржийн нэрэмжит уг наадмыг Батширээт сумын Засаг даргын тамгын газар, Монголын зохиолчдын хороотой хамтран зохион явуулдаг болсоор таван он улирч байгаа билээ. Наадамд “Болор цом”-ын эзэд, мөн залуу үеийн төлөөлөл олон яруу найрагч зорин очсоноос гадна яруу найрагч Нямдорж агсны хань, үр хүүхэд нийслэлээс хүрэлцэн ирсэн байлаа.

“Өндөгний минь хээ өөрчлөгдөшгүй

Хурууны минь хээ хув

Алганы минь хээ арилшгүй...” хэмээх арилшгүй үнэт бадгуудаараа Монголын утга зохиолын их өргөөнд өнөд мартагдахгүйхээр үлдсэн Нямбуугийн Нямдорж хэмээх эгэл атлаа эрхэмсэг энэ уран бүтээлчийн дурсгалыг мөнхжүүлэхэд уг наадмын зорилго оршиж байгаа ажээ. Энэ ч утгаараа наадмыг зохион байгуулагчдын зүгээс, эхний давааны шүлэг нь их найрагчид зориулагдсан байх учиртай гэсэн хатуухан шаардлага тавьсан нь наадамд оролцсон яруу найрагчдын ур чадварыг сорьсон нэгэн том шалгуур болсон юм.

Энэ өдөр сумын улаан булан хавиар хөл хөлхөөн ихтэй, Нямдоржийн шүлгийн наадмыг үзэж нэгэн өдрийг найраг шүлгийн найртай хөг аялгуун дор өнгөрөөх гэсэн хүмүүс хөдөө гэрээсээ сумын төвөө зорин ирцгээжээ. Хэдэн жилийн өмнө буриад түмний ая дууны “Алтаргана” наадам Батширээтэд болохоор товлогдоод удаагүй байтал сумын төвийн улаан булан галд хайлсан хэцүү

иршгүй

хэн явдал болж билээ. Энэ үеэр наргианч наадамч буриад түмэн “Алтаргана” наадмыг заавал нутагтаа хийлгэнэ гэсээр хөдөлдөг бүхэн нь хөрөө сүхээ аваад ууланд гарч мод бэлтгэн нэг сарын дотор өнөөдрийн энэ улаан буланг яах ийхийн зуургүй бариад авч билээ. Ерөөс буриадууд эгэл гүндүүгүй, чигч шударга, дуу хуурт дуртай улс. Найраг шүлгийн ухаалаг мөрүүдэд уясан уяхан зарим нь нулимсаа шудраад авах нь ч харагдаж байсан.

Монголын утга зохиолын хөх сүмбэр оргилууд Батын Нямаа, Нямбуугийн Нямдорж, Цэдэндоржийн Цэдэнжавыг төрүүлсэн энэ нутаг өдгөө ч намба эрхэмсэг төрхөөрөө Баатарын Галсансүх, Батжаргалын Одгэрэл нарын гэрэлт хөвгүүдээ утга зохиолын их хоймор өөд өдлүүлж сэтгэлдээ нартай хүмүүсийн элгэнд илч дулаанаа өгсөөр байна. Ажил амьдралын эрхээр сураг ажиг нь холдсон анд нөхөд аглаг хөдөөд ийнхүү цугларч тэврэлдэн уулзацгааж байгаадаа их л баяртай. Номын садан нөхдийн дунд Арлааны Эрдэнэ-Очир, Ламжавын Мягмарсүрэн, Жамсрангийн Баяржаргал нар хүрэлцэн ирсэн нь галын хүрээг нутгийн зах руу тэлсэн ээлтэй учрал болов.

Энэ удаагийн яруу найргийн наадамд Хэнтий аймгийн Биндэр сумын найрагч Балдансодномын Энхжаргал түрүүлсэн нь найраг шүлэгт дуртай олон түмний болоод найрагч нөхдийнх нь магнайг тэнийлгэсэн сайхан хэрэг боллоо. Эрээнцавын Нямсүрэн гэж олноо алдаршсан их найрагчийг санагдуулахуйц анхилам зөөлөн уянгаараа их утга зохиолын хүрээнийхэнд хэдийнэ танил болсон энэ эрхэм аглаг хөдөөдөө аялгуу шүлгээ туурвиж яваа цөөхөн сайн уран бүтээлчийн нэг. Тэргүүн байрын шагнал цом, хагас сая төгрөгийг Нямдорж агсны гэр бүлийнхэн Энхжаргал найрагчид гардуулсан юм. Харин “Онон хатан ижий” яруу найргийн наадмын шагнал, бусад зардлыг Батширээт нутгийн унаган хүү, “А

льфа моторс” компанийн захирал Ганхуяг уламжлал ёсоороо ивээн тэтгэжээ.

Гурван оны өмнө, Нямдорж найрагчийн гэрийн бууринд Гансүрэн шавийнх нь босгосон чулуун хөшөөг он цагийн салхи зөөлөн илбэж ахуй тэр цаг дор Нямдоржийн номын анд Ломбын Нямаа багш хийгээд түүний эрхэм шавь нар Батширээт суманд номын сан байгуулж өгөх яриа өрнүүлж асан нь өнөөдөр биеллээ олж сайхан номын сантай болжээ. Энэ удаагийн наадамд оролцож буй найрагчид хүн тус бүр 10 ном бэлэглэсэн нь номын санг улам баяжуулж нутгийнхан ч энэ сургийг баяр хөөртэй хүлээж авсан юм. Баялаг сайхан номын сангаа галд хайлуулчихсан энэ сумынханд Батын Нямаа, Нямбуугийн Нямдоржийг “амьдаар нь” бэлэглэж ирэх цагийн

хөвгүүд охидод оюунлаг өвгийнх нь нандин гэрээсийг үлдээх болсондоо тэд ч бас баяртай байсан юм.

Өдөр нь ийнхүү найраг шүлгийн халуун мөртүүдээ уралдуулж, их найрагчийн тухай дуу дурсамж үерлүүлсэн уран бүтээлчид орой нь Нямбуугийн Нямдорж найрагчийн төрсөн тоонот-Бүрхийн төгөлд ирцгээж хүндэтгэл илэрхийлцгээлээ. Энд бас л тэд найраг шүлгийн

дээжээ уншсан юм.

Сүслэн санах, хайрлан бахардах, энэлэн дуурсах буй бүхний эхлэл нь төрж өссөн нутаг, ариун дагшин тоонот нь ажээ хэмээх сэрэхүй энэ өдрүүдэд бодол сэтгэлээс салахгүй дагаж, хүйн холбоотой нутагтаа сүүн сүжгээр уягдахын утгыг мэдэрч явснаа энд зориуд дурдъсу. Батширээт

эд хоёр хоног үргэлжилсэн айрагтай, найрагтай өдрүүдэд алс хөдөөгийн

амьдралын үнэн нүдний өмн

үүр урсч хотжиж харьжиж

буй сэтгэлд олон олон зүйл сэрхийн тэмтрэгдэж байлаа. А

мьдрал үеийн үед буцалдгаар

аа буцалсаар авч хөдөөгийнхний минь өмссөн дээлийн өнгө гандасхийж аж амьдрал нэгэн үеэ бодвол хомс тарчигдуу ч болоо юу гэлтэй. Гэхдээ л “Анхн

ы

алхам”-ын Базар, Дорж, Дугар нар хадуураа

ирлэж ацаг сайтай морьдынхоо тохмыг сэв

рээж, өмссөнөөрөө биш сэтгэлээрээ гоёдог мөнөөх л хангалуун дагшин дүр төрх хэвээрээ. Сумын

төвийнхөн талх, цөцгийгөө таваглаж ид уу гэх нь яг л өчигдрөөрөө. Харин эгнүүлж барьсан дүнзэн байшингууд өнгөө засаж будаг шунхны шинэхэн үнэр ханхлахын зэрэгцээ сумын төвийн дундуур модон хашлагатай засмал зам тавигджээ. Хангайн сум төвдөө ч дөрөө шүргэм

өвстэй байдаг нь сайхан. Очих ирэх хүмүүсийн хөлсөөн улам бүр нэмэгдэж байгаа болохоор түүнийг дагаад улаан зам ч тодрох хандлагатай байгаа гэнэ. Тиймээс төв замтай болж салаа замуудыг журамлаж эхэлсэн хэмээн Засаг дарга Болд ярьж байлаа.

Өр нэвт дотогшлох буриад дууны аялгуунд байгаль өнгө зохирлоо олж идээний амбаараас цагааны нэрмэл сэнхийх урин цаг. Гүймэгхэн салхинд моддын навчис сэрчигнэж сэтгэл сэгхийх нь нэн тааламжтай. Ийнхүү дуутай, дугараатай, дурдатгалтай, нулимстай өдрүүдийг үдэж буриад баавай нартай хөөрөлдөн Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутагт Цэцэн боржгины Чойном өртэй үлдэх учиргүй хэмээн халуун шүлгийн мөрүүдийг амилуулж их найрагчийн гэргий Дуламханд эгтэй аминчилж, гуниггүй цэнхэр салхин дор амьд яваагаа мэдрэхдээ нэг их том санаа алдсан сан. Цэнхэрлэн харагдах Нямдоржийн нутагт өнөөдөр бороо орж байгаа...

Sunday, July 19, 2009

Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод


Шаналсан дуугаа надад үлдээгээд
Цаг хугацаа нисэн одлоо
Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод Өчигдрийн дурсамжаар зүрхээ ирлэлээ
Дурлал хайрын үгс одоо
Хуучин номын завсарт үлдэнэ
Гал дөлтэй агшинг үлээж

Ганц амьдрах хүслээ орхино

Одоо над руу зориглон ирэх
Он цаг янаг минь болоход
Шаналсан дуугаа надад үлдээсэн

Цаг хугацааг дуулах болно

Monday, July 6, 2009

Архангай явчихаад ирлээ


Байгаль дэлхий ногоон өмсгөлөөрөө гоёж хүний сэтгэл ч мөн түүнийг даган дэлгэрч, мал амьтны зоо тэнийн идээшлэх хангай нутгийн зун. Борооны үнэртэй салхин дундуур агаар зүсэн довтолгож яваа бидний хувьд Арын сайхан хангай нутаг амарч тухлах диваажин шиг санагдаж билээ.
Наадам найр ойртсон цаг болохоор ч тэр үү, хөдөөгийнхөн хөл хөлхөөн ихтэй, айл бүрийн гадаа морины уяан дээр үүрэглэн байдаг хонины борын оронд ам нь ангалзаж амгай нь шаргисан агсам морьд чихэлдэн, айсуй баярын зөн сэтгэл сэвэлзүүлэх аж. Өвсний сөл, айргийн үнэр сэнгэнэж, хонь тааваараа идээшилж, сарлагууд залхуу нь хүрсэн янзтай салхи сөрөн зогсоод хааяахан үгнэж, хазсан өвсөө дуртай дургүйхэн хивнэ. Айлын гадаа адуу ялаархаж, морины хүүхдүүдын сэтгэл тогтохгүй хөвсөлзөн наадмын өдрийг хуруу даран тоолно. Хөндийн зэрэглээ тэртээд туналзах нь тунгалаг хөшгийг санагдуулах агаад тэрхүү хөшигний хормойд тэнгэр газар нийлэн тэврэлдэж борог өнгөө золгуулах нь зөөлөн мэдрэмж төрүүлнэ.
Тэр анирт хөндийн дундуур дуу шуутайхан довтолгосоор Заяын гэгээний нутаг, Тамирын гол, Тайхар чулуун дээр ирлээ. Тэнгэр жаахан бүрхэг, өмнөөс урих зөөлөн сэвэлзүүр салхинаас бороо үнэртэн, байгалийн дагшин хөдөөд сэтгэл нялхарна. Эгэл борог энэ л нутгийн эд эсийн нэгэнд хувилчихсан мэт зөөлөн мэдрэмж төрж үе үед хүмүүсийн амьдрал тэмцэл, баяр гуниг энэ л буйдын гүнд дуу шуугиантайхан өрнөж байсан даа гэх элгэмсүү найртай бодол дотор сэтгэлийн хаа нэгтээ аядуухан хөвсөлзөх нь сонин.
Архангай нутагт энэ жил сайхан зун болж байна. Идээ цагаа элбэг, зуншилга сайтай байгаа нь уулзсан хүн бүхний амнаас унах ээл дулаан үг ярианаас илхэн. Байгалиа л бараадаж хангай дэлхийнхээ ааш аягийг хардаг болохоор дэлгэр сайхан цагт хүмүүсийн сэтгэл ч тэнүүн. Ихтамир сумын нутаг Давааны ар гэдэг газарт бид нэгэн бэсрэг наадам хийж байхтай таарлаа. Нутгийн мянгат малчин Батбаяр улсын наадмын өмнөхөн нутаг нугынхнаа баясуулж хурдан хүлгийнхээ чансааг сорьж, унаач хүүхдүүдийн гарыг цайлган, бөх барилдуулж, сур тэнийлгэн нааддаг болсоор хэдэн он улирч байгаа гэнэ. Аав нь мөн л нутаг усандаа хүндтэй малч нэгэн байсан бөгөөд аавынхаа үеэс уламжилж ирсэн энэ бэсрэг наадмаа жилийн жилд хийж ус нутгийнхнаа нэгэн өдөр ийнхүү баясуулдаг болжээ.
Энэ жилийн наадамд гол усныхан нь айраг цагаа, идээ ундаагаа ганзагалан ирж малгайн тоос үргээн, малын ажлаасаа хугас өдөр холдож магнайн атираа тэнийлгэцгээж байлаа. Хотын бидэнд бол хөдөөгийнхөн маань аглаг буйдын цэнхэр салхин дор тааваар амьдарцгааж цагаан идээ, цайлган сэтгэлээрээ буй бүхнийг сүлсэн хачин их жаргал цэнгэлтэй хүмүүс санагдах. Харин яг тэдний дунд амьдраад хөдөлмөрлөөд эхлэвэл өглөөнөөс орой хүртэл ямархан их ажил амжуулж бохисхийх чөлөөгүй зүтгэдэг нь мэдрэгдэнэ. Малын ажил гэдэг чөлөөгүй хөдөлмөрт нухлуулж, үхрийн зэл, хонины бэлчээрээсээ холдож чадахгүй уяатай өнждөг тэдэнд ингэж нэг нутаг нугынхантайгаа хөөрөлдөн малгайн утаа сэргээх нь нэн таатай баяр болдог бололтой. Эрчүүл нь уяа морьдынхоо шандас хүчийг үзэцгээж, айлын эзэгтэй нар тогооны дээлээ сольж, хүүхэд багацуул нь хөдөөд ховорхон үзэгддэг төв газрын чихэр жимсээр өөрсдийгөө баярлуулж чухам л нэг хужир болно. Асрын өмнө айраг уун нутаг орныхоо сонин хачныг хөөрөлдөх тэднийгээ хараад Батбаярын сэтгэл ч мөн тэнийгээд явчихсан. Үнэтэй жип, үзмэрийн хувцасаар гангардаг хот газрын наадмаас огт ондоо, гүдэс гүндүүгүй, борог эгэлхэн, тос даасан хөдөөгийн наадам явуулын бидэнд жигтэйхэн сонин, басхүү сэтгэл татагдан бодол тэнийм санагдаж байлаа.
Биднийг энэ нутгийг зорин ирэх замд нэг л их анир гүм нутаг цэцгээ дэлгэн угтсан. Санаа алдмаар цэнхэрхэн хөдөө буйдын нуугисан халуун салхинд хэдэн тэмээд идээшилж, зуслангийн айлуудын цагаан гэр зэрэглээн дунд бөртөлзөн, айлын зэлэн дээр сарлаг, хотонд нь бөөрөө нийлүүлэн хивж, мал ахуй нь хүртэл нэг л амгалан налайж байсан сан. Тэр л анир гүмийн дунд дөрвөн цагийн эргэлтэд их амьдрал буцалж бургилж байдгийг энд, наадмын ногоон дэвсэгт, хурсан олны цайлган дуу хадсан газарт, нутгийн түмний дэргэд элгээрээ мэдэрлээ.
Эндээс айраг цагаагаар дайлуулж аяны ерөөлөөр үдүүлсэн бид аймгийн төвөөс урагш 80 гаруй км-т байх төрийн тахилгат Суварга хайрхан уулыг зорьсон юм. Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Гочоогийн Жамц ах Суварга хайрхан уулынхаа тухай сайхан дуу хийсэн нь энэ нутгийнхны аялах дуртай дууны нэг болжээ. Манай аяллын багт нэгдэн Суварга хайрханыг зорьсон Жамц ах, дуучин Жанцан, Хангайн нурууны байгалийн цогцолбор газрын захиргааны ажилтан Болдбаатар нар нутгийн айлуудаар бууж яриа хөөрөө дэлгэн, зуншилга, өвс ногооны гарц харж, нутгийнхаа эрт эдүгээгийн үүх түүхээс хуучилж явлаа.
Бид Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт малчин Дагважамц гуайнд буусан юм. Дагважамц гуай гэж дуу цөөтэй цөлх эр энэ багийн Засаг даргаар ажиллаж байгаад саяхан нутгийн залууд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөөд одоо хэдэн малаа эргүүлэн агаарын сайхан хөдөөдөө эгэл боргилхон аж төрж яваа хүн. Харин эхнэр Даваадорж нь эх баригч бага эмч. Энэ нутаг усныхны бараг л бүх хүүхдийн хүйн ээж буянтай эгч.
Эдниийх нутгийн овооны доохно талд зусаж байгаа. Бид эндээс овоондоо гарч Суварга хайрхнаа дурандлаа. Нутгийнхан энэ овоондоо ихээхэн сүжигтэй, жил бүр тахиж тайдаг, Цагаан сарын шинийн нэгэнд овоондоо гарч идээ будааныхаа дээжийг өргөдөг гэнэ. Суварга хайрханаас эх авсан олон гол горхины нэг Цэнхэрийн гол энэ нутгаар урсдаг. Энэ голд зусаж байгаа айлын улсууд бидний араас овоон дээр ирж наадам найрын бэлтгэл хийгээд хурдан морьдынхоо уяа сойлгын талаар яриа хөөрөө өрнүүлж далимд нь овооны доохно цэнхэрлэх голын доод хөндийд морьдоо тарлалаа.
Үнэхээр ч бид Суварга хайрханыг зорих замдаа Жамц гуайн сэтгэл хөндүүрхэн дурсаад авсан тэр газраар дайрсан юм. Зорьсон хүн л зүтгэж ирэхээс замын улс дайраад өнгөрөх аргагүй бартаат замтай энэ газар, нутгийн олны үеэс үед тахиж шүтэж ирсэн хайрхан уулын бэлд алтныхан газрын хөрсийг сэндийлж амжжээ. Энэ газарт “Монгол газар” компани алт олборлож байгаад нөхөн сэргээлт хийсэн нэртэй хаяад явжээ. Нөхөн сэргээлт хэмээн нэрлэж буй өөг сөөгхөн ганц нэг ногоо ургамар аядаж байгаа хөрсийг нутгийн ажилгүй улс дахин сэндийлж алт угаагаад эхэлжээ. Уурхайн ашиглаж байсан газарт хортон үүрлэх шиг бужигнаад орж явчихдаг нинжа хэмээх хар бүлгийнхэн энэ газрыг ч тойрсонгүй. Гэр бараагаа бариад, эгээ л нэг хөдөө буйдад зусланд гарчихаад суугаа улс шиг аятай тохитой нь аргагүй алт угаацгааж суугаа тэднийг Жамц ах маань л баахан үглэж дуулж, ухуулж сэнхрүүлээд өнгөрлөө. Нэгтэйгүүр ажилгүй, цалин хөлсгүй энэ хүмүүсийн буруу ч юу байхав дээ гэж өрөвдөн бодож болмоор авч нутгийн ариун дагшин хангайгаа ингэж арчаагүйтэж сүйтгэчихээд ард нь яах улс вэ гэж хангинаж байгаа Жамц гуайн аргагүй л зөв байлаа. Эд чинь бүгд л нэг гол усны улс шүү дээ. Тэмцээд тэмцээд хэдэн улс л ад болоод хоцрохоос гавьдаггүй. Тэхдээ л сүүлийн үед байгаль газар шороогоо хайрладаг, сэндийлдэг хоёр хэсэг улс болж хуваагдаад ямар сайндаа л буу сум хөдөлгөх дээрээ тулж байхав дээ, хэцүү уаг ирж дээ гээд л санаа алдахад нь эрхгүй л нэг юм бодогдсон.
Эндээс хөдөлсөн бид бид Ширдгийн голд зусаж буй Баасанжавын хотонд буухад дөнгөж төрсөн сарлагийн тугал тэргэн дороос бадриухан тослог дуугаар мөөрч угтлаа. Шинэхэн уураг, идээ цагаагаар дайлуулж цайлуулсан бид тэндний хотноос Мөнхбат гэх газарчин залууг авч Суварга хайрхандаа гарсан юм. Хайрханы бүр орой дээр уулчин хүн л гарч магадгүй эгц өөдөө нэлээд мацаж хүрдэг гэнэ. Тэгээд ч гадаад дотоодоос очсон амьтан хүнийг нутгийнхан дуртай дагуулж яваад байдаггүй бололтой. Биднийг доодох овоон дээр байхад ч тэд энэ тухай хэлж байсан
Харин азаар хайрхан маань бидний буусан Тавцангийн овоон дээрээс хаан төрхөөрөө сүглийж нүүрээ нуулгүй угтсанд нь ихээхэн билэгшээлээ. Үүнд нь урамшсан бид Жамц ахынхаа бүтээл, хайрхан уулын тухай дууг Жанцангаараа дуулуулж уул хангайдаа тал зассан юм.
Орой болж галаа түлж цай хоолоо хийж, Жамц гуайнхаа боргил дулаан яриа хөөрөөнд чих тавьж, Гурвантамир хүүгийнх нь хийсэн хорхогийн чулууг гартаа бөмбөрүүлэн чухам л хөдөөгийн буйдад жаргалаа эдлэн суухад алсад чоно улих сонстож билээ. Хангайн эзэн савдаг бидэнд аятайхан зугаалаад эвтэйхэн буцахыг анхааруулж байна гэж наргин түүдгийн галд өнийн хууч дэлгэн сууцгаалаа.
Маргааш өглөөний мандах нарнаар буцаж аймгийн төвөө зорилоо. Тэнгэрт цувраа мянган үүлс нүүдэллэж, үүлсийн цаанаас нар мандан таатай сайхан өдөр эхэллээ. Хангай нутаг амьд ногоон үзэмжээрээ нүд сэтгэл баясгаж хаашаа л харна, хад асга, мод бут, ус ургамал жигдэрсэн сайхан газраар явсаар Суварга хайрхны суганаас урссан Нарийны горхин дээр ирлээ. Эндээс жаахан цаашаа яваад бид цагаан газар гарч ирэн моддын хормойд ирэн буудаллаж хэсэгхэн амарсан юм.
Эндээс замын бартаа саад илэрхий намсаж хойд талаараа эрвэн сэрвэн хадтай, хангайн лүглэгэр уулсын дунд байх нэгэн хонхор газарт хүрч ирсэн нь Цэнхэр сумын нутаг дахь Бор талын рашаан ажээ. Цэнхэрийн халуун рашааныг бодвол арай л бүлээхэн, энэ температурт нь хүн халуун усанд орчихож болмоор энэ газарт нутгийхан нэг модон байшин барьж халуун ус болгоод авчээ. Энэ хавийнх нь сумын хөгшид энд зун бүр ирж биеэ тойлон долоо найм хоног рашаанд ороод буцдаг ажээ. Үе мөч, толгой тархины өвчинд гойд сайн гэлцэж байлаа. Наадам ойртсон болохоор хүмүүс рашаан руугаа их цувж ус цасанд орж угаалга хийж байна хэмээн ярьцгааж байв.
....Аймгийн төвөөс зүүн хойш 10-аад кмт байх Жамц гуайн хөдөө гэрт ирж хоносон бид маргааш нь Луу гүний хошуу, Батцэнгэл сумыг зорин хөдөллөө. Жамц гуайн төрсөн нутаг Сэнжит, Цагаан чулуут хэмээх газарт зусаж байгаа Ганбаатар дүүгийнд нь ирлээ. Ганбаатар уг нь 17 настай аймгийн чуулгын босго алхаж, нэгэн цагт лут дуучин болох нь хэмээн нутаг усныхандаа үнэлэгдэн алдаршиж явсан ч ах эгч нар нь бүгд хүний хүн болж нутаг орноосоо холдсон тул отгон хүүгийн хувиар эцгийн гэрийг сахин аавын нутагтаа аж төрөхөөр шийдэн энд суурьшжээ. Түүний дуулсан “Хичлний уянга” дуу нь радиогийн алтан фондод хадгалагдаж байдаг гэнэ. Нэгэн цагт хит болж “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр долоо хоног бүхэн цуурайтаж байсан эл дууг нь дуулуулахаар бид нэлээд шалсны эцэст Ганбаатар бидэнд дуу дуулж өгөхөөр боллоо.
...Зам зуурын байгаль, нутаг орны зуншилга үнэхээр сайхан. Хоньд тааваараа идээшилж, адуу тургилж харааны үзүүрт дэлгэр цагийн өнгө аяндаа тэмтрэгдэнэ. Ийн явж байтал тал дэлхэн бэлчсэн хонин сүрэг тааралдлаа. Завханы тууварчид ажээ. Энэ жил Завхан нутагт зуншилга муу, хэдэн жил дараалан ган гачиг болж газрын гарц муудсанаас малчид өвсний сөл хөөж явсаар зарим нэгэн сум орон эзгүйдэж байгаа талаар хөндүүрхэн юм ярьцгаалаа. Тэд ч мөн нутаг сэлгэн Төв аймгийг бараадаж яваа гэнэ.
Хүний нутгийн хаяа бараадан яваа тэднийг ая эв хайж, аян замдаа алжааж яваа тэднийг хөнгөхөн санаа алдалттайгаар үдсэн бид аян замаа үргэлжлүүлж нар уулын оройгоор далд орж байх үес Өгий нууранд ирлээ. Нуур ус гэдэг нутаг орныг чимж нүд сэтгэл баясгаж байдаг сайхан зүйл.
Ийнхүү эгшиглэнт хөдөө нутагт минь эрээнтэй бараантай амьдрал өрнөж мөнх хөх тэнгэр энхийн өнгөөр цэлмэхдээ цэлмэж бүхэхдээ бүрхсээр он цагийг өртөөлөн их амьдрал хөвөрсөөр. Юутай ч энэ жил хангай нутагт зуншилга сайхан мал тарган, хүний сэтгэл тэнэгэр байна. Зуны дэлгэр ийм л цагт хөдөөгийн түмний минь хөглөгдсөн сэтгэл амсхийж уртын дууны шуранхай шиг аглаг уудам нутагтаа Монгол наадмаа хүлээн дэвэлздэг билээ. Наадам айсуй.

Friday, June 26, 2009

Буруу биш...


Сэтгэл гэмтэхэд эмнэлэг санал болгосон нь
Чиний буруу биш
Сэмрэх бүхэндээ өдөлж жигүүр дэлгэсэн нь
Миний буруу биш
Аврал хүсэн гараа сарвайхад ирээгүй нь
Бурханы буруу биш
Амттайхан хүсэлдээ давс цацаж оршуулсан нь
Өчигдрийн буруу биш
Мэдрэл оюуныг нэгжиж бүгдийг булаасан нь
Хаврын буруу биш
Мэхийгч үүрээр сарны зүг дөтөлж одсон нь
Хайрын буруу биш
Намарт ирэх замдаа өмсгөлөө гандаасан нь
Моддын буруу биш
Намайг зөрж одоход сөрж сэвэлзсэн нь
Салхины буруу биш ээ...

Wednesday, June 24, 2009

Баяжих совесть алга


...Автобусанд сууж хэрүүл сонсож, айлд зочлохдоо санаа зовж, хүүхдэд таван чихэр өгч чадаагүйдээ үнэн шаналж, хөгшдөд цайны сүү санаснаараа сарвайж амжаагүйдээ гэмшиж, эцэг эхийгээ ачилж үзэлгүй маань уншиж, эрхэм андыгаа ангал дээрээс аварч хүчрэлгүй алдаж, айлын гэр хөлсөлж, ажлынхаа хөлсөөр амьдарч явахад юу эс бодогдох вэ. Тэгэхдээ л хүний хоол булаах хүсэл алга... Өнөөдрийн Монголд өөртөө аягалчих хоол алга л даа.

Tuesday, June 23, 2009

Авсанд орох минь өлгийд орох шиг...


Дээр нэг шүлэг харж байсан юм. “Гэнэт л би хөгшин настай төрж, гэнэт л би хөгшин хүүхэнд дурлаж.... тэгээд юу ч гэдэг билээ дээ. Ямарч байсан төгсгөл нь “Авсанд орох минь өлгийд орох шиг байгаасай” ч гэдэг билүү. Хэний ч шүлэг байлаа даа марчихаж. Өнөөдөр энэ мөрүүд санаанд эргэлдээд...

Monday, June 22, 2009

Бид ертөнц дээрх гуниг...


Би хүмүүсийг мэднэ,
харин тэд намайг мэдэхгүй
Бид ертөнц дээрх гуниг гэж
хашгирсныг минь сонсоогүй
Жирийн хөх үдшээр жир бус гунигласан
Жир бусын гуниг тэдний тухай байсан
Урсаж буй ертөнц
Уйлж үлдэх амраг
Нэг л өнгийн зураг
Нэрийг минь мартуулсан уй...
Тэдний ертөнц, тэр гунигт дуулиан
Тэсгэл алдам уйлаан, Аз жаргал
Энэ бүхний цуурайнд чичрэн дагжнам би
Эмгэнэлт дуу хоолойг минь сонсооч!
Би хүмүүсийг мэднэ,
Харин тэд намайг мэдэхгүй
"Бид Ертөнц дээрх гуниг аа..."

Sunday, June 21, 2009

Болд ах гавъяат болчихсон байна шүү дээ

Миний хамгийн эрхэм хүмүүсийн нэг Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин М.Болд ах гавъяат болчихсон байна билээ. Өнгөрсөн амралтын өдөр ТВ-гээр гарч байсан. Аягүй гоё санагдлаа. Сүүлийн үед төрийн шагнал урамшууллыг сайн муугаар хэлж байгааг сонсож, бас бодож байгаа боловч Болд ахыгаа гавъяат болчихсонд туйлгүй баярлав. Амьдралдаа нэг ч удаа зохиолын дуу дуулаагүй, зөвхөн сонгодог урлагийн төлөө төрсөн гэж хэлж болохуйц энэ сонгодог хүнийг би танихгүй. Тэгэхдээ энэ хүний хувьд хүн нь өөрөө л урлагийн бүтээл шиг тийм хүн санагддаг. Мөн өчигдөр Үндсэн хуулийн цэцийн Ж.Бямбадорж гуайн тухай "БИ" нэвтрүүлэг 25-р суваг ТВ-ээр гарахад бас л нэг их кайф авлаа. Ямар сайхан сэтгэл тэмтрэгдсэн, хүн ханхалсан хүн бэ. Ганц хоног гэртээ зурагт үзсэн шиг сайхан амарлаа.

Thursday, June 18, 2009

Зуныг оршуулчихлаа


Зуныг оршуулаад булшин дээр нь “Мартахгүй” гэж бичсэнээ баллаж “Баяртай” болгоод, орхих гэсэн чинь сэтгэл түвдэхгүй оршуулгын газрыг нь шатаачихлаа. Намар руу явах гэсэн чинь надаас залхсан нь санагдаад хаачихаа мэдэхгүй мангартаад л зогсож байна. Тус болоод зам заагаад өгөх амьтан хүнгүй эль хуль газар юм. Амьд амьтан байна уу хөөе /хашгирав/

Яах бол...?


Хортой алимыг
Хоёулаа идвэл
Хордох болов уу
Хонгор сэтгэлийн
Цагаан зайд
Үлдэх болов уу
Хортой алимыг
Хоёулаа идээд үзэх үү?
Хонгор сэтгэлээ
Үхлийн өмнө дэлгэх үү?

Sunday, June 14, 2009

Гэнэт онгод ороод оо

Хонь явж байна

Хорголоор бие засаж байна


Тас хийсэн хоёр мөр тархинд харвахыг онгод гэнэ /Утга зохиолын онолын хичээл дээрх зүүдний тэмдэглэлээс/

Friday, June 12, 2009

Энэ өдрүүдийг худалдах сан...


Золоор амьд яваа биш дээ
Зовлонгоороо хямдхан авсан
Энэ өдрүүдийг худалдах сан
Эд агуурстай хамтад нь шүү
Хачин жигтэй дуу зохиож
Гудамжаар тэгээд алхахад минь
Халааснаас цаг хугацаа гээгдэж
Хөл хөнгөрөхийг мэдэрнэм, мэдэрнэм

Tuesday, June 9, 2009

Нэг иймэрхүү л...


Хус модод олон цагаан лаа шиг гэрэлтээд
Тэр шөнийн харанхуйлал нь анирт навчсын доогуур шургажээ
Тэргэл өнгөт нугад буй бүхэн амгалан
Хус модны судсаар миний сэтгэл урсана
Нэгэн цагт навчсын гэрэлт өнгөнд хууртаж
Нэгэн нүдээр орчныг нэвт сүлбэдэг асан
Одоо харин ойн гүнд навч нөмрөн
Гэрэлгүй тэр л талд нь амгаланг оллоо
Хус модод лаа болж асах нь надад ирсэн гэрэл
Хуурайхан цус нь ямархан өнгөтэйг сарнаас би асуунам

Sunday, June 7, 2009

Аймаар хэцүү...


Сэтгэл үймрээд хаачихаа мэдэхгүй хачин болчихлоо. Ингээд бодохоор л мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ... Блогчдын дундын чаатад 35 гэдэг нэр орж ирсэн тэр цагаас л энэ хүнийг эчнээ мэдэх болж, Гамп, Галавсай эд нарын бичсэн үгнүүдийг нь түүж уншихаад л “Хөгжилтэй товарищууд шүү нээрээ” гэж өөрийн эрхгүй жуумалзаад л гардаг сан. Одоо Тэр байхгүй болчихсон. Өрдсөн инээдэмд нь дулаацаж халууцаж яваагүй мэт, өчигдөр байгаагүй мэт, элэг хөшөөгүй мэт, эчнээ андлаагүй мэт... хоосон өдрийн нэгэнд ийн дурсав. Гашуун мэдээ зүрх цочоон ирсэн энэ өдөр гадаа бороо орж байна... Хоолой дээр харамсал тороод, дахиад л хаачихаа мэдэхээ больчихлоо...

Wednesday, June 3, 2009

Эх нутгийн хормой дээрээс гэрээ санахад...



Хоёр улсын өнө мөнхийн харуулд
Хэдэн зууныг элээж чулуун багана зогсдог юм
Насаараа хилчин заяатай хэдэн бор эрчүүд
Номхон зогсон хүндэтгэж амрыг эрэн ёсолдог юм


“Хилийн тэнгэр цэлмэг байг” гэдэг энэ танил үг ямархан үнэтэй зүйл болохыг эх орны хормой дээрээс гэрээ санахдаа л мэдэрлээ.
...Нэгэн цагт ардын журамт цэргүүд аман дээр нь дөрвөн пулемёт зоогоод “дүрэмгүй муусайн гамингуудыг дөтийн замаар тонилгож” байсан Дөрвөлжин сүмийн туурь гэх юм өнөө бараг үлдсэнгүй, цагийн урсгалд элэгдэн газрын шарх аньжээ.
Оросын аялагч, немц гаралтай Семён Паллас гэгч эр 1777 онд монгол нутгаар явах үедээ үзсэн дөрвөлжин сүмийнхээ тухай “Гурван давхар энэхүү том сүм нь дөрвөн талдаа хүнд төмөр хонхтой, мөн махранзуудаар мануулсан, дорнын уран барилга байв” хэмээн тэмдэглэсэн нь түүхийн хуудаснаа үлджээ. Гэтэл өнөөдөр энэхүү сүмийн туурин дээр мартагдсан булш шиг даржин чулуун хөшөөнөөс өөр торойх юм ч үлдсэнгүй. Тэгээд бас болоогүй ээ сүмийн хананаас үлдсэн болов уу гэмээр чулуун самбар дээр “Наймын А анги үүрд” гэсэн бичиг энд ирэгсдийг угтаж үдэх аж.
Газрын өндөрлөгт орших Дөрвөлжин сүмийн эл тууриас Алтанбулаг, Хиагтын дүр төрх алган дээрх шиг тов тодхон үзэгдэнэ. Хиаг халиурсан энэ газарт бас л тэр нэгэн цагт “Шивээ хиагтыг авахад шилэн дэнлүү хэрэггүй” гэж дуулан давхилдаж явсан өвгөд маань өнөөдөр энд морио хазуулах зуураа хөөрөг зөрүүлэн хөөрөлдөх аваас талын буурал салхин дороо сэмрэн санаа алдах сан даа гэж бодож байлаа. Их гүрэн хүч түрэн хаяа тэлж саяхан бидний байсан энэ нутагт Загалмайтны сүмүүд оройн наранд алтан ганжираа гайхуулан сүрлэг гэгч нь данайх аж.
Цус нулимсаар олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол, улсын дархан хилийг хүчирхэг дээдсийн идний мөр шиг энэ л торгон зурваст хааяа нэгхэн ингэж зүрхээрээ мэдрэх юм даа. Өдгөө дөрвөлжин сүм гэгч ор мөргүй арилаад түүний зураг макет төдийхөн ул мөр л өнгөрсөн түүхийн гэрч болон орон нутгийн музейд хадгалагджээ. Уг нь саяхны л түүх шүү дээ. Ер хүн гэдэг амьтан юмыг хурдан мартдаг аж.
Манжийн хүргэн эфү Цэрэн гэгч феодол монгол нутгаа найр тавин өгөхдөө нар түрүүлж тусах газрыг зүсэлж, харийнхныг шагнасан гэх. Өнөөдөр аль л өнгөтэй өөдтэй, модтой буттай бүхэн нь хүний нутагт өнчрөн торойно. Буурал дээдсийн нутгаас бурхан ч гуйсан бүү өг гэж Ойрадын хаан Галдан Бошигт илдээ эргүүлж явсан нь орчин үеийн “шинэ” монголчуудад үлгэр домог шиг л санагддаг болсон энэ цагт хилийн дээсэн дээр хүний нутгийн барааг өр нэхсэн харцаар ширтэн зогсохдоо бид дор дороо л нэгийг бодсоон.
Хилийн энэ л торгон зурвасыг албан ёсоор давж, хаяа хатган орших Орос гүрний нутагт хөл тавих боломж яг энэ үеэр бидэнд олдсон нь тун ч завшаантай хэрэг байлаа. Биднийг Алтанбулагт очсон тэр өдөр Оросын хилчдийн баяр тохиож таарсан юм. Уг баярт уригдсан энэ бүс нутгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч, 0243-р ангийн захирагч, хурандаа Батсүх тэргүүтэй хилийн болон шалган нэвтрүүлэх ангийн удирдлагууд биднийг айлчлалын багтаа шингээснээр эх нутгийнхаа хормой дээрээс саяхан дуран сунгаж суусан тэр газар руугаа бид хөнгөн тэргээр тоос хадаан зорилоо.
Энэ өдөр тэнгэр ялимгүй бүрхэж, борооны үнэртэй сэрүүхэн салхи сэвэлзэж байсан ч оросууд ямагт сэтгэл дотроо халууцаж явдаг мөнөөх л танил зангаараа дуулж хуурдан, тойрч хөгжилдөн хилчдийнхээ баярыг сэтгэлийнхээ илчээр дулаацуулж чадсан юм. Монголтой хил залгаа Улаан-Үд, Хабаровск, Закаменскийн раионы хилийн төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд Хиагтад хүрэлцэн ирж энэ бүс нутгийн хилчидтэй баяраа хамт тэмдэглэж, тэдэнд баяр хүргэн, бэлэг дурсгалаа гардуулцгаав. Энэ үеэр оросын хилчдийн үзүүлэх сургууль амжилттай явагдлаа. Буу дуугарч танк хөдлөх үест гэнэтхэн, Оросуудын элэгсэг найртай ааш авирт хэдийнэ уусч мартагдчихаад байсан мөнөөх хүйтэн бүрхэг тэнгэр сэтгэлд дахин яргаж өөрийн эрхгүй чичрүүдэс хүрлээ. Дарийн утаа гэгч зүйл үе цаг өнгөрөвч сэтгэлд өөрийсдөггүй ажээ.
Энэ тохигүй бодлыг минь угаах гэсэн мэт бороо орж бид ч тэндээс хөдлөв. Оросын хилчдийн зочиддоо зориулан барьсан хээрийн асарт дахиад л дуу хуур наргиан наадаан үргэлжлэх нь тэр. Маажиндсан захтай хуучин цэрэг хувцасаараа гоёж махир сэлэм бүсэндээ зүүсэн ахмад дайчдыг харсан оператор маань “Энэ чинь Барон Унгерн байна ш дээ” гэж дуу алдан Монголынхоо хилчдийг хөгжөөж явлаа. Мөн Хиагтын отрядын анхны дарга асан ахмад дайчны хүү гэх 50 гаруй насны орос эр, хаа байсан Моксвагаас эцгийнхээ ажиллаж амьдарч явсан зах хязгаарын эл заставт зорьж ирэн хилчдийн баярт оролцохыг нь харах бас л сонин. Энэ үеэр бид Хиагтын отрядын захирагч залуухан хурандаатай уулзан хил хамгаалалтын асуудлаар ярилцлаа.
Ийнхүү өдрийн хагасыг оросын хилчдийн хамт өнгөрүүлж тэдний баяр ёслолд нь оролцсон бид үдээс хойш нутгийн зүг хүлгийн жолоо залахын өмнө Хиагт дахь их жанжин Сүхбаатарынхаа музейг эргэлээ. Жанжны маань нууцаар амьдарч байсан байшин, мөнх хувьсгалын үйл хэргээ явуулан нууц уулзалтууд хийдэг байсан өөр бас нэг байшин өнөөдөр хоёулаа музей болжээ. Хиагтад ийм музей байдгийг Улаанбаатарынхан маань мэдэхгүй л байх даа гэж бодож зогстол эл бодлыг минь таасан мэт Батсүх хурандаа жанжны музейн түүхийг бидэнд хуучилсан юм. Энэ музейг монголчууд биш оросууд санаачлан анх байгуулсан, өдгөө ч тэд харж хандсаар, хилийн дээс алхан орж ирсэн монголчуудад үзүүлж харуулан тайлбарлах дуртай гэнэ. Харин монголчуудын зүгээс энэ музейг арчилж өнөөдөртэй золгосон тэр хүмүүст гар сэтгэлээ дэлгэн туслах, үгүй ядахдаа албан ёсоор “баярлалаа” гээд хэлчих юм үгүй байгаад энэ бүс нутгийг хариуцаж, хилийн дээсийг байнга алхаж, орж гарч явдаг хүний хувьд, мөн цэргийн хүнийхээ хувьд Батсүх хурандаагийн санаа ихээхэн зовниж явдаг ажээ. Тиймдээ зориуд биднийг хилийн дээс алхсан энэ боломжийг ашиглан жанжныхаа музейд дагуулж ирсэн нь энэ аж. Нэгэн цагт Монголынхоо төлөө сэтгэлээ чилээж нойргүй олон шөнүүдээ үдэж байсан жанжны минь хэвтэж байсан ор, сууж байсан сандал, өмсөж байсан дээл нь эзнээ үгүйлэх мэт уйтайхан үзэгдэх эл жижигхэн өрөө сэтгэлд жигтэйхэн дотно, бас нэг их гунигтай мэдрэмж төрүүлэх аж. Музей Хиагтын нэгэн жижигхээн гудамжинд айлуудтай хаяа залган оршино. Нэг л өдөр засаг захиргаанаас нүүлгэ буулга гэдэг шийдвэр гаргачих вий гэхээс санаа зовнидог, тэгээд одоо бид ядаж хашаа хороог нь ч болтугай засаж сэлбэх санаатай хандив тусламжаар олсон хэдэн рублиэрээ банз худалдаж аваад сууж байна гээд өөриймсөг гэгч нь хуучлах буриад авгайг тэврээд үнсмээр санагдаж байлаа. Хилийн гадна үлдсэн их жанжны минь гэр юутай ч он цагийг туулан өнөөдөрт иржээ. Өнөөгийн бидний үед л энэ буурь эдгэж, их жанжин минь харьд мартагдаж мэдэх юм байна даа гэх эмзэглэл төрж байсныг нуух юун.
Ингээд бид хилийн хот Хиагтаас орос хилчдийн найрсаг гарт гараа атгуулж, их жанжныхаа гэрийн бууринд сэтгэлээ хоргодоосоор нутгийн зүг эргэлээ.
Өдгөө хилийн хот Сүхбаатарт хил хамгаалалтын болон шалган нэвтрүүлэх хоёр анги эх орны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна. Саяхныг хүртэл орос ах нарынхаа “элгэнд тэврүүлэн” найрсаглаж байсан хилийн энэ хэсэг өнөөдөр тусгаар тогтносон Монгол улсын дархан хилээр зааглагдаж хилчид ч үүрэгт ажлаа нэр төртэйгөөр биелүүлж байгааг харлаа, үзлээ.
Ажлын шаардлагаар хилийн отряд маань хоёр хуваагдан хоёр тусдаа отряд болж нэг нь хилээ манаж нөгөө нь хилээр орж гарагсдыг шалган нэвтрүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажлаа явуулж байгаа юм байна. Сэтгүүлчдийн зан л болсон хойно он гарснаас хойш хилээр зөрчил дутагдал юу илрэв гээд албаны хүнээс асуугаад авахаа бас мартсангүй.
Хилчид хэлэх ярихдаа маруухан, хийж бүтээхдээ сурмаг улс юм. Энийг бид хилийн 0243-р ангийн хөдөөх заставуудаар явах үедээ илүү мэдэрсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт Хонгор овоо уулын зүүн хойд талд буюу отрядын төвөөс 40 гаруй км-ийн зайд байх Хутаг-Өндөрийн застав. Эднийх хилтэйгээ хамгийн ойр застав. Төв байр нь хилийн багананаас 10 метр хүрэхгүй зайд байдаг гээд л бод доо. Томхон алхвал хил зөрчихөж мэдэх газар. Хилийн цэргийн хэмжээнд анх удаа гэрээт цэргийн албан хаагчдыг туршиж байгаа хоёрхон газрын нэг нь энэ. Гэрээт цэргүүдээ гэртээ байгаа юм шиг тухтай байхад нь зориулж бүх л зүйлээ базааж бэлтгэжээ. Тушаал хүлээсэн цэрэг ч гэлээ тух тав хамгийн чухал гэж дарга нар нь ярих. Гайхаж, гайхсандаа бантаж л явлаа.
Биднийг очиход гэрээт цэргүүд маань хилээ эргэх, малаа эргүүлэх гээд л тус тусын ажилдаа гарч заставын төв дээр дарга, жагсаалын дарга нь хоёр цэрэгтэйгээ л үлдсэн байв. Мөн цэрэг халагдсан үе таарсан тул застав эл хульхан, гэсэн хэдий ч эх орны торгон хил дээр зогсож байгаа хилчид нүд цавчих эрхгүйгээ цаг ямагт үггүйгээр сануулах аж.
Сэлэнгэ нутагт энэ жил сайхан зун болж байна. Мал тарган, зуншилга тавтай байгаа нь явсан газрын байгаль, уулзсан хүмүүсийн яриа хөөрөөнөөс илт анзаарагдаж байлаа.
Аймгийн төвд байх хилийн 0243-р ангийн уужим цэлгэр “харш” руу дахиад буцлаа. Хуучин аймгийн төвийн 10 жилийн сургууль байгаад үерт автан хаягдсан энэ барилгыг хилчид өөд нь татаж өөрийн болгоод авчээ. Тохитой тухтай, уужим саруулхан ч гэж жигтэйхэн том сав юм. Хилчид өөрсдийн гараар урлаж бүтээсэн бүхнээрээ чимж гоёжээ. Гэхдээ эх орны манаа эр цэргүүдэд чимэг гоёлоос илүү бахархал хамгаас эрхэм ажээ.
1727 оны 8-р сарын 20-ны өдөр Манж Оросын хооронд байгуулсан Буурын гэрээтэй хамт “байгуулагдсан” гэх эдний анги хилийн цэрэгтээ яах аргагүй ууган ангийн нэг. Сэлэнгэ, Булган аймгийн нутаг дахь хилийн 542-649, 655-726-р тэмдэг хүртэл 421.5 км газрыг хамгаалдаг тус ангийн хариуцсан хэсгээр он гарсаар 13 удаагийн зөрчлөөр мөн төдий тооны хүн саатуулагдсаны ихэнх нь загас барих, хавх тавих гэсэн “анчид”. Ер нь энэ хэсгээр гардаг хилийн зөрчлийн ихэнх нь ахуйн чанартай байдаг гэнэ. Сүүлийн үед модчид их хил зөрчиж байгаа, морин тэргээр зөөдөг болохоор албан ёсны тоо байг нь гаргахад төвөгтэй гэлцэж байлаа.
Харин шалган дээр тоо баримт нь “толгой өвдмөөр” юмаа. 0101-р ангийн хашаагаар орж очиход вагон шалгаад ирж байгаа шалгагч хилчид рапорт өгч байхтай нь таарсан юм. Хэд хэдэн зөрчил илтгээд л авна лээ. Гэхдээ тэд хилчдийн соргог хараанаас мултардаггүй нь баярламаар. Эх орны ариун газар шороон дээр бузрыг бүү оруул буяныг бүү гарга гэдэг уриатай тэд зөв санаатанд зөөлөн, зөрүү харсанд нь хатуухан ханддаг.
Шинэ цэргээ хүлээж аваад удаагүй байгаа тэд жагсаалын бэлтгэл, алхаа гишгээг нь зааж хичээл сургуулилтыг нь шамдуулж байлаа. Ангийн штабын дарга дэд хурандаа Мөнхбат хичээл сургуулилтандаа бяцхан түүртэж жаахан болхидуухан гүйж харайж байгаа цэргүүдээ өмөөрч өхөөрдөхийн дундуур бидэнд хандан “За та нар манайхныг одоо сайн хараад ав. Хоёр сарын дараа ирэхдээ харин бүр сайн хараарай” гэж байсан.
Хоёр отрядын аль аль нь материаллаг баазын хувьд харьцангуй бэхэжсэн нь нүдэнд илхэн. Шалган дээр л гэхэд бүх юм автоматчилагдсан, ажлын ихэнхийг компьютер нь хийж, харин хүний хийх ажил нь нягтлах, шалгахад төвлөрдөг юм билээ.
Харин 0243-ийнхны аймгийн төв дээрх “төв оффис” нь мөнөөх сургуулийн барилга. Засаж тордоод Сэлэнгэд л байхгүй цагаан ордон болгочихсон, тэндээ аль хэдийнэ бяцхан “вант улс”-аа засан төвхнүүлчихсэн сууцгааж байгааг дээр хэлсэн билээ. Заставууд ч их төлөвшчихсөн, материаллаг баазын хувьд хөл дээрээ босчихсон нь мэдрэгдэнэ лээ.
Ямартаа л бид “Хутаг-Өндөрийн амралтын застав”, “Тавтын амралтын застав” гэж хошигнон нэрлэж байх вэ. Жинхэнэ хөдөө хөхөрч гадаа гандаж, шувуу ч нисэхгүй улаан цөлд гар сэтгэлээсээ өөр зэвсэггүй яваа бусдыгаа бодвол Сэлэнгийнхэн ч жаргалын оронд “хөлбөрч” байдаг бололтой юмаа. Ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт энэ нутагт алба хааж байгаа, ажиллаж амьдарч улс жаргалтай ч байлгүй яахав. Гэхдээ л хилчид аль ч цагт соргог байж эх орноо манах үүрэгтэйгээ цаг ямагт мэдрүүлэх аж.
Сэтгэлд ойр, гүндүүгүй тэднээс сэтгэлийн нүнжиг ханхлах нь л хамгийн сайхан байсаан. Эх орон гэгч амин эрдэнэ судсан дотор нь лугшиж яваа тэр хүмүүсээр бахархах сэтгэл эрхгүй төрснийг нуугаад яахав. Нутгийн гүнд талхны мөр хөөж яваадаа урам хугарах ч шиг, дөнгөж саяхан улаан цусаараа олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол маань эзэнгүйдэж зөвхөн хилээ дагаж яваа хэдхэн хүн, мэргэжлийн ганц байгууллагын өмч болон орхигдсон шиг гунигтайхан мэдрэмж үес үесхэн зурсхийсэн. “Шинэ Монголчууд” америк мөрөөдлөөр амьсгалж, баруун зүүний соёл иргэншлийн гялбах өнгөнд алмайран, хөгжил дэвшлийн араас хөлийнхөө хурдаар нүдгүй довтолгож, бас болоогүй ээ улс төр хийж, уламжлал маань уудам нутгийн минь хаа нэгтээх хөдөө буйдын бор гэрт “хоригдож”, биелсэн хүсэл “би”-гээ мартан байгаа энэ цаг үед хилийн тэнгэр цэлмэг байгаад л баярласан.
Нутгийн захаар, торгон хилийн зурвасаар биднийг хөтлөн явсан манай хоёр хурандаа түүхт Тужийн нарс туурь ч үгүй болж байгааг яриан завсраа хавчуулж, оросын нутагт хөглөрөн буй их хөвчийн зүг хараа талбин “Халхын хамаг модыг харьд өгсөн хар феодол” хэмээн эфү Цэрэнг хараах нь ерөөл шиг сонсогдож явлаа. Юутай ч бид эдэлж хэрэглэж яваадаа эрэмшихээ түр азнаад зогсож буй газрынхаа хөрс шорооны үнэ цэнийг зоосны нүхээр биш зовлонг дааж сөрсөн өвгөдийнхөө цусны үнээр дахин нэг сэхээрэх цаг болсон мэт санагдсан.
Эх нутгийнхаа хормой дээр зогсоод гэрээ санахад өнөөдөр бидэнд юу үнэ цэнэтэй юм бэ гэдэг нь ойлгогдох шиг боллоо