Wednesday, April 28, 2010

Хөндүүр

Өглөө ажилдаа ирсэн чинь манай төв хаалганы хажууханд цусаа гоожуулсан нэг муу хөөрхий нохой хөлөө хэмлээд хэвтэж байх юм. Муусайн нохойны алуурчид дутуу буудаад сэглэчихсэн бололтой юм. Яах аргагүй сумны нүх ээ тэр шарх нь. Цус нь годгодоод байгаа юм чинь. Харж жаахан шимширч зогссоноо гэнэт сэхээ орж ажил руугаа гүйгээд орлоо. Өрөөндөө орж гадуур хувцасаа тайлчихаад, компьютераа асааж, цүнхээ чулуудчихаад /цагаа бүртгүүлж байгаа байдал/ ажлынхаа гуанзнаас жаахан идэх юм аваад Idea-гаа хань бараа болгоод гараад иртэл нөгөө муу амьтан чинь алга. Өр алдчихсан юм шиг жигтэйхэн харамсав.

Тэгээд л нөгөө муу Сэгсгэр чинь бас л эмээгээ бодоод шанаагаа тулаад суучихлаа. Манай эмээ гэж хавиар нэг хашгичиж, гудамжны хүүхдүүдийн нэрийг хольж дуудаж далласан янзын хүн байдаг сан. Эцэг эх нь ажилдаа явцгаачихсан, эзэнгүй хэдэн халтар нөхдүүд байх миний найзууд гэж. Эмээ өдөртөө нэг тогоо дүүрэн тарагтай будаа эргэлдүүлж, хөөе хэнээ нааш ир, хэний дүү ээ хүрээд ир гэж хүүхэд будаалж, гарахад нь гарт нь алдарт “Гурав”-аа атгуулаад гаргах. Тэр ээ, энэ ээ, эмээгээсээ ирж “Гурав”-аа ав гэж дуудна. Тэр “гурав” гээд байгаа юм нь манай эмээгийн барьсан талхны нэг зүсэм, 2 боорцог, 2 ёотон. Би жаахан байхдаа тэр “Гурав”-аас нь үхтэлээ ичнэ. Айлд орохоор аав ээжүүд нь чихэр өгдөг байхад манай эмээ барьсан талх, ёотон савайгаад балай юмаа, энийгээ өгөхгүй байж болдоггүй юм байх даа гээд л шаналах. Харин энэ санаагаа хэлчих юм бол “Цөг муу Зомо. Чи мэддэг юмуу, би мэддэг юмуу” гээд л хангинах тул чимээгүйхэн хөмхийгөө зууна.

Жил бүрийн Ханш нээдэг өдөр өвөөгийн газрыг эргэж ирчихээд л нөгөө алдарт будаагаа бүр үзэм жимстэй “албан ёсны” амтат зоог болгож чаначихаад л сургуулиасаа тараад харьж яваа хүүхдүүдийг хүртэл гудамжнаас дуудаж даллаж авчраад л аягатай будаа бариулаад суулгачихна. За энэ үед ч нөгөө муу Сэгсгэрийн нүүрний арьс шамраад унана даа. Гүйгээд гарах гэхээр дэргэдээ зарах гээд тавихгүй, хүүхдүүдтэй чаг чаг гээд булуу халах зуур нь үүд рүү ухасхийхэд л “Хөөе чи хаачих нь вэ зомо, Байж бай чи, энэ хүүхдүүдэд юмыг нь өг” гээд л гэдрэг суулгачихна. Тэр “Юмыг нь өг” гэдгээс нь би уг нь бултах санаатай ухасхийж байгаа царай нь тэр. Өгөх юм нь юу вэ гэхээр 60 мөнгөний цэнхэр цаастай тал печень, 11 хорийн чихэр 5 ширхэг, 12 мөнгөний нэг дэвтэр. Ядаж печенийг нь бүтнээр нь өгчихгүй дундуур нь хутгаар цаастай нь хамт таллаж хуваагаад өгч байгаа юм. Би ч ичиж бүтэж үхэх шахна. За ингээд л Ханш нээсэн өдрийн арга хэмжээ дуучихсахгүй ээ, үргэлжилнэ. Адууны шөлөн дотор шар будаа хаяад буцалгаж буцалгаж 5-ын бидонд уудлаад агаа бид хоёрт бариулаад гаргана даа. Золбин нохой муур хооллохоор явуулж байгаа нь тэр. Агаа 5-ын бидонтой халуун шөлөө барьчихсан, би нэг муу бөөр нь хонхойчихсон шар төмпөн чирчихсэн “Гөлөөг гөлөг” гэж чанга чанга орилоод л гудамж метрлэж өгнө. Сүүлдээ хоёулаа жоохон тэгж явж байгаад залхангуутаа залхуурч шууд айлын хашаа, амбаарын ёроол руу нөгөө шар будаатай шөлийг нь асгаж орхичихоод харина. Яав миний хүүнүүд, нохойгоо хооллочихов уу гэсээр угтахад нь “Тэгсээн, аягүй олон нохой ирлээ” л гэнэ. Ингэж хэлэхээр эмээ учиргүй баярлаад нөгөө хүүхдүүдэд тарааж байсан чихрээсээ атгаад л шагнана мань хоёрыгоо.

Хүүхэд настай минь хамт бүдгэрэн үлдсэн энэ багахан дурсамжийг өнөө өглөө манай байгууллагын гадаа гасалж угтсан шархтай нохой сэдрээж орхилоо. Одоо ч гэсэн хөөрхий амьтны шархны хөндүүр нь сэтгэл хөндсөөр...


Wednesday, April 21, 2010

Эрхэм Арсунд


Мөнгө гэж юу байдгийг мэдэхгүй хүнтэй

Мөрийцөх надад сайхан байсан...

Thursday, April 15, 2010

Ноён уулын булшнаас домгийн “амьтад” олджээ


Монгол улсын Төв аймгийн нутаг дахь Ноён уулын булшнаас эртний домгийн нэг эвэрт гөрөөс, Грек Римийн домогт бурхадын дүрс бүхий чимэглэл олдсон нь судлаачдын сонирхлыг ихээхэн татаж байна. Хүннүгийн язгууртны эл булшийг одоогоос 2000 жилийн өмнөх үед холбогдоно хэмээн археологичид урьдчилсан байдлаар тооцоолоод байгаа юм. Булшнаас гарсан 200 гаруй олдвор нь Евроазийн тал нутгийн эртний нүүдэлчдийн соёл, түүхийг тодруулахаас гадна тухайн үеийн олон улсын харилцаа холбоо, он тоолол, төрийн бодлого зэрэг түүхийн олон зангилаа асуудлыг сэргээн судлахад чухал ач холбогдолтой ажээ. Далайн түвшнээс дээш 1373 метрийн өндөрт байрлах 18 x 19 ам дөрвөлжин чулуун хашлага бүхий энэ булш нь хагас цэвдэгт хөрсөнд байсан учир харьцангуй сайн хадгалагджээ. Бунхны дээд талд тухайн язгуртны эдэлж байсан дээрээ шүхэр бүхий сүйх тэргийг 30 орчим адууны толгойн хамт хойлоглон тавьж , бунхныг таван үе дараалсан хаалт чулуугаар хашсан нь сонирхолтой. Ихэнх олдвор нь бунханы дотор талд, баруун зүүн хана, мөн шалан дээрээс илэрсэн бөгөөд малтлагын үр дүнд мөнгөөр хөөлгөн урласан аргаль , янгир, домгийн нэг эвэрт бодь гөрөөс, алтаар шарсан луу, мөн эртний Грек , Римийн хийц маягаар үйлдсэн эрэгтэй , эмэгтэй нүцгэн хүний дурс бүхий чимэглэл зэрэг нийт 30 гаруй мөнгөн эдлэл, хүрэл чимэглэл, домгийн шувууны дүрс бүхий эсгий, хивсний тасархай, торго, давуу эдлэлийн хэсгүүд , мөн гадна ёролдоо хятад бичээс бүхий хээтэй аяга, төмөр толь ,дэнгийн суурь, алтан ялтасны хэсэг, хаш эдлэлийн үлдэгдэл, товруутай хазаарын чимэглэл , бүсний товруу, төмөр ялтаст арал, боолттой гэзэг, төмөр, модон эдлэл гэх мэт эртний Хүннүчүүдийн урлаг, оюун санаа, тухайн үеийн гадаад харилцаа холбоог нэхэн судлахад чухал түлхэц болохуйц ,гайхамшигт ховор 200 гаруй олдвор илэрсэн байна.

Хүннүгийн язгууртнууд Монголын археологчдын өөдөөс салаавч гаргажээ

Археологийн салбарт салаавч судлал хэмээх нэгэн салбар судалгаа үүсээд байна. Дундговь аймгийн нутаг дахь Бага газрын чулуу хэмээх газарт байсан Хүннүгийн үеийн булшинд малтлага хийсэн археологичдын нүдийг бүлтийлгэсэн содон олдвор гарсан нь салаавч. Гарыг нь салаавч гарган оршуулсан олон булш байжээ. Эндээс үүдэн салаавч нь эсрэг биш харин ч эерэг утгатай байж болзошгүй гэсэн дүгнэлтэд хүрээд байгаа юм байна. Судлаачдын урьдчилан таамаглаж байгаагаар салаавч үзүүлэх нь мэндлэх хүндлэх ёсны нэг хэсэг байж магадгүй гэнэ. Одоо ч салаавч гарган мэндэлдэг ёс Африкийн зарим омгуудад байдаг ажээ.

Tuesday, April 13, 2010

Монголчуудын үсийг Халимагууд халимаг болгожээ


Ардын хувьсгал ялсны дараа Монголд “соёлын үрийг тарихаар” ирсэн оросууд дотор халимаг үндэстнүүд цөөнгүй байжээ. Тэд гаргууд сайн үсчингүүд байсан бөгөөд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн үсийг жижиглэн тайрч, засдаг байснаас тайрмал засалтыг “халимаг” хэмээн нэрлэх болсон байна. Соёлын хувьсгалаас өмнө Монголчууд эр эмгүй урт гэзэгтэй, уламжлалт зан заншилтай холбоотойгоор үсэндээ мэс хүргэхийг цээрлэдэг байсан юм. Харин Монгол дахь соёлын хувьсгалыг гардан гүйцэтгэсэн орос сургагчид энэхүү цээрлэх ёсыг халж орчин үеийн хөгжил рүү хөтөлсөн гэдэг. Гэхдээ тэдний зарим нь хэт хувьсгалжин, үндэсний уламжлалт соёлыг уландаа гишгиж, хувь хүний эрхэнд халдан хүчээр үсийг засаж, хусаж байсан баримтууд түүхэнд үлджээ. Юутай ч үс засалтын нэг хэлбэр болох “халимаг” гэх үгний гарал нь үс зассан эзэн болох Халимагчуудтай холбоотой нь хэл шинжлэлийн сонин баримт юм.

Wednesday, April 7, 2010

Хавар минь


Навчилахад минь намар шиг үрэгдсэн
Насаа би салхинд хийсгэчихсэн
Мөрийг минь цас шиг дарсан навчсын

Мөчрийг мартаад өглөөг зорихдоо...

Thursday, April 1, 2010

...

Өвдөлт мэт дурлал зүрхэн гүнд минь лугшиж
Өөрийн чинь зүг рүү би судсан дотуураа урсаж байна...
video

Чимх инээд


Ээж нь хүүхдүүдээ баахан загнаж байгаад "үгэнд орохгүй юм бол битгий ээж гэж дуудаж бай" гэж л дээ. Тэгсэн чинь бага хүүхэд нь гал тогооны өрөөнийхөө хаалгаар шагайгаад "Хүүе эгчээ, юм асууж болох уу" гэв