Tuesday, August 9, 2011

Агийн үнэрт зунаар Хагийн нуурыг зорихуй



Бараг л хамар шүргэм эгц өөдөө мацаж сүүлдээ дөрвөн хөллөн мөлхөж явахдаа буцаад уруудчих вий гэж хамгийн их зовж байлаа. Хэрэв буцаад өнхөрчихвөл эргээд эндээ ирэх гэж бас л энэ хэмжээний хөлс дуслуулна шүү дээ. Хөл туйван ядарч урагш тэмүүлэх хүсэл асар их байвч гишгэнэ гэдэг том бэрхшээл болон хувирлаа. Бөн бөн дуслах хөлсөө нэг шувтарч амсхийх зуураа тэртэй тэргүй булдруу болж хоцорсон хацар нүүрэн дээр баринтаглан шавах шумуулуудаа үргээхчээн аядан дэмий л гараа савав. Өдийд гэртээ тохилог буйдан дээрээ зурагтын суваг солин, гартаа хүйтэн кола барьсан шигээ тарайн хэвтэж байж болох л байсан. Гэтэл ядарч жаргах эз хатгасных нэг иймэрхүү л явж байна даа. Наадамд түрүүлээд ирсэн морь шиг хамаг бие чивчигнэн чичирч зүрх дэлсэж байх зуураа ийнхүү бодож байтал тайгын гүнээс олсон абсурд маягийн таягаа хүчлэн тулсаар миний дэргэдүүр бас л хөлөө зөөж ядан зөрөх манай омгийн ахлагч Номинчимэд “За Сэгсгэр минь яваад байна шүү дээ хө. Хөдөл хөдөл” гээд өнгөрөв. Өнгөрөх ч гэж дээ, надаас дөрөв таван алхмын өмнө гарчихлаа. Ууг нь гараа сунгахад татаад авмаар ойрхон ч гэсэн энэ өгсүүрт таван алхмын өмнө яваа хүн гэдэг юутай ч намайг “хол хаячихаж” байгаа хэрэг шүү дээ. Атаархмаар гэдэг нь.

Friday, July 1, 2011

Бүх гоё юмаа хаячихлаа, зориуд...


Чихэр шоколандны цаасан дээр хэн хэдийд өгсөн хэнтэй хувааж идсэнээ бичээд хадгалдаг, эзгүйд ажил дээр ирсэн хэн нэгний үлдээсэн зурвасыг ч хаядаггүй, сонин хэвлэлээс хайчилж авсан хэрэгтэй мэдээллүүдээ цуглуулдаг, баярын мэндчилгээ, ил далд захидлуудаа нэн чухалд тооцдог, новш ноохойдоо дарагдсан Сэгсгэр чинь хамаг хайртай нандин бүхнээ өөрийн гараар хогийн саванд хийчихлээ. Араас нь нь амь тэмцээд атигас татгас гээд байсан боловч “Маргааш үхлээ гэхэд аваад явахгүй нь тодорхой шүү дээ”, “Гэнэгүйхэн нэг өдөр зүгээр л шатчихаж ч болох байсан” гэхчилэн агуу их тайтгарлын тарни шившиж байгаад л устгачихлаа. Одоо зөвхөн өмсдөг хэдэн хувцас, ганц тэмдэглэлийн дэвтэр, хаяж хэзээ ч зүрхлэхгүй хэдэн халтар номоо тэврээд л үлдлээ. Сайхан байна аа, санаа сэтгэл хөнгөрөөд.

Thursday, June 30, 2011

Үүрч аваад шүүрч хаяад л явж байна даа


Үүлтэй тэнгэрийг цэлмээж үдийн нар шагайлгая даа энэ чинь одоо. Блогтоо бороо зүсрүүлээд бараг сар боллоо. Срезный ажил сэгсгэр үснээс минь их байсан эл өдрүүдэд бороо шивэрсэн уйтгарт блогт минь шүхэртэй шүхэргүй зорчсон андууддаа баярлалаа. Ардын хувьсгалтай сүүдэр чацуу байгууллага маань 90 нас зооглоод идээ ундааг нь аягалаад энүүхэндээ ажил ихтэй л сууж байна. Бас манай байгууллага Ази Номхон далайн сүлжээнийхээ хамгийн том их хурлыг Монголдоо анх удаа авч хийлээ. Олон улсын хурлын оволзсон ажил дундуур нөхөр Сэгсгэр төрсөн өдрөө халсан нөхөдтэйгөө төөнөтөл тэмдэглээд авч амжлаа. Ирэх наймдугаар сард эндээс ховхрох санаатай Сэгсгэр андад нь амжуулах ажил их, атгах зоос бага байгаа тул өдөр шөнийг ялгалгүй өөрийн хүнийх гэлгүй ажил ажлын захаас атгаж тавиад л явж байна даа.

Wednesday, June 22, 2011

Шүхэр...


Үргэлжилсэн бороотой өдрүүдэд шүхэргүй алхсаар өнөөдөрт ирлээ. Надад шүхэр байдаг ч үгүй, байлгая гэж бодож ч байгаагүй, байсан ч хэрэглэхгүй нөхөр дөө. Сая гиеүрч ажлынхаа цонхон дээр хэсэг зогслоо. Толгойгоо шүхрээр, гараараа, цамцаараа халхалсан хүмүүс ундуй сундуй гүйлдэж байна. Борооноос хаа нэг тийшээ зугтаж байна тэд. Бороо бид хоёр хэнэггүйхэн шивэрсээр л...

Wednesday, May 25, 2011

Тэр...


Хэлээгүй үгс
Хэлэгдэхгүй үгс

Хэсэгхэн цагаан үүл болж

Хэц дамжин нүүхэд

Нүүгэлтсэн санааширал

Нүднийх нь өмнүүр

Нүүн завдаад алга болохыг
Би харсан

Яруу найраг шиг хүн

Яруу найраг шиг гуниг

Яасан догдлом улирал вэ

Ямар өвс энд ургах бол...

Monday, May 23, 2011

Сайхан амарлаа

Уул талын дээгүүр бодол санаанууд нисэлдэнэ
Уул тал өөрөө хэзээ эртийн бодол санааны бүтээл юм...





Өнгөрөгч амралтын өдөр гурван найзтайгаа Цэцээ гүн рүү аялж амарлаа. Сэтгэл жигтэйхэн хөгжимлөг болчихоод ирсэн








Wednesday, May 18, 2011

“Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө”

Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу гэж ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн дуу ажээ. “Ай Нанаа”-г үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж язгууртан гэр бүлд төрж өссөн бөгөөд орос, хятад, манж хэл бичигт гаргууд нэгэн байжээ. Монголд тариа тарих, алт олборлох зарлигийг зөрчдөг Чин ван Ханддорж 13-р Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь Манжийн хааны дургүйцлийг улам бадраажээ. Ханддоржийн хүү Данзанжамцыг Баруун зууд ном үзэхээр явах замд нь “Хааны ордны ёс алдсан” гэдэг шалтгаанаар манжууд Бээжинд зэрлэгээр цаазалж толгойг нь цар тавган дээр тавин хадгаар бүтээж аавд нь барьсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрээр толгойн гудайн өвдөг сөгдөлгүй “Монхор үрээсээ хагацах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө” гээд “Манж Хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Ар ханхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Чин ван Ханддорж нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ

Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ

Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө

Зүүд нойрон дундуу хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ

Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө

Урд уулын зэрэглээ байнаа, ай Нанаа минь ээ

Угтаад очсон чинь үгүй л байна аа хө

Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ

Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө... гэж дуулжээ. Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дуулдаг байжээ. Энэ жил Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавихаар бэлдэж байгаа ажээ

/Жич: http://www.touristinfocenter.mn сайтан дээр ийм нэгэн түүх байсныг олж блогтоо сийрүүлэв/

Sunday, May 15, 2011

Цонхны цаана


Нүд минь зүгээр л нэг цонхны шил юм гэдэгт би итгэдэг болсон. Миний дотор амьдран байдаг олон нийт яг л вагонд яваа зорчигчид шиг тэр цонхоор заримдаа гадагш харж гадаа хэмээн нэрлэж байгаа тэр ертөнцөд зорчдог. Нүдээр минь гараад нүдээр минь дамжин буцаж орж ирдэг тэднийг би зүгээр л харж суудаг. Хэтэрхий даруу биш тэд цонхоор л харахгүй бол үхчих гэж байгаа юм шиг өрсөлдөн дээр дороо орцгоодог мөртөө цонхоор харсан зүйлсээ хайрладаггүй, тэдний тухай боддог ч үгүй. Ер нь цонхоор харж байгаа атлаа цонхоор харж байгаагаа мэддэггүй улс л даа. Тэгээд харах хэрэг байна уу даа гэхээр хэрэгтэй гэлцэнэ. Ямар хэрэг байдаг юм бэ гэхээр мөрөө хавчицгаана. Ийм л мулгуу этгээдүүдийг өөртөө тээж явдаг хүн дээ би. Нэг удаа согтуу Жо миний хайртай Пийсүү нэрт муужгайг минь өндөрт өргөж ирээд л тэр цонхоор харуулна билээ. Хөөрхий муу Пийсүү өөрийг нь гадагш нь шидэх нь гэж бодсон уу яасан хамаг биеэ хураан арагш зүтгэхдээ согтуу толгойн гарыг маажчихсан. Энэ муу муур хүртэл миний зүрхэн дотор олбог засаад тухалчихсан ногоортлоо унтаад л, сэрэхээрээ нэг их хэрэг бүтээчихсэн юм шиг эвшээж суниагаад бүр нэг гэртээ байгаа амьтны дүртэй тарвалзаж байгааг би бас л дуугүй харж суудаг юм.

Шөнө харин сонин юм болно доо. Би хөшгөө хаачихдаг юм. Гэрэлгүй болчихоор ч тэгдэг юмуу нөгөө олон ядаргаатай нөхөд ашгүй дуу шуугаа хураагаад дор дороо шивэр авир гэлцэж байгаад тааралдсан газрууддаа гулдайгаад унаад өгч байгаа юм. Ёстой нэг дэлхий доргитол сартайтал хурхирцгаана даа. Энэ үед манай вагонд цоо шинэ зорчигчид ямарч тасалбар зөвшөөрөлгүйгээр орж ирээд жинхэнэ үймээн самуунт шинэ амьдрал эхэлнэ шүү дээ. Түг түмэн нөхөд энүүгээр ч нэг тэрүүгээр ч нэг холхилдож инээхдээ инээж уйлахдаа уйлж зарим нь бүр хоолой дээр хутга тулган сүрдүүлж ч байх шиг. Тэгэхдээ тэдний хэн нь ч намайг өнөөдрийг хүртэл алчихаагүй л байна. Цаг хугацаа гээч юм алга болж чухам л мөнхийн орчил дунд бужигналдана. Бодлоор минь боорцог хийж хээвнэг жалир жалир гэж зажилах бол бүр энүүхэнд. Нэг удаа хайрыг минь халуун саванд хийж хүйтэн усанд хөлдөөж байсныг нь санадаг юм. Дархан хүний урлан гэхээсээ илүү мэс заслын өрөөтэй төстэй тун эмх замбараагүй уйтан хонгилд би өөрийгөө маш олон жижиг хэсгүүд болон тарчихсан байснаа ч олж л байсан.

Шилний хэлтэрхийнүүд шиг үй олон хэсэг болж өрөөгөөр нэг тарсан миний эд эсүүд харин шилний хагархай шиг гялалзаж харагдаагүй юм даг. Будаг нь ховхорсон хуучин байшингийн янз моднууд зүсрэн орсон бороонд шинэ хуучин өнгө нь тодорч, усанд олон хоног дэвтсэнээсээ болоод бараг л байгалийн гэмээр өнгө будаг ялгаруулан байлаа. Одоо талаар нэг тарсан надаар ямар нэг бүтээл хийнэ гэдэг үнэхээр төсөөлшгүй ч тийм уйгагүй нэгэн байх аж. Яг л Пеноккио хүүхэлдэйг модоор бүтээгээд амь оруулдаг шиг. Харин би маш хурдан нүдийг минь хийгээсэй гэж бодоод шилний хагархай эрээд явснаа санадаг юм. Тэгээд яг л өмнө нэгэнтээ бодож байсан шигээ цонхны эгэл шил олж мужаандаа өгөхөд тэр миний нүд байх газарт өнөөхийг нааж орхисон. Ингээд л би цонхоороо хартал мөнөөх үймээн самуунт нөхөд нэгэн зүгт дайжин алга болоод харин өчигдрийн цонхон дээр овооролдон бие биенээ татаж унаган мацаж байсан найзууд эргээд ирчихсэн /хэдийдээ ч сэрчихсэн юм бүү мэд/ шуугилдацгааж байсан. Яагаад ч юм надад маш их залхуутай санагдсан тул орондоо орж хэвтээд Пийсүүг өөр рүүгээ дуудсан.

Хааяа би цонхоор харж зогсохдоо тэнд, гадаа байх сан гэж маш их хүсдэг...

Thursday, May 5, 2011

Сэтгэл сэгсийчихээд байна аа


Цас бороо холилдон бударсан ертөнцийн буйдад
Цаг агаарын мэдээ сэрэл хүслээс шалтгаалж...

Thursday, April 28, 2011

Ус Ус Ус


Америкт нэг хүн боловсон жорлонд бие засчихаад усаа татахад Африкт нэг хүн тэр хэмжээний ус дутагдсанаас харангадаж үхэж байна гэвэл та итгэх үү? Харамсалтай нь бодит байдал ийм байна. Дэлхий дүүрэн ус цэлэлзэж байхад харангадаж үхээд байхдаа яахав дээ гэж үү? Тийм ээ. Гэвч дэлхийг бүрхдэг нийт усны дөнгөж 2.5 орчим хувь нь цэвэр ус бөгөөд түүний ихэнх нь туйлын мөсөнд буюу газрын гүнд түгжигдсэн байдаг юм. НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн үзэж байгаагаар дэлхийн гадаргуу дээрх болон газар доорх цэвэр усны нэг хүрэхгүй хувийг хүмүүс хэрэглэх боломжтой. Хамгийн бүдүүлгээр харьцуулж хэлэхэд юмкость дүүрэн уснаас ганцхан дусал нь л бидэнд оногдоно гэсэн үг байна шүү дээ.

Tuesday, April 26, 2011

Хариулмааргүй санагдаад...


Өнөөдөр ажил гэж арзгар үснээс минь их, сэгсгэр толгойгоо сэжих завгүй суулаа.. Мессенжерийн статус дээр “Завгүй” гэдэг үг өлгөөстэй. Дэлгүүрийн хаалганд өлгөөтэй байдаг “Closed” гэдэг шиг л харагддаг байх даа бусдад бол. За тэгээд яахав, завгүй Сэгсгэр бичиж байгаа юмандаа нэг баримт олчих санаатай “News.mn” рүү харайгаад орж явчихлаа. Эднийхээр орох бүхэндээ “Entertainment news” рүү нь нэг шагайгаад гардаг хүн л дээ би. Тархи нүднийхээ ядаргаанд таслал тавиад үргэлжлүүлэх гэж тэр л дээ. Тэгсэн тэнд ийм нэг өгүүлбэр байна аа. “Амьдрал хэмээх замаар алхаж явахад хаа нэгтээгээс, хэн нэгэн үргэлж л чам руу чулуу шиднэ. Тэр чулуугаар юу хийх вэ гэдгээс бүх зүйл шалтгаална. Хана уу? Эсвэл гүүр үү? Чи өөрөө өөрийнхөө амьдралыг бүтээн цогцлоох архитектор нь гэдгээ хэзээ ч битгий март”. Таалагдлаа. Таалагдангуут нь татаж авчраад мессенжерийнхээ статус дээр залчихлаа даа хөөрхий. Тэгсэн одоо дор дурдах найз бүсгүйгээс минь сапп гээд л мессеж ороод ирлээ дээ.

Найз: За гоё үг байнаа

Сэгсгэр: Баярлалаа

Ингээд л нөгөө арзайсан ажил руугаа сэгсийсэн толгойгоо буцаагаад дүрлээ дээ. Хийж байсан юмнаасаа уйдангуутаа Зүүдчин блогчны бичиж илүүлсэн материалын үг үсгийн алдааг ньагнасан шигээ суутал “Хүнийг таних тусам адгуустай нөхөрлөх юмсан гэсэн тэсгэлгүй хүслэн төрдөг” гэсэн Гётегийн ишлэлтэй тааралддаг юм байна. Тэгэнгүүт нь уулгамч юм шиг татаж авчраад л дахиад мессенжерийн статус дээр залчихлаа. Тааралдсан аятайхан өгүүлбэр болгоноо татаж авчраад өлгөж байдаг нөхөр л дөө Сэгсгэр бол. Тэгсэн нөгөө найз бүсгүйгээс дахиад л мессеж сапп гээд ороод ирлээ. Тэгээд нэг иймэрхүү яриа өрнөх шив дээ.

Найз: Ter n ch yu yum be

Найз: zugeer l huntei naizlah yumsan gej boddog

Найз: hund jaahan oirhon huntei ch yumuu

Сэгсгэр: minii ug bish Getegiin ug ee naizushka

Найз: medej bna. ter Getё-doo damjuulaad helchiheerei

Сэгсгэр: Gete nas baraad zuu gariu jil ungurcheen

...
Ингээд хэрүүл ч биш хэлцэл ч биш балай юм үргэлжилсээр ер нь бараг хэрүүл болоод дуусах шив дээ. Учрыг нь ч сайн ойлгосонгүй. Манай найз харин надад ойлгуулж өгсөөн. Чиний зөрүүд хөдөлчихөж гэж байна билээ. Тэгсэн юм байлгүй хэхэ. Тэгэхдээ би найз нөхөд бие биенийхээ үзэл бодлыг хүндэтгэдэг, сэтгэлгээний хувьд хил хязгаартай байсан нь дээр гэж үздэг хүн л дээ. Харин миний найз миний статусан дээр тавьсан үг бүхэнд онцгой ач холбогдол өгдөг, тэр үгсийг миний сэтгэлзүйн илэрц гэж ойлгодог хүн байгаа юм. Тэгээд л найзын ёсоор, хүлээсэн үүргийнхээ дагуу мөнөөх статусан дээр тавигдсан “үйлийн үртэй” үгээр дамжуулан миний ажлын өдөр ямархуу өнгөрч байгааг, мөн яагаад “аймаар” үг тавих болсон зэргийг маань шалгааж гардаг юм. Заримдаа би хариулмааргүй санагддаг...

Sunday, April 10, 2011

Улам-Оргихын шүлэг


Хувь тавилан бид хоёр
Заримдаа жаахан маргалдахаараа
Эртний дайчдын хурц иртэй

Хутга шиг үгсээр хоёр биенийхээ

Зүрхийг зүсэж хуруугаа эсгэчихээд

Нэрэлхсэндээ дараа нь хоорондоо хуруудаж

Ялагдсаныгаа ойролцоох эмийн сан руу

Хурууны боолтонд гүйлгээд

Хувь тавилан бид хоёр

Худал инээмсэглэх завгүй
Гэгээн амьдарч байна, энүүхэндээ...
Номын садан, эрхэм дүү Улам-Оргихдоо төрсөн өдрийн мэнд хүргэе.