Thursday, March 21, 2013
Алив наашаа суу, ангийнхныхаа хочийг шивнэе
Thursday, February 14, 2013
Цаг хугацаа өнгөрөх тусам тодрох, цайлган багын гэрэлт дурсамжууд
Арван жил үерхсэнWednesday, February 13, 2013
Мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ...
Monday, January 7, 2013
Би Брюс Лиг хулгайлаагүй
Нэг зун аймгийн баруун урд байх “Хэрлэн” зусланд амарч байхдаа манай
параллель ангийн Эсээ бид хоёр нэг танихгүй зурагчин ахаас Брюсь Лигийн
жижигхээн хар цагаан зургийг арав арван төгрөгөөр худалдаж авсан юм. Дөрөвдүгээр
ангид байсан нөхдүүд л дээ. Тэр үед чинь Брюс Лигийн зураггүй хүүхэд бол хүн
биш байлаа шүү дээ. Нөгөө ангид С.Эрдэнэцэцэг, Ц.Эрдэнэцэцэг гээд хоёр охин
байдгийн С нь тэр удаа надтай зуслангийн нэг ээлжинд таарч бид хоёр гайгүй зузаан
найзууд болцгоогоод байсан үе. Бид хоёр Эсээгийнхээ Брюсь Лиг эрж өдөржингөө
түүний хамаг чемодан, ном дэвтрийг онгичсон боловч олсонгүй. Ингээд Эсээ маань
Брюсь Лигээ хулгайд алдчихлаа гээд жаахан урам муутайхан байсан ч хоёулаа тун
удахгүй инээж хөхрөлдөн хөтлөлцөөд гүйж явсан юм. Зуслан буух болоод Эсээ бид
хоёр юм хумаа хамтдаа эмхэлж цэгцэлж байтал миний чемодан дотроос нөгөө муу
алга болсон Брюс Ли гараад ирэх нь тэр. Яг үүнтэй зэрэгцэн би өөрийнхөө Брюс
Лиг түрүүлээд чемодандаа хямгадсан минь гэнэт санагдлаа. Эсээгийн нүд шууд 50
мөнгө болж байгаа юм чинь. Би ч бантсандаа чемоданаа хааж орхилоо. Хэдий
тайлбарламаар байсан боловч юу ч хэлж чадсангүй. Өөрийнхөө Брюс Лиг
хямгадчихаад Эсээгийн Брюс Лиг хайлцаж байхдаа юу бодож байсан хүн бэ тэнэг муу
Сэгсгэр. Найз маань нөгөө хамтын цүнхэнд байсан Брюс Лиг надад өгөөд “Чи ч
гэсэн энгийгээ хямгад. Аягүй бол бас алга болчихно шүү” гэснийг яана. Би яагаад
өөрийнхийгөө хямгадаж далд хийснээ таг мартчихсан юм бол гэж хичнээн бодоод ойлгосонгүй.
Хулгайчийг илчилсэн нэг хүн автобусаар аймаг орох замын туршид тун ёозгүй,
гүнээ жигшсэн харц чулуудаж, хулмаганаж бантсан муу Сэгсгэр өөдөөс нь харж
чадахгүй дальдчсаар ирсэн билээ. Тэрнээс хойш Эсээ найз маань надтай
дуугараагүй. 10 төгстөлөө бид хоёр нэг нэгнээ танихгүй мэт явсан. Нэг сургууль
юм чинь байнга тааралдана. Тааралдах бүрт надад нэг тийм тамтай мэдрэмж төрдөг
сөн. Эсээ маань хожим эмч болсон гэсэн. Бид уулзалгүй олон жил болжээ. Сургууль
төгссөнөөс хойш тааралдаагүй. Одоо Эсээтэйгээ нэг сайндах юм сан даа. Thursday, March 10, 2011
45-ын гутал

Monday, September 20, 2010
2-р ангидаа жирэмсэн болсон би
Одоо нөхөр Сэгсгэр гүзээ түрэн томрох хүүхдийнхээ эцгийг тогтоох их ажилтай боллоо. Биеийн тамирын хичээл дээр хэний гараас барилаа, хажуу хашааны хэнтэй яалаа ийлээ гээд л бодож гардаг юм. Эцэг нь тогтоогдсонгүй ээ. Ингээд мөнөөх үндсэн шаналгаагаа л тэврээд үлдлээ дээ хөөрхий. Одоо энэ хүүхдийг яавал алга болгох вэ гэдэг ганц том шаналгаа
үлдэж байгаа юм. Тэгээд л арга хэмжээ авч эхэллээ. Манай эмээ найз лам өвгөнөөсөө рашаан утлага авчраад л агаа бид хоёрын сайртай гарыг орой болгон угаалгах компанит ажлаа ид өрнүүлж байсан үе. Усан дээр жоохон рашаан дусаагаад угаалгадаг юм. Би гэж буруу номтон тэр рашаанаар нь угаахгүй утахгүй гээд оройдоо бөөн дайн дажин болно. Орон доогуур ороод хэвтчихнэ. Эмээ таягаараа түлхэж төнхөж аргаа бараад Агаагаар баривчлуулан гаргаж ирээд хүч хэрэглэн байж гарыг нь норгосон болж, гардан тулаанд хүч мөхөсдсөн Сэгсгэрийн нус нулимсаар “Рашаалах” арга хэмжээ өндөрлөдөг сөн. Тэгсэн хөөрхий муу Сэгсгэр жирэмсэн болоод өнөөх рашаан утлаганд нугасгүй орлоо. Нар үнэн жаргав уу худлаа далдрав уу л “Эмээ хэдүүлээ рашаанаараа гар нүүрээ угаах уу? Эмээ би төмпөнгөө оруулаад ирэх үү?” Эмээгийн нар гарч байна гэж юухэв. Миний охин ийм л мундаг даа, ёстой сайн гээд л шүүгээ авдар хоёроо тэмтрээстэй. Харин муу Сэгсгэрийг гэдсэн доторх хүүхдээ гаргахгүй арга хэмжээ авч байна гэж яаж санахав дээ зайлуул. Эмээ минь рашаанаар угаах болохоор л “За миний хүүхдүүд их сайн юм боддог юм шүү. Ийм тийм хүслээ бүтээсэй гээд л залбирч угаана шүү дээ” гээд л захидаг байсан юм. Би ч рашаанаараа гараа угаангаа “Ганжуур өвөө минь, гэдсэн доторх хүүхдийг минь одоо биш том болсон хойно минь гаргаж өгөөрэй” гэж дотроо шившихийг юу гэж мартахав. Ингээд хэсэг хугацаа өнгөрөхөд миний гүзээ нэмж томрохоо зогслоо, эмээгийн баяр хөөр ч нэмэгдлээ, би ч чин сүжигт нэгэн боллоо. Ганжуур өвөөгийн өгсөн рашаан маш сайн рашаан. Миний нөгөө хүүхэд одоо болтол гарч ирээгүй л байгаа. Одоо гараад ирвэл би ангийнхнаасаа ичихгүй ээ...Friday, September 17, 2010
Уруулын будагтай танилцсан түүх
Wednesday, April 28, 2010
Хөндүүр
Өглөө ажилдаа ирсэн чинь манай төв хаалганы хажууханд цусаа гоожуулсан нэг муу хөөрхий нохой хөлөө хэмлээд хэвтэж байх юм. Муусайн нохойны алуурчид дутуу буудаад сэглэчихсэн бололтой юм. Яах аргагүй сумны нүх ээ тэр шарх нь. Цус нь годгодоод байгаа юм чинь. Харж жаахан шимширч зогссоноо гэнэ
т сэхээ орж ажил руугаа гүйгээд орлоо. Өрөөндөө орж гадуур хувцасаа тайлчихаад, компьютераа асааж, цүнхээ чулуудчихаад /цагаа бүртгүүлж байгаа байдал/ ажлынхаа гуанзнаас жаахан идэх юм аваад Idea-гаа хань бараа болгоод гараад иртэл нөгөө муу амьтан чинь алга. Өр алдчихсан юм шиг жигтэйхэн харамсав.
Тэгээд л нөгөө муу Сэгсгэр чинь бас л эмээгээ бодоод шанаагаа тулаад суучихлаа. Манай эмээ гэж хавиар нэг хашгичиж, гудамжны хүүхдүүдийн нэрийг хольж дуудаж далласан янзын хүн байдаг сан. Эцэг эх нь ажилдаа явцгаачихсан, эзэнгүй хэдэн халтар нөхдүүд байх миний найзууд гэж. Эмээ өдөртөө нэг тогоо дүүрэн тарагтай будаа эргэлдүүлж, хөөе хэнээ нааш ир, хэний дүү ээ хүрээд ир гэж хүүхэд будаалж, гарахад нь гарт нь алдарт “Гурав”-аа атгуулаад гаргах. Тэр ээ, энэ ээ, эмээгээсээ ирж “Гурав”-аа ав гэж дуудна. Тэр “гурав” гээд байгаа юм нь манай эмээгийн барьсан талхны нэг зүсэм, 2 боорцог, 2 ёотон. Би жаахан байхдаа тэр “Гурав”-аас нь үхтэлээ ичнэ. Айлд орохоор аав ээжүүд нь чихэр өгдөг байхад манай эмээ барьсан талх, ёотон савайгаад балай юмаа, энийгээ өгөхгүй байж болдоггүй юм байх даа гээд л шаналах. Харин энэ санаагаа хэлчих юм бол “Цөг муу Зомо. Чи мэддэг юмуу, би мэддэг юмуу” гээд л хангинах тул чимээгүйхэн хөмхийгөө зууна.
Жил бүрийн Ханш нээдэг өдөр өвөөгийн газрыг эргэж ирчихээд л нөгөө алдарт будаагаа бүр үзэм жимстэй “албан ёсны” амтат зоог болгож чаначихаад л сургуулиасаа тараад харьж яваа хүүхдүүдийг хүртэл гудамжнаас дуудаж даллаж авчраад л аягатай будаа бариулаад суулгачихна. За энэ үед ч нөгөө муу Сэгсгэрийн нүүрний арьс шамраад унана даа. Гүйгээд гарах гэхээр дэргэдээ зарах гээд тавихгүй, хүүхдүүдтэй чаг чаг гээд булуу халах зуур нь үүд рүү ухасхийхэд л “Хөөе чи хаачих нь вэ зомо, Байж бай чи, энэ хүүхдүүдэд юмыг нь өг” гээд л гэдрэг суулгачихна. Тэр “Юмыг нь өг” гэдгээс нь би уг нь бултах санаатай ухасхийж байгаа царай нь тэр. Өгөх юм нь юу вэ гэхээр 60 мөнгөний цэнхэр цаастай тал печень, 11 хорийн чихэр 5 ширхэг, 12 мөнгөний нэг дэвтэр. Ядаж печенийг нь бүтнээр нь өгчихгүй дундуур нь хутгаар цаастай нь хамт таллаж хуваагаад өгч байгаа юм. Би ч ичиж бүтэж үхэх шахна. За ингээд л Ханш нээсэн өдрийн арга хэмжээ дуучихсахгүй ээ, үргэлжилнэ. Адууны шөлөн дотор шар будаа хаяад буцалгаж буцалгаж 5-ын бидонд уудлаад агаа бид хоёрт бариулаад гаргана даа. Золбин нохой муур хооллохоор явуулж байгаа нь тэр. Агаа 5-ын бидонтой халуун шөлөө барьчихсан, би нэг муу бөөр нь хонхойчихсон шар төмпөн чирчихсэн “Гөлөөг гөлөг” гэж чанга чанга орилоод л гудамж метрлэж өгнө. Сүүлдээ хоёулаа жоохон тэгж явж байгаад залхангуутаа залхуурч шууд айлын хашаа, амбаарын ёроол руу нөгөө шар будаатай шөлийг нь асгаж орхичихоод харина. Яав миний хүүнүүд, нохойгоо хооллочихов уу гэсээр угтахад нь “Тэгсээн, аягүй олон нохой ирлээ” л гэнэ. Ингэж хэлэхээр эмээ учиргүй баярлаад нөгөө хүүхдүүдэд тарааж байсан чихрээсээ атгаад л шагнана мань хоёрыгоо.
Хүүхэд настай минь хамт бүдгэрэн үлдсэн энэ багахан дурсамжийг өнөө өглөө манай байгууллагын гадаа гасалж угтсан шархтай нохой сэдрээж орхилоо. Одоо ч гэсэн хөөрхий амьтны шархны хөндүүр нь сэтгэл хөндсөөр...
Wednesday, February 10, 2010
Сэгсгэр нь эмээгээ дурсаад...
раар шинэ дээл хийж өгдөг сөн. Агаагийн дээлийг заавал түрүүлж гаргана. Би гэж адгуу амьтан дээлээ хүлээгээд, агаагийн дээлийн хаваасыг хол шид гэж эмээгээ даапаалаад урвагнаж суудаг сан. За тэгээд л миний дээлийг эсгээд эхлэхээс нь аваад л эмжиж хадахыг нь хүртэл харж, энэ нь ийм тэр нь тийм болчихлоо гэж ирээд л нэг их том амьтан эмээгээ уймруулж хошуу нэмэрлэж суудаг байж билээ.Эмээ намайг олон үг болоод эхлэнгүүт л үглэж гарна. Энэ ер нь олигтой амьтан болох шинжгүй л золиг, муу ахынхаа дээл хувцасанд атаархана, газар дээр хоёулхнаа юм байж. Өөрийнхөө юманд ихээхэн өрөлхүү. Хэн чамайг ийм болгочихов, би юу, аан гэж ирээд л нэг их сүрхий загнамар болсноо хэзээний л нөгөө цайлган уймраа зангаараа, “За миний хүү цайгаа гал дээр тавина байгаа, цаад муу агаа чинь хацар нь ягаарсан юм сүрхгээд л ороод ирэх нь болж байна” гээд л дөнгөж саяхан үглэж дуулж байсан “муу жаал”-аа татаж үнсээд өндөлздөг сөн.
Эмээ нэг жил надад дээл хийдэггүй ээ. Цагаан сар болох гээд хөөрхий муу Сэгсгэр хуруу даран догдлоод байдаг, дээл байдаггүй. Агаагийн дээлийг аль хэдийнэ оёод авдрандаа хийчихсэн. Агаа ч гэж нударгатай дээл анх өмсөнө гэж сагсуурсан мундаг амьтан урдуур хойгуур гарахдаа намайг өдөж нударч, эргээд ховлож орилохын завдалгүй эмээг аргалан сайн хүн болж гар хурууных нь үзүүрт бөндөгнөөд хачаан хачин. Уур хүрээд эмээтэйгээ муудаж дуугаа хурааж духаараа хараад ихээхэн эвгүй сууж байсан муу Сэгсгэрийг өрөвдсөн уу яасан эмээ гэнэтхэн татаж үнсээд чихэнд минь “нууц” шивнэх нь тэр.
-Аав нь хүүхэндээ дээлнээс өөр гоё юм авсан гэнэ лээ, миний хүү мэдээгүй юм шиг л байгаарай за юу...
-Хүүе эмээ, тэгвэл тэр чинь юу юм? Надаа шинэ пальто авчихсан байна тийм ээ? Гоё доо, агаад хэлчих үү?
-Агаадаа битгий хэл. Эмээ нь чамд хэлэхгүй ёстой юм уг нь. Чи бид хоёр ингээд сагсуураад байвал хэрэгт орно шүү. Аяд гэм зомо... /Эмээ агаа бид хоёрыг ЗОМО гэж их хэлдэг сэн. Сүүлд мэдэх нь ээ, золиг моньд гэсэн үгийн товчлол байдаг байгаа хахаха/
-Аав тэгээд шинэ пальтог маань хэзээ өгөх юм? Би шинийн нэгэнд тэгээд аавынх руу юу өмсөж явах юм? /хариугүй уйлчих шахан айлгангаа/ -Уг нь шинэ дээлээ өмсөж очоод гоё польтогоороо солиод өмсчих байсан юм...
–Миний хүүхний ноднингийн дээл байгаа шүү дээ, яагаав өнөө...
-Үгүй, үгүй. Би юу гэж тэр муу хуучин дээлийг чинь өмсөж байх юм /хэзээний бэлэн нулимс нь гараад ирчихсэн уухилж байгаа мань Сэгсгэр/
-За за, миний хүү хичээлээ хийж бай. Эмээ нь орой хэдэн бууз нэмж хөлдөөчихөөд амжвал нь дээл эсгэе даа тэгвэл хүүдээ.
–Одоо яаж амжих юм /енгэнэтэл орилонгоо/. Би тэгвэл Цагаан сараар аавынд очихгүй. Тэр муу пальтог нь ч өмсөхгүй мэдэв үү.
–За барагтайхан байж үзээрэй хүүхээ. Ямар юмандаа цийгээв чи. Би үхээ юу, айн /эмээ ухасхийхийн хамт Сэгсгэр ч амжаад гүйгээд гарна/
Тэр чигээрээ гадуур эргэлдэж сүүлдээ айлын хүүхдүүдтэй тоглож баахан манаргасаар “Хоолоо ид ээ миний хүү” гэж дуудуулан орж ирэхдээ дээлнийхээ хэрүүлийг ч хэдийнэ мартчихаж. Айлын хүүхдүүдэд пальтотой болж байгаагаа гайхуулахаа харин мартаагүй гэж байгаа. Барааг нь хараагүй нөгөө гайхал шинэ пальтог чинь юүдэнтэй, улаан эрээн, ханцуй дээрээ, бас хормой дээрээ хар үстэй гэж ирээд л баахан гайхуулсан юм даг.
Битүүний урд өдөр муу эмээ минь гэрийнхээ утаа тоосыг гөвж, угаалга арчилга хийж, агаа бид хоёр ч яахав тусын нэмэргүй амьтад гай болохгүй нь их юм гэсэн шиг гадаа тоглосоор өнжиж, тоглоомондоо ядарсан хоёр нөхөр сартайтлаа хурхираад унтаад өгч. Битүүний өглөө босоод ирсэн чинь эмээ нэг их жоготой мушийснаа
–Алив Сэгсгэр золиг, тэр авдар уудлаадах гэдэг юм. Авдран дотор агаагийн дээлтэй ав адилхан хул шаргал торгоор хийсэн шинэ дээл байж байх нь тэр.
–Өө-хө, би дээлтэй болчихсон доо гээд л шууд углатал ёстой юм ёсоороо гэдэг шиг яг сайхан таарчихаж. Нэг их баярлаж сүйд болсонгүй. Шинэ пальтогоо өмсөх юм чинь гэсэн шүү юм бодоод, тэгсхийгээд л тоглоомондоо год хийгээд арилсан сан...
Харин хойтон жил нь би шинэ дээл өмсөөгүй. Пальто маань ч хуучирчихсан байлаа. Эмээ минь бурханы оронд одоод агаа бид хоёр аавынд ирсэн болохоор Шинийн нэгний өглөө авдар руугаа ухасхийх ч хэрэг гараагүй юм.
Tuesday, February 2, 2010
Сэмбээ минь...

Эндэхийн өвөл
Их удаан өнгөрдөг
Урт наслаарай гэх ерөөлийн
Уйтгартайг тэгэхэд л мэдэрсэн... хэмээн биччихээд уйтгарлаж гунигласан шинжгүй жавар сөрөн цээж задгай сийгүүрдэж явдаг эрхэм анд Доржсэмбээ маань өнөөдөр надад номоо бэлэглэхээр иржээ. Хацар хайрсан хахир өвлөөр халамцуухан сэвж явахтай нь тааралдаад “Сэмбээ минь сэмбий...” гэж загначихаад салснаас хойш нэг л мэдэхүй нэгэн он улирч амжжээ. Ингээд Сэмбээ андын ганц нэг шүлгээс сийрүүлсү.
Үдэш
Дээвэр дээр суусан
Цагаан муур шиг сар
Дээврийн хөндийд
Багтах газаргүй ганцаардана.
Тэр хүн

Тэр хүний
Өмссөн малгай нь
Нисэх гэж байгаа
Хар хэрээ шиг
Тэр өдрийн шуурганд
Тэгж далбигнана
Толгой дотор нь
Тархин дотор нь
Тас хар хэрээний
Том үүр дүрслэгдэнэ
Тийм үүрний өндөг
Цагаан л байдаг даа
Сүнс
Зууханд шатах моддын утаа
Зугуухан яндангаар гарна
Моддын сүнс саарал өнгөтэй
Monday, May 4, 2009
Ааваа дурсахуй
Энэ өдрийг би ерөөсөө мартдаггүй юм. Ажил амьдрал ааг амьсгаагүй буцалсан энэ 10 жилд өвдөх эдгэх, мартах санах олон л юм болж өнгөрсөн ч энэ өдрийг мартаагүй. Өчигдөр орой зуршил ёсоороо нөгөө муу жижигхэн тэмдэглэлийн дэвтэртээ маргаашийнхаа ажлыг төлөвлөхөөр суухдаа “Өө, маргааш 5 сарын 5 юм байна шүү дээ” гээд л дуу алдангуутаа “Аавдаа ном уншуулах” гээд өгүүлбэр тавьчихаж байгаа юм. Тэгээд үдэш нь, миний ээжид зориулж аавын минь бүтээсэн, нас барагсдын хойдын буянд зориулагдсан “Доржзовд” судрыг уншчихаад унтаад өгсөн. Сэтгэл нэг их сайхан амраад явчихсан.
Аав минь хүн бусаар зовж шаналж, бүтэл бүтэн нэг сарыг тамын тарчлаан дунд үдэж байж мөнх бусыг үзүүлсэнд нь би маш их энэлдэг, бодох дурсах бүхэнд элэг эмтрээд нулимс алдраад ирдэг юм. Миний аав жигтэйхэн хатуужилтай хүн шүү. Бас их баялаг, нууцлаг дотоод ертөнцтэй сөн.
Аавыг нас барсны дараа агаа /Би ганцхан ахтай, эхээс хоёулхнаа/ бид хоёр өвөө эмээгээс үлдсэн хэдэн судар номыг янзлангаа анх удаа тэр номуудын баринтагийг задалсан юм. Аав огт сүжиггүй, бурхан ном ярьдаггүй, лам хуваргыг тоодоггүй хэнэггүй хүн байсан болохоор тэр номуудад бас л гар хүрч байгаагүй, ис тоосонд дарагдсан хэдэн судар манай том толины ард л хураалттай байсаар энэ хүрсэн юм.
Тэгээд тэднийг задалж, таньж мэдэхгүй төвд үсгийг нь гайхширч суутал гэнэт аавын минь гараар сарайтал бичсэн “орги” судар олдох нь тэр. Гайхсандаа таг гацсан би ахыгаа дуудан их л сониучирхан үзтэл намайг нэг настай, агааг минь дөрвөн настай, аавыг минь 30 настай хэвээр нь энэ ертөнцөд үүрд үлдээгээд явсан миний ээжид зориулан аав минь өөрөө “бүтээсэн” Доржзовд судар байсан юм. Хүний сэтгэлийн ертөнц үнэхээр тааж тааварлашгүй сонин, эргээд дурсахуйяа нэн хөндүүр билээ л...
Sunday, May 4, 2008
ААВАА ДУРСАХУЙ...
/Аав минь тэнгэр болоод өнөөдөр яг есөн жил болж байна/
Monday, January 28, 2008
СЭТГЭЛ ХУУЧИРДАГГҮЙ
Цав цагаан замаар алхаж явна. Өдлөг зөөлөн цас малгайлан хаялна. Яг л үүнийг хаа нэгтэйгээс уншиж байсан мэт ер бусын сэтгэгдэл төрөхүй бударч буй цасыг бүр ихээр шимтэн мэдрэх гэж би түр зогслоо. Ай, миний хайртай цагаахан улирал. Энэ л цаг мөчийг би хичнээн удаан хүлээсэн юм бэ дээ. Нэг өглөө босоход бүх орчлонг цас нэвсийтэл дарчихсан байгаасай гэж, тэр хөвсгөр зөөлөн цасанд нүүрээрээ шургах сан гэж үргэлж мөрөөдөж байсан. Гэтэл одоо энэ бүхэн сэтгэлчлэн бүтэж байна. Тэгэхдээ түрүүчийнхээс ч илүү сонгодог гээч. Өглөө босоход минь биш өдөр намайг алхаж явахад цас бударч эхэлсэн. Газар дэлхийтэй хамт би ч бас тэр өдлөг зөөлөн будраанд нь дарагдаж орхиж. Өө, ямар сайхан юм бэ? Одоо бараан газар ер үлдсэнгүй, нүд гялбуулам цайвар оршихуй эргэн тойрныг минь нөмөрчихсөн байна. Гэртээ ормооргүй, юу ч яримааргүй, ингээд л алхаад баймаар. Бодож яваа бодлыг минь хүртэл цас дарж байна. Энэ чинь миний улирал, хайрт улирал минь шүү дээ.Зуун жилийн өмнөх тэр нэг өвлийг зүрх минь ер мартдаггүй юм. Бас л ийм цасан бударч бас л ийм анир чимээгүй ноёлж байсан. Тэр л анир чимээгүйг минь сэрээж эрхэм доктор миний ертөнцөд гэрэлтсэн билээ. Гэсэн хэдий ч өнөөх анир чимээгүй ертөнц минь урьдын л янзаар нам гүмхэн оршсоор нам гүмхэн гэрэлтсээр байсан. Харин зуу зуун жилийн гүн нойрноосоо сэрсэн юм шүү. Цагаахан халаадны гэрэлт намиан дор цаг хугацаа хаа нэгэн тийш урсах болсон. Үдэш болгон цас ороосой гэж шивнэдэг, өглөө болгон цэцэг ургаасай гэж шившдэг байлаа. Гэвч хүсэл минь төөрсөн юм. Дуу дурлал шиг гэглгэн насан дээр минь цас ч будраагүй, цэцэг ч ургаагүй. Тэглээ гээд үүний төлөө өнөөдөр би харамсдаггүй. Аугаа их анирт ертөнцөд минь анхны бороо цасны үнэтэй ирсэн. Энэ өдөр л анх удаа би насаа тоолж зүрхээ гоёж хүслээ үнссэн. Гэрэлт амрагийн минь сэтгэл шиг гэгээн орчлонг таньсан. Тэр өдөр манай хотод анхны цас орж билээ. Нэг их гэрэлтэй цас байсан. Эргэлдэн нисэлдэн бууж байхыг нь харсан. Хараад удаан зогссон. Тэгээд л гүймээр, бүр хурдлан гүймээр санагдаж цасаа сэгсрэн тачигнатал ганцаар инээхэд ард минь гэнэтхэн хэн нэгэн намайг шоолох нь сонстсон сон. Эргээд хартал Тэр, эрхэм Эмч минь яг л миний ижил нэвсийсэн цагаан болчихоод инээмсэглэж байсан даа. Ичиж улайсан миний хацар дээр унасан цас ямар хурднаар, эгшин зуурт хайлж байсан гэж санана. Энэ хайлган цаг мөчөөс хойш өнөөх анир намуун ертөнц минь нэг л ер бусаар чичрэн догдлох болсон юм. Жирийтэл эгнүүлэн барьсан банзан хашааны ганцаардмал буланд нуугдаж зогсчихоод түүнийг хүлээж байхдаа амандаа өөрийн эрхгүй л хамгийн хөгжилтэй ая олоод аялчихсан байдаг байж билээ. Өвлийн пальтоныхоо буурал захыг босгочихоод эмнэлэг рүүгээ яаран алхах хайртынхаа эрхэм дүрийг харж чадсан тэр өдөр миний хувьд хэмжээлшгүй их баяр баясгалантай өнгөрдөг байсан юм. Харин заримдаа хичнээн их дааран зогсовч харж чаддаггүй байлаа. Учир нь тэр минь хүнд хэцүү үед эмнэлэг дээрээ хонох тохиолдол цөөнгүй байсан. Тэр мэс засалч шүү дээ. Түүнийг харж чадаагүй буюу өөрөөр хэлбэл тэр эмнэлэг дээрээ хоносон өдөр надад ямар хэцүү байдаг байв аа. Өдөржин л сэтгэл бүрхэг, битүү гуниг төрөөд, өвдөн зовиноод амар сууж чадахгүй гэгэлзэж дэгэлзэн өнгөрдөг байлаа. Заримдаа бүр халуун хоол унд хийж бариад очих сон гэж боддог сон. Гэвч санасны зоргоор байх эрх ч байсангүй, зориг ч дутдаг байлаа. Энэ бүхэн зуун жилийн өмнө болсон юм шүү дээ. Түүнээс хойш зуун жил өнгөрч. Гэтэл өнөөдөр цас орж би дахиад л бударч байх юм. Зуун жилийн өмнө миний нөмөрт нь зогсдог байсан банзан хашаа, ярдаг нохойтой айл, дээр нь нэмэх хасах тэмдэг дүүрэн сараачиж үерхэл нөхөрлөл бэлгэдсэн чулуун хавтан цөм алга болж оронд нь огт өөр зүйлс бий болжээ. Харин сэтгэл минь хуучирсангүй. Өнөөдөр, дөнгөж сая би банзан хашааны туурин дээр сүндэрлэсэн хоёр давхар орон сууцны үүд хавиар эргэлдэж Түүнийг ажлаасаа харих замд нь харах гэж будрах цаснаар удаан хүлээлээ. Үнэхээр тэр надад дахин харагдлаа. Зуун жилийн өмнөх пальтоныхоо оронд орчин үеийн загвар сайтай сайхан дулаан хүрэм өмссөн байсан боловч би андуурсангүй харангуутаа л танилаа. Тэгээд бас зуун жилийн өмнөх шигээ навтасхийн нуугдаж зуун жилийн өмнөх өнөөх ганцаардмал буландаа зогсч түүнийгээ гэртээ орон ортол догдлонгүй, мөнөөх л зуун жилийн өмнөх харцаараа үдлээ. Тэр, Эрхэм доктор минь зуун жилийн өмнөх хуучин гэртээ, зуун жилийн өмнөх шигээ шулуухан явсаар орчихлоо. Зуун жилийн өмнөх гэргий нь зуун жилийн өмнөх хүүхдүүдтэйгээ түүнийг угтана...Ай, зуун жил минь ээ. Цасан бударсаар, бударсаар л байнам...
/1998 он “Хонгорзул” сонин ¹-72/
