Tuesday, November 27, 2007

ИТГЭЛ ХАМГИЙН СҮҮЛД ҮХДЭГ

Лам нарын ёс суртахууны асуудлаар гэнэтхэн ийнхүү дуугарсан нь итгэл сүсгээ таягдсаных бус харин ч аврал итгэлтэйгээ үлдэх гэснийх билээ. Нийгэмд бие хүн бүхэн хүлээх үүрэгтэй, үүрэх хариуцлагатай байдагчлан бусдын төлөө ажиллаж хөдөлмөрлөж яваа л бол тухайн хүн, эсвэл хамт олон зорилгоо ухамсарлаж хариуцлагатай хандах ёстой. Бурхан шашны үйлийг хэдийгээр хувь чанартай гэх боловч энэ нь хүний сайн сайхны төлөө гэдэг утгаараа нийгмийн амьдралын зайлшгүй нэгэн чухал хэсэг болж байдаг. Ардчилсан Монгол улсын иргэнд дуртай шашнаа сонгон шүтэх эрх нь хуульчлагдчихсан. Өнөөдөр манай улсад шашны нөлөө бүхий олон урсгал нэгэнт визгүй нэвтэрч, манайхан ч эхийг нь эцээж тугалыг нь тураалгүй итгэж биширцгээсэн. Харин энэ бүхний эцэст далд нэгэн түгшүүр сэтгэл хөндөж эхэллээ. Оюуны болоод соёл түүхийн асар их өвтэй хүчирхэг дуудсийн удам хэт итгэлийн сохор шуурганд уруудаж илт доромж авирыг ч нүдээ анин "нирваан дүр эсгэж" өнгөрүүлэх болов. Энд бурхан шашныг үгүйсгэх зорилго агуулаагүйгээ дээр нэгэнт хэлсэн билээ. Уулын мод урттай богинотой гэдэг шиг аливаа сайн үйлс ч түүнийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн бодлогогүй, жижиг алдаанаас болж сүйрэх нь олонтаа. Тэгвэл Монголын бурхан шашинтнуудын дунд тэр алдаа бий болж, түүгээр ч зогсохгүй бүр цагаандаа гарчихаад байгаа нь нууц биш. Лам нар гар хардаг болсон, хараал жатга хийж байна гэх нь нэг талаас нийгэмд байдаг л нэг бусармаг үзэгдэл шиг сонсогдовч нөгөөтэйгүүр үндсэн зорилгоо умартаж нийгмийн ухамсарыг харанхуй руу чиглүүлж байгаа аймшигтай хандлага юм. Энэ нь алгуур боловч итгэл үнэмшлийг мөхөөж, эргээд хүн өөрийгөө хүн гэж ухамсарлахад хэцүү төвөгтэй нөхцөл байдлыг бий болгож ч болох билээ. Өөртөө итгэлтэй, зоримог бие хүн л нийгэмд хэрэгтэй. Энэ утгаараа шашинтай биш шашны зүтгэлтнүүдтэй хариуцлага тооцох цаг нэгэнт болсон мэт. Юм үзэж нүд тайлсан номтой мэргэд Монголд олон байгааг үгүйсгэх аргагүй. Гэвч "Хаанаасаа хаалгач нь" гэгчээр үүд хавьд суудалтай том толгойлсон бурханы шавь нар нь төр улсаа түйвээчих гээд байгаа нь эмзэглэл төрүүлнэ.
"Жаргахын цагтаа санадаггүй ижийгээ зовохын цагт хамгийн түрүүн дууддаг" хэмээн яруу найрагч нэгэнтээ гэмшин бичиглэсэн нь буй. Арга барагдан хүчин мөхөсдсөн үед бурханаас аврал хүсдэггүй хэн байх вэ. Гэтэл хийсч ирдэг хүний зовлонгоор бизнес хийж хэтэвчээ зузаалахын зэрэгцээ нөгөө хүнийхээ сэтгэлийн зовиурыг улам зузаатгаад явуулдаг "бурханы итгэмжит төлөөлөгчид" олон. Ахиухан таван цаас сарвайвал амьдаар нь хойдохыг нь уншчихаж чадах эрхэм хуврагууд руу бид зовлонгоо тэврээд гүйлдэж байна гэхэд нэг их хатуудахгүй л болов уу. Төрөл арилжсан төрөл төрөгсдийнхөө "алтан савыг нээлгэхээр" очихдоо эмгэнэлтэй гэхээсээ инээдэмтэй байдалд орох нь олонтаа. Бараг л
-Аав чинь үхчихсэн үү. Ашгүйдээ, мөнгөө... гэх нь холгүй. Жаргал зовлон ээлжлэх амьдралд урам алдрах үе олон ч итгэлээ үхэхийг би хармааргүй байна. Итгэл хамгийн сүүлд үхдэг юм гэнэ билээ.

2 comments:

eebee said...

энэ их гое юм байна.

Anonymous said...

Bayarlalaa Eebee