Tuesday, March 30, 2010

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгмийн орчин дутагдаж байна


/Хөлнийхөө эрхшээлд орсон ч хөгжлийн бэрхшээлд ороогүй Дэндэв андынхаа хүсэлтээр сурвалжлага сүнгэнүүлчихлээ/
...Тэргэнцэртэй хүн шатаар буух гээд бууж чадахгүй байх, эсвэл харааны бэрхшээлтэй хүн зориулалтын бус гарцаар гарч яваад машинд дайруулангаа алдахыг хараад бидний хэн нь ч ухасхийн тусалдаг шүү дээ. Тэр хүн мэдээж “баярлалаа” гэж хэлдэг ч өрөөлд саад болж байгаа өөртөө гутарч сэтгэлийн дарамт хураадаг байна. Харин өндөр хөгжилтэй улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам, гарц, шат, тэмдэглэгээ зэргийг хот төлөвлөлтдөө хэзээ ч мартдаггүй, мартсан газруудад нь хуулийн дагуу шаардлага тавьж хүний эрхийг хамгаалдаг ажээ. Ингэсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсөддөө зориулсан үйлчилгээг эдэлж нийгмийн амьдралд бусдын тусламжгүй оролцдог нь тухайн хүний сэтгэлзүйд ч нэн таатай, эрүүл саруул бусаддаа ч төвөг хүндрэл учруулахгүй туйлын зөв зохицуулалт болдог байна. Харин Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үйлчилгээ байхгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олонх нь сэтгэлзүйн хувьд гутранги, нийгмийн амьдралд идэвхитэй оролцож амжилт гаргах чадвар султай байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Зам, барилга барьсан компаниуд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан шат гарцыг мартчихдаг, тухайн барилгыг ашиглалтад хүлээн авч байгаа мэргэжлийн хяналтынхан нь ч үүнийг юманд бодож зарга хийхгүй чимээ амиагүйхэн шиг хүлээгээд авчихдаг нь манай өнөөдрийн нийгэмд хэвшил болжээ. Харин ард нь хөгжлийн бэрхшээлтэй олон арван хүмүүсийн эрх ашиг зөрчигдсөөр байгаа юм. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудал хэдийнэ хуульчлагдчихсан ч хэрэгжилтэд нь хяналт тавих механизм үгүйлэгдсээр байна. НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах конвенцид нэгдэн орсон гишүүн орны хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болсныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллүүд төрд дахин санууллаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд төр засгийн үйлчилгээний Нүхт цогцолборт болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл” сэдэвт сургалтын үеэр эл асуудал хурцаар хөндөгдсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх зөв үзэл хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилготой тус сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хуульзүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бизнес инкубатор” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтад хүний эрх, сэтгүүлзүй, шашин, нийгмийн олон талын төлөөллүүд оролцож санал бодлоо хуваалцсан юм. Монголын өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах олон нийтийн хандлага нь нэг бол хэт өрөвдөж хөөрхийлсэн байдалтай эсвэл бүр гадуурхаж төвөгшөөсөн хоёрхон хэлбэртэй байдаг нь тэдэнд сэтгэлзүйн томоохон дарамт учруулдаг байна. Тэд төрөөс мөнгөн тэтгэлэг, сэтгэлзүйн дэмжлэг горилохын оронд зүгээр л хэний ч туслалцаагүй нийгмийн амьдралд оролцох боломжоор нь хангаад өгөхийг л хүсдэгээ энэ үеэр хэлж байсан юм. Хүний эрхийн зөрчил нь гол төлөв далд хэлбэрээр оршдог учир тэдгээрийг олж илрүүлэхэд сэтгүүлчдээс ихээхэн үүрэг хариуцлага шаардах болсон энэ үед Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлэгт иргэдийн улс төрийн болон иргэний эрхийн асуудлыг түлхүү тусгадаг, харин эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай бага хөндөж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэтгэл дундуур байгаагаа ч ярьж байлаа. Хүний хөгжлийг уриагаа болгосон хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч яваа хэн боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарлаа хандуулж тэднийг нийгмийн нэг идэвхитэй институцийнх нь хувьд хүн ёсоор хандах зайлшгүй шаардлага тулгараад байгааг энэ удаагийн арга хэмжээ харууллаа.

2 comments:

Unknown said...

Хот төлөвлөлт анхнаасаа буруу явсан. Одоо бол хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай шат, зам, гарц бол их хол байна даа. Харин эдгээр хүмүүсийн сэтгэл санааг нь өөдрөг байлгаж чадах ажлыг системтэй хийх хууль эрх зүйн орчинг нь төрөөс бүрдүүлж өгмөөр байна. Ядаж байхад эдгээр хүмүүсээр болон хүүхдүүдээр мөнгө хийдэг тамгатай хүмүүс их болж дээ.

Дэндэв said...

Эдгээр хүмүүсийг өрөвдсөн харцаар харвал тэр нь асар том доромжлол болдог болой.