
“Цагаан сар” өнгөрч хөл хөлхөөн багасаад, эмээ агаа бид гурвыг тоодог хүн ховордоод, хаврын урт өдрүүд налайгаад ирэхийн үес Сэгсгэрийн сэтгэл доноголзоод эмээгийнхээ ханцуйнаас үг сүггүй дугтчаад эхэлдэг сэн. -Эмээж /эмээ ээж гэж байгаа юм/ гурвуулаа Давхар дэлгүүр явъя л даа. Та агаад гутал авч өгнө гээ биз дээ, агаад гутлыг нь авъя л даа /Агаагаар далимдуулаад өөртөө бас гоё юм авахуулчих санаа дотроо агуулаастай/. Нэлээд хэдэн өдөр дугтчуулж дугтчуулж эмээ маань агааг хичээлд нь явуулчихаад Сэгсгэрийгээ хөтлөөд Давхар дэлгүүр рүү хийсгэнэ дээ. Давхар дэлгүүр гэдэг нь тэр үед аймгийн төвдөө л Их дэлгүүр нь байсан юм. Эмээ авдраасаа дээл хувцасаа гаргаж хэрдээ л хөл болно. Шоопинг хийхийн өмнөх сэтгэлзүйн бэлтгэл бол лут аа лут. Муу Сэгсгэрийнхээ үсийг жавхайтал сүлжиж гоёж гоодоод сүйд болно. За тэгээд л том жижиг хоёр майга Давхар дэлгүүр хүртэл ам хуурайгүй гунганалдсаар орж явчихна даа.