Нүд минь зүгээр л нэг цонхны шил юм гэдэгт би итгэдэг болсон. Миний дотор амьдран байдаг олон нийт яг л вагонд яваа зорчигчид шиг тэр цонхоор заримдаа гадагш харж гадаа хэмээн нэрлэж байгаа тэр ертөнцөд зорчдог. Нүдээр минь гараад нүдээр минь дамжин буцаж орж ирдэг тэднийг би зүгээр л харж суудаг. Хэтэрхий даруу биш тэд цонхоор л харахгүй бол үхчих гэж байгаа юм шиг өрсөлдөн дээр дороо орцгоодог мөртөө цонхоор харсан зүйлсээ хайрладаггүй, тэдний тухай боддог ч үгүй. Ер нь цонхоор харж байгаа атлаа цонхоор харж байгаагаа мэддэггүй улс л даа. Тэгээд харах хэрэг байна уу даа гэхээр хэрэгтэй гэлцэнэ. Ямар хэрэг байдаг юм бэ гэхээр мөрөө хавчицгаана. Ийм л мулгуу этгээдүүдийг өөртөө тээж явдаг хүн дээ би. Нэг удаа согтуу Жо миний хайртай Пийсүү нэрт муужгайг минь өндөрт өргөж ирээд л тэр цонхоор харуулна билээ. Хөөрхий муу Пийсүү өөрийг нь гадагш нь шидэх нь гэж бодсон уу яасан хамаг биеэ хураан арагш зүтгэхдээ согтуу толгойн гарыг маажчихсан. Энэ муу муур хүртэл миний зүрхэн дотор олбог засаад тухалчихсан ногоортлоо унтаад л, сэрэхээрээ нэг их хэрэг бүтээчихсэн юм шиг эвшээж суниагаад бүр нэг гэртээ байгаа амьтны дүртэй тарвалзаж байгааг би бас л дуугүй харж суудаг юм.
Шөнө харин сонин юм болно доо. Би хөшгөө хаачихдаг юм. Гэрэлгүй болчихоор ч тэгдэг юмуу нөгөө олон ядаргаатай нөхөд ашгүй дуу шуугаа хураагаад дор дороо шивэр авир гэлцэж байгаад тааралдсан газрууддаа гулдайгаад унаад өгч байгаа юм. Ёстой нэг дэлхий доргитол сартайтал хурхирцгаана даа. Энэ үед манай вагонд цоо шинэ зорчигчид ямарч тасалбар зөвшөөрөлгүйгээр орж ирээд жинхэнэ үймээн самуунт шинэ амьдрал эхэлнэ шүү дээ. Түг түмэн нөхөд энүүгээр ч нэг тэрүүгээр ч нэг холхилдож инээхдээ инээж уйлахдаа уйлж зарим нь бүр хоолой дээр хутга тулган сүрдүүлж ч байх шиг. Тэгэхдээ тэдний хэн нь ч намайг өнөөдрийг хүртэл алчихаагүй л байна. Цаг хугацаа гээч юм алга болж чухам л мөнхийн орчил дунд бужигналдана. Бодлоор минь боорцог хийж хээвнэг жалир жалир гэж зажилах бол бүр энүүхэнд. Нэг удаа хайрыг минь халуун саванд хийж хүйтэн усанд хөлдөөж байсныг нь санадаг юм. Дархан хүний урлан гэхээсээ илүү мэс заслын өрөөтэй төстэй тун эмх замбараагүй уйтан хонгилд би өөрийгөө маш олон жижиг хэсгүүд болон тарчихсан байснаа ч олж л байсан.
Шилний хэлтэрхийнүүд шиг үй олон хэсэг болж өрөөгөөр нэг тарсан миний эд эсүүд харин шилний хагархай шиг гялалзаж харагдаагүй юм даг. Будаг нь ховхорсон хуучин байшингийн янз моднууд зүсрэн орсон бороонд шинэ хуучин өнгө нь тодорч, усанд олон хоног дэвтсэнээсээ болоод бараг л байгалийн гэмээр өнгө будаг ялгаруулан байлаа. Одоо талаар нэг тарсан надаар ямар нэг бүтээл хийнэ гэдэг үнэхээр төсөөлшгүй ч тийм уйгагүй нэгэн байх аж. Яг л Пеноккио хүүхэлдэйг модоор бүтээгээд амь оруулдаг шиг. Харин би маш хурдан нүдийг минь хийгээсэй гэж бодоод шилний хагархай эрээд явснаа санадаг юм. Тэгээд яг л өмнө нэгэнтээ бодож байсан шигээ цонхны эгэл шил олж мужаандаа өгөхөд тэр миний нүд байх газарт өнөөхийг нааж орхисон. Ингээд л би цонхоороо хартал мөнөөх үймээн самуунт нөхөд нэгэн зүгт дайжин алга болоод харин өчигдрийн цонхон дээр овооролдон бие биенээ татаж унаган мацаж байсан найзууд эргээд ирчихсэн /хэдийдээ ч сэрчихсэн юм бүү мэд/ шуугилдацгааж байсан. Яагаад ч юм надад маш их залхуутай санагдсан тул орондоо орж хэвтээд Пийсүүг өөр рүүгээ дуудсан.
Хааяа би цонхоор харж зогсохдоо тэнд, гадаа байх сан гэж маш их хүсдэг...
7 comments:
өө ёоёо. энийг уншаад таны хэлдэгээр ёстой сэтгэл сэгсийчихлээ.
Baysagalan: Segsiiheer yadiiin bna ain kkk
бөглөгчирсөн усны цорго шиг болчихоод байна...
Baysaa: haha santehnikch duudah heregteim bna
Харин би маш хурдан нүдийг минь хийгээсэй гэж бодоод шилний хагархай эрээд явснаа санадаг юм... би таныг шүтлээ шүтлээ...
yu gej mangartaad bgaa huuhed ve
.......мэс заслын өрөөтэй төстэй тун эмх замбараагүй уйтан хонгилд би өөрийгөө маш олон жижиг хэсгүүд болон тарчихсан байснаа ч олж л байсан. ------------------аймшигтай шар үсний сүвээр хорхой гүйгээд эхэллээ.....
Post a Comment