Thursday, March 21, 2013

Алив наашаа суу, ангийнхныхаа хочийг шивнэе



Арван жилийн ангийнхныхаа тухай бичиж байгаа дурсамжийн номын "Хоргүй нөхөрлөлийн тэмдэг хоч хэмээх алдар" бүлгээс товчлон хүргэж байна. 20 жил өнгөрч "нууцын зэрэглэл"-ээс гарсан гэж үзэж байгаа тул ангийнхны хочийг задруулсан хэрэгт унаж аавын хаалга татахгүй болов уу хэмээн найдна.


Хочний цуглуулга
Нэгэн насанд “эдэлж, хэрэглэж” барахгүй олон хочийг нэг биедээ үүрч дүүрч өнөөдөрт ирсэн хүн бол Эрдэнэтуяа. Ёстой л нөгөө “Мэхний их дэлгүүр” гэдэг шиг хочны баялаг цуглуулгатай хүн дээ манай Туяа. Ясны тамирчин найз маань сэтгэлийн хат, бэлтгэлийн булчингаараа дааж давсаар, давуулж шидсээр олон арван хочоо олс таталтын аварга шиг чирсээр, чивчирсээр энэ цагт ирсэн гэж бид шоолдог юм. Үүнийг эрээчигч молхи бичээчийн санаанд үлдсэн тоймтойхноос нь дурдвал ангийн алдарт тамирчин маань “Ишиг”, “Гүйдэг хар”, “Цагаан хоолой”, “Тушкаанчик”, “Анфиса” гээд хэл хэлээр хэлэгддэг жинхэнэ интернациональ хочтой байжээ.

Өцөг гэдэг чинь хоч биш нэр шахуу эд шүү дээ
Одхүүг бид одоо ч Одхүү гэхгүй Өцөг өө л гэж дуудна. Манай хүн ч уурлаж урвагнаад байхгүй, хааяа нэг гар далайж хий дохиод л өнгөрнө. Одоо ч бүр Одхүү нэрээ мартаад сүржигнэн далайж сүйд болохоо ч больж бүр дөжирч дээ. Огт зүгээр сууж чаддаггүй хүүхэд байснаас өвөө нь түүнийг багад нь Өцөг гэж хочилсон гэдэг. Хожим нохойд хазуулчихаад гэртээ хэвтэж байхад И найз /Батжаргал/ эргэж очиж. Хоёулаа ундааны бөглөө цохин зугаацаж суух завсар дүү охин нь Өцөг өө гэж санамсаргүй дуудсанаар нууц задарч И маань ангид очив уу үгүй юу Л-д хэлж анги даяар тарсан түүхтэй. Хашир хэддүгээр ангид ч билээ, их бага байсан санагддаг юм, айлын нохойд хонгоны махаа уруулж, бүтэн жил өцөгнөн хөлөө чирч, явдал нь “төгрөг тавь” болсон юм даг. Өцөг нохой хоёр өнө эртний өштэй. Одхүү сахилгагүй ч гэж жигтэйхэн, дандаа л нэг хэрэг тарьчихсан, нохой муурны асуудалтай л явж байна. Сургуульд байхдаа хэдэн ч удаа нохойд уруулсан бэ мэдэхгүй, тоогоо алдсан. Гарз нохойд уруулаад галзуугийн вакцин хийлгээд л цохиж явна. Хаширна ч гэж байхгүй. Бид нар тариаг нь хөндөнө гэж хөөнө. Нэг л мэдэхэд хөөж яваа хүндээ хөөгдчихсөн амь тэмцэн аврал эрээд нэгнийхээ араар гүйж ордог байж билээ. Хичээл завсарлалаа л бол Одхүү газраар явахгүй, сандал ширээн дээгүүр дүүлэн сармагчин шиг юм сахилгагүйтээд харайж явна. Түүнийг бид хожим нь бас Ү Күн гэж хэсэг хочилсон. Тэр үед монгол телевизээр “Тансан лам баруун этгээдэд зорчсон нь” гэдэг олон ангит кино монголчуудыг ид байлдан дагуулж байсан цаг. 

Элээ хэрээ галуу гурав
Манай анги гурван шувуутай. Элээ, хэрээ, галуу гуравгүйгээр энэ ангийг төсөөлөхөд бас л хэцүү дээ. Л.Болдыг “Элээ”, Хэрлэнчимэгийг “Хэрээ”, Ганчимэгийг “Галуу” гэж хочилно. Ангийн мисс Хэрлэнчимэг хочтойгоо тун ч төсгүй, дуу цөөтэй, даруухан, нүдээрээ инээсэн хөөрхөн бор охин байх. Нэрнийх нь эхний Хэ-гээр л түүнийг хэрээ гэчихсэн хэрэг. Харин Ганчимэг маань эргэлдсэн алаг нүдээрээ эвтэйхэн намжирдчихдаг, инээд алдсан, галзуу амьтан. Тэгэхдээ л түүнд хөөрхөн гоохгор хүзүүг нь эс тооцвол галуутай төстэй юм даанч үгүй. Бас л Га-гаар эхэлсэн нэрийг нь галуу болгож даажигнаснаас зайлахгүй. Харин Болдын хувьд хоч нь хэдий санаандгүй ч тун  наалдацтай, зохимжтой болсон мэт надад санагддаг юм. Ангид хоёр амьдаа байснаас л аавынх нь нэрний Л үсэг хүүдээ шувууны нэртэй хоч болон үлдсэн түүхтэй. Л.Болдыг Д.Болдоос ялгахын тулд Л-ээ гэж дуудсаар сүүлдээ энэ нь Элээ болон хувирсан. Багын л сахилгагүй энэ шар нөхрийг одоо дурсахад үнэхээр л элээ шиг дэлбэгнэж дэлдэгнээд юм юмны түрүүнд гүйж харайж, болохоосоо болохгүйг илүү үйлдэж томчуул, багш нарт загнуулж явдаг цайлган цагаахан хүү байж билээ. 

Бондгор Байгалаа “Бор галуу” болсон нь
Эрчмийн байрнаас хичээлдээ гүйдэг элдэв маяггүй бондгор бор охиныг элдэвлэх гэсэндээ хөвгүүд “Бор галуу” гэж хочилсон нь нэгэн мянга есөн зуун наян есөн оны явдал аа. Байгалмаа өөрөө хочиндоо ихээхэн дургүй ч Амарбаяр, Одхүү, Батжаргал нарын дэггүйчүүд нэрээр нь биш хочоор нь дуудаж хоёр салаа гэзгийг нь холбож уяад тамыг нь цайна. Байгалаа заримдаа тачигнатал инээнэ, заримдаа начигнатал зодолдоно. Найрсаглаад ч , нанчилдаад ч хусч чадалгүй үлдсэн “Бор галуу” хочийг нь саяхны нэг уулзалтан дээр Болдоо золиг дахин сануулахад хорь гаруй жил өнгөрсөн ч хоёулаа гар зөрүүлэн “нанчилдаад” бөөн инээдэм болж байсан. 

“Согтуу толгой”
Дээр дурдсан Элээгийн амьдаа Д.Болдыг бид “Согтуу толгой” гэж хочилдог байлаа. Хичээл дээр дуугарнаа нэг байхгүй, хичээлийн бус цагаар ч хэлгүй юм шиг байдаг, багш нарт уруул амаа татуулан байж дуугарахаараа тодорхойгүй өнгөөр тоймлох аргагүй юм гүвс гүвсхийтэл бувтнадаг сонин хүүхэд байв. Хөдөөгийн бүрэг улаан банди хожмоо жийпэндээ томдмоор хүдэр эр болчихоод Хэрлэнгийн хөвөөнөө хорхог хорр хорр болгонгоо хүрр хүрр инээж сууна гэж тэгэхэд бид төсөөлөөгүй билээ. Тэгэхдээ л хүний багын зан гэдэг ямагт эзнээ барьж өгдөг им тамга шиг эд ажээ. Бүрэг дуугай мөнөөх улаан жаал хүдэр бадир эр болсон хойноо ч ангийн охидынхоо адтай асуултуудад унаж, тэвдэхдээ үг нь хоолой дээрээ бүдэрч ангийхнаа бас л хөгжөөгөөд авсан. Хэнтийн ягаан дэлгүүрт “Цагаан долгор”  нүдний гэм байсан ховор живэр тарчиг цагт бийлэг хочтой явсан андыгаа одоо ч бид овгийнх нь Д үсгээр дуудахгүй, СТ гэж гэнэгүйхэн хэлчихдэг гэмтэй. 

Ээж аав хоёр хоёулаа эрэгтэй
Манай ангийнхан Энхбаатарыг “ээж”, Амарбаярыг “аав” гэж хочилдог. Болдоггүйгээрээ нөгөө Сугарбаатар, Энхтөр, Л.Болд, Бат-Эрдэнэ, Э.Батжаргал нар ээлж чөлөөгүй л “Ээж” ээ, “Аав” аа гэж бахирцгааж байдаг, тэсэхээ больж бачимдахаараа нөгөө хоёр нь хоёулаа нийлж байгаад л мөнөөх цагаан хоолойнуудаа хөөж бариад хувийн арга хэмжээ авдаг байж билээ. Энхбаатар багаасаа л авъяас нь тодорч, формынхоо энгэрийг цоолж эхэлсэн ангийн алдарт зураач байлаа. Аймаг, хот, улсын олон арван уралдаанд оролцож ангийн даргын албан тушаал хашиж явсан улаан коммунист.  Харин Амарбаяр маань ангийн охидыг чарлуулсан, арван жилийг доргиосон, матар самбарт зургийг нь мөнхрүүлчихмээр мааз маягийн нөхөр байлаа. Харин дараа нь хаанаас олж аваа вэ гэмээр хачин намба тохитой залуу болчихсон яваатай нь аймгийн гудамжинд тааралдаж ангайж гайхан шоолуулж байж билээ би. 

Жинхэнэ илжгийг ч “ажилгүй болгож” мэдэхээр зөрүүд
Анги бас хоёр Батжаргалтай. Э.Батжаргал, И.Батжаргал гэх энэ хоёр амьдаагийн И-г нь бид Илжиг гэнэ. Бас л сайхан, хүндээ таарсан хоч доо. Нүгэлтэй, гүргэр, зөрүүд нь дэндсэн банди байж билээ манай И. Нударга зөрүүлэн шударга зодолдоод яваа нь ер харагдахгүй. Тэгсэн атлаа зодоон бүхний ардах нууц ноёнтон нь мөнөөх Илжиг, бас түүний гол холбоотон болох “Хувалз” хочтон. Хааяа жинхэнэ “рингэн дээр” тулааны урлагийн хаан шиг пээдгэр амьтан гарч ирээд зодолдож байхыг нь харсан юм байна. Мөргөлдөх гэж байгаа бух шиг духан доогуураа муухай хараад л, уруулаа хэмлээд уухилж зогсох нь бас л сүртэй дээ. Нөгөө алдарт хөнгөн хөлт Ү Күн, Элээ нар чинь нөхөр Илжиг, Хувалз нарын гал хөл бологсод шүү дээ. Мафийн толгойлогч маягтай “хөшигний ард” үлддэг нөхдүүд хааяа л нэг охидын нүдийг хужирлах зорилгоор олны өмнө “тайзан дээр” гарч ирдэг байсан шиг байгаа юм. Нуруу нь төдийлөн сунаагүй ч булчин нь бузгай хөгжсөн манай Илжиг хожим нь “Хүч” нийгэмлэгт гүрийтэл бэлтгэл хийсэн ч дэвжээн дээр гарч харагдаагүй. Магадгүй зөрүүд нь хөдөлсөн ч байж мэдэх юм.

“Хувалз” гэдэг чинь жинхэнэ мафи
Хулигаан ч юм шиг, хувилгаан ч юм шиг имиджтэй Хурцболд андыгаа бид бас л Ху-гаар нь далимдуулж Хувалз гээд хочилчихсон юм. Хурцболдод хурц ой тогтоолт, этгээд сэтгэлгээ, егөө даажигнал, ертөнцийг харах өөрийн нүд гээд л тийм бага балчир насанд баймааргүй олон содон сонин өгөгдөл байсан. Харин хувалзтай төстэй юм даанч байгаагүй дээ. Хэрлэнчимэгийгээ хэрээ гэчихсэнтэй яг адилаар Хурцболдыг бид хувалз гээд л хочилчихсон. Хоч л бол хоч. Хурцболд хувалзтай адил байх эсэх нь хочлохтой холбоогүй асуудал. Тэгэхдээ Хувалз гуай бол мафи маягийн этгээд байсныг энд зориуд онцлон тэмдэглэх нь зүйтэй. Нөхөр Илжигтэй нийлэн нөлөө бүхий хүрээ бий болгож аваад охидыг барьц алдуулах олон тактик бүхий стратеги төлөвлөн, Гурилын үйлдвэрийн саарал байрыг лаборторио болгож утсан холбоогоор дамжуулан үйл ажиллагаагаа идэвхижүүлж байсан баримт бий. Энэ тухай эргэлзэж тээнэгэлзэж байгаа хүмүүс байвал партизан Баярмаагийн хувийн архивт “Маш нууц” нэртэйгээр хадгалагдаж буй хоолойны, үгүй ээ андуурчихлаа, зүрхний бичлэгтэй танилцахыг хүсье.

Ангийн алтан гавал
Алтан гавал гэхээр археологийн олдвор санаанд чинь орж байна уу? Тэгвэл энэ Гавал археологийн биш ангийн үнэт зүйл байсан юм. Бүх хичээлдээ жигд сайн, бүрэг дуугай талдаа хүн л дээ манай Баярмаа. Харин тархи нь бол компьютер. Нэгдүгээр ангид орсон жилээ Нэргүйн Одхүү товариш охин дүүгийнхээ гарын зүүлтыг хулууж аваад ангийн алтан гавалд атгуулсан гэж байгаа. Авилгын хэрэг гэх үү, хулгайн хэрэг гэх үү? Сахилгагүй сурлагагүйгээрээ дуудуулах сайнгүй цаг ирэхийг  мэдэрсэн энэ агуу их зөн билэгч айхтар  алсын хараатай хүн байжээ гэж одоо бид ярьдаг юм. Хувалз хочтон бас зүгээр байгаагүй ээ. Аймгийн захиргааны өмнө байх намын лоозун бүхий хүнд төмөр самбарт “Надад Баярмаагаас өөр үнэт эрдэнэ нэг ч үгүй” гэж шохойгоор таталж явсан хүн. Уг нь бол тэр самбар дээр “Хүнд эх орноос өөр үнэт эрдэнэ нэг ч үгүй” гэдэг үг дурайж байсан хэрэг шүү дээ.

Лариса гэдэг чинь үнэг гэсэн үг
Ангийнхан Тунгалагтуяаг нэг хэсэг эр эмгүй Лариса гэсээр байгаад өөрийнх нь орги нэрийг мартчихаа шахаж билээ. Лариса гэдэг уг нь их сайхан нэр л дээ. Харин анхных нь сэдэл 4-р ангид шинээр орж эхэлсэн орос хэлний хичээл дээр үнэгийг “лиса” гэж заасантай холбоотой. Хүн хочлохын хүдэг туссан Одхүү, И.Батжаргал, Амарбаяр нар л Тунгааг “үнэг” гэж хочлох гээд ам нь загнатнаад явдаг байж л дээ. Сайн яривал садан төрөл шахуу, аав ээжүүд нь амь нэгтэй найзууд болохоор охиныг нь Үнэг гэчих юм бол очоод алтан хошуу өргөчихөж магадгүй, тэгвэл нохойд уруулсан хонгоо номхон зогсож байгаад аавдаа уруулах болно гэж жийрхэж явсан Өцөг нөхөр нэгэн нартай сайхан өдөр А.Толстойн “Алтан түлхүүр буюу Буратиногийн адал явдал” хэмээх номноос Алиса гэдэг үнэгний тухай мэдэж авч Алиса  нь Лиса болж Лиса нь Лариса болсон түүхтэй. 

Үлийн цагаан оготноо үзсэн юмуу даа чи?
Оюунсаруулыг оготно гэж хочлоод хөөгдсөөр баригдаж хөл рүүгээ өшиглүүлсэн ч урын сангаа улам баяжуулж “Үлийн цагаан огтно” хэмээн үг холбон үлгэр зохиохоо шахсан балагт этгээд бол бас л нөгөө Одхүү. Адтай золигийн амнаас гарсан үг бүхэн хоч болж хоцордог тэр л жамаар ангийнхан Оюукагийнхаа нэрийн ард “оготно” гэсэн чимэг нэмсэн билээ. Гуулин улсад удаан хугацаагаар ажиллаж амьдарч байгаад ирсэн Оготно маань ангийнхантайгаа хориод жилийн дараа уулзахдаа энэ хочоо бүрэн бүтнээр нь санаж Догоо багшид “ховлож” байсан нь үнэхээр гайхал төрүүлсэн.

Үүмбий

Эртний хүн шиг хүрэл царайтай, хүдэр биетэй мөртөө эмзэг хонгорхон сэтгэлтэй, нялх хүүхэд шиг гэнэн Идэрбатыг ангийн банди нар өдөж даажигнаж байгаад баавгайн савар шиг алганых нь амтыг хүртсэн нь цөөнгүй. Хаширдаггүй нөхдүүд хөөрхийд өдөр бүхэн шахуу л нэг хоч өгнө. Баавгай, алмас, өөр юу юу ч билээ. Харин түүнийг өдөж өмнүүр хойгуур нь харайхдаа үхэр хөөглөж байгаа юм шиг дуу авиагаар “Үүмбий” хэмээн дуудчихаад зугтаадаг товаришуудын энэ үг хожмоо түүний хоч болж ховхрохгүйгээр лав шигдэн үлдсэн сэн. Оюунсаруулын ажиллуулж байгаа ресторанд ангийн хэсэг нөхөд ууш зууш дэлгэнгээ уулзаж учирсан саяхны нэг өдөр хоч өгөгч этгээд энэ тухай дурсахдаа Өнөө цагийн “Маша баавгай хоёр” кино шиг том жижиг хоёр юм сургуулийн танхимаар нэг хөөцөлдөж тэр цагийн Том, Жерри хоёр болдог байжээ” гээд арзайтал инээн толгойгоо илж суусан.


 Аймаар муухай хоч ш дээ, арай ч дээ та нар...
Урлагийн үзлэг, ухуулга сурталчилгаа, ангийн ажил, алив юм Нацагдоогүй өнгөрнө гэж байхгүй. Дуулвал солист, дуугарвал лекц Доогоо бид бага ангид Хүүхэн гэж хочилдог байлаа. Нэг их газар авахгүй нийтлэг хоч боловч хөл бөмбөг, хөвгүүдийн зодооноос хол, олон нийтийн ажил, охидын ярианд ойр байсны хувьд хоч нь заримдаа цол шиг сонсогдох. Харин болддоггүй нөхдийн нэг нь нэгэн сайхан нартай өдөр “Хүүхэн” хочийг нь хүрздэж хаяад Нялцага Доо хэмээх нялуун хоч хайрладаг байгаа. Доо хичнээн жадлан эсэргүүцсэн ч хоч хайрлагчдын холбоо шийдвэрээсээ буцаагүй билээ. 

Лха Гангаа хоёр
“Тэнэг Лха тэрэгний гол
Мангар Лха машины гол” гэхээр л манай ангийн Лхагвасүрэн нумнаас тавьсан сум шиг тавьж очоод л хөвгүүдийн чихийг мулт татах шахдаг сан. Эршүүдхэн зантай Лхагваагаас “жижгүүд” бараг айдаг байсан байх. Хэнтийд аймаг даяараа анддаггүй алдартай хоёр тэнэг хүн байсны нэг нь Лха, нөгөө нь Гангаа. Оюун ухааны хомсдолтой боловч бусдад өчүүхэн ч гэм хоргүй энэ хөөрхий хүмүүсийг бид багадаа мөн ч муухай дамшигладаг байсан даа. Лхагвасүрэнг “Лха” гээд дуудахаар ёстой нэг хадаасан дээр суусан юм шиг хавталзаж хамгийн муухайгаараа хараад үг дуугүй үрчилзэж суудаг сан. Тэр байтугай тэнэг Гангаа нь ч бас манай ангид байсан. Нарангаравыг бид Нангаа гэж дууддаг, Нангааг нь манай сайн эрчүүл Гангаа болгочихсон хэрэг. Нангаа маань харин Гангаа болчихоод нэг их зодоон цохион хийлгүй тэгсхийгээд хувь тавилантайгаа эвлэрсэн юм даг. Нөгөө сахилгагүй нөхөд “Хөөе Гангаа” гэхээр өөдөөс нь хэлээ гаргачихаад нэг их хариугаа авчихсан хүн шиг додигор сууж байдаг буржгар Нангаа гэж хөөрхөн шар охин маань ангидаа анхны хүргэнийг хөтөлж ирсэн дээ. Ангийн нөхөрлөлийг улам гагнаж өгсөн гавъяатнууд бол манай хүч ихэт хүргэд, бэлчээр холтой бэрүүд маань билээ.

Бухан бяруугаа ч алд даа, буруу хойшоо
Буба нэрт бумбагар охиныг Бухан бяруу гэж хочилж байдаг, үгүй ээ мөн тэнэг улс даа манай хөвгүүдийн арми. Бух байтугай бяруу ч байх гавъяагүй жижигхэн хөнхөр охины нэр Бямбацэцэг ч бид түүнийг Буба гэж дуудна. Үг дуугүй даруухан, үзгээ хэмлээд сууж байдаг Бямбацэцэгийг бас л нөгөө нэрийн эхний Бя-гаар нь Бяруу гэж хочилж байгаа юм. Тэгээд бас болоогүй ээ, хоч тараагчдын нийгэмлэгийн ерөнхий редактор нь нэмэлт хийхдээ Бух гэдэг оруулга зүйсэн нь оновчгүй гэхэд дэндмээр. Ололт амжилтандаа баясаж олонтаа дуудсаар байгаад Бямбацэцэгийн “Бяруу” хочийг хэвшүүлж аваад санаа нь амарч билээ, Батжилжав Уламбаяр хоёр.

Муужгайнууд
Арилгасан сонгино шиг цэвэрхэн цагаан хүүхэд байж билээ Тунгалаг маань. Аймгийн төвийн бор шороон дунд борог даруухан өссөн бидний үед хотоос ирсэн хүүхдүүд л тийм нэг гар хүрвэл хиртэхээр цэвэр цэмцгэр харагддаг сан. Гэтэл Тунгааг хөвгүүд “Шар муур” гээд хочилчихлоо. Хонгор шаргал үстэй болохоор нь тэр байх даа бодвол. Ийнхүү ангийн зоопаркад гэрийн амьтны нэр нэгээр нэмэгдээд хэдэн он улирч байтал нөхөр Тунгалаг олип гэдэг айхтар юм уугаад ходоодоо угаалган хорлого тайлуулсан дуулиант хэрэг өрнөх нь тэр. Тунгаа яагаад олип уучихсан нь тухайн үедээ нууцлаг байсан ч том болоод тойрч суугаад ярих үед мань хашир өөрөө онигоогоо ярьдаг байгаа. Шингэн шоколад шиг тунарсан хүрэн шаргал юмнаас амсахгүй л бол санаа нь амрахгүй хорхойтсоор олип гээчийг хүртэж хэрэг мандуулсан нь тэр байж. Ингээд Шар муур хоч салхинд хийсэх мэт алга болж Олип гээч химийн бүтээгдэхүүн ангийн хочны жагсаалтыг баяжуулсан билээ. Тунгалагтуяа Тунгалаг хоёрыг хоёуланг нь Тунгаа гэж дууддаг болохоор аль нэгийг нь ялгах хэрэг гарвал одоо хэр нь Олип уу, Ларис уу гэж асууцгаана. Харин Тунгаагийн “Муур” хэмээх хочийг зүгээр яаж хаяхав гээд Эрдэнэтүвшиндээ хожим нь өгсөн. Муур хочийг муу авч явахааргүй хөдөлгөөнтэй, хөнгөн хүн дээ манай Түвшээ. Ер нь ингэхэд Шар муур гэдэг хоч ихээхэн хүртээмжтэй, оочер дарааллын дагуу олгогддог байсан юмуу гэж бодогдохоор эд байна шүү. Отгонжаргалыгаа бид бас нэг хэсэг энэ хочоор тамгалж байсан юм байна. Харин манай Отгоо охидтой тоглохоороо гар нь хатуудаж, чимхсэн газар нь чинэрсэн хөх болоод байдаг учраас ангийн түүхэнд анх удаа охидоосоо Чимхүүр хэмээх хоч хүртсэн хүн дээ. Охид ондоо хүнд ахиж хоч хайрлаагүй.

Должоо эмээ, Лувсаа чавганц, бас дээр нь Цэрэннадмид
“Долоон ямаа байж л гэнэ
Должоо эмээ сааж л гэнэ” гэж дуулаад л Должоог уурлуулчихна. Должинсүрэн гэж ангийн даруухан охидын нэг. Хичээл номондоо ч мэриймтгий нэгэн. Саваагүй нөхдүүд Должоог яаж зүгээр орхихов хоч зүүгээд авч амжсан. Шууд л нэрэн дээр нь Эмээ залгаад л болох нь тэр. Тархиа ажиллуулах шаардлагагүй тааралдсан үгээ л чулуудчихаж байгаа юм. Манай ангийн Алтанзул Должинсүрэн хоёр салахгүй, ёстой л хаа ч явсан цуг гэж мэдээрэй. Багш нарын хүүхдүүд болохоор хүмүүжил сурлага сайтай, хоорондоо л нөхөрлөцгөөнө. Харин Лувсандулам маань ангийн ганц гоцлол хөгжимчин. Дугуй цагаан царайтай, тайрмал үстэй өндөр охин. Чавганц гэж хэлэхэд үгийн утга гомдмоор хөөрхөн охин л доо. Тэгтэл хуучин цагийн түвд нэр нь түүнд чавганц гэдэг хочийг түр хугацаанд зүүлгэж амжсан юм. Цэрэннадмидын нэр ч мөн л иймэрхүү түүхэн зам туулах нь тодорхой байсан ч жингийн ялимгүй илүүдлээсээ болж Г хочтой болсон билээ. Хочноосоо салах гэж хөнгөн атлетикаар хичээллэж, Эрдэнэтуяад шавилж, Чийрэгжүүлэх секцэнд ч чихэлдэж, юм юм үзсэн ч юу ч өөрчлөгдөлгүй өнөөдөртэй золгожээ. Биеийн тамирын хичээлд ордоггүй “бие муутай” хүүхдүүдийн тусгай сонгон буюу Чийрэгжүүлэлтийн секцнээс спортын алдартнуудын ахисан шатны амаргүй секц болох Хөнгөний тамирчин болтлоо уйгагүй зүтгэсэн манай Цэрээ найзын энгэрийг албан тушаалаа ашиглан цоолчих боломж өдгөө Биеийн тамир спортын улсын хороонд ажиллаж байгаа Эрдэнэтуяа даргад байх л ёстой. Нэг юм бодмоор юм даа Туяа?

Шар шувуу
Нүүр дүүрэн нүдний шилтэй Нямбааг шууд л Шар шувуу гээд хочилчихсон. Хожим нь сахилгагүй баатрууд очкиг нь нь хагалчихаад бантахдаа оноож өгсөн хочоо буцааж авсан түүхтэй. Хочийг тухайн хүнд үүрд хадгалуулдаг л юм бодож байсан чинь хурааж авч бас болдог байсан юмсанж. Идэрээ хичээлээс хоцорсон юм уу эсвэл ямар нэгэн хэрэг тарьсан уу яасан самбарын өмнө зогсож байтал Нямбаагийн араас Хоч хайрлагчдын холбооны хоёр одой элдэвлэсээр байгаад нөхрийг уурлуулаад өнөөх маань үзгээ шидэхдээ Нямбаагийн шилийг ниад хийсэн билээ. Өөр шилгүй нэгэн маань сууж байсан бол яах байсныг бодохоор одоо ч дотор арзасхийдэг хэмээн 20 жил өнгөрсний хойно /Сургуулийн 80 жилээр ангийнхан нутагтаа цуглахад/ өнөө муу хоёр чинь шогширч байсан шүү.
Жинхэнэ дипломат имиджтэй өндөр хөвгүүн 2-р ангид шилжиж ирсэн нь Нямбаатар. Хөвгүүдтэй ч гар зөрүүлэхгүй, охидыг ч онцолж харахгүй, хичээлээ хийгээд л сууж байна. Харин Баярмаа Мөнхцэцэг хоёрыг нэг өдөр байр руугаа ирэх үед араас нь дагасныг алчуураа унагаад авах зуураа анзаарсан гэнэ лээ Мөнхцэцэг.

Сапаар гэж юу гэсэн үг юм бүү мэд
Сапаар гэдэг нь юу гэсэн үг болохыг ангийн Хоч зохиогчдын холбооноос энэ дашрамд тодруулмаар байгаа юм. Хочны эзэн Саранчимэгийн нотолж байгаагаар Сапаар нь сарапан гэдэг нэгэн зүйл өмсгөлийн нэрнээс улбаатай байж тун магадгүй гэнэ. Харин яагаад өмсгөлийн нэрээр өөрийг нь дуудах болсныг мөн л ойлгохгүй одоо хүрснээ учирлаж байх юм. Удахгүй болох сургуулийн 90 жилийн ойгоор энэ хочны утга учрын талаар эрдэм шинжилгээ, онол практикийн хурал хийх нь зүйтэй болов уу гэсэн горимын саналтай байгаагаа дуулгая. Саранчимэг гэж сайхан галзуу шар охин байлаа. Дал мөрөө алгадаад зугтаадаг “Далим” хэмээх тоглоомонд хөвгүүд хөөрцөглөж охид хохирч үлддэг байсан бага дунд ангид хөвгүүдийн өөдөөс гар далайдаг шазруун шаралхуу ганц охин маань Сараа байсан юм. Хэн нэг нь Сапаар гэж орилоод л зугтсан бол өнгөрөө гэсэн үг. Барьж аваад байя больё гэдгийг нь хэлүүлж байж л тавина. 

Сахал Өлзий
Зургадугаар ангид уруул дээгүүрээ халиурсан сахалтай, өтгөн хөмсөгтэй, Мөнх-Өлзий хэмээх спортлог банди Өлзийт сумаас шилжиж ирснээр ангийн охид дор бүрнээ жиг жуг хийлцэх болов. Тэгтэл хөвгүүд тэр дор нь арга хэмжээ авч Лахас хочийг зүүж өглөө дөө. Хочных нь учрыг олсон даруйдаа охид ам хамраа даран баахан аалигүйтцгээлээ. Ингээд сахлаараа гайхуулсан сайхан залуу маань охидын биш хөвгүүдийн зүг мааршилж, сайн нөхдийн салшгүй тангараг өргөх нь тэр ээ.

Морин толгой
Дунд ангид Баянхутагаас шилжиж ирсэн Цолмон хэмээх өндөр бор охинд мөнөөх айхтар холбоотнууд чинь Морин толгой гэдэг нэр хайрлалаа. Урт хөлтэй, өндөр нуруутай Цоомоо маань үсээ тээр дээр боочихоод морины гөхөл шиг согсогонуулаад явж байдгаас тэгсэн болов уу. 

Хүний хочуудыг хүлээн авсан нь
Энэхүү номыг эрээчин барлагч нөхөр Сэгсгэр өөрийн хочоо хав дарж өрөөлийн хочийг хавтгайруулан түгээвэл ангийн нөхдийн араа шүдэнд насаараа зуугдаж нажидаа эдлэх нь мадаггүй тул тэрслүү хэдэн нөхдийнхөө хайрласан тэнэг мангар хочуудаа дурдах нь зүйд нийцэж зүрх тайвшруулах биз ээ. Сэгсгэр гэдэг хүн хоч зүүх хорлонт үйл ажиллагаа явуулж байгаагүйг арван жилийн сургууль, алгебр дээр муу тавьдаг багш маань ч батална. Тэгэхдээ бас тэр хүн хочгүй яваагүйг ангийн арзгар Одхүүгээс эхлээд ам шүдээрээ батлах этгээдүүд мундахгүй. Өөрийн хочтой байх заяагүй энэ хүн өрөөлийн хочийг насаараа зүүх муу одонд төржээ. 4-р ангид нөгөө ангид шилжиж ирсэн аймаар тарган Зандраагийн нэрээр дуудуулж, дуудах болгонд нь дургүй хүрсээр 6-р ангид ортол Б ангийн Намсрайгийн билэггүй муухай хоч надад ирэх нь тэр. “Наймаалж”. Намсрайг яагаад надтай холбож шоолсныг одоо хүртэл ойлгох ухаан дутсан ч тэр нэг өдрөөс хойш Намсрайг биш намайг Наймаалж хэмээн хочилсоор ирэв энэ муухай нөхөд. Надад найман хөл ч байхгүй, Намсрай шиг сайхан царай зүс ч байхгүйг тэнгэр гэрчилнэ, бурхан өршөөг.

Хочгүй хүмүүс сайхан юмаа
Алтанзул, Батсүрэн, Мөнхцэцэг, Чинбат, Уламбаяр, Э.Батжаргал, Бат-Эрдэнэ, Батжилжав, Батжилтуяа, Тэмүүхэн, Сугарбаатар, Энхтөр гээд л өөгүй цэвэрхэн өндөг шиг хүмүүс бас байжээ манай ангид. Хийгүй хүмүүс үү, хийдэл нь таарсангүй юу, юутай ч нэрэн дээрээ нэр нэмүүлэлгүй үлдсэн байх юм. Аль эсвэл амны рактай нөхдийн тархины атираа дутсан юм болов уу. И.Батжаргалыг Илжиг гээд хэвшчихсэн болохоор Э.Батжаргалыг Бажгаа гэж нэрийг нь товчилж дуудна. Харин Чинбатыг Чао, Уламбаярыг Улангаа, Бат-Эрдэнийг Батаа гэцгээнэ. Батжилжав Батжилтуяа хоёрын нэрийг товчлох аргаа олохгүй бүтнээр нь дуудсаар өнөөдөртэй золгожээ. Ангийн аранга болсон тэргүүн сахилгагүйгээр нэрлэгдэх хүн бол Батжилжав. Хоч бүхэн зохимоор Батжилжав, Энхтөр, Сугарбаатар, Уламбаяр нар хочгүй сайчуулын дунд байгаа нь хочны гол үйлдвэрлэгчдийн тэргүүн магнайд явж байсантай нь холбоотой болов уу.

2 comments:

Ghana H said...

Наймаалжны шивээс чиний хөлд байгааг одоо юу гэж тайлбарлах уу найзаа.

Сэгсгэр said...

Өөө муу Өцөг дуугай байгаарай чи