Saturday, February 8, 2014

Тархи тарчлаасан их Дундад

Өмнөд нутгийн өвөл

Дундад улсын өмнөд нутгийн өвөл хүйтэн бороо хөглөрсөн манангаар жиндүүхэн үнсэж угтлаа. Буриадын дүнзэн байшингийн тоосгон өрлөгтэй цэмцгэрхэн шавар пийшинд өдөржин цогшин  улалзаж байдаг бүдүүн дархины нуугисан илчээр өвлийг төсөөлдөг миний хувьд сүрлэн саравч, чулуун байшинд хөхөрч улайсан нүцгэн хөлдөө даавуу шаахай углаж хөвөнтэй хүрэм давхарлан бэгнэсэн өмнөд нутгийн наймаачид хөл гар нь бээрсэн ч амныхаа уураар амьдралаа залгуулж байгаа нь өлчир гэхээсээ илүү өрөвдөлтэй зутруухан харагдаж байлаа. Харин тэд энэ байдалдаа хэдийнэ дасчихсан бололтой ам хуурайгүй шулганалдаж гар чөлөөгүй гавшгайлна. Тэд гар хөдөлвөл ам тосддогийн үлгэрийг буй биеэрээ үзүүлэхийн зэрэгцээ дусал хөлснийхөө үнийг доллар, юань, мао, бүр задгай мөнгөний дахин задарсан хэлбэр болох фэнгээр ч авахад бэлэн. Харин хөлсийг нь хөсөрдүүлсэн тохиолдолд дэргэдэх нь байтугай дэлхий цочмоор их дуугаар харааж загнаж, бүр цохиод авахаас ч буцахгүй улангасна.

02f83ba16fff1c63big
Хятадууд дэлхий дээр бүтээж болох бүхнийг бүтээж байгаа атлаа бүтээхийн баяр хөөр, бүтээлийнхээ үнийг ойлгохгүй, гарынх нь доогуур урсан өнгөрч буй баяр гуниг, хайр бахархлыг үл хүндэтгэх нь гайхширч эргэлзмээр.
Байгалийн бүтээл болох 13 метр модон дээр 500 гаруй дүр дүрслэл бүхий нарийлаг сийлбэрээр бүх улсынхаа бүтэн түүхийг урлан геннист бүртгүүлсэн Дундад улсад модон сийлбэрийн тусгай хот хүртэл бий. Жэжянь мужийн Дунг Янь хэмээх энэ хотын худалдааны төвүүд нь зах дэлгүүр биш дэлхийн модон сийлбэрийн алдарт музей мэт. Гараараа хүрч гайхамшгийг нь тэмтэрвэл үхсэн ч гомдолгүй санагдах уран гоёмсог сийлбэртэй этгээд чамин ширээ сандал дээр маалинган шаахайтай бохир хөлөө хайнгадуухан тохож, мантуу бууз, самар жимс өмнөө хөглөрүүлсэн бааздуухан хятад бэлэн гоймон савируулан савхдаж үзмэрийн танхимд биш үйлчилгээ худалдааны газарт явааг минь сануулна.

02f83ba16fff1c63big

Дунг Яньд модон сийлбэрийн компани маш олон. Бараг айл болгон сийлбэрийн машинтай. Тэр нь хамгийн орчин үеийн технологийн дэвшлийг ашигласан, тухайн урлалыг хийх олон жилийн явцад улам бүр төгөлдөржин нарийссан, хятадууд өөрсдийн үйлдвэртээ хийж угсарсан гайхалтай эдүүд. Хүний уран гар, машины хүчин чадлын аль алиных нь хамжлагаар шунал өдөөж хараа булаасан сайхан эд зүйс бий болно. Ажлын эвийг олдог ард түмэн юм болохоор амархан ч гэж жигтэйхэн гараас гаргаад ирнэ. Цаг хугацаа, хэлбэр хийцийн хувьд ярих юмгүй. Ид шид л гэж мэд. Харин мөнөөх шидтэнгүүд маань өөрсдөө шавар тагзандаа зутруухан амьдарцгаана. Бүтээл нь хүнээсээ илүү амьдрах хувь тавилантай аж.
   02f83ba16fff1c63big

Бүтээхийн үнэ цэнийг бүтээлээ зарсан үнээрээ л тооцно. Тэр мөнгөөрөө аялахгүй, амьдралаа сайжруулахгүй, өөрийгөө шагнахгүй, өрөөлд ч сарвайхгүй, харин дараагийн бүтээлийг хийх эд материалыг худалдан авна. Бүтээгдэхүүний хүрээ тэлэхийн хэрээр бүтээлийн үнэ зузаарсаар сэтгэлийн баялаг хоосорсоор байдаг. Сэтгэлдээ баялагтай байсан эсэхийг бас хэлэх аргагүй. Баян Арабын шах шейхүүдийн тансаг харшийг чимэх дорнын алдарт улаан модон тавилгуудыг музейн үзмэрээс илүү урлах атлаа өөрийнхөө гэрт үнсний сав ч хийгээд тавьчихгүй. Тамхиных нь иш талаар нэг хөглөрсөн барилгын агуулах шиг зутруухан оромжинд ажрахгүй амьдарчихна. Гэрээ ажлын өрөө болгож, ажлынхаа өрөөнд амьдрах нь энд гайхах зүйл биш.

Дунг Янь бол Дундад улсын модон сийлбэрийн хот

Гүүглээс Дунг Янь гэдэг үгийг хайвал тус хот дахь модон эдлэлийн олон улсын худалдааны төвийн байшингийн зураг олноороо гарч ирнэ. Тус барилгын дээр байрлуулсан 东阳中国木雕城 гэх ханз хаанаас нь ч тод гаргацтай үзэгдэнэ. Энэ нь “Дунг Янь бол Дундад улсын модон сийлбэрийн хот” гэсэн үг. Дунг Янь гэдэг жижиг хот модон эдлэл, сийлбэрээр улсынхаа дотоодод төдийгүй гадаадад алдартай. Дэн өвгөн Хятад улсын эдийн засагт шинэчлэл хийсэн тэр цагаас Дундадын олон хот өөрийн брэндийг бий болгож, улмаар хот даяараа тэр л нэг зүйлийг үйлдвэрлэгчид болж, хотууд асар том үйлдвэрийн газрууд шиг хөгжиж эхэлсэн юм.

02f83ba16fff1c63big
Бээжин Наньжин, Ханжоу, Шанхай гэх мэтийн эрт эдүгээгийн нийслэлүүд, аялал жуулчлалын онцлогтой зарим нэг хотуудыг эс тооцвол Хятадын өмнөд нутаг тэр чигээрээ нүсэр том үйлдвэрийг санагдуулдаг. Тиймээс хотууд нь ч мөнөөх үйлдвэрийн цех тасаг, тэдгээрийн эрэг шургууд мэт гинжин хэлхээтэй. Шоргоолж шиг ажилсаг хятадуудын амьдрахын төлөөх тэмцэл нь төрийн оролцоотойгоор яваандаа бүтээгчийн үйл  хэрэгт шилжжээ. Өнөөдөр тэд бүх дэлхийг хооллож хувцаслах уриатай, түүнийгээ ч урам зоригтой хэрэгжүүлцгээж байна.

Хятадад хүн амын тоогоороо тэргүүлдэг Жэжянь мужийн төв нь зургаан сая хүнтэй Ханжоу хот. Сүн улсын нийслэл байсан эл их хотын эргэн тойронд аж үйлдвэрийн 11 дагуул хот, 90 аймаг, хошуу эгээ л суурь машин лугаа амсхийх чөлөөгүй бүтээгдэхүүн үйлдвэрлэж байдаг. Түүний нэг нь Дунг Янь. Хотынх нь бэлгэ тэмдэг өмнөд нутгийн алдарт улаан мод, түүгээр хийсэн  бүтээгдэхүүн, уран дархчуул, сийлбэрийн машин тоног төхөөрөмж. Хаяа дэрлэн орших Жин Хуа нь мод үржүүлгийн хот. Харин тэдгээр жижиг хотын бараа бүтээгдэхүүний борлуулалтын төв цэг нь И Вү хот. Жижиглэн худалдааны бөөний төв гэдгээрээ ихээхэн алдартай. Чухам л шоргоолжны үүр гэмээр газар. 40 тоннын чингэлэг ачсан том тэргүүд тал шиг цэлгэр замаар өөд сөөргөө зайгүй цуварч өглөө үдэшгүй хөлхөлдөнө. Товч, бүч, үдээс хадаас, хувцас хунарын гоёл чимэглэлийн зүйлс болох шил шаазан, мод чулуун элдэв гялгар эдийг нүд эрээлжилтэл өрсөн үй түмэн лангуу, асар том худалдааны төвүүд энэ хотын дүр төрх. Эд бараа нь хямд хялбар гэж жигтэйхэн. Хувцас хунар, эд материалыг ширхэгээр биш кг-аар, боодлоор биш тонноор нь үнэлж тооцно. Бүтээгдэхүүний нэгжийн үнэ нь нэг юаныг 100 хуваасантай тэнцэх жишээтэй. Гэвч зөвхөн нэг төрлийн барааг хамгийн багадаа л нэг тонн, түүнээс дээш хэмжээгээр захиалсан тохиолдолд шүү дээ. Тийм болохоор монголчуудын хувьд энэхүү хямд үнэ даанч хүртээлгүй зүйлийн нэг. Жижиг зах зээлтэйн зовлон ч бидэнд аргагүй л байх юм даа гэж шүүрс алдаж явлаа. 

02f83ba16fff1c63big
Хятад улсад модны хот, хувцасны хот, даавууны хот, сүлжмэлийн хот, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хот, электрон барааны хот гэхчилэн хот бүхэн нь төрөлжин хөгжсөн байдаг. Хотоос доош зэрэглэл рүү ороод ирэхээр оймсны, үдээсний, утасны, гудасны аймаг хошууд ч тааралдаж мэднэ. Жуулчилж яваа хүн Хятадын өмнөд нутгийн аль нэг жижиг хотод очвол музей үзмэр, их сургууль, үүх түүх эрж сураад хэрэггүй юм. Учир нь тухайн хот бол нэгэн том үйлдвэрийн жижигхэн эрэг шураг нь байх болно. Тэр эрэг чухам юунд зориулагдсаныг л асуух хэрэгтэй.

 Тархи тарчилж ходоод хонхолзохын зовлон

Шанхайд очиж хоол идэх юм сан, Ханжоу орохоороо номоо гаргаж харна... гэхчилэн адгах минь өөрөө хоол шиг бодол аж. Аялж яваа үед зам зууртаа ном шагайдаг сан. Энд бичиг цаас байтугай биеэ мартах шахна. Арилжаа наймаагаараа амьдралын үнэ цэнэ, амьд явахын утга учрыг худалдчихсан амьд эрэг шургийн бөөний зах шиг энэ газарт тархи тарчилж ходоод хонхолзохыг мартагнаж чадахгүй явлаа. Худалдааны төвүүд нь халаалтгүй, амнаас уур савсана. Хоолны газрууд нь далайн хүнсээ амьдаар нь арвагнуулж, том том ваннаас хөлөөр нь татаж гарган шалзалж мулзалсан болоод таваглана. Пэлцийж цэлцийж, нялцайж нялбайсан хорхой шавьж, загас жараахай, наймаалж арваалжуудыг харангуутаа аппитит амнаас гараад явчихна. Хятадын өмнөд эргийн хотуудад оршин суугчид нь далайн хүнсээр хооллоно. Цас орж, тэс хөлдөөд байхгүй ч өвлийн улирал нь жихүүн хүйтэн, жигтэйхэн зутруу ажээ. Халуун хоол, зузаан хувцасгүй энэ байдалдаа нэгэнт дассан тэр нутгийн хүмүүсийг л чухам өлчир гэж нэрлэмээр санагдаж билээ.
744437c003756efabig
15fdfd12e3273355big
02f83ba16fff1c63big

02f83ba16fff1c63big
02f83ba16fff1c63big
02f83ba16fff1c63big
Тан улсын 300 бадаг шүлгийг хулсан дээр сийлчихсэн байгаа юм. Шүлс савираад хачин боллоо шд хэхэ


02f83ba16fff1c63big
02f83ba16fff1c63big

2 comments:

Anonymous said...

Naanaa baigaa deeree "sea food" idej sur! "Sea food" saihan hool sh dee!

Miss lummom said...

Өнөөдөр бөөрөнд зарах буюу худалдан авна уу. Анхаарна уу: Интернет олон янзын сэдэлтэй хүмүүс байдаг. Тиймээс чин сэтгэлээсээ, үнэнч байгаарай бид хүүхэд биш, энэ бол бусдын амьдралыг аврах тухай юм. Хуурамч залилан мессеж хүлээн аваагүй байнаDoctorcollins3@gmail.com