Wednesday, June 3, 2009

Эх нутгийн хормой дээрээс гэрээ санахад...



Хоёр улсын өнө мөнхийн харуулд
Хэдэн зууныг элээж чулуун багана зогсдог юм
Насаараа хилчин заяатай хэдэн бор эрчүүд
Номхон зогсон хүндэтгэж амрыг эрэн ёсолдог юм


“Хилийн тэнгэр цэлмэг байг” гэдэг энэ танил үг ямархан үнэтэй зүйл болохыг эх орны хормой дээрээс гэрээ санахдаа л мэдэрлээ.
...Нэгэн цагт ардын журамт цэргүүд аман дээр нь дөрвөн пулемёт зоогоод “дүрэмгүй муусайн гамингуудыг дөтийн замаар тонилгож” байсан Дөрвөлжин сүмийн туурь гэх юм өнөө бараг үлдсэнгүй, цагийн урсгалд элэгдэн газрын шарх аньжээ.
Оросын аялагч, немц гаралтай Семён Паллас гэгч эр 1777 онд монгол нутгаар явах үедээ үзсэн дөрвөлжин сүмийнхээ тухай “Гурван давхар энэхүү том сүм нь дөрвөн талдаа хүнд төмөр хонхтой, мөн махранзуудаар мануулсан, дорнын уран барилга байв” хэмээн тэмдэглэсэн нь түүхийн хуудаснаа үлджээ. Гэтэл өнөөдөр энэхүү сүмийн туурин дээр мартагдсан булш шиг даржин чулуун хөшөөнөөс өөр торойх юм ч үлдсэнгүй. Тэгээд бас болоогүй ээ сүмийн хананаас үлдсэн болов уу гэмээр чулуун самбар дээр “Наймын А анги үүрд” гэсэн бичиг энд ирэгсдийг угтаж үдэх аж.
Газрын өндөрлөгт орших Дөрвөлжин сүмийн эл тууриас Алтанбулаг, Хиагтын дүр төрх алган дээрх шиг тов тодхон үзэгдэнэ. Хиаг халиурсан энэ газарт бас л тэр нэгэн цагт “Шивээ хиагтыг авахад шилэн дэнлүү хэрэггүй” гэж дуулан давхилдаж явсан өвгөд маань өнөөдөр энд морио хазуулах зуураа хөөрөг зөрүүлэн хөөрөлдөх аваас талын буурал салхин дороо сэмрэн санаа алдах сан даа гэж бодож байлаа. Их гүрэн хүч түрэн хаяа тэлж саяхан бидний байсан энэ нутагт Загалмайтны сүмүүд оройн наранд алтан ганжираа гайхуулан сүрлэг гэгч нь данайх аж.
Цус нулимсаар олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол, улсын дархан хилийг хүчирхэг дээдсийн идний мөр шиг энэ л торгон зурваст хааяа нэгхэн ингэж зүрхээрээ мэдрэх юм даа. Өдгөө дөрвөлжин сүм гэгч ор мөргүй арилаад түүний зураг макет төдийхөн ул мөр л өнгөрсөн түүхийн гэрч болон орон нутгийн музейд хадгалагджээ. Уг нь саяхны л түүх шүү дээ. Ер хүн гэдэг амьтан юмыг хурдан мартдаг аж.
Манжийн хүргэн эфү Цэрэн гэгч феодол монгол нутгаа найр тавин өгөхдөө нар түрүүлж тусах газрыг зүсэлж, харийнхныг шагнасан гэх. Өнөөдөр аль л өнгөтэй өөдтэй, модтой буттай бүхэн нь хүний нутагт өнчрөн торойно. Буурал дээдсийн нутгаас бурхан ч гуйсан бүү өг гэж Ойрадын хаан Галдан Бошигт илдээ эргүүлж явсан нь орчин үеийн “шинэ” монголчуудад үлгэр домог шиг л санагддаг болсон энэ цагт хилийн дээсэн дээр хүний нутгийн барааг өр нэхсэн харцаар ширтэн зогсохдоо бид дор дороо л нэгийг бодсоон.
Хилийн энэ л торгон зурвасыг албан ёсоор давж, хаяа хатган орших Орос гүрний нутагт хөл тавих боломж яг энэ үеэр бидэнд олдсон нь тун ч завшаантай хэрэг байлаа. Биднийг Алтанбулагт очсон тэр өдөр Оросын хилчдийн баяр тохиож таарсан юм. Уг баярт уригдсан энэ бүс нутгийн хилийн бүрэн эрхт төлөөлөгч, 0243-р ангийн захирагч, хурандаа Батсүх тэргүүтэй хилийн болон шалган нэвтрүүлэх ангийн удирдлагууд биднийг айлчлалын багтаа шингээснээр эх нутгийнхаа хормой дээрээс саяхан дуран сунгаж суусан тэр газар руугаа бид хөнгөн тэргээр тоос хадаан зорилоо.
Энэ өдөр тэнгэр ялимгүй бүрхэж, борооны үнэртэй сэрүүхэн салхи сэвэлзэж байсан ч оросууд ямагт сэтгэл дотроо халууцаж явдаг мөнөөх л танил зангаараа дуулж хуурдан, тойрч хөгжилдөн хилчдийнхээ баярыг сэтгэлийнхээ илчээр дулаацуулж чадсан юм. Монголтой хил залгаа Улаан-Үд, Хабаровск, Закаменскийн раионы хилийн төлөөлөгчид, орон нутгийн удирдлагууд Хиагтад хүрэлцэн ирж энэ бүс нутгийн хилчидтэй баяраа хамт тэмдэглэж, тэдэнд баяр хүргэн, бэлэг дурсгалаа гардуулцгаав. Энэ үеэр оросын хилчдийн үзүүлэх сургууль амжилттай явагдлаа. Буу дуугарч танк хөдлөх үест гэнэтхэн, Оросуудын элэгсэг найртай ааш авирт хэдийнэ уусч мартагдчихаад байсан мөнөөх хүйтэн бүрхэг тэнгэр сэтгэлд дахин яргаж өөрийн эрхгүй чичрүүдэс хүрлээ. Дарийн утаа гэгч зүйл үе цаг өнгөрөвч сэтгэлд өөрийсдөггүй ажээ.
Энэ тохигүй бодлыг минь угаах гэсэн мэт бороо орж бид ч тэндээс хөдлөв. Оросын хилчдийн зочиддоо зориулан барьсан хээрийн асарт дахиад л дуу хуур наргиан наадаан үргэлжлэх нь тэр. Маажиндсан захтай хуучин цэрэг хувцасаараа гоёж махир сэлэм бүсэндээ зүүсэн ахмад дайчдыг харсан оператор маань “Энэ чинь Барон Унгерн байна ш дээ” гэж дуу алдан Монголынхоо хилчдийг хөгжөөж явлаа. Мөн Хиагтын отрядын анхны дарга асан ахмад дайчны хүү гэх 50 гаруй насны орос эр, хаа байсан Моксвагаас эцгийнхээ ажиллаж амьдарч явсан зах хязгаарын эл заставт зорьж ирэн хилчдийн баярт оролцохыг нь харах бас л сонин. Энэ үеэр бид Хиагтын отрядын захирагч залуухан хурандаатай уулзан хил хамгаалалтын асуудлаар ярилцлаа.
Ийнхүү өдрийн хагасыг оросын хилчдийн хамт өнгөрүүлж тэдний баяр ёслолд нь оролцсон бид үдээс хойш нутгийн зүг хүлгийн жолоо залахын өмнө Хиагт дахь их жанжин Сүхбаатарынхаа музейг эргэлээ. Жанжны маань нууцаар амьдарч байсан байшин, мөнх хувьсгалын үйл хэргээ явуулан нууц уулзалтууд хийдэг байсан өөр бас нэг байшин өнөөдөр хоёулаа музей болжээ. Хиагтад ийм музей байдгийг Улаанбаатарынхан маань мэдэхгүй л байх даа гэж бодож зогстол эл бодлыг минь таасан мэт Батсүх хурандаа жанжны музейн түүхийг бидэнд хуучилсан юм. Энэ музейг монголчууд биш оросууд санаачлан анх байгуулсан, өдгөө ч тэд харж хандсаар, хилийн дээс алхан орж ирсэн монголчуудад үзүүлж харуулан тайлбарлах дуртай гэнэ. Харин монголчуудын зүгээс энэ музейг арчилж өнөөдөртэй золгосон тэр хүмүүст гар сэтгэлээ дэлгэн туслах, үгүй ядахдаа албан ёсоор “баярлалаа” гээд хэлчих юм үгүй байгаад энэ бүс нутгийг хариуцаж, хилийн дээсийг байнга алхаж, орж гарч явдаг хүний хувьд, мөн цэргийн хүнийхээ хувьд Батсүх хурандаагийн санаа ихээхэн зовниж явдаг ажээ. Тиймдээ зориуд биднийг хилийн дээс алхсан энэ боломжийг ашиглан жанжныхаа музейд дагуулж ирсэн нь энэ аж. Нэгэн цагт Монголынхоо төлөө сэтгэлээ чилээж нойргүй олон шөнүүдээ үдэж байсан жанжны минь хэвтэж байсан ор, сууж байсан сандал, өмсөж байсан дээл нь эзнээ үгүйлэх мэт уйтайхан үзэгдэх эл жижигхэн өрөө сэтгэлд жигтэйхэн дотно, бас нэг их гунигтай мэдрэмж төрүүлэх аж. Музей Хиагтын нэгэн жижигхээн гудамжинд айлуудтай хаяа залган оршино. Нэг л өдөр засаг захиргаанаас нүүлгэ буулга гэдэг шийдвэр гаргачих вий гэхээс санаа зовнидог, тэгээд одоо бид ядаж хашаа хороог нь ч болтугай засаж сэлбэх санаатай хандив тусламжаар олсон хэдэн рублиэрээ банз худалдаж аваад сууж байна гээд өөриймсөг гэгч нь хуучлах буриад авгайг тэврээд үнсмээр санагдаж байлаа. Хилийн гадна үлдсэн их жанжны минь гэр юутай ч он цагийг туулан өнөөдөрт иржээ. Өнөөгийн бидний үед л энэ буурь эдгэж, их жанжин минь харьд мартагдаж мэдэх юм байна даа гэх эмзэглэл төрж байсныг нуух юун.
Ингээд бид хилийн хот Хиагтаас орос хилчдийн найрсаг гарт гараа атгуулж, их жанжныхаа гэрийн бууринд сэтгэлээ хоргодоосоор нутгийн зүг эргэлээ.
Өдгөө хилийн хот Сүхбаатарт хил хамгаалалтын болон шалган нэвтрүүлэх хоёр анги эх орны өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэж байна. Саяхныг хүртэл орос ах нарынхаа “элгэнд тэврүүлэн” найрсаглаж байсан хилийн энэ хэсэг өнөөдөр тусгаар тогтносон Монгол улсын дархан хилээр зааглагдаж хилчид ч үүрэгт ажлаа нэр төртэйгөөр биелүүлж байгааг харлаа, үзлээ.
Ажлын шаардлагаар хилийн отряд маань хоёр хуваагдан хоёр тусдаа отряд болж нэг нь хилээ манаж нөгөө нь хилээр орж гарагсдыг шалган нэвтрүүлэх чиг үүрэгтэйгээр үйл ажлаа явуулж байгаа юм байна. Сэтгүүлчдийн зан л болсон хойно он гарснаас хойш хилээр зөрчил дутагдал юу илрэв гээд албаны хүнээс асуугаад авахаа бас мартсангүй.
Хилчид хэлэх ярихдаа маруухан, хийж бүтээхдээ сурмаг улс юм. Энийг бид хилийн 0243-р ангийн хөдөөх заставуудаар явах үедээ илүү мэдэрсэн. Сэлэнгэ аймгийн Алтанбулаг сумын нутагт Хонгор овоо уулын зүүн хойд талд буюу отрядын төвөөс 40 гаруй км-ийн зайд байх Хутаг-Өндөрийн застав. Эднийх хилтэйгээ хамгийн ойр застав. Төв байр нь хилийн багананаас 10 метр хүрэхгүй зайд байдаг гээд л бод доо. Томхон алхвал хил зөрчихөж мэдэх газар. Хилийн цэргийн хэмжээнд анх удаа гэрээт цэргийн албан хаагчдыг туршиж байгаа хоёрхон газрын нэг нь энэ. Гэрээт цэргүүдээ гэртээ байгаа юм шиг тухтай байхад нь зориулж бүх л зүйлээ базааж бэлтгэжээ. Тушаал хүлээсэн цэрэг ч гэлээ тух тав хамгийн чухал гэж дарга нар нь ярих. Гайхаж, гайхсандаа бантаж л явлаа.
Биднийг очиход гэрээт цэргүүд маань хилээ эргэх, малаа эргүүлэх гээд л тус тусын ажилдаа гарч заставын төв дээр дарга, жагсаалын дарга нь хоёр цэрэгтэйгээ л үлдсэн байв. Мөн цэрэг халагдсан үе таарсан тул застав эл хульхан, гэсэн хэдий ч эх орны торгон хил дээр зогсож байгаа хилчид нүд цавчих эрхгүйгээ цаг ямагт үггүйгээр сануулах аж.
Сэлэнгэ нутагт энэ жил сайхан зун болж байна. Мал тарган, зуншилга тавтай байгаа нь явсан газрын байгаль, уулзсан хүмүүсийн яриа хөөрөөнөөс илт анзаарагдаж байлаа.
Аймгийн төвд байх хилийн 0243-р ангийн уужим цэлгэр “харш” руу дахиад буцлаа. Хуучин аймгийн төвийн 10 жилийн сургууль байгаад үерт автан хаягдсан энэ барилгыг хилчид өөд нь татаж өөрийн болгоод авчээ. Тохитой тухтай, уужим саруулхан ч гэж жигтэйхэн том сав юм. Хилчид өөрсдийн гараар урлаж бүтээсэн бүхнээрээ чимж гоёжээ. Гэхдээ эх орны манаа эр цэргүүдэд чимэг гоёлоос илүү бахархал хамгаас эрхэм ажээ.
1727 оны 8-р сарын 20-ны өдөр Манж Оросын хооронд байгуулсан Буурын гэрээтэй хамт “байгуулагдсан” гэх эдний анги хилийн цэрэгтээ яах аргагүй ууган ангийн нэг. Сэлэнгэ, Булган аймгийн нутаг дахь хилийн 542-649, 655-726-р тэмдэг хүртэл 421.5 км газрыг хамгаалдаг тус ангийн хариуцсан хэсгээр он гарсаар 13 удаагийн зөрчлөөр мөн төдий тооны хүн саатуулагдсаны ихэнх нь загас барих, хавх тавих гэсэн “анчид”. Ер нь энэ хэсгээр гардаг хилийн зөрчлийн ихэнх нь ахуйн чанартай байдаг гэнэ. Сүүлийн үед модчид их хил зөрчиж байгаа, морин тэргээр зөөдөг болохоор албан ёсны тоо байг нь гаргахад төвөгтэй гэлцэж байлаа.
Харин шалган дээр тоо баримт нь “толгой өвдмөөр” юмаа. 0101-р ангийн хашаагаар орж очиход вагон шалгаад ирж байгаа шалгагч хилчид рапорт өгч байхтай нь таарсан юм. Хэд хэдэн зөрчил илтгээд л авна лээ. Гэхдээ тэд хилчдийн соргог хараанаас мултардаггүй нь баярламаар. Эх орны ариун газар шороон дээр бузрыг бүү оруул буяныг бүү гарга гэдэг уриатай тэд зөв санаатанд зөөлөн, зөрүү харсанд нь хатуухан ханддаг.
Шинэ цэргээ хүлээж аваад удаагүй байгаа тэд жагсаалын бэлтгэл, алхаа гишгээг нь зааж хичээл сургуулилтыг нь шамдуулж байлаа. Ангийн штабын дарга дэд хурандаа Мөнхбат хичээл сургуулилтандаа бяцхан түүртэж жаахан болхидуухан гүйж харайж байгаа цэргүүдээ өмөөрч өхөөрдөхийн дундуур бидэнд хандан “За та нар манайхныг одоо сайн хараад ав. Хоёр сарын дараа ирэхдээ харин бүр сайн хараарай” гэж байсан.
Хоёр отрядын аль аль нь материаллаг баазын хувьд харьцангуй бэхэжсэн нь нүдэнд илхэн. Шалган дээр л гэхэд бүх юм автоматчилагдсан, ажлын ихэнхийг компьютер нь хийж, харин хүний хийх ажил нь нягтлах, шалгахад төвлөрдөг юм билээ.
Харин 0243-ийнхны аймгийн төв дээрх “төв оффис” нь мөнөөх сургуулийн барилга. Засаж тордоод Сэлэнгэд л байхгүй цагаан ордон болгочихсон, тэндээ аль хэдийнэ бяцхан “вант улс”-аа засан төвхнүүлчихсэн сууцгааж байгааг дээр хэлсэн билээ. Заставууд ч их төлөвшчихсөн, материаллаг баазын хувьд хөл дээрээ босчихсон нь мэдрэгдэнэ лээ.
Ямартаа л бид “Хутаг-Өндөрийн амралтын застав”, “Тавтын амралтын застав” гэж хошигнон нэрлэж байх вэ. Жинхэнэ хөдөө хөхөрч гадаа гандаж, шувуу ч нисэхгүй улаан цөлд гар сэтгэлээсээ өөр зэвсэггүй яваа бусдыгаа бодвол Сэлэнгийнхэн ч жаргалын оронд “хөлбөрч” байдаг бололтой юмаа. Ус ургамал жигдэрсэн үзэсгэлэнт энэ нутагт алба хааж байгаа, ажиллаж амьдарч улс жаргалтай ч байлгүй яахав. Гэхдээ л хилчид аль ч цагт соргог байж эх орноо манах үүрэгтэйгээ цаг ямагт мэдрүүлэх аж.
Сэтгэлд ойр, гүндүүгүй тэднээс сэтгэлийн нүнжиг ханхлах нь л хамгийн сайхан байсаан. Эх орон гэгч амин эрдэнэ судсан дотор нь лугшиж яваа тэр хүмүүсээр бахархах сэтгэл эрхгүй төрснийг нуугаад яахав. Нутгийн гүнд талхны мөр хөөж яваадаа урам хугарах ч шиг, дөнгөж саяхан улаан цусаараа олж авсан эрх чөлөө, тусгаар тогтнол маань эзэнгүйдэж зөвхөн хилээ дагаж яваа хэдхэн хүн, мэргэжлийн ганц байгууллагын өмч болон орхигдсон шиг гунигтайхан мэдрэмж үес үесхэн зурсхийсэн. “Шинэ Монголчууд” америк мөрөөдлөөр амьсгалж, баруун зүүний соёл иргэншлийн гялбах өнгөнд алмайран, хөгжил дэвшлийн араас хөлийнхөө хурдаар нүдгүй довтолгож, бас болоогүй ээ улс төр хийж, уламжлал маань уудам нутгийн минь хаа нэгтээх хөдөө буйдын бор гэрт “хоригдож”, биелсэн хүсэл “би”-гээ мартан байгаа энэ цаг үед хилийн тэнгэр цэлмэг байгаад л баярласан.
Нутгийн захаар, торгон хилийн зурвасаар биднийг хөтлөн явсан манай хоёр хурандаа түүхт Тужийн нарс туурь ч үгүй болж байгааг яриан завсраа хавчуулж, оросын нутагт хөглөрөн буй их хөвчийн зүг хараа талбин “Халхын хамаг модыг харьд өгсөн хар феодол” хэмээн эфү Цэрэнг хараах нь ерөөл шиг сонсогдож явлаа. Юутай ч бид эдэлж хэрэглэж яваадаа эрэмшихээ түр азнаад зогсож буй газрынхаа хөрс шорооны үнэ цэнийг зоосны нүхээр биш зовлонг дааж сөрсөн өвгөдийнхөө цусны үнээр дахин нэг сэхээрэх цаг болсон мэт санагдсан.
Эх нутгийнхаа хормой дээр зогсоод гэрээ санахад өнөөдөр бидэнд юу үнэ цэнэтэй юм бэ гэдэг нь ойлгогдох шиг боллоо

4 comments:

oldoshaksli said...

Uneen.

Сэгсгэр said...

oldoshaksli-д: Үнэнтэй чинь үгсэж баярлав.

Arsun said...

Хоймроор аялчихаад хормой дээрээс гэрээ санав гэв үү? Та дээлээр сэтгээд би гэрээр төсөөлөөд байнаа даа. /Хилчин эрсээ хормойчин, хормой баригч, хормой сөхөгч... гэчихгээд байна шүү, хэхэ/

Батсүх хурандаа нээрээ очсон газраа өөд нь татдаг сайн менежер дээ.

Chandmani said...

нутгийн хүүхэн монгол нутгийн хил хязгаараар зочлоод хилийн цэргүүд улс орныхоо манааг хараад сэтгэл уужим байна. Баярлалаа.