Saturday, June 21, 2008

НУУЦЛАГ, ДОТНО ЕГИПЕТ ОРНООР

Тоосгоны зах, эсвэл бор ёотон...

“Онгоцонд яваа хүнийг амьдын ч тоонд, үхсэний ч тоонд оруулдаггүй” гэх үг нэг л ёозгүй сонсогдох авч эртний Египетийн их нийслэлийг зорьж яваа бидний хэсэг нөхөд аян замаа түүртэлгүй хороож, төсөөлөл, мөрөөдлийнхөө зүг яарч байлаа. Бээжингээс оройн 20 цагт ниссэн манай багийнхан Каирт өглөөний 6.30 цагт газардсан ч цагийн зөрүүнээс болж тэнгэрт 14 цаг аялжээ. Онгоцны цонхоор Кайр хот олон саарал тоосго шиг харагдах нь багад минь эмээгийн бор тагшинд хар цай дүүргэхэд уусч дүрсээ алддаг ёотонтой эгээ л адилхан санагдаж билээ. 20 сая гаруй хүнтэй энэ их хотод газрын өнгөтэй том жижиг бор саарал байшингууд завсар зайгүй эгнээстэй, эмх замбараа муутайхан уйтан давчуу гудамжуудад нь хормойгоо чирсэн египетчүүд хөлхөлдөж хорвоогийн амьдрал эрээнтэн байдаг нь гаднаас харсан хүнд бас л сонин зураг. Байнгын 40 хэмийн халуунд хар бараан өнгийн нүсэр хувцас, нүднээсээ бусдыг битүүлсэн гоо бүсгүйчүүл урт туушин өмсгөлтэй эрчүүл нааш цааш хөлхөх нь бидний хувьд үнэхээр харь, өөр ертөнц аж. Гэсэн хэдий ч Египетийн ард түмэн нэн найрсаг хүмүүс болох нь тэдний инээд алдсан харц, зөрж өнгөрөх гадныхны зүг элэгсэг нь аргагүй мэндчилэх сэлтээс шууд мэдрэгдэн, ахуйдаа зохицож аяндаа тайтгарсан сан.

Египетчүүд дээрээ гурван эзэнтэй

Тэдний толгой дээр гурван том эрх мэдэлтэн байх бөгөөд хамгийн дээд талд Аллах тэнгэр, түүний дор эртний их хаан, харин гурав дахь нь Египетийн нэгдүгээр хүн буюу ерөнхийлөгч Хосни Мубарак юм. Албан байгууллага, атар хөдөөгийн замын хажуу дахь том самбар гээд л хаанаас ч түүний асар том хөргүүдийг харж болно. Дээр үеийн орос Ладагаар орчин үеийн гадаадынхныг таван одтой буудалд нь хүргэхээр яваа найрсагхан египет жолоочийн энгэрийн халаасанд Мубарак ахын бурханчлагдсан хөрөг заларч явахад нэг их гайхах хэрэггүй. Бид ч бас 14 хоногийн сургалтын хугацаанд эрхэм Мубарактай хамт байснаа хэлэх хэрэгтэй. Египетийн том хэвлэл /хуучнаар манай “Үнэн” сонин гээд ойлгочиход болно/ Эль-Гомхуриа сонины газар дахь сургалтын танхимд тэрээр бас л биднийг угтаж, хичээж татуулсан инээмсэглэлт ихэмсэг хөргөөрөө Монголын чөлөөт хэвлэлийнхнийг “муухай харсаар” үдсэн юм. Хагас социалист эл оронд хэвлэлийн эрх чөлөө харьцангуй хумигдмал болох нь бидэнд хичээл зааж байсан докторуудын найрсаглан тайлбарлах зарим зүйлээс цухалзаж байсан. Египетийн сангаас буурай орнууд руу хандан хэрэгжүүлдэг хэмээн тунхагладаг ч үнэн хэрэгтээ улс орноо гадаадад сурталчлах үндсэн зорилготой сургалтын эл хөтөлбөрт хуучин социалист дэглэмд байсан СНГ-ийн гишүүн орнууд хамрагддаг байснаа сүүлийн жилүүдэд зөвхөн Монголтой “тулж ажиллаж” эхэлсэн тухай тэд ярьж байлаа. Өнөөдөр дэлхий нийт Ойрхи Дорнодын тухай мэдээ мэдээллийг зөвхөн АНУ-ын амнаас л сонсч, арабын ертөнцийн тухайд өрөөсгөл үзэл бодолтой байгааг засч залруулах үүднээс их гүрнүүдтэй илтээр холбоотон болоогүй, өөрсдийн бодлогоор бие даан хөгжиж байгаа “буурай” улсуудын хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах бодол санаа эл сургалтын үеэр олонтаа цухалзах шиг болсон. Дээрх хугацаанд сэтгүүлзүйн болон ХАА-н чиглэлээр Монголоос нийт 750 хүн сургасан гэнэ. Египетийн нийгмийн байгууллаас социализм нэвт ханхлах хэдий ч эдийн засгаа зах зээлд хэдийнэ шилжүүлж, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгосон нь төрийн бодлогын бас л нэг ухаалаг давуу тал гэлтэй. Бид өөрсдийнхөө мэдэх хэмжээгээр л социализм хэмээн нэрлэж байгаа ч угтаа зөвхөн Египетийнх л гэмээр бие даасан, өвөрмөц хөгжлийн томъёололтой, алдаагаа ч гавъяа болгон ашиглаж чадах ухаалаг удирдагчидтай, сонин бүтэц бүхий нийгмийн байгуулал санагдсан. Энэ улсад үзэж харах зүйл элбэг. Агуу пирамид, сфинксээс эхлээд дэлхийн хамгийн урт гол Нил мөрөн Каир хотынх нь дундуур урсана. Нилийн эрэг дагасан жуулчдын хотхон, усан онгоцон дээрх ресторануудад нь орчин үеийн бүх үйлчилгээ байна. Аялал жуулчлалаас орох орлого нь тасралтгүй мөнгөний урсгал болон улсын сан хөмрөгийг зузаалж байдаг болохоор энэ талын үйлчилгээ нь түлхүү хөгжжээ. Алдарт Суэцийн сувгийнх нь түрээсийн жилийн орлого улсынх нь төсвийг бүрдүүлчихдэг гэсэн.
Шарм-Эль-Шейх

Кайраас 500 гаруй км-т Синайн байгалийн үзэсгэлэнт газарт байх Шарм-Эль-Шейх хот руу жуулчдын урсгал тасралтгүй хөвөрнө. Хоёр урсгалтай өргөн замаар уралдан довтлох машинуудаас нь л харахад тус улсын энэ бүс их хөлийн газар болох нь мэдрэгдэнэ. Кайрын нарийн гудамжуудад мөрөө хавчих нь холгүй чихэлдэн зөрдөг оросын Лада, Газ-24, Солонгосын жижиг автобуснууд, соната, элентранууд ард үлдэж дандаа орчин үеийн шил толь болсон хөнгөн тэргүүд, Хьюндайгийн том автобуснууд зөрж эхэлнэ. Шарм-Эль-Шейхийн байшин барилгууд ч Кайрын улигт саарал өнгөнөөс хагацаж цагаан цайвар өнгөөр сүлрэн угтана. Энд дэлхийн баячууд мөнгөө үрэхээр ирдэг. Улаан тэнгисийн эрэгт байх эл хотоос жуулчны баазууд салбарлан далайн эргээ даган цаашилжээ. Казино, диваажингийн усан сан, энэ улаан цөлд яаж байгуулав аа гэмээр цэцэрлэгт хүрээлэн, сүрлэн сүүдрэвчүүд, өнгө өнгийн цэцэгс гээд л нүд эрээлжлэм сонин сайхан зүйлс үргэлжлэх нь Газар дундын тэнгисийн эрэгт байх Алесандра хоттой эгээ л адилхан. Кайраас умард зүгт 300 орчим км-т орших Александра хотод бид мөн зочилсон билээ. Александра бол далайн эрэг дэх агуу цайз, түүхийн гэрч болсон барилга байгууламж, музей үзмэрээрээ имиджээ хийсэн Египетийн бас л нэгэн бахархал байсан юм. Харин Шарм-Эль-Шейх бол анагаах увдисаараа дэлхийд алдаршсан Улаан тэнгисийн эрэгт байрладаг давуу талаа ашиглан амралт сувиллыг түлхүү хөгжүүлсэн, хүмүүс жинхэнэ ядаргаагаа тайлахаар зорьж ирэх гайхалтай газар байв. Шарм-Эль-Шейхээс нааш Кайр орох замд тааралдах Синайн уулс нь ер бусын хэлбэр галбиртай, байгалийн пирамидууд байх бөгөөд архитектурчид энүүгээр явбал байгаль дахь уран барилгын эл цогцолборуудаас гайхамшигт санаа олж их хотод нүд баясгах зүйл олноор бүтээх байх даа гэж эрхгүй бодогдсон.

Үргэлжлэл бий

13 comments:

Хөөгий тоогий said...

Овоо шүү миний муу найз, энэ тэрүүгээр нь ороо ороо явчиж, гэсэг л үргэлжилнэ бид дээ, уншууштай бичий шүү энэ хүүхэн...

Oogii said...

сайхан аялаад иржээ

Клаус said...

Сайн явж ирвүүү Сэгсгээр...ямар гоёым бээ...аялалын зургуудаасаа өшөөг нийтлэхгүй юмуу?...байгалын зүй тогтол, хүмсүүдийх нь амь амжиргаа гээл ер нь юү эс байхав дээ.. очиж үзээгүй бидэнд бас л нэг шинэ мэдээлэл болох байх даа...

3apaa said...

Бохь авчирсан уу?

ganga said...

Аян замын сэтгэгдлээс хуваалцсанд баярлалаа. Элс баян бүрд дахиад элс харагдаж байх чинь. Элс нь салхинд босвол ?

mind said...

egypt gedeg amid yavaa zagt uzeh gazruudiin neg shuu. Sain hun yavsnaa gej

Segsger said...

Толбот андад: Миний муу найз л түргэний машин шиг орж ирэхийм даа. Уярч мэлмэрүүлээд л сууж байна.

Оогийд: Тийм ээ, Энэ аялал нүд баясгаад өнгөрөөгүй бодол санаанд олон содон мөр үлдээлээ. Зочилсонд баярлалаа.

Клауст: Баярлалаа найзаа. Зураг хөргүүд, өөр сонин гачин юмс оруулнаа хө. Энэ сонгууль гээч юм нэг өнгөрөөтхөг. "Орондоо унтах завгүй орчилдон тэмцэлдээд" л явжийна мань нь.

Зараад: Дональд бохио аваагүйм үү? Дундын чаатанд атга бохь асгачихсан, Гүүмп найз охидоо найрна гээд л хармаалаад байсан шд. Idea л лав зажлаад л явжийна лээ

Гангад: Египет улс хүнээр бол амьдрал үзсэн, хүлээцтэй, ухаалаг, хэрсүү нэгэн шиг санагдсан...

Майндад: Нээрээ заавал очмоор газар байна лээ шүү. Тэндэхийн бүхий л ахуй аягүй сонин мэдрэмж төрүүлдэг

nana said...

ene egypt uneheer ertnii, nuutslag, ochij uzuushtei, gazar..delkhii dahinii uchir meddeg humuus tiishee naihial nahial yavchxiim bilee, harjee baihad gejuu,hhe..

Arsun said...

Sain yawj baina uu, Segseehei?

Idea said...

Надаа зөндөө гоё юм ацарсан. Та нар дотор даргаасаа бэлэг авдаг хүн байгаамуу /гайхуулав/

3apaa said...

Худлаа бохь биш жинхэн бохь л хэрэгтэй.

Anonymous said...

hoho! saihan ayalsan bain daa!
Tana-s

Segsger said...

Нана-д: Өө харин тийн. Очмоор гэдэг нь үнэн шүү. Би ч бас хүмүүст уриалмаар л байгаан. Харин "харлаад үлдчих" юм даанч байхгүй газар даа хэ хэ.

Арсун-д: Олон хүнтэй газар хочоор дуудаж байхыг цээрлэ гэж гүэ ээ мөн их хэлэх юм даа эрхэм Арсун. Харин үүрэг өгөх маягтай "Нөхөр Сэгсгэр" гэвэл ч болно шүү ха ха ха

Idea-д: Хонгор Idea "Огцом тэнэгтэж онц домбоороорой". Аяллаас сурч ирсэн үг гэвэл энэ л байна.

Зараад: Сонгууль өнгөрөнгүүт, амьсгаа авангуут жинхэнэ /шингэн/ бохь өгнөө хө. Хүлээж байгаарай.

Тана-д: Танаашка минь дээ, тавтай тухтай буу халах нартай нанчидтай өдрүүд хүлээж байгаа гэдэгт итгэж байгаа...