Monday, June 30, 2008

НУУЦЛАГ, ДОТНО ЕГИПЕТ ОРНООР... /ҮРГЭЛЖЛЭЛ/

ТАМД УНАСАН ТЭМЭЭ

...Кайрын амьтны хүрээлэнгээр зугаалж явсан Монголын эрхэм сэтгүүлчдийн чихэнд “Танай нутгаас ирсэн тэмээ энд бий” гэх үг хачин содон сонстож нэг бөхт тэмээний нутагт үзмэр болж буй хоёр бөхтөө үзэхээр сониучирхан очицгоов. Тэнд бид юу харсан гэж санана. Нүд халтирч самсаа борхироод өөрийн эрхгүй нүүр бурууллаа. Тэнүүн говьдоо нүд хужирлаж явсан тэнгэрийн амьтан маань энд усны амьтан шиг улаан шир болчихсон, ширхэг ч үс хялгасгүйн дээр ширээ бөх нь гүрдгэр хөх биеэ дагаж унаад тамд унасан зовлонтын дүрийг энэ насанд мартахааргүй шингээн угтлаа. Төмөр торон хашааны хаягдмал буланд эвдэрч тарж уначихсан тэмээний амьд шир, бурхан минь тэмээ гэж хэлэхэд ч хэцүүтэйеэ амьтан хүзүүгээ сунгаад амь тавих цаг мөчөө тоолон хэвтэж байлаа. Азиас ханьтайгаа ирсэн гэх тэр амьтны “эр нөхөр” нь хэдийнэ хүний нутагт ясаа тавьжээ. Үр зулгзага нь болох нүцгэн хөх ботго далайн байцааны навчинд амиа тавьж өөрийг нь үзэхээр ирсэн гадныхны гараас навчийг булаахаар хомхойрон үхэлдэх нь эгээ л нохой шиг. Монгол мал гэж хэлэх арга алга. Баян арабууд хүүхдүүдээ зугаацуулан мөнөөх тэнэг амьтныг байцааны навчаар хууран хүссэн газар руугаа нохой шиг дагуулан очиж торны наанаас патиар татуулцгаах аж. Нүд хальтирч зүрх шимшрэм эл зургийг харж алмайрсан бидний хэдэн нөхөд сэтгэлээ өвтгөн байж тэмээгээ дуудлаа. “Сөөг сөөг, сөөг сөөг”.
Гэтэл хөөрхий нөгөө амьд зовлого болсон зовлонт адгуус, зовхио нээхээс ч түүртэж байсан тэр муу амьтан элэг нутаг нэгт эзэн хүнийхээ дуугаар сэгхийтэл босоод ирэх нь тэр. Дэнхэн данхан гэж гуйвж ганхсаар салгалаад ирэхдээ бөн бөн нулимстай байлаа. Бүсгүйчүүд нь орь дуу тавин халаглаж эрчүүд маань хүртэл шимшрэлийн гашуун нулимсаа гүдхийтэл залгисан шүү. Хий дэмий л ам нь ангалзан хүзүүгээ гүрдийтэл зүтгэлэх тэмээний нүднээс бөөн бөөн нулимс унасаар. Дотор сэтгэлдээ орь дуу тавихын хэрээр дуу хоолойгоо түгжин бүлхэрч зогссон надад “Буу байгаасай. Хөөрхийг зовлонгоос нь салгаж буян үйлдчихээд буцах сан” гэх арга барагдсан бодол элэг мэрж байлаа. Бурхан минь, бүү үзэгд. Амьтны хүрээлэн гэдэг чинь амьтны там юм байна шүү дээ хэмээн өөр хоорондоо эрээнтсэн хоолойгоор ярилцах зуураа тэмээнийхээ аманд байцааны навч дөхүүлцгээсэн ч навч ч зажлах тэнхэлгүй болсон тэр амьтны нүдэнд Монголын уудам нутаг театрын хөшиг хаагдах шиг харанхуйлан үзэгдээд зүгээр л гашуун усан дуслууд бөмбөрөн хулжиж байлаа. Энэ насанд бодол сэтгэлээс арилахгүйгээр яс маханд хагадаж үлдэх эмгэнэлт зураг.
Амьтны хүрээлэнд анааш үзэхээр зорьж ирсэн эх газрын хэдэн монголд анааш заанууд арилан одож, ахиад юу ч үзэж харах хүсэл сонирхол хэдийнэ мартагдан хөшицгөөжээ.
Удтал зовлон ярьж тарчлан зогссон бид “Буцъя, больё” гэж үг солилцоод эргэхүй сөөнгөтөн дуугарах зовлонт тэмээний буйлаан яг л золбин жингэр тарчлан гинших шиг гаслантай сонсогдов оо. Дэмий л дотор сэтгэлээ сэмлэж, урагдах дуунд нь хоргодсоор автобусандаа суугаад буудлаа зорин явахдаа бид хэлж боломгүй хүнд гунигт цөмөөрөө автаж дуу шуугүйхэн харьсан билээ. Ийн үзэхүй монгол хүн, монгол нутаг хоёр хэзээ эртийн, хэний ч таашгүй тийм амин холбоотойгоо ухаарч бурхадын шүншигт нутагтаа бушуухан эгэхийн далд хүсэлд автаж явсан. Бас нэгэн ухаарал гэмшиглэн хальт зурсхийсэн нь, хэзээ ч бид монгол малаа харьд өгч болохгүй юм байна, нэгэнт монгол нутгаа олж төрсөн амьд амьтныг ухаант хүн ингэж тарчлаан зовоож, тамд өгчилгөх нь хэдэн төрөлд өршөөгдөмгүй нүгэл болно гэж бодогдсон шүү. Манайхан сүүлийн үед гадаадын төр засгийн томчуул болоод нэр хүндтэй нэгнийг айлчлан ирэхэд шандаст хурдан хүлгүүдээ хадаг сүүтэй барьж, ёслон хүндэтгэдэг болсон нь нүдэнд харагдаж, учир төөргийг нь мэдэхгүй алс руу унаа хүлгээ ийн блэг болгон илгээх нь хичнээн гунигтай тухай эрхгүй санааширч явлаа. Буянт малдаа буруу санадаггүй монгол түмний их ухаанаар энэ асуудалд хандах ёстой юм байна гэдгийг хаа холын халуун орны бүгчим тэнгэр дор мэдэрснээ та бүхэнтэйгээ цухасхан хуваалцахад ийм буюу.
Үргэлжлэл бий.

15 comments:

Хөхтолбот said...

Амьтаны хүрээлээн гэж. Амьтнаар хүрээ байгуулсаан гэсэн шиг үг үү? Төрөлх нутагт нь байгаа юм шиг хүрээ байгуулж өгнөө гэсэн үг үү?

Сахал хүртэл өрвийхөөр сүрхий бичлэг байна. Эгээ л мэгшсэнгүй гарлаа. Монголд бас Сэрингэйтэд жинхэнэ үлгэр жишээ амьтны хүрээлэн байдаг юм шүү дээ гэж би хүмүүст хэлдэг юм.

Sienna said...

Бурхан минь ямар еревдмеер юм бэ, босоод ирж байгаа гь бvvр еревделтэй санагдчихлаа

single_leaf said...

элэг эмтэрмээр юм... тэмээ гэж тэр сүрлэг сайхан амьтныг ингэж .... гэж бодохоор ёстой л .. гашуун нулимсаа залгилж сууна даа.

Segsger ania n bnaa said...

Хөхөөдөө: Толбот анддаа баярлалаа. Өрвийж босох үс сахалтай улсууд ч яахав тэгдэгийн байж, мань л лав асгаран мэлмэрүүлээд, крантаа чангалсан ч "ус алдсаар" л байсан даг. Яман үйлээр ямар амьтан тэр газарт ингэж байдийн бол доо гээл одоо ч хөндүүрхэн л санагдсаар...

Сейннад: Энд тэнд тэнэж явахад их л юм үзэх юм даа, сайн муу, сайхан муухай, юу эс байх билээ. хөндүүрхэж байсан хувийн тэмдэглэлээ хуваалцчихсан чинь харин сайхан болчихлоо. Баярлалаа

Ёингль Лийф: Талархлаа. Орж гарч байгаарай хө. Сэтгэл гэдэг эрхтэн амьд байгааг мэдрүүлэх баяртай гунигтай дурсамжаа хуваалцсиймаа. Монгол хүний өр хэнийхээс ч илүү зөөлөн байгаасай даа...

artagnan said...

хөөрхий амьтан гэж.

Anonymous said...

yum bichih gesen chini dotor sonin bolchloo

ganga said...

Сэтгэл өвдтөл бичжээ. Чехийн амьтны хүрээлэнд тахь байдаг юм. Монголын гэчихээд Пржевальскийн зэрлэг морь гэсэн пайзтай. Би тэр тахийг бас их өрөвдөж билээ.

Сумьяа said...

Таны блог их гоё юмаа. Унших юм ихтэй байна

Сумьяа said...

Ёооё уйллаа

Anonymous said...

Setguulch guai UB-d yu bolood baigaa yum be?
Yu bolsnyig baigaagaar ni medeeleh bolomj baina uu?!

Мөнхбаатар said...

Ойрд математик оролдсонгүй. Нэг тэгшитгэл бичээд үзье :D

Хоёр шинж чанартай "Х" орноор...
"Y" байдалтай "Z". "Z" бээр "Y" байдалд орсноосоо болоод "K" шинж чанарыг үзүүлж байв. "Х" орноор аялагчид "Z"-ийн шинж чанар нь сонин санагдав. "M" гэдэг сэтгэгдэл төрүүлэв. "Z" бол "ZZ"-ийн жирийн нэгэн төлөөлөгч. Олон "H" "Z"-ээс дутахгүй байдалд байв. "Х" орны тухай өгүүлэгч нь өөрөө "H"-ийн нэг гол төлөөлөгч юм.

X = Египет
Y = Тэмээний байгаа байдал
Z = Тэр тэмээ
ZZ = Тэмээн төрөлтөн
K = Тэр тэмээний шинж төрх
H = Хүн

Anonymous said...

yoo uillaashte eniig unshaad. horongotei chadaltaisan bol hoorhii muu temeeg nutagt ni neg avaachih yumsan. Amitnii hureelend bi yag iim uchraas aimar durgui baidag. Minii uzsen zooparkad bi hezee ch an amitdiig tsoglog baigaag harj baigaagui, dandaa l bulan tohoi baraadan hevtsen lazan baidaltai.

tanii_sain_naiz said...

iin iin Temee baitugai hun ni tegj zovj yavaa ni ch bii Eh nutagaas mini iluu nutag, elgen sadan mongolchuudaas mini iluu hun ard baihgui gedegt itgeh heregtei

Myrlin said...

Энэ тухайд... би өөрийн блогийн "Анхны юм бүхэн сэтгэлд", "Шалгарлаар үлдсэн гайхалтай амьтан" гэх мэт нэр бүхий бичлэгүүдээрээ санал нэгдэхээ илэрхийлэх байна...

Anonymous said...

zondoo uillaa, horhii
urid ni bas sonsoj baisaan ene tuhai. Mongol hunee unerleed meddeg ch uymuu hoorhii irchiheed l tom tom nulims unagaadag geseen Hoorhii doo namaig avaad yvaach gej l uldag baih daa Nulims togtohgui uym aa