Wednesday, June 25, 2008

НУУЦЛАГ ДОТНО ЕГИПЕТ ОРНООР... /ҮРГЭЛЖЛЭЛ/

Үргэжлэл. Эхлэл нь дор бий

Дух нь цоорсон ч нүд нь гэрэлтсээр...

Египетэд царай муутай хүн гэж үнэхээр байхгүй. Өтгөн хөмсгөн дорх тас хар нүд, яралзсан цагаан шүд, сайхан бор царайгаараа Энэтхэгүүдтэй төстэй ч эрэмгий хурц харц, найрсаг инээмсэглэл нь бусдаас өөр. Тэд өдөрт зургаан цаг мөргөл үйлддэг. Мөргөлийн цаг нь болоход олон нийтийн үйлчилгээний газарт ч хамаагүй хувь хувийн даавуу олбогоо цүнхнээсээ гаргаж дэвсээд л мөргөж эхэлнэ. Тэдний мөргөлийг юу ч зогсоож чадахгүй бөгөөд бүгд үнэн сэтгэлээсээ хандана. Энэ үедээ тэд бүгдээрээ ертөнцөөс түр зуур тасардаг байх гэж бодсон. Тэд манайхан шиг шавар чулуу, алт мөнгөн бурхад хүзүүнээсээ зүүж, хоймортоо залж түүнтэйгээ "шивнэлдээд" байхгүй, нүдээ тас аниад түрхэн зуур орчноо мартах нь нэгэн төрлийн бясалгал, оюун санааны аминдэм нь болдог мэт санагдсан. Магадгүй энэ л итгэл үнэмшил, тэнгэртэй харьцах харьцаанаасаа тэд оюун санааны илч тэжээлээ сэлбэж тэр ч утгаараа дандаа инээж дотроосоо гэрэл цацруулан урам зоригтой амьдарцгаадаг байж ч мэдэх юм. Юутай ч учир мэдэх хүний амнаас Египетэд хатуу чанга хууль гэж бараг байхгүй, төрийн хуулиуд нь автын хөдөлгөөн зохицуулах төдий нийгмийн үйлчилгээний зарчмууд байдаг гэж сонссон юм байна. Тэд Аллах тэнгэртээ бүхнийг даатгаж, амьдралын, хувь хүний бүхий л хууль нь тэр эрэмбээр явагддаг болохоор "тархай бутархай", цөс нь цалгисан монголчуудтай харьцуулах аргагүй нэг үзэл, нэг бурхантай, тэрхүү бурхан нь оройн дээд шүтээн байгаад зогсоогүй амьдралыг нь заагч луужин гэдгийг нь мэдэрч, бас гайхаж байлаа. Юутай ч тэд учиргүй их инээд алдсан, тэр нь чин зүрхнийх нь алсаас ил гарч ирдэг, тогтоож боломгүй их баяр хөөртэй, өөдрөг хүмүүс болох нь замд хааяахан тааралддаг гуйлгачнаас нь хүртэл харагдаж байсан. Ямартаа л Иран Иракийн дайны үед мөргөлийн цаг нь болоход хоёр тал гал зогсоон мөргөлөө үйлдээд унаж байхав дээ. Хэзээ ч билээ бас худлаа хэлэхгүй том хэвлэлийн хуудаснаас уншиж байсан санагдана. Тэдний шашин ийм л шашин. Миний хувьд шашин гэхээсээ илүү итгэл үнэмшил, урамшил, амьдралын тулгуур нь шиг санагдсан. Эрчүүдийнх нь дийлэнх хэсэг духан дээрээ эвэршиж хүрэнтсэн "мөргөлийн бахархалтай". Нүүрэн дээр нь төрөлхийн юм шиг хадаатай байдаг инээмсэглэлийн гэрэл мөргөлийн цагаар унтарч, зугаацлын мөр оргүй арилаад төлөв төвшин, үнэнч хэрсүү Аллахын албатууд болно. Мөнөөх тахимдуу элэгсэг Египетчүүд ийнхүү нэгэн хоромд сүнснийхээ хөгжилд анхаарлаа хандуулахыг анх хараад гайхсандаа "хэлээ гоожуулаад" хөшчихсөн шүү. Гэхдээ л Түвдүүд шиг энэ амьдралаа бурханд бэлэглэчихээгүй, өөрсдийнхөө амьдралыг өөртөө үлдээж үнэнч байдлаа тэнгэрт харуулахаа л өргөл гэж боддог хүмүүс ажээ. Тэд бурхантайгаа төрсөн, бурхантайгаа үхдэг юм байна, бүх амьдралын туршид бурхантайгаа хамт амьдардаг юм байна гэж яагаад ч юм бэ бодогдсон шүү.

Цөлийн эзэд

Египетийн нийт газар нутгийн
96 хувь нь эзгүй цөл, зөвхөн дөрвөн хувьд нь хүн ам нь таран суурьшсан. Нил мөрөн, Улаан тэнгис, Суэцийн суваг, Газар дундын тэнгисээ дагасан хотуудтай, халуун орны папирус, бальс, дал модод элбэг ургана. Мөн манайхны тасалгааны цэцэгсийг олон наст ургамал болгон сортжуулж тарьц суулгац бэлтгэсэн байх нь олонтаа тааралдана. Гудамжуудад нь сарнай цэцэгсийн төгөл үргэлжлэн тааралдах нь хэвийн үзэгдэл. Энэ бүхнээс тухайн ард түмний уйгагүй хөдөлмөр зүтгэл тэмтрэгдэх аж. Цөлийн элсний нарийн тоос, таримал цэцэрлэгийнх нь ургамлын унгирал үргэлж дарж байдаг тул гудамжиндаа хүртэл машинаа битүүлэн хучиж орхино. барилгын талбайд моддын сүүдэрт өглөө орхисон машинууд орой нь ирэхэд навч тоосонд дарагдаад эгээ л 100 жилийн өмнө хээр хаягдчихсан мэт болчихсон байх тул ингэхээс ч аргагүй. Кайр болон далайн эргийн бусад том хотуудад Хилтон, Шератон, Интерконтенталь зэрэг дэлхийд алдартай зочид буудлуудын сүлжээ тааралдах боловч тэдгээр нь мөн л египет маягийн шороон саарал өнгийг имиджээ болгон сонгож бусдаас онц ялгарах юмгүй дүнсийлдэнэ. Энд уран барилга байхгүй, харин нэгэн хэв загварын өндөр нам, дөв дөрвөлжин байшингууд ис тортгон дунд хэзээний мөнөөх л төрхөөрөө ярайлдах нь нэг л уйтгартай. Египетийн бүх гэрлийг унтраачихавл сансраас тэднийг олж харах аргагүй, бүх барилга нь газрын өнгөтэй, онгойж харлан эзгүйрсэн цонхтой. Яг нуувч шиг. Тэд гурван дайны хөлд үрэгдэж элэгдсэнээ чимээгүйхэн шивнэдэг.Мөн энд жуулчны цагдаа бий. Дашрамд хэлэхэд биднийг тэнд байх бүхий л хугацаанд буутай жентельмен /хамгаалагч/ дагалдаж явсан. 80 сая хүн амтай туөмнөх с улс нэг сая цэрэгтэй армитай гэсэн. Томоохон албан байгууллага, дипломат корпусын үүдэнд автомат буутай цэргүүд зогсоцгооно. Тэд ака буугаа барьсан чигтээ жуулчид руу даллан найрсаг гэгч нь инээмсэглэж, боломж олдвол ганц нэг үг сольчихыг бодно. "Египетэд тавтай морил" гэдэг үгийг тааралдсан хүн бүхэн хэлнэ, хүндэлнэ, Офисын инээмсэглэнэ. Цэргүүд нь хүртэл шүү

...Аан, агуу их Чингис хаан уу...?

Гудамж, дэлгүүр, зах, амьтны хүрээлэн гээд л бидний явсан суусан газар бүрт хаанаас ирснийг маань асуун сониучирхах египетчүүдтэй тааралдаж явлаа. Энд бидэнд шарууд /америк, европчууд/ ихээхэн содон харагддагтай эгээ л адилаар тэнд азиуд үнэхээр сонин хачин харагддаг бололтой юм. Хамгийн түрүүнд л Хятад уу гэж асууна. Үнэхээр л дэлхийн эх газарт хятад хүний хөл хүрээгүй нутаг үгүй гэдэг нь ортой дог. Дараа нь Япон уу гэнэ. Тэгээд л Тайлан, Малайз гээд таавар тааж гарна даа. Өөрсдөө тэрэндээ зугаацан хөөрч байгаа гэж жигтэйхэн. Тэгж тэгж мухардаад "за хэлчих л дээ" гээд л найрч гарна. Монгол гэнгүүт ёстой шокод орно доо. Хооох гээд л. Тэгээд л Чингис хаан гээд л эрхий хуруугаа гозойлгоно. Үүнээс өөр Монголыг орлуулчих мэдээлэл тэнд даанч үгүй. Хаана байдаг вэ гэж асууна. Орос Хятадын дунд гэхээр гайхна. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээг хэлчихвэл за тэгээд л өнгөрөө. Ёстой л чухам "хэлээ гоожуулаад" алмайрчихна. Тэгэхдээ л тун чиг сайхан найрсаг, үнэхээр дотно нөхрийн харцаар үднэ. Жаал зугаа наймаа худалдаагаа бас сурталчлаад авч амжина. Тэнд томоохон үйлдвэр үйлчилгээний газар нэн ховор, Египетийн брэнд болсон үнэртэн, папирусан дээрх зураг, алт, мөнгөө л худалдана, наймаалцана. Худалдаа наймааны тал дээр хятадуудыг санагдуулаад авахаар овжин. Үнэртэй усны тухайд бол ярих юм байхгүй, сайхан орги байгалийн бүтээгдэхүүн, цэцэгсээс гаргаж авсан тосон духинүүд. Бас тэдгээртээ зориулсан ганган хээнцэр шилэн бортого, жижиг сувинерүүд элбэг. Бараг ТҮЦ бүхэн шил үлээж тийм сав хийнэ, үнэртэн бэлтгэнэ. Хулхи үнэртэн гэж даанч байхгүй, байх ч аргагүй. За харин тэрийгээ рекламдахийг бол үзүүлээд өгнө дөө. Гар хөл, хаа тааралдсан ил газар л түрхээд байна, үнэртүүлээд байна, сүүлдээ бүр гарахын түүс болж бараг л зугтаж зулбах нь холгүй нэг юм мултарна. Араас инээгээд л үлддэг нь сайхан шүү. Манай багийн гишүүн 25-р суваг телевизийн найруулагч Жамъянжавийн "найз" Фару /манай буудлын ойролцоох дэлгүүрийн эзэн/ тэнд очсон 14 монголыг "тэнгэрээс илгээсэн" гэх үнэртнээрээ ёстой нэг төрөл арилжтал сэнхрүүлж, биднийг үнэртэй усны талаар иж бүрэн мэдээлэлтэй болгоод зогсоогүй өөрийнхөө дэлгүүрийн шошготой Клеопатра, Тутанхамун, Рамзес зэрэг сүрчгүүдийг Монголд тээж ирэхээс өөр аргагүй болгосон. Өөрөө ч тэрээр Монголчуудын найз гэдгээрээ хөөрхөн омогшиж додигор гэгч нь үдэж билээ. Биднийг Египетийн таван одтой, үндэсний зочид буудал Пирамизад буулгасан манай эрхэм нөхөд /Энэ удаагийн сургалтыг Египетийн сан, Гадаад хэргийн яам, Эль-Гомхуриа сонин хамтран зохион байгуулсан/ үдэш болгон эргэж тойрч, бие сэтгэлийн амар амгаланг асууж нягталж байсныг энд бас дурдууштай. Юутай ч энэхүү хандлага нь бидэнд хүндэтгэл гэхээсээ илүү ажлын хариуцлага гэгчийг ягштал мэдэрдэг хүмүүс юм даа гэх бодол төрүүлсэн.

Үргэлжлэл бий.

7 comments:

саарал said...

Pooh, odort 6 tsag morgol uildchiheer chine hediidee ajil, amidralaa amjuuldag ulsuud ve, esvel barag ajil hiideggui bayan humuus uu? Aihtar shutlegee, neeree.

саарал said...

Aa tiim, ter zurgan deer baigaa huuhnuud yun huuhnuud ve? Egypt nohortei mongol huuhnuud yu?

Хөхтолбот said...

Зураг харжээ байсан тэр дунд, усны дэргэд суугаа бүсгүйн даашинзны хормой дэрвэх нь энд суугаа маньд юуна хамаа гэсэн мөр буужына ш д, хэхэхэ

xvv said...

:D баярлалаа гоё бичлэг байна. Дуустал нь амтархан уншив :D

Segsger said...

Саарал-д: Ороод гарсанд талархав, эрхэм анд Саарал! Чиний блог таалагддаг шүү. Орж гарч л байдгийн. Харин сэтгэгдэл үлдээж байгаагүй санагдана. Аа, тэр хүүхнүүдийн тухайд бол... кккк... /түдгэлзэв/ Нээрээ Египетэд ганц монгол хүүхэн араб эр дагаж очоод алингаа алдаад одоо ч байж л байгаа гэж ховын үг чих шүргээд авсан шүү. Араб гэхээр л алт, доллар хоёр харагдаад дагаад очсон чинь 100 долларын цалинтай нөхөртэй нөхцчихсөн байсан гэсэн. Одоо хадмууд нь чаддаг юм бол замын зардлаа олоод нутаг буцаарай гэж тавлаж суудаг сурагтай байсан.

Толбот андад: Усны дэргэд суугаа бүсгүйн даашинзны хормой дэрвэж урд мэддэг андад шүлгийн мөр хайрлах нь надад юуны хамаа... ха ха ха

Хүү-д: Уншаад уншаад явчихсанд талархаад талархаад ханашгүй еэ хө хө хө
Зочилсонд их баярлалаа. Орж гарч байгаарай хө.

3apaa said...

Энэ одоо хаа таарсан газраа нэг хар юм тэвэрч зураг авахуулж байхын... Хачин хүн шүү... Тэднуусынхаа тухай бичээч :P

erhtsas said...

Египетээр аялуулсанд баярлалаа агаа, сэтгүүлч хүний жаргал энэ л байх даа, мэдээ сурвалжилага бэлдээд, цүнхээ үүрээд, аппратаа зүүгээд, үзэг бал, дуу хураагуураа аваад аян замд гарч, адал явдалтай учраад л... сайхан шүү!!!