Wednesday, February 10, 2010

Сэгсгэр нь эмээгээ дурсаад...

Миний буурал ээж агаа бид хоёрт жил бүрийн Цагаан сараар шинэ дээл хийж өгдөг сөн. Агаагийн дээлийг заавал түрүүлж гаргана. Би гэж адгуу амьтан дээлээ хүлээгээд, агаагийн дээлийн хаваасыг хол шид гэж эмээгээ даапаалаад урвагнаж суудаг сан. За тэгээд л миний дээлийг эсгээд эхлэхээс нь аваад л эмжиж хадахыг нь хүртэл харж, энэ нь ийм тэр нь тийм болчихлоо гэж ирээд л нэг их том амьтан эмээгээ уймруулж хошуу нэмэрлэж суудаг байж билээ.
Эмээ намайг олон үг болоод эхлэнгүүт л үглэж гарна. Энэ ер нь олигтой амьтан болох шинжгүй л золиг, муу ахынхаа дээл хувцасанд атаархана, газар дээр хоёулхнаа юм байж. Өөрийнхөө юманд ихээхэн өрөлхүү. Хэн чамайг ийм болгочихов, би юу, аан гэж ирээд л нэг их сүрхий загнамар болсноо хэзээний л нөгөө цайлган уймраа зангаараа, “За миний хүү цайгаа гал дээр тавина байгаа, цаад муу агаа чинь хацар нь ягаарсан юм сүрхгээд л ороод ирэх нь болж байна” гээд л дөнгөж саяхан үглэж дуулж байсан “муу жаал”-аа татаж үнсээд өндөлздөг сөн.
Эмээ нэг жил надад дээл хийдэггүй ээ. Цагаан сар болох гээд хөөрхий муу Сэгсгэр хуруу даран догдлоод байдаг, дээл байдаггүй. Агаагийн дээлийг аль хэдийнэ оёод авдрандаа хийчихсэн. Агаа ч гэж нударгатай дээл анх өмсөнө гэж сагсуурсан мундаг амьтан урдуур хойгуур гарахдаа намайг өдөж нударч, эргээд ховлож орилохын завдалгүй эмээг аргалан сайн хүн болж гар хурууных нь үзүүрт бөндөгнөөд хачаан хачин. Уур хүрээд эмээтэйгээ муудаж дуугаа хурааж духаараа хараад ихээхэн эвгүй сууж байсан муу Сэгсгэрийг өрөвдсөн уу яасан эмээ гэнэтхэн татаж үнсээд чихэнд минь “нууц” шивнэх нь тэр.
-Аав нь хүүхэндээ дээлнээс өөр гоё юм авсан гэнэ лээ, миний хүү мэдээгүй юм шиг л байгаарай за юу...
-Хүүе эмээ, тэгвэл тэр чинь юу юм? Надаа шинэ пальто авчихсан байна тийм ээ? Гоё доо, агаад хэлчих үү?
-Агаадаа битгий хэл. Эмээ нь чамд хэлэхгүй ёстой юм уг нь. Чи бид хоёр ингээд сагсуураад байвал хэрэгт орно шүү. Аяд гэм зомо... /Эмээ агаа бид хоёрыг ЗОМО гэж их хэлдэг сэн. Сүүлд мэдэх нь ээ, золиг моньд гэсэн үгийн товчлол байдаг байгаа хахаха/
-Аав тэгээд шинэ пальтог маань хэзээ өгөх юм? Би шинийн нэгэнд тэгээд аавынх руу юу өмсөж явах юм? /хариугүй уйлчих шахан айлгангаа/ -Уг нь шинэ дээлээ өмсөж очоод гоё польтогоороо солиод өмсчих байсан юм...
–Миний хүүхний ноднингийн дээл байгаа шүү дээ, яагаав өнөө...
-Үгүй, үгүй. Би юу гэж тэр муу хуучин дээлийг чинь өмсөж байх юм /хэзээний бэлэн нулимс нь гараад ирчихсэн уухилж байгаа мань Сэгсгэр/
-За за, миний хүү хичээлээ хийж бай. Эмээ нь орой хэдэн бууз нэмж хөлдөөчихөөд амжвал нь дээл эсгэе даа тэгвэл хүүдээ.
–Одоо яаж амжих юм /енгэнэтэл орилонгоо/. Би тэгвэл Цагаан сараар аавынд очихгүй. Тэр муу пальтог нь ч өмсөхгүй мэдэв үү.
–За барагтайхан байж үзээрэй хүүхээ. Ямар юмандаа цийгээв чи. Би үхээ юу, айн /эмээ ухасхийхийн хамт Сэгсгэр ч амжаад гүйгээд гарна/
Тэр чигээрээ гадуур эргэлдэж сүүлдээ айлын хүүхдүүдтэй тоглож баахан манаргасаар “Хоолоо ид ээ миний хүү” гэж дуудуулан орж ирэхдээ дээлнийхээ хэрүүлийг ч хэдийнэ мартчихаж. Айлын хүүхдүүдэд пальтотой болж байгаагаа гайхуулахаа харин мартаагүй гэж байгаа. Барааг нь хараагүй нөгөө гайхал шинэ пальтог чинь юүдэнтэй, улаан эрээн, ханцуй дээрээ, бас хормой дээрээ хар үстэй гэж ирээд л баахан гайхуулсан юм даг.
Битүүний урд өдөр муу эмээ минь гэрийнхээ утаа тоосыг гөвж, угаалга арчилга хийж, агаа бид хоёр ч яахав тусын нэмэргүй амьтад гай болохгүй нь их юм гэсэн шиг гадаа тоглосоор өнжиж, тоглоомондоо ядарсан хоёр нөхөр сартайтлаа хурхираад унтаад өгч. Битүүний өглөө босоод ирсэн чинь эмээ нэг их жоготой мушийснаа
–Алив Сэгсгэр золиг, тэр авдар уудлаадах гэдэг юм. Авдран дотор агаагийн дээлтэй ав адилхан хул шаргал торгоор хийсэн шинэ дээл байж байх нь тэр.
–Өө-хө, би дээлтэй болчихсон доо гээд л шууд углатал ёстой юм ёсоороо гэдэг шиг яг сайхан таарчихаж. Нэг их баярлаж сүйд болсонгүй. Шинэ пальтогоо өмсөх юм чинь гэсэн шүү юм бодоод, тэгсхийгээд л тоглоомондоо год хийгээд арилсан сан...
Харин хойтон жил нь би шинэ дээл өмсөөгүй. Пальто маань ч хуучирчихсан байлаа. Эмээ минь бурханы оронд одоод агаа бид хоёр аавынд ирсэн болохоор Шинийн нэгний өглөө авдар руугаа ухасхийх ч хэрэг гараагүй юм.

14 comments:

ollie said...

сайхан дурсамж байна оо. надаа харин эмээтэй холбоотой ямар ч дурсамж байдаггүй.

Бум said...

За даа, Амьдралын сайхан гэдэг чинь энэнд л байгаа юм даа. гэтэл зарим хүн!!!! хахь өөр юм хүсдэг нь сонин шүү . . .

sukhzorig said...

Сайхан дуртгал байна шүү. Сэгсгэрхэн минь... Би гэдэг хүн бас эмээгийн амины амьтан. Эрх нь дэндсэн нөхөр л дөө. Ёстой сэрүүнээрээ "үнэгчлэн" эрхлэж зүүд мэт аяглаж явж дээ. Одоо бодход... Эмээгээ саначихлаа...

Сэгсгэр said...

Оллие: Баярлалаа. Эмээ минь бурхан болсон ч элэг бүлээцүүлсэн хэвээр...

Бум: Амьдрал сайхаан, амьдрах бүр сайхан...

Сүүгий: Сэрүүн зүүдэлж сэрж мартдаг хорвоод эрхээрээ элж явсан өдрүүд л уяхан санагдах юмаа хө

Ganders said...

Saikhan dursamj bi ch bas jil bur l emee, eej 2-roo deel hiilguulj umsdug bsan.

Emeegee ih sanaj bna ooo

Arsun said...

Сайхан дурсамж байна. “Хоолоо ид ээ, миний хүү” хичнээн сайхан сонсогдож байнаа.

Arsun said...

Сар шинэдээ сайхан шинэлээрэй. Элгээрээ энх амгалан, төрлөөрөө түвшин амгалан болтугай.

ЗОРИГТ8 said...

Эмээгийн л охин билээ хө

Оогий said...

Sar shinedee saihan shineleerei

БОРОО said...

Sar shiniin mend. Tsagaan sar bolohoor emee owoo gedeg humuusiin une tseniig sanah yum. Busad ni ued barag martchihdag bi ch muuhai l hundee.

А said...

Эмээгээ өвөөгөө санаад байна

Сэгсгэр said...

Гандирс: Шинэ дээл өмсөөд онгирчихсон амьтан эмээгээрээ мялаалгана гэж урвагнаж байснаас эмээгээ мялааж явсангүй дээ найз нь. Жаргалтай цагтаа дууддаггүй ээжийгээ зовлонтой цагтаа дандаа дууддаг ч билүү нэг тийм шүлэг уншиж байсан санагдана...

Арсун: Хоол идэх юмуу хоёулаа хэхэхэ.

...Сайхан шинэллээ хө. Сар шинэдээ сайхан шинэлэв үү? Орой хожуу хариу бичиж байгаадаа хүлцэл өчье.

Зоригт: Дуу дуулж өгсөнд баярлалаа Зориг оо. Сайхан хоолойто хүү шүү хэхэ.

Оогий: За их баярлалаа хө. Сайхан шинэлсэн биз дээ. Онлайн золголт л хийхээс дээ дүү охинтой. Тэр эхийн домог чинь янзтай сайхан байна билээ шүү. Харин сэтгэгдэл үлдээж болохгүй байсан.

Бороо: Хэхэ, нээрээ Цагаан сараас бусад цагт ч муу өвөө эмээ нараа мартаж санаад л сууцгаадаг даа амьдралын эрхээр. Ганцхан чи биш бүгдээрээ л тийм шүү дээ хө. Сайхан шинэлсэн үү?

Юки: Эвий муухай охин, өвөө эмээдээ гүйгээд очоорой. Сайн хүүхэд шүү

Г.Отгончимэг said...

Saihan durdatgal bna. Bi amidraldaa gantshan deeltei bsan ter ni minii emeegiin hj ugsun shar torgon deel. terendee ih xairtai 3 angid bhad mini tsagaan saraar hj ugsun deeliig ni 10 tugsutluu l chirsen dee. Anh umsuhud uvdugnuus dooguur tatdag bsan deel 10 tugsuhud tseej ni bariu bolj, uvdugnuus dooguur tatdag bolson bsan. Harin emee maani burhanii orond odohdoo ach ohinihoo daraagiin deeliig beldej uguud yvsan daa. Eldsen ishignii aris, deeliin ungu, emjeer ni odoo yag 9 jiliin nuugiig uzej bna. Ene jil hurimaa hiiheerei emeegiinhee beldej ugsun deeliig hiilgej umsunu gej bodoj bgaa.

Bayarlalaa.

Г.Отгончимэг said...

uvdugnuu deeguur bur oodoison bolson doo