Хүний мөр тасраагүй Хүн чулууны хонхорт ажиллаж амьдарч
яваа энэ он цагууд минь миний амьдралын онцгой содон дурсамж болон үлдэхээ ч
магадгүй. Хүний амьдралд юу тохиолдохыг хэн ч таадаггүй шүү дээ. Сонинбаяр анд
маань нэгэнтээ “Өвгөд нь цөөрсөн Өндөрхаандаа өвгөн болоод очно би” хэмээн ярьж
байхыг сонсоод Цэцэн ханы цэнхэр нутагтаа харьж буцах тийм цаг нээрээ л ирэх
байх шүү хэмээн бодолхийлж билээ. Энэ багахан уянгын халилыг эс өгүүлэн өгүүлэх
минь, би гэдэг хүн дөрвөн уулын дундах эртний түүхт нийслэл хотдоо амьдраад
нэлээдгүй он жилийг үдсэн атал хэрмэн дөрвөн хайрхныхаа нэгээс илүүд хөлийн
мөрөө хүргэж үзээгүй хүн байж. Богд уулынхаа Цэцээ гүний оргилд бол өмнө
олонтаа гарч явжээ. Харин Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан руугаа зүглэж
байсангүй. Зүглэх байтугай хараа талбин нухацтай удаахнаар ширтэж ч байгаагүй
байх юм. Их хотын амьдрал гэдэг хөгжил дэвшлийн хурдтай хөл нийлэн жирийхийн
тухайд сэтгэлд өег, далд бардамналыг төрүүлэх боловч уул ус, эх дэлхийтэйгээ хүйн
холбоотой монгол хүний дотоод сэтгэлийн нарийн сэжмийг сэмэлж, мэдрэмжийн
харааг мохоодог юмуу гэлтэй. Өнгөрөгч амралтын өдөр баатар эрийн сахиус
шүншигтэй Баянзүрх хайрхныхаа оргил дээр зогсож байхдаа би ийнхүү бодож амжсан
юм.

Улаанбаатар хотын зүүн урд орших сүрлэг сайхан энэ
хайрхан далайн түвшнээс дээш 1860 метрийн өндөрт өргөгджээ. Зүүн талаасаа уул
толгодоор халхлагдсан, хойд талаараа модот уулсаар хүрээлэгдсэн, хагас саран
хэлбэртэй, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрхэн
хэлбэртэй энэ уулыг эртнээс нааш цэрэг эрс, эрэгтэй хүмүүст ээлтэй хэмээн
домоглодог ажээ. Харин бид уулан дээрээс нийслэлийнхээ зүг хараачлахдаа хамгийн
түрүүнд нүдэнд өртөх Хужирбулангийн тэнүүн бэлчрийг зааж, “Энд л жанжин маань
цэргээ засаж явсан юм шүү дээ” хэмээн их мэдэгчийн багахан зальжин хоолойгоор
хөгжилтэй гэгч нь хөөрөлдөж зогссон юм. Бид гэдэг маань МОНЦАМЭ агентлагийн
спорт аяллын “Асралт” хамтлагийнхан л даа. Хоёр жилийн өмнө улсын наадмаар
Асралт хайрханы оргилд МОНЦАМЭ-гийнхээ тугийг мандуулж ардын хувьсгалтай нас
чацуу байгууллагынхаа 90 жилийн ойг угтаж байсан МОНЦАМЭ-гийн спорт хамтлагийн
залуус уулын бартаат аяллынхаа энэ удаагийнхаар Баянзүрх хайрхныг сонгосон юм.
Хамгийн “эвгүй” талаас нь гарна хэмээн зүтгэж зүрхэн уулын баруун хойд эгц
талаас мацсан нь бас л бахархууштай. Одоо л бахархан бичиж буй болохоос яг тэр
үед хөлсөө шударч, хөлөө чирэн мацаж явахдаа
хөөрхий муу Сэгсгэр бахархах манатай, бахардаж унах шахаж явснаа шударга
ёсыг хүндэтгэн шулуухан хэлчихсэн нь дээр байх аа.

Агентлагийнхаа үүднээс автобусаар хөдөлсөн бид
Хужирбуланд буугаад Туулын бургасны зүг хоёр зээрдээрээ “цогиулж” эхэллээ. Туул
ажаагаар ахлуулсан “Ахмадын золбоо” хамтлагийнхан буюу Самбуу ах, Гэрэл ах,
Жамцай ах, Алимаа эгч, Сэрээтэр ах маань Туулын бургасанд хүрэнгүүтээ хээрийн
дэвсэгт хэвлэлийн бага хурал гэнэт зарлаж энэ газарт тулга тогоогоо засаж
тухлан үлдэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Уг нь амь нэгтэй, амлалт чангатай
аяллын багийг “хагарган бутаргах” ийм ноцтой асуудлыг дориун дуугаар мэдэгдэл
хийж биш, дорой мэхийн хүсэлт гаргах замаар шийдэх ёстой хэмээн ахмадуудаа нөхөрсгөөр
дооёолсоор хөдөлсөн манай залуусын шийдмэг эрчтэй алхаа уулын энгэр хүрээд
жаахан суларч, сууж эхэллээ. Гэхдээ л сууж үлддэг нь Сэгсгэр, сугарч алхдаг нь
тэд хэвээрээ явсаар аялал дууссаныг бас л урьтан дуулгалгүй болохгүй нь. Аяллыг
арагш татагч архаг хуучтай Сэгсгэрээс бусад нь Эверестийн мастерууд шиг эвлэг
хөнгөн алхаж, эвтэй чимээгүйхэн мацаж явцгаасан юм. Замын түгжээ, намын дайсан Сэгсгэрээр
аяллын багийг “цоожилвол” гүүпэрт нь яваа нөхдийн гүйдэл суларна хэмээн
болгоомжилсноос аяллын багийн ахлаач, атаман Батсүх зарлиг гарган хөнгөн хөлт
хөлөг баатар Батсайханыг багийн цоожоор томилов. Ахлаачийн ачтай буянтай энэ л шийдвэрийн ачаар энэхүү тэмдэглэлийг
тэрлэгч бээр хээр унаж хэц дэрлэлгүй мөлхсөөр
эд агуурсыг хур мэт буулгадаг эзэн савдагтай, баатрын шүншигт Баянзүрх
хайрхныхаа оргил тэргүүнд бараалхаж чадсандаа баярлавч ханашгүй.



Юутай ч ийнхүү аахилж, амьсгаадаж, хөлөрч, хөглөж явсаар
оргилд нь хүрч чадлаа. Вирусын гаралтай ханиаданд тагларч бөглөрч явсан уушиг
минь сая л нэг цэлийтэл амьсгаа авав бололтой. Орой нь уулын хормойд үлдсэн
ахмадууд дээрээ ирэхэд ханиад нэгэнт ор мөргүй алга болоод тэдний минь гараа
гаргаж хийсэн хээрийн хоол, ботгирсон өтгөн цай эгээ л эм тариа мэт ядрал
тайлсан. Сэтгэл сүлэрсэн тэр цайны амтыг мартталаа их удах байх даа.
Бид буцлаа. Уулын зүг алхахдаа өөрийн мэдэлгүй баярлаж
байсан хөл маань хот ойртохын хэрээр хойшоо суугаад ч байх шиг. Энэ удаад хөл
минь биш сэтгэл санаа минь жаахан сульдаж байгааг мэдэрлээ. Хан Баянзүрх
хайрхны оройгоос халиахад нийслэл хотын минь дээр цөмийн үүл мэт зангирч асан
мөнөөх утаа... хотын хорт утаа... руугаа алхаж явна бид. Тэнд бидний гэр орон,
хайртай хүмүүс минь хүлээж байгаа...
12 comments:
МОНЦАМЭ-дээ, МОНЦАМЭ-гийнхэндээ хайртай шүү Сэгсгэр нь
та ирцэн байгаамуу, эсвэл буццан уу
Сэгсгэрээ сайхан нийтлэл бичсэн байна. Баярлалаа. Өвлийн аялал үнэхээр хүнд, хэцүү гэдгийг ойлгож байна. Уушгин дахь утаагаа маш сайн сэгсэрчээ.
neeree l money bodson baigaagui bh, saikhan bichjee
Setgegdlee uldeesen buh naizuuddaa bayarlalaa
Сайн уу? Ирсэн байгаа юм уу, хэзээ буцчих вэ?
Хөөрхөн хөгжилтэй бичлэг байна :)
Chandmani
Bagsh: Sain bna uu. Bagshdaa oroi hojuu ch gesen Bagsh naryn bayariin mend hurgeye. Surguuliin 90 jiliin oi boloh gej bgaa. Dursamjiin nomond n tany hurgiig bichij oruulah san gej mash ih husej bna. Holboo bariarai bagsh aa
Chandmani: Hehe bayarlalaa naizaa. Ih alhagch, ayalagchdyn umnu ichmeer ch damshig daa gej kk
Хайран цэргүүд... хэхэ
Есть вариант и возможность брать отдых в июне[url=http://ажур-аудит-консалтинг.рф/ ],[/url] но для самолете мчаться боимся[url=http://ажур-аудит-консалтинг.рф/ ],[/url] поэтому рассматриваем исключительно поезд. Хотелось бы к морю, только не маломальски суток трястись, а подобрать программу так, чтобы переезды были не утомительными. Может красоваться упихивать предложения?
[url=http://fxoneplus.ru/]Секреты рынка форекс[/url]
Minii nz saihan haragdaj bna,suragch ahiu tsagaasaa l ingej hul niluulen alhah bsiim sh de,gehdee oroitohgui ee hu.Saihan niitlel boljee,nziinhaa blogoor heseed,ajilaa aldah shaha yum da muu nz chini,haniad gedeg zuild darluulj yavah tsag ard bdagiim sh de,hehe zuvulguu sain dagasan bna.
Post a Comment