Tuesday, February 5, 2013

Баянзүрх хайрханд бараалхаж “мөлхсөн” аялал



Хүний мөр тасраагүй Хүн чулууны хонхорт ажиллаж амьдарч яваа энэ он цагууд минь миний амьдралын онцгой содон дурсамж болон үлдэхээ ч магадгүй. Хүний амьдралд юу тохиолдохыг хэн ч таадаггүй шүү дээ. Сонинбаяр анд маань нэгэнтээ “Өвгөд нь цөөрсөн Өндөрхаандаа өвгөн болоод очно би” хэмээн ярьж байхыг сонсоод Цэцэн ханы цэнхэр нутагтаа харьж буцах тийм цаг нээрээ л ирэх байх шүү хэмээн бодолхийлж билээ. Энэ багахан уянгын халилыг эс өгүүлэн өгүүлэх минь, би гэдэг хүн дөрвөн уулын дундах эртний түүхт нийслэл хотдоо амьдраад нэлээдгүй он жилийг үдсэн атал хэрмэн дөрвөн хайрхныхаа нэгээс илүүд хөлийн мөрөө хүргэж үзээгүй хүн байж. Богд уулынхаа Цэцээ гүний оргилд бол өмнө олонтаа гарч явжээ. Харин Баянзүрх, Чингэлтэй, Сонгинохайрхан руугаа зүглэж байсангүй. Зүглэх байтугай хараа талбин нухацтай удаахнаар ширтэж ч байгаагүй байх юм. Их хотын амьдрал гэдэг хөгжил дэвшлийн хурдтай хөл нийлэн жирийхийн тухайд сэтгэлд өег, далд бардамналыг төрүүлэх боловч уул ус, эх дэлхийтэйгээ хүйн холбоотой монгол хүний дотоод сэтгэлийн нарийн сэжмийг сэмэлж, мэдрэмжийн харааг мохоодог юмуу гэлтэй. Өнгөрөгч амралтын өдөр баатар эрийн сахиус шүншигтэй Баянзүрх хайрхныхаа оргил дээр зогсож байхдаа би ийнхүү бодож амжсан юм.


Улаанбаатар хотын зүүн урд орших сүрлэг сайхан энэ хайрхан далайн түвшнээс дээш 1860 метрийн өндөрт өргөгджээ. Зүүн талаасаа уул толгодоор халхлагдсан, хойд талаараа модот уулсаар хүрээлэгдсэн, хагас саран хэлбэртэй, баруун хойд талдаа Туулын бургасан тохойтой. Алсаас харахад зүрхэн хэлбэртэй энэ уулыг эртнээс нааш цэрэг эрс, эрэгтэй хүмүүст ээлтэй хэмээн домоглодог ажээ. Харин бид уулан дээрээс нийслэлийнхээ зүг хараачлахдаа хамгийн түрүүнд нүдэнд өртөх Хужирбулангийн тэнүүн бэлчрийг зааж, “Энд л жанжин маань цэргээ засаж явсан юм шүү дээ” хэмээн их мэдэгчийн багахан зальжин хоолойгоор хөгжилтэй гэгч нь хөөрөлдөж зогссон юм. Бид гэдэг маань МОНЦАМЭ агентлагийн спорт аяллын “Асралт” хамтлагийнхан л даа. Хоёр жилийн өмнө улсын наадмаар Асралт хайрханы оргилд МОНЦАМЭ-гийнхээ тугийг мандуулж ардын хувьсгалтай нас чацуу байгууллагынхаа 90 жилийн ойг угтаж байсан МОНЦАМЭ-гийн спорт хамтлагийн залуус уулын бартаат аяллынхаа энэ удаагийнхаар Баянзүрх хайрхныг сонгосон юм. Хамгийн “эвгүй” талаас нь гарна хэмээн зүтгэж зүрхэн уулын баруун хойд эгц талаас мацсан нь бас л бахархууштай. Одоо л бахархан бичиж буй болохоос яг тэр үед хөлсөө шударч, хөлөө чирэн мацаж явахдаа  хөөрхий муу Сэгсгэр бахархах манатай, бахардаж унах шахаж явснаа шударга ёсыг хүндэтгэн шулуухан хэлчихсэн нь дээр байх аа.
Энэ удаагийн аяллын багт Захиргаа хүний нөөцийн хэлтсийн дарга Ч.Балжинням, Гадаад харилцааны референт М.Танан, даргын туслах Л.Тамир, Гадаад мэдээний албаны хариуцлагатай редактор З.Амгалан, тус албаны н.Доржханд, Англи хэвлэлийн ерөнхий редактор Г.Пүрэвсамбуу эхнэр Алимаагийн хамт, “Новости Монголии” сонины орчуулагч, сурвалжлагч Ж.Батсайхан Б.Ариунбаяр, “Монголын мэдээ” хятад сонины орчуулагч редактор Д.Базардорж, Маркетингийн менежер Д.Пүрэвсүрэн, Эх бэлтгэл дизайны албаны удирдагч Н.Батсүх, тус албаны ажилтан Н.Гал-Ундрах, Л.Эрдэнэсувд,  Гэрэл зургийн албаны удирдагч Б.Чадраабал, тус албаны ажилтан Б.Цэрэнжамц, П.Төгөлдөр,  Хэвлэх үйлдвэрийн дарга С.Баярсайхан, ажилтан Д.Гэрэл, агентлагийн ахмад ажилтан Туул,  Дотоод мэдээллийн албаны сурвалжлагч Д.Сэрээтэр, МОНЦАМЭ-гийн Хөххот дахь сурвалжлагч Сэгсгэр миний бие багтжээ.
Агентлагийнхаа үүднээс автобусаар хөдөлсөн бид Хужирбуланд буугаад Туулын бургасны зүг хоёр зээрдээрээ “цогиулж” эхэллээ. Туул ажаагаар ахлуулсан “Ахмадын золбоо” хамтлагийнхан буюу Самбуу ах, Гэрэл ах, Жамцай ах, Алимаа эгч, Сэрээтэр ах маань Туулын бургасанд хүрэнгүүтээ хээрийн дэвсэгт хэвлэлийн бага хурал гэнэт зарлаж энэ газарт тулга тогоогоо засаж тухлан үлдэх болсноо албан ёсоор мэдэгдлээ. Уг нь амь нэгтэй, амлалт чангатай аяллын багийг “хагарган бутаргах” ийм ноцтой асуудлыг дориун дуугаар мэдэгдэл хийж биш, дорой мэхийн хүсэлт гаргах замаар шийдэх ёстой хэмээн ахмадуудаа нөхөрсгөөр дооёолсоор хөдөлсөн манай залуусын шийдмэг эрчтэй алхаа уулын энгэр хүрээд жаахан суларч, сууж эхэллээ. Гэхдээ л сууж үлддэг нь Сэгсгэр, сугарч алхдаг нь тэд хэвээрээ явсаар аялал дууссаныг бас л урьтан дуулгалгүй болохгүй нь. Аяллыг арагш татагч архаг хуучтай Сэгсгэрээс бусад нь Эверестийн мастерууд шиг эвлэг хөнгөн алхаж, эвтэй чимээгүйхэн мацаж явцгаасан юм. Замын түгжээ, намын дайсан Сэгсгэрээр аяллын багийг “цоожилвол” гүүпэрт нь яваа нөхдийн гүйдэл суларна хэмээн болгоомжилсноос аяллын багийн ахлаач, атаман Батсүх зарлиг гарган хөнгөн хөлт хөлөг баатар Батсайханыг багийн цоожоор томилов. Ахлаачийн ачтай буянтай  энэ л шийдвэрийн ачаар энэхүү тэмдэглэлийг тэрлэгч бээр хээр унаж хэц дэрлэлгүй мөлхсөөр  эд агуурсыг хур мэт буулгадаг эзэн савдагтай, баатрын шүншигт Баянзүрх хайрхныхаа оргил тэргүүнд бараалхаж чадсандаа баярлавч ханашгүй.
Баянзүрх уул нь Дархан ван Пунцагцэрэнгийн хошуунд харъяалагддаг байсан учир Жанчивлангийн хүрээний лам нар ирж тахилга үйлддэг байжээ. Баатрын шүншигтэй энэ хайрхан Лусын дангины сахиустай гэлцэх нь тун сонин сонсогдох. Номтой мэргэдийн хэлцэхээр, энэ уул эд агуурсыг хур мэт буулгадаг эзэн савдагтай тул баяжин дэгжихэд сайн хэмээн үзэж “Баяжихыг хүсвэл Баянзүрхийг тахь” гэх хэлц үг хүртэл гарч байжээ. Баяжих дургүй хэн байхав. Тэгэхдээ манай “Асралт” багийнхан очсон газрынхаа овоо даваанд идээ будаагаа өргөж уул хангайгаа аргадан хурайлдаг мөнөөх л тахимдуу зангаараа овоогоо гороолох замдаа илүү дутууг үл бодон Их хүрээнийхээ зүг саравчлан цайлган инээмсэглэцгээж зогссон юм. Тэр үед тэдэн дунд мөнгө бодож зогссон хүн байгаагүй гэдэгтэй мөрийцөхөд ч бэлэн байна.
Аливаа аялал, тэр тусмаа уулын аялал гэдэг хүнээс биеийн хөлс,  сэтгэлийн тэнхээ шаарддаг тэр л хуулиар энэ удаа ч манайхан мөн л багагүй аахилж байж энэ оргилд гарсан. Оргилд гарсан аянчдын хувьд хамгийн түрүүнд хардаг зүйл бол ирсэн зүг, дээд тэнгэр хоёр юм. Ялсан сэтгэлийн хөөрлаа дарж чадалгүй дуу алдах шиг сайхан мэдрэмж аялагчдад үгүй. Хотоос гарч байгаль дэлхийдээ ойртох тусам тархины ачаалал хөнгөрч зүрхний баясал нэмэгдээд ирдэг билээ. Энэ удаад ч мөн ялгаагүй, цагийн мөнхөд цахим тооцоолуур мэт тачигнаж байдаг бодлын урсгал зогсож нэг л мэдэхэд нэлэнхүй цагаан орчил дунд юу ч бодохгүй инээж явлаа. Уг нь өвлийн аялалд анх удаа л дөрөөлж, ядрал зутрал хоёртоо ялагдаж яваа хүн шүү дээ би чинь. Юун инээх манатай л баймаар юм. Гэтэл өөрийгөө шоолж ганцаараа инээх маань энд нэн зугаатай ажил болон хувирчээ. Ийнхүү өөртэйгөө ойр дотно нөхөрлөлгүй их уджээ. Хоёр жилийн өмнө Хагийн нуурын аялалд явахдаа л яг ингэж тажигнатал инээж билээ ганцаараа. Тэгэхэд бас л алингаа алдаж анд нөхдөөрөө чирүүлж татуулсаар очиж байсан сан. Манай агентлагийн залуус ч хүчтэй шүү. Чирэгдэл учруулагчаа чирээд чин сэтгэлээсээ инээгээд л алхаж явдаг цоглог улс даа. Иймэрхүү аялал хамт олныг жинхэнэ утгаар нь ойртуулж нягтруулдгийг би Хагийн нуурыг зорьсон аяллын замд тун ч ойроос мэдэрч билээ. Тэгэхэд би сэм ард үлдэж бутны ёроолд хулгайгаар амарч суухдаа “Би ингээд суугаад хойш нь татаад байх юм бол манайхан өнөөдөр нар унахаас өмнө аянчдын отог дээрээ хүрч чадахгүй, шөнөөр намаг балчиг туучиж унаж тусан балрахаас гадна төөрнө гэж том зовлон байна” гэж өөртэйгөө тооцоо бодоод ухасхийн боссон боловч тун удалгүй мөнөөх л зовлонт бодолдоо дахин үйж, “Хурдхан хуурай, хоноглочихож болох тэр аятайхан отог дээр хүрчих юм сан. Тэнд л хүрчих юм бол галаа ч түлэхгүй, майхнаа ч босгохгүй, шууд л өвсөн дээр нойтон хувцастайгаа тэрий хадаад тэр чигээрээ хурхираад өгнө дөө” хэмээн заналтайгаар шийдэж байж билээ. Одоо бодохоор үнэхээр инээд хүрмээр. Маргааш нь цоо шинэ хүн болчихсон сэрээд ахиад л аяллаа үргэлжлүүлэх ямар сайхан байдаг гэх вэ. Байгалаас өөр газар, алхахаас өөр ажил хийж ядраад тэгж унтсан бол маргааш нь мах шиг амьтан л сэрэх байсан байх гэж байнга бодогддог юм.
Энэ удаагийн аялал Асралт хайрхан болоод Хагийн нуурын аяллыг бодоход “үдийн будаа” мэт санагдаж байсан ч ууландаа ирээд тэрхүү хайрхныхаа нэг эд эс нь болоод алхахын цагт бас л амаргүй байлаа. Зун цагт намагт халтираад өнхрөөд өгдөг Зандаа өвөл цасанд суугаад урагшилдаггүй. Чадраа, Базараа хоёроор татуулж чирүүлж, Батсайханаар араасаа түлхүүлж, Пүүжээ Танан хоёроор сэтгэлзүйдээ бариа засал хийлгэж, адууны мах, аагтай цай, амттай онигоогоор дэмнүүлэн байж урагшилж яваа энэ хөөрхий нөхрийг өндөр дээрээс дурандах Батсүх, Амгалан, Ариунбаяр, Төгөлдөр нар ямар атаархмаар юм бэ. Арайхийж давж ирсэн гүвээн дээр тас тас инээн тосох Балжаа эгч Тамираа хоёроос ядралын ямарч шинж тэмдэг олж хараагүйдээ ихэд аазгай хөдлөв. Шартай хүн шар муур хоёр уг нь урагшаа ганц ухасхийхэд л хүрчихмээр юм. Даанч барсангүй. Одоо хэдүүлээ жоохон л амарчихъя, тэгэх үү дээ гээд л дахин гошигноод эхлэх нь тэр.  
Юутай ч ийнхүү аахилж, амьсгаадаж, хөлөрч, хөглөж явсаар оргилд нь хүрч чадлаа. Вирусын гаралтай ханиаданд тагларч бөглөрч явсан уушиг минь сая л нэг цэлийтэл амьсгаа авав бололтой. Орой нь уулын хормойд үлдсэн ахмадууд дээрээ ирэхэд ханиад нэгэнт ор мөргүй алга болоод тэдний минь гараа гаргаж хийсэн хээрийн хоол, ботгирсон өтгөн цай эгээ л эм тариа мэт ядрал тайлсан. Сэтгэл сүлэрсэн тэр цайны амтыг мартталаа их удах байх даа.
Бид буцлаа. Уулын зүг алхахдаа өөрийн мэдэлгүй баярлаж байсан хөл маань хот ойртохын хэрээр хойшоо суугаад ч байх шиг. Энэ удаад хөл минь биш сэтгэл санаа минь жаахан сульдаж байгааг мэдэрлээ. Хан Баянзүрх хайрхны оройгоос халиахад нийслэл хотын минь дээр цөмийн үүл мэт зангирч асан мөнөөх утаа... хотын хорт утаа... руугаа алхаж явна бид. Тэнд бидний гэр орон, хайртай хүмүүс минь хүлээж байгаа...

12 comments:

Сэгсгэр said...

МОНЦАМЭ-дээ, МОНЦАМЭ-гийнхэндээ хайртай шүү Сэгсгэр нь

ЗОРИГТ8 said...

та ирцэн байгаамуу, эсвэл буццан уу

Anonymous said...

Сэгсгэрээ сайхан нийтлэл бичсэн байна. Баярлалаа. Өвлийн аялал үнэхээр хүнд, хэцүү гэдгийг ойлгож байна. Уушгин дахь утаагаа маш сайн сэгсэрчээ.

Anonymous said...

neeree l money bodson baigaagui bh, saikhan bichjee

Segsger said...

Setgegdlee uldeesen buh naizuuddaa bayarlalaa

GBayarmaa said...

Сайн уу? Ирсэн байгаа юм уу, хэзээ буцчих вэ?

Anonymous said...

Хөөрхөн хөгжилтэй бичлэг байна :)
Chandmani

Segsger said...

Bagsh: Sain bna uu. Bagshdaa oroi hojuu ch gesen Bagsh naryn bayariin mend hurgeye. Surguuliin 90 jiliin oi boloh gej bgaa. Dursamjiin nomond n tany hurgiig bichij oruulah san gej mash ih husej bna. Holboo bariarai bagsh aa

Chandmani: Hehe bayarlalaa naizaa. Ih alhagch, ayalagchdyn umnu ichmeer ch damshig daa gej kk

Arsun said...

Хайран цэргүүд... хэхэ

Anonymous said...

Есть вариант и возможность брать отдых в июне[url=http://ажур-аудит-консалтинг.рф/ ],[/url] но для самолете мчаться боимся[url=http://ажур-аудит-консалтинг.рф/ ],[/url] поэтому рассматриваем исключительно поезд. Хотелось бы к морю, только не маломальски суток трястись, а подобрать программу так, чтобы переезды были не утомительными. Может красоваться упихивать предложения?

Anonymous said...

[url=http://fxoneplus.ru/]Секреты рынка форекс[/url]

Anonymous said...

Minii nz saihan haragdaj bna,suragch ahiu tsagaasaa l ingej hul niluulen alhah bsiim sh de,gehdee oroitohgui ee hu.Saihan niitlel boljee,nziinhaa blogoor heseed,ajilaa aldah shaha yum da muu nz chini,haniad gedeg zuild darluulj yavah tsag ard bdagiim sh de,hehe zuvulguu sain dagasan bna.