Ариухан дурсамжаа мөнхлөн
Амьдралд хэзээ ч салахгүй
Анд найзууд болсон...
Ийм нэг дуу уруул
сэрвэгнүүлэн сэтгэл гижигдсээр нэгэн долоо хоногийг үдэв. Хөл хөнгөрч сэтгэл сэнсрээд
хүний өөрийн найзуудыг нэгэн сэтгэлийн үзүүрт улаан бүч шиг зангидаад ийнхүү
догдлон долгилсон шалтгаан тун энгийн. Өндөрхааны арван жил хэмээх өндөрхөн босготой
намхан сургуулийн маань 85-ны найрын тов нэгэнт зарлагдаад тэр л гурван давхар
“өндөөр” цагаан байшинд гуниггүй хонгор насаа орхиж амьдралын их аянд дөрөөлсөн
анд нар маань амьсгаа өндөртэй “утас цохиж” эхэлснээс энэхүү бяцхан дурсамжийг
тэрлэгч бээр дурласан охин шиг дуу аялан гэгэлзэж суугаа хэрэг. Хоёр нийгмийн
дунд холигдож солигдсоор шинэ мянганы босгыг алхсан манай үеийнхэн хольцгүй шижир
сэтгэлээр он жилүүдийг өртөөлөн үерхсээр өнөөдөрт ирсэн нь эртний сайхан
ерөөлөөр учирч эгнэгт салахгүй тавилангаар гагнагдсан бидний л аз гэлтэй. Энэ азаар биднийг шагнагч нь
Өндөрхааны арван жилийн нэгдүгээр дунд сургууль.
Нэгэн мянга есөн зуун
наян зургаан оны намар, навчис нь ногооноороо байсан тэр л дуртгалт дулаан
намраар эгэл даруухан атлаа эрхэмсэг гэгээн сүрээрээ намайг далласан эрдмийн өргөөний
үүдээр үеийн багачуултай чихэлдэн гэрэвшингүй алхаж орсон нь их эртний атлаа
ямагт цоо шинэхэн мэт санагддаг сайхан дурсамжийн минь нэг. Нөхөр Сэгсгэрт А
үсэг заасан анхны багш Ичинхорлоо гэх яралзтал инээсэн намхан бор бүсгүй.
Зөвхөн бэлтгэл ангид минь хөтөлж оруулж сурагч болгосон хүн. Би гэхдээ хэзээ ч
мартдаггүй юм. Мартах аргагүй дурсамж шүү дээ, сургуульд орно гэдэг... Харин
1-р ангид маань албан ёсоор анги дааж авсан багш минь Цээрийваа. Өндөр, чанга
дуутай, хатуу шаардлагатай багш байсан. Багшаасаа сүрдээд завсарлагаар ч
завсарлалгүй, тохойн дээрээ гараа тавиад сууж байснаа мартдаггүй. Хамгийн
хөгжилтэй нь ангиараа завсарлачихаад байхад шүү дээ. Ийм л нэг хэнд ч танигдаагүй,
хожмоо ч танигдахгүй ясны коммунисттай болсноо ангийнхан маань ч, ангийн багш
маань ч мэдсэнгүй. Эмээгийн –измээр хүмүүжсэн хүн чинь “Томоотой суу” гэж
ангийн багшийнхаа 45 минутын турш дахин дахин давтсан үгийг л биелүүлж сууж
дээ. Хонх дуугарахад завсарладаг гэдгийг бүх хүүхэд зөнгөөрөө ойлгож байхад гар
дээрээ гараа зөрүүлээд 15 минут хөдөлгөөнгүй суусан хөгийн түүхтэйгээр 1-р
ангийн сурагч болж байлаа. 3-р ангид Цэрэндолгор гэдэг хөөрхөн бүлтгэр нүдтэй,
янзага шиг залуухан бүсгүй манай ангийн багш боллоо. Багшийгаа уйлуулж дуулуулж,
багштайгаа найзалж, багшдаа сайн дураараа тангараг өргөж, хөгжилтэй хөөртэй
мартагдашгүй нэгэн жилийг хамтдаа үдсэн бид 4-р ангид цал буурал үстэй, цайлган
цагаавар сэтгэлт эрхэм багштайгаа учирсан билээ. Дархиа багш маань түүхийн
багш, манай анги түүхийн кабинет тул дэлхийн газрын зургуудын дунд нуугдаж
тоглосоор дунд ангид орж байлаа манай ангийнхан. Дунд ангийн сурагчдад нуугдаж
тоглох нь зохих эсэх, “нийгмийн өмчийг нүдний цөцгий мэт хайрлан хамгаалах”
үүрэгтэй сурагч хүн түүхийн үнэт атласуудыг хувийн өмч мэт тоглоомын хэрэгсэл
болговол хэрхэх тухай сургуулийн захиргааны заавар зөвлөмжийг огоорсон энэ
нөхдийг Дархиа багш маань хууль дүрмээр биш, хувийн дүрмээрээ номхруулж авсан
гавъяатай.
Ийнхүү бид анги дэвшин
суралцсаар нэг л мэдэхэд долоон оныг үдэж ахлах ангийн “том амьтад” болчихоод
байсан тэр жил сургуулийн захиргаанаас ангиудыг төрөлжүүлж, сурагчдыг дур
сонирхолтой хичээлээр нь түлхүү “нүдэх” шийдвэр гарч бид бүхэн анхны туршилтын
туулайнууд болох ерөөлтэй байжээ. Үүнийг тэрлэгч бээр Хэл, нийгмийн ангид хэсэг
нөхдийнхөө хамт хуваарилагдан очлоо. Ангийн багш маань “эмэгтэй” Дашзэвэг.
Тухайн үед манай сургуульд эрэгтэй эмэгтэй хоёр амьдаа багш байсны эмэгтэй нь
манай ангийн багш болж байгаа нь тэр. Анги ангиас ирсэн холимог багийг
“дасгалжуулах” багшид маань амар байгаагүй байх. Завсарлага бүхнээр хуучин
ангиуд руугаа гүйлдээд алга болдог, хонх дуугарахад хойргохон алхсаар дурамжхан
цугладаг бид яваандаа ангидаа, багшдаа дасаж, салахгүй мартахгүй сайхан хамт
олон болсон юм даг.
Гэтэл 9-р ангид бас л
шинэ ангиудад хуваарилагдах зайлшгүй хэрэг гарлаа. Хөдөө орон нутгаас
конкурсдэн 9-р ангид дэвшин суралцах болсон хүүхдүүд, Хэнтий аймгийн арван
жилийн 2, 3-р сургуулийн ахлах ангийн сурагчид, манай сургуулийн үндсэн
хүүхдүүд гэхчилэн бас л холимог нийлмэл өгүүлбэр шиг анги бүрдсэн ч хоёр сар
гаруйн хугацаа өнгөрөхөд цэцэлсэн шастир шиг цэгцэрсэн хамт олон болчихсон нь
гайхалтай. Энэ удаад нөхөр Сэгсгэр мөн л Дашзэвэг багшийнхаа удирдсан ангид
шургалж амжсан нь нэн олзуурхууштай. Миний багын найз, спортын мастер
Эрдэнэтуяа бид хоёрт 9-р ангидаа элсэлтийн шалгалтгүй элсэн суралцах урилгыг
сургуулийн захирал Ринчен багш маань Хонхны баяраар гардуулж А үсгээ хамт
нүдэлсэн анхил багын хоёр найз нэг ангид хөтлөлцөн орсон нь тэр. Манай ангид
Дадал, Батширээт, Батноров, Баянмөнх, Баян-Овоо, Дэлгэрхаан, Жаргалтхаан сумдын
онц сурлагатнуудаас гадна бидний “Найман жил” хэмээн нэрлэдэг Өндөрхааны 3-р дунд
сургуулийн Мөнхбаатар, Ганжавхлан нарын атаманууд, манай үндсэн сургуулийн А,
Б, В, Г ангийн алгебрээс зугтаж нийгэм рүү ниссэн романтикууд гээд тун ч сонин нөхөд
цугласан сан. Юутай ч бид “10-ын В-гийнхэн” гэдэг асар содон имиджийг бүрдүүлж
аваад л төгсөцгөөсөн. Тоон сэтгэлгээтэй, тооцоо судалгаатай А-гийнхнаас өөр,
химийн томъёогоор хэлэлцэж ярилцдаг Б-гийнхнээс бүр өөр, уран зохиолоор
өвчилсөн, урлаг соёлоор шоудсан, ангийнхнаа бусдаас өмгөөлсөн, ам хэлээ
билүүдсэн манай ангийн романтикууд асгасан шагай шиг биш атгасан гар шиг хамт
олон болсон билээ. Алгебрийн хичээл дээр ангиараа онгоц буудна. Баярмаа,
Батсүрэн, Шинэхүү, Баярзул, Баярцэцэг, Оюунтуул, Ганжавхлан, Эрдэнэтуяа гэсэн
хэдхэн коммунистууд хичээлээ хийнэ. Шалгалтан дээр тэднээсээ шавааралдан
хуулцгаана. Нөгөөдүүл ч “ажил үүргийн хуваарь”-аа мэдэхийн хувьд цааргалалгүй
хуулуулна. Онгоц буудаж суусан нөхөд рүү “онгоц нисгэнэ”. Нисч ирсэн шипи-г нэг
хүн өмчлөхгүй, нийтээрээ хэрэглэцгээнэ. Харин монгол хэл уран зохиол, нийгэм
судлал, газарзүйн талын хичээлүүддээ ихээхэн идэвхитэй оролцоцгооно. Хуучин
8-ын В буюу бүр багаасаа л Дашзэвэг багшийн үндсэн ангид байсан Хүрэлхүү,
Чинбат, Баттулга, Дэлхийцэцэг дөрөв хичээл завсарлагын алинд ч салахгүй
холбоотой юм шиг л явна. Тэр хэдийгээ бид нар “Шадар гурван цэрэг”-гийн
Артаньян, Атос, Портос, Арамис гэж хочилно. Ёстой л нэг хаа ч явсан цуг гэж
мэдээрэй гэсэн андгайтай юм шиг андууд байсан сан. Хөлгөн амьдралын хөлгүй хар
ангал руу хоёрыг нь алдчихаад нулимстай дурсамж хэлхэн сууна гэж тэр л цайлган
цагаахан он жилүүдэд хэн маань санах билээ дээ. Үүнийг дурсах бүр цээж хөндүүр
оргидог. Артаньян гэгддэг Чинбат маань хуульч мэргэжилтэй болоод Хэнтий аймгийнхаа
Прокурорын газарт ажиллаж байсан, “сайхан сэтгэлт Атос” Баттулга минь тогооч
болж гадаадын зочдыг гарын хоолоороо дайлж явсан. Гэтэл энэ хоёр сайхан анд
минь өнөөдөр бидний дунд алга. Нэгэнт өнгөрсөн андаа дурсахад хүрэл зүрх ч
хайлна...
Манай
анги Хэл, нийгмийн анги байсан болоод ч тэрүү, хэлний болоод нийгмийн
мэргэжилтэй хүмүүс олон гарчээ. Ангийнхны дунд “алтан гавал” гэгддэг Баярмаа
маань солонгос хэлний орчуулагчийн мэргэжил эзэмшсэн, одоо Монгол-Солонгосын
хөрөнгө оруулалттай томоохон компанид Гүйцэтгэх захирлын алба хашиж байна. Үүнийг
тэрлэгч муу сурлагатан нэгэн бээр цагийн эрх, ажлын шаардлагаар хойд, урд хоёр их хөршийнхөө хэлийг
халтар хултархан сурснаа энд бас хавчуулж гангарахаа юу гэж мартахав. Урд
хөршид докторантурт суралцах хугацаандаа дундад улсын хэлийг халтарлах болсны
хишгээр өдгөө Монголын үндэсний мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн өмнөд хөрш дэх
сурвалжлагчийн албанд томилогдон ажиллаж байна. Эрдэнэтуяа маань Биеийн тамир
спортын улсын хороонд ахлах мэргэжилтнээр, Даваасүрэн Гадаадын иргэн харъяатын
асуудал эрхэлсэн газарт мөн ахлах мэргэжилтнээр, Тунгалаг СУИС-д номын санчаар,
Оюунтуул Багануурын соёлын ордны аргазүйчээр, Цогбаяр Баянголын цагдаад хэв
журмын ажилтнаар, Батсүрэн Хэнтий аймгийнхаа ХАА-н газарт мэргэжилтнээр, Баярцэцэг
төрөлх сумандаа “Хаан” банкны эрхлэгчээр, Ундрахжаргал мөн аймгийн “Хан бүргэд”
компанид, Шинэхүү Германд, Амарцэцэг Чехид ажиллаж амьдарч байна. Харин
Цолмонбаяр, Мөнх-Өлзий, П.Тунгалаг гурав маань багш болсон. Нямцог, Өнөрбаяр, Амаржаргал,
Энхжин, Урнаа, Урантогос, Ариунцэцэг, Уранцэцэг, Батгэрэл, Эрдэнэбаяр, Хонгорзул,
Энхцэцэг, Амартүвшин, Отгонцэцэг, Баттуяа, Болорцэцэг, Мөнгөншагай нар
хувиараа бизнес эрхэлдэг.
Дашзэвэг
багшийнхаа сэтгэлийн нөмөрт дасаж ээнэгшсэн бидний нөхөд арван жилийн сургуулиа
төгсч ангийнхаа хаалгыг аяархан хааснаас хойш арван долоон жил нисэх мэт
өнгөрчээ. Одоо манай ангийнхан
бүгдээрээ аав ээж болж, ажил амьдралын их аянд хөл нийлж, мөр зэрэгцэн, улс
орныхоо хөгжилд өөр өөрсдийн хувь нэмрээ оруулж явна. Идэрмэг залуухан багшийн
минь санчгинд буурал суусан ч мөнөөх л ээл дөлгөөхөн инээмсэглэлээрээ бодол
төөнөж дурсамжийн дулаан аялгуу сэтгэлд хөглөж байна. Ангийн багш минь ээ, бид
таныхаа цэлмэг гэгээн магнайд атираа нэмж, цээжин цаана нуугих хайраас тань
амьсгаа уужирч өсөж өндийсөн. Дашзэвэг багшийн минь тарьж өгсөн, улирлын
салхинд үл гандах ухаарлын цэцэгс цээжинд дэлбээлсээр арван долоон оны босгыг
алхлаа. Багш минь та урин хавраар мөрөөдөл тарьсан цэцэрлэгч билээ...
4 comments:
маш сайхан бичлэг байна. яагаад ч юм сэтгэл хөдөллөө. арван жилийнхэн хамгийн гоё шүү
Дашзэвэг багш чинь намайг сурагч байхад багш байсан гэвэл чи яах вэ, надаас залуу харагдана даа гэхэд үнэмшмээр санагдаж байгаа биз аан
Хөөх тиймүү, гайхалтай юмаа. Таны өмнөх нэг соммент дээр би танд нэг зүйлийн хүсэлт тавьсан байгаа. Үзсэн үү багш аа?
hun orhigduulaad bn uu gui yu and min
Post a Comment