Friday, May 1, 2009

Миний андын ном хэвлэгдлээ


    Миний эрхэм анд, номын садан, Дээд монгол залуу Балжийн Бүргэдийн жигүүрт сэтгэлийн үүрнээс өдөлсөн анхны шувуу, “Би оршихгүй” хэмээх шүлгийн ном бусдын бодол сэтгэлийн дайдад бороо болоод цасны үнэрийг хүргэхээр даялан нислээ. Сэтгэлийн бүтээгдэхүүнээ ном болгосон эрхэм андынхаа цаашдын уран бүтээлийн аян холын харгуйд сайныг хүсэж олз омог арвинтай байхын ерөөл өргөхийн ялдамд андын шүлгийн номонд бичсэн мялаалгын үгийг эрхэм блогчиддоо хүргэж байна. Хүний нутгийн тэнгэрт өдөлсөн ч өөрийн нутаг руугаа жигүүр дэлгэсэн залуу бүргэдийн зүрхний хашгираан, өдний исгэрээн, далавчны цуцалт, цусны исэлтийн чимээг анирдсан их эрдэмтэн, Монгол уламжлал академийн Ерөнхийлөгч Л.Дашням багштан шавийнхаа анхны номын өмнөтгөлийг ийнхүү бичжээ. Таалан болгооно уу!


    Их эрдэмтэн Сүмба хамба Ишбалжирын нутаг, Дээд монголын залуу шүлэгч анхны номоо гар дээр тань тавьж байна.

    Балжийн Бүргэд бид хоёрын амьдрал, амьдралын туршилга, энэ хорвоогийн тухай аливааг ойлгон ухаардаг “арга заль” адилгүй, бас уран зохиолын тухайд ойлгох, утга далдыг тайлан учирлах “эрдэм” маань ч ижилгүй юм.

    Бид нэгэн зүйлийн учир, нэгэн сайхны тухайд, аль эсвэл муу муухайг жигшин зэвүүцэхийн хувьд ив ижил үг санаа гаргах буюу бас огт өөр өөрийг ч өгүүлж мэднэ. Гэвч ерөөс марган мэтгэлцэх нь хамгийн гол бус атал яагаад ч юм бэ, хүмүүс түүнийг л голлодог, юун түрүүнд л эсрэгцэж, өөрсдийгөө ойртуулах бус холтгож, эерүү зөөлнийг бус хатуу хөтүүг шидэлж эхэлдэг нь заримдаа ёс юм шиг байдаг.

    Миний бодлоор эдүгээ цаг эрхбиш өөр болжээ. Дэлхийн цохилох зүрхэнд хамгийн ойр, Монгол түүх соёлд бол түүнээс ч ойр, хэдий тийм ч тэртээ хол, хаа ч юм бэ ертөнцийн танигдаж олдошгүй хярхаг хязгаарт байдаг мэт, аль эсвэл Хятад их соёлын нүсэр том хэвнэг дор нойрсон амирлаж буй мэт бодогддог асан Дээд монгол, дээд монголчууд маань л гэхэд өнөөдөр та бидэн лүгээ аль хэдийнэ золгочихсон, та бидний дунд, та бидэнтэй зэрэгцээд Монголын ирээдүйг бүтээлцэж явааг жишээний сайханд дурьдаж болохоор.

    Үнэхээр цаг өөр болж байна. Ийм сайхан цаг үед Монгол ертөнцийн хувь заяа эерч, Монгол түмний санаа бодол, оюун ухаарал тэнүүн тогтуун болж буй. Чухамхүү ийм л эрин цагт залуу шүлэгч Б.Бүргэд анхны номоо эртний түүхт энэ монгол нутагтаа, Монголын өндөрлөгийн лугших зүрх болсон Улаанбаатар хотноо, монгол түмэн уншигчийн төсөр ялдар толилон ухах кирилл үсгээр гаргаж байгаа нь бүүр ч онцгой явдал, хувь тавилангийн эгэлгүй тохиол болж байгаа билээ.

    Б.Бүргэд анхны номоо “Би орших үгүй” гэж нэрлэжээ. Тунхаглан гаргаж буй санааг нь хэлэлцэхийн янар энэ шүлэгч хэн болоод хэнд, юун тухай яриад байгааг ялигүй жаахан тодруулахыг оролдоцгооё.

    Өнгөцхөн харж зэрвэсхэн ухаарваас Бүргэд гэдэг ердөө л шүлэглэхийн дон туссан нэгэн мэт. Түүнд юм бүхэн ойрхон санагддаг аж.

    Нам гүмийн дунд

    Нэг нэгэнтэйгээ ширтэлцэж

    Их далайн давалгаан дунд

    Бие биенийхээ

    Үнэнтэй ижилдмээр...

    Дурлал гэдэг нэрмэлийг

    Инээд нулимс хоёртой

    Хольж залгилмаар... тийм дотоод сэтгэлийн давалгаант үе түүнд бишгүй л тохиолддог бололтой.

    Заримдаа түүний бардам, омголон зан хөдөлж, би хэмээх тэргүүнээ өндөр дээр өргөж ч чаддаг мэт байна.

    Үлгэр шиг хувь заяанд чинь

    Хөшөө шиг сүндэрлэх

    Хань чинь

    Би л юм шүү дээ хань минь... гэж өөр хэн ч биш би л юм гэдгээ өөрийн эрхгүй оргилуун чангаар тунхаглаж орхидог өдөр байдаг аж.

    Гэтэл заримдаа өөрийнх нь хэлж байгаагаар “Амьдрал гэдэг цуваа цэг дээр” чимээгүйхэн морилж, “Гол мөрөн дотуур минь үерлэж байна” хэмээн бодон, ухаан юугаа талбиун уужим болгож, ердөө л эвлэрэхийн тулд, хүлцэхийн төлөө л байгаа мэт


    Уйлмаар бас хоргодмоор энэ орчлонтой

    Хагацахгүйн тулд эвлэрээд л баймаар... тухайгаа хэлмээр санагддаг удаа тохиолддог л юмсанж.

    Хэдийгээр түүний оршин буй хорвоо ертөнц, орчин буй цаг хугацаа тийм энгийн, амар төсөр ойлгож ухаармаар, дотно элэгсгээр ханилж ижилсмээр байдаггүй ч үе үе “өтөл бодлоор” хол ойрыг эргэцүүлж ирэх цагийг өөдрөгөөр ширтэн, энэхүү залуу насныхаа омголон үеийг тодлон суудаг нь ажиглагдана.

    Үлдээсэн мөр дээр минь

    Цахилдагийн цэцэг дэлгэрнэ

    Өнжсөн агуй дотроос минь

    Чонын бэлтрэг сунана...

    ийм ирмүүн “сэхээрэл” өөрөөсөө олж чаддаг болохоор

    Надад хайр халамж хэрэггүй

    Надад энх тайван хэрэггүй

    гэж боддогоо нуулгүй хэлж

    Утгагүй юм шиг амьдралд

    Уйлж дуулах миний зол хэмээн “ухаарлаа” зөөллөн, шүлгээ зэллэн, тархиа буцалгаж, тэр байтугай “сар хундагалан” байж

    Шингэн бэх шиг амьдралыг

    Нимгэн цаасан дээр эрээчиж

    Шийдэм ташуур шиг ертөнцийг

    Нинжин сэтгэлээр хөглөж... чадсан хүн бол яах аргагүй Балжийн Бүргэд мөн юм.

    Холын холоос ирж, ойрхноос ойрхон суугаа энэ залуу шүлэгч бол зөвхөн нэг “чулуу дэрлэж орчлонг зүүдлэхээр” ч заяасан хүн биш, монгол түмнийхээ төлөө оволзох зүрх асгарах хөлсөө юүлэн, ихийн ихийг, эеийн эеийг бүтээхийн төлөө зовлон жаргал хоёроо ав адилхан дөрөөлж, зориг эрмэлзлэл хоёроор ив ижилхэн жигүүрлэж яваа нэгэн гэдэг нь энэ авсаархан түүврээс аяндаа мэдэгдэнэ.

    Цасан шуургатай хүйтэн нь

    Чулуугаа хагалж уярдаг

    Маахай Сэртэнгийн шалд нь

    Манан хүртэл төөрдөг тэр нутгаас төөрч биш зорьж ирснийх нь бэлэг монгол зүрх цээжинд нь цохилж, Монголоо тунхаглах чин хүсэл бодолд нь оргилж яваагийн гэрч, монгол хүний цагаахан сэтгэлийн дээж болж энэ ном таны гар дээр очиж байна.

    Сээр өндөр толгодоор

    Сарлагаан ачиж оторлодог... тэр л ахан дүүсийн маань элч уншигч тантай мэндэлж байна. Энэ хүн бол

    Үнэгэн харанхуйгаар

    Үнс хогоо гаргадаггүй

    Үхэр малынхаа хашаа руу

    Өлөн хиртэйгээ шагайдаггүй тэр эртний сайхан уламжлал, ёс жудагт ард түмэн-Дээд монголын элч юм шүү.

    Энэ ном монгол уншигч та бидэнд зөвхөн яруу найргийн тухай яруу сайхнаар илэрхийлэхүйн тухай бодуулаад, мэдүүлж анзааруулаад зогсохгүй монгол хүн, монголчуудын хувь заяаны тухай ч бас бодуулах, мэдүүлэх нь зайлшгүй.

    Хөлгүй их далайн дунд өчүүхэн завь цайвалзан дайвалзаж, түүн дээр ганцхан монгол хүн гараа өргөн даллаж харагдвал танд ямар бодол төрөхсөн бол? Тэр хүүгийн орших эсэх ганцхан түүнээс ч бус, бас тэр хүүг олж харсан монгол мэлмий, монгол ухаан, монгол хувь заяанаас ч бас хамаарах нь лав аа.

    Балжийн Бүргэд анхны номоо “Би оршихгүй” гэж нэрлэжээ. Эрхэм уншигч та тунгаан болгоогтун. Магадгүй тэр нь миний бодлоор оршихуйн тунхаг, монгол залуугийн “буруу энгэр”-ээс унагасан цээжний үг ч байж мэднээ.

    Анхны ном тул “эхлэхийн өвчин” энэ номд цөөнгүй байгаа нь ч үнэн. Бас түүнийг эдгээх гэрэл гэгээ ч энд чамгүй арвин бий. Шавь маань

    Зулын гэрэлтэй амьдралыг

    Зургаан нартай юм шиг төсөөлж

    Шанаган долоон оддын дор шүлэг зэллэж

    Шөнө өдөр хоёрын ээлжинд үзэг элээж суухдаа агуу сайхныг бүтээх адангат хүсэл, алжаалгүй хөдөлмөртөө автан автан явж, эзэн болсоор алдар суугийн их титэм дээдлэх болтугай.

    Дээд монгол дэргэд минь ирсэн нь энэ буюу.

    Гөрөөчид Лувсандамбын Дашням

3 comments:

ЗОРИГТ 8 said...

гоё ном байна шүү

uiten said...

shine yum unshmaar sanagdaad bsii Neg sonirhnoo Thnks

Segsger said...

Uite, Zorigt nart ih bayarlalaa