Tuesday, May 5, 2009

ААВЫГ СЭРЭЭЕ!


Төр хэмээх ганцхан аавтай бид. Аавын ажил “их” болохоор ядардаг юм байлгүй дээ, гэрт юу болж байгааг анзаарахгүй, мэдсэн ч юм хэлэхгүй, эс бол буруу хараад хажуулчихна. Түүнийг унтаж байх зуур гэрт янз бүрийн л юм болдог.


“Рекорд”, “Шарп” хоёр хоймор булаалдах зуур...
Эднийд 1967 онд мэндэлсэн нэг хүү байх. Олон нийтийн телевиз нэртэй. Эхлээд өөр нэртэй байсан, хэл ам дагаад салахгүй болохоор нэрийг нь сольсон юм. Аавын үгнээс гардаггүй, үүргээ ухамсарласан, үлгэр жишээч хүү байлаа.
...Орбитыг эс тооцвол бид олон жил ганцхан суваг үзсэн. Гадаад, дотоодод мэргэжил эзэмшсэн найруулагч, сэтгүүлч, зохиолч, инженер, техникийн ажилтнууд өргөн фронт, өндөр өртгөөр үзээд суухаас уйдамгүй олон нэвтрүүлэг хийж эхэллээ.
Бичиг үсэг үл мэдэх явдал манайхаас бусад газар харьцангуй их байгаагийн хажуугаар сонин хэвлэл түгээх явдал хүндрэлтэй байгаа зэргийг бодохоор өргөн нэвтрүүлэг нь олон нийтэд хүрч чадах цорын ганц мэдээллийн эх сурвалж болж байна.
Монголын үзэгчид Темп, Рекорд хоймроо залчихаад соёлыг гайхаж суухад Америкт арилжааны телевиз “хуучирч”, олон нийтийн өргөн нэвтрүүлгийг нийгэм нь шаардаж байжээ. CBS (Columbia Broadcasting System), ABC (American Broadcasting System), NBC (National Broadcasting System) зэрэг арилжааны томоохон телевизүүд Америкийн үзэгчдийг суудалд нь “уяж” байсан үе. Англи, Япон, Швед зэрэг орнуудын өргөн нэвтрүүлгийн салбар чамгүй туршлага хуримтлуулсан байлаа. Гэвч Америк бусдыг дуурайлгүй өөрийн замыг сонгосон юм. Олон нийтийн телевиз ашиг хөөх ёсгүй гэж тэд үзсэн бөгөөд гагцхүү нэг нэвтрүүлгээс нөгөөд шилжихдээ ивээн тэтгэсэн байгууллагыг танилцуулахын зэрэгцээ дараагийн хөтөлбөрөө зарладаг жишиг тогтоожээ. Телевизийн хөгжил технологийн хөгжлөөс шалтгаалдаг. Тэр утгаараа Америкийн олон нийтийн телевиз арилжааны телевизүүдээс өмнө кабелийн сүлжээнд орж байжээ.
Америкийн олон нийтийн өргөн нэвтрүүлгийн корпорацийг (Corporation for Public Broadcasting) цаг үеийн шаардлагаар байгуулав. Корпорацийн үйл ажиллагаа нь Америкийн олон нийтийн телевизүүдийг тэнцвэртэй, хараат бус мэдээлэл, чанарын өндөр түвшинд хийгдсэн боловсролын болон сургалтын хөтөлбөрөөр хангах, арилжааны бус телевизийг үүсгэн байгуулахад дэмжлэг үзүүлэхэд чиглэх ёстой ажээ. CPB төрөөс хараат бус байхын тулд иргэдийн татвараар санхүүжихээр болж, нийгэмд үйлчилдэг ашгийн бус байгууллагаар бүртгүүлжээ. Энэ корпораци яваандаа засгийн газраас санхүүжилт авдаг болсон ч олон нийтийн эзэмшилд үйлчлэх үүргээ умартаж байсангүй.
1990 онд Монгол ардчилалын замд шилжиж, барууны хөгжлийн хурдыг нэхсээр зуузай холбож авлаа. Sony, Sharp хойморт байраа эзэллээ.
Тэгж байтал 2005 он гарав. УИХ “Олон нийтийн радио телевизийн тухай хууль”-ийг хэлэлцэн баталлаа. Уг хуульд зааснаар бол ОНТВ нь гагцхүү олон нийтийн эрх ашигт үйлчилж, тэдний өмнө хариуцлага хүлээж, хяналт дор нь үйл ажиллагаа явуулдаг ашгийн төлөө бус хуулийн этгээд байх ёстой юм.
Лондон хотноо төвтэй дэлхий нийтээр үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэхийн төлөөх “19-р зүйл” байгууллагын “Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болон өргөн нэвтрүүлгийг зохицуулах зарчмууд”-д ... Санаа бодлын олон эшт үзэл бодолд хувь нэмэр оруулах, чанартай, хараат бус мэдээллээр олон нийтийг хангах, хөтөлбөр хоорондын тэнцвэрийг хангасан өргөн хүрээний мэдээлэлтэй байх, мөн өөр өөр үзэгч сонсогчдод зориулсан тусгай хөтөлбөртэй байх, олон нийтийн мэдэх эрхийг дэмжих, цөөнхийн хэсэг, бүх хүмүүс, улс орны бүс нутагт зориулсан бүгдэд хүртээмжтэй байх, боловсролын болон хүүхдэд зориулсан нэвтрүүлэгтэй байх тухай заасан нь бий. Нэг үгээр хэлбэл хөдөө гадаа томилолт өвөртлөн явж, өнөө амжихгүй бол маргааш үгүй болох, монгол оронд, монгол хүнд үнэ цэнэтэй бүхнийг алтан сан хөмрөгтөө авч үлдэхийг зорилгоо болгох ёстой.
Английн ВВС телевизийг 1926 онд Хатан хааны зарлигаар үндэслэсэн гэдэг. Төр нь телевизийнхээ үйл ажиллагааны дүрмийг боловсруулдаг. Телевиз хэрэглэгчдийн хураамжаар энэ байгууллага санхүүжиж, Британийн төр, засгийн байнгын хяналт, шахалт дунд оршин тогтнодог. Хэдий тийм ч төр засгийнхаа алдаа оноог олж харж, шүүмжилж, дөрөв дэхь засаглалын үүргээ биелүүлсээр байна.
Манай улсын хувьд зурагт хэрэглэж буй өрхөөс авч буй татвар ОНТВ-ийн санхүүжилтийн арван хэдэн хувьд ч хүрдэггүй юм байна. Төрийн мөнгөөр түүний эрх ашигт үйлчилж байхын оронд арилжааны телевизүүдийн мэдээг түүвэрлэн хүргэвэл олон нийт илүү сонирхоно.

Урвуу хамааралтай өртөг зуузай холбохын цагт...
1996 онд 25-р суваг нэртэйгээр анхны чөлөөт, арилжааны телевиз байгуулагдсан нь айлаар бол дунд хүү нь болсон юм. Камераар зөвхөн гэр бүлийнхээ зургийг аваад суух биш, амьдралын бүхий л агшныг алдалгүй авч, эвлүүлээд хүмүүст үзүүлж, завсар хооронд нь бизнесийн түншээ рекламдаад байвал амьдрал нь дэвжээд явчихыг урьтаж харсан залуусын шинэ санаачлагыг үзэгчид алга ташин хүлээж авлаа. Удалгүй Харилцаа холбооны зохицуулах хорооноос агаарын долгион ашиглах эрхийн зөвшөөрөл авснаар UBS, ТВ5, ТВ9, С1, Боловсрол суваг, SBN, NTV, TV8, TM телевизүүд шилээ даран мэндлэв.
Айлын дунд хүүхдүүд бүгд ижил байдаг. Тэд ааваас мөнгө нэхдэггүй, өөрсдөө хөдөлмөрлөн, амиа бөөцийлнө. Хэлэх ёстой үгээ ааваас ч айлгүй хэлнэ. Гэхдээ тэд аавын унтахыг “далимдуулан” багагүй хэрэг хийжээ.
Дэлхийн нэр хүндтэй мэдээллийн хэрэгслүүдийн үүссэн түүх бүгд ижил байдаг.Үүсгэн байгуулагч нь хэн бүхний мэдэх тэрбумтан байж, ажиллагсаддаа санхүүгийн хувьд хэнээс ч хамааралгүй, жинхэнэ утгаар нь ажиллах боломж олгоно.Үр дүнд нь санхүүжүүлэгч ашгаа хүртэж, ажилтнууд нь ч хөдөлмөрөө зохих ёсоор үнэлүүлэн, олон нийт ч бодит мэдээлэл авч болох сувгийн сонголтоо хийнэ. Тэр нийгэм бүхэлдээ оюун санаа, сэтгэлгээний хувьд эрүүлжиж, хөгжил өөд алхам алхмаар дөхнө.
Харин манайд эсрэгээрээ. Мэдээллийн хэрэгслүүдийг санхүүжүүлээд байгаа эзэд нь хэн болохыг ард түмэн мэдэхгүй. Тэд мөнгөөрөө дуртай хөгжмөө захиална. Бүгд шахуу улс төрийн харъяалалтай, өөрийгөө сурталчлуулж, олонд сайнаар танигдахыг хүсдэг. Өөрийн мэдлийн телевизтэй хүнд бусдад мөнгө төлөх хэрэг гарахгүй. Өргөн нэвтрүүлгийн салбарт ноёрхохыг тэмүүлэгч арилжааны телевизийн ашиг сонирхол нь өндөр ашиг олж болох хөтөлбөр бэлтгэхэд чиглэж байна. Хэм хэмжүүрээ тогтоосон байх ёстой телевиз нь үүргээ биелүүлэхгүй байхад зүгээр хараад суух уу? Телевизийн салбар босгоо авч хаялаа. Тээглэх юмгүй болсон хаалгаар диплом өвөртөлсөн хэдэн зуун залуус чихцэлдэн орж ирцгээв. Тэдний авдаг цалин багахан. Сурсан юм ч маруухан. Өнөөдөр мэдээлэл болоод мэдээлэл түгээгчдийг олон нийт шоолж, шүүмжилж, үл итгэж, зоргоороо доромжлон басамжилдаг боллоо. Энэ салбарын нэр хүнд ямар түвшинд байгааг эндээс харж болно.

Хажуугаар нь мэдээллийн бизнесийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх өртөг, рекламны өртөгтэй хамт буурсаар... Бизнесийн хүрээнийхэн өөрийн бүтээгдэхүүнээ гуйж биш, гуйлгаж сурталчлуулдаг болов. Үзэгчид залхаж эхэллээ. Солонгос савангийн дууриас салах дургүй хэсэг хүмүүс л реклам цээжлэнгээ кино үзээд үлдэж байна. Суваг солиод яах юм, бүгд адилхан. Тэгж суутал киноны эгзэгтэй хэсэг дуусчихсан байвал хайран юм биз дээ. Дүрсний урлагт агшин бүр үнэтэй. Уг нь секундээр хэмжигдэх реклам чамлахааргүй үнэтэй байсан. Тэр үе, өнгөрсөн цаг дээр бичигдтэлээ хуучирчээ. Юу байна, түүгээрээ дайлъя. Реклам урссаар эргээ зад татаад Хуульзүйн яам ч тогтоож дийлэхээ болив. Согтууруулах ундаа, тамхины рекламыг хянаж байгаа л гэнэ. Тэгтэл суваг солих төдийд Оросын сувгуудаар тэр төрлийн бүтээгдэхүүний реклам гарч байгааг яах вэ?
Мөнгөгүй бол сонин, сэтгүүлийг авна гэж саналтгүй. Үнэгүй байгаад хэрэгтэй юм гараагүй бол унших гэж цаг үрээд ч яах юм. Гэтэл телевиз бол үнэгүй. Үнэгүйг нь бодохоор үзмээр байдаг. Гэтэл амтгүй хоолоо хүчээр идүүлэх гээд байх нь хэцүү. Дунд хүү ингэж бусдын дунд нэр хүндээ алдаж байна.

Хулгай хар мөртэй
Тэгж байтал кабелийн телевиз хэмээх жаалхүү тодорлоо.. Тэрээр баахан зоргоороо. Хэний ч үгийг үл тоож, эрхлэх нь хэрээс хэтэрчээ.
Агаараар цацаж байгаа бүх л сувгийг холбоод танай гэрт зочлуулж байгаагийнхаа хөлсөнд Сансар кабелийн телевиз төлбөр авах эрхтэй. Харин ITV, Мagic зэрэг энэ олон телевизэд сувгаа хуваан өгсний төлөө дахин мөнгө авах эрх байхгүй.
Хуульзүйн яаманд бүртгүүлснээр нэвтрүүлэг цацах эрх авлаа гэж ойлговол эндүүрэл болно. Агаарын долгион буюу радио телевизийн давтамж суваг ашиглаж, нэвтрүүлэг цацах эрхийг Харилцаа холбооны зохицуулах хороо өгдөг. Агаарын долгион ард түмний өмч, улс орны хязгаарлагдмал нөөц учраас хүссэн бүхэнд олддог ч юм биш.
Гэтэл хувийн студийн хэртэй эдгээр телевизүүд ийнхүү хулгайгаар авсан нэвтрүүлгээ хулгайн аргаар цацаж, хулгайлсан юмаа зарж байна. Хулгай хар мөртэй гэдэг. Тусгай сувгаар гарах ёстой хүчирхийлэл, аллага, дээрэм тонуул, садар самуун хэрээс хэтэрлээ. Оюуны өмчийн газрыг нүдэн балай чихэн дүлий суух зуур телевизүүд бүр гаарч, өөр өөрсдийн сонирхол, хувь хувийнхаа камераар сонирхогчийн түвшинд нэвтрүүлэг хийж эхэлсэн. Сониноор гүтгүүлсэн хүн сониноо бариад шүүхэд ханддаг бол ганц минутын дотор өөрийг нь доромжлоод өнгөрсөн телевизийн тухай гэрийнхэндээ яриад ч үнэмшихээ больжээ. Мэргэжлийг салбартай нь хамт үнэгүйдүүлж, нэр хүндийг нь унагаж болдгийн сонгодог жишээ. Улсын мэргэжлийн хяналтын газар ТҮЦ, дэлгүүрээр эргэлдэж, хөгцөрсөн гурил хурааж байх зуур телевизийн мэргэжлийн стандарт, жишиг гэдэг зүйлийг уландаа гишгээд дэвсэлж байна.
Сонгуулийн сурталчилгаа ид яваа энэ үед хүссэн хүсээгүй бүх л телевиз аль нэг талыг барьсан, захиалагчийн хүсэл сонирхлыг гүйцэлдүүлсэн нэвтрүүлгийг цацдаг. Сонгуулийн сурталчилгааг ил, далд хэлбэрээр явуулсан тохиолдолд эргээд хариуцлага тооцох механизм байдаггүй нь энэ үзэгдэл газар авахад хүргэсэн. Телевиз асар өндөр өртөгтэй бизнес. Тэдэнд нэвтрүүлэг хийх мөнгө хэрэгтэй. Энэ завшааныг нэг талаас эрх баригчид, нөгөө талаас телевизийн “нууц ноёнтнууд” маш ухаалаг ашигласаар ирсэн. Буруу эрхэлсэн хүүхэд бухын хүзүүнээс ч хатуу гэж энэ.
Хэрэг хийсэн хүүхдүүдийг хүмүүс шүүхээр оролдож байна. Олон хүүхэд ижил биш юм ярихаар хүмүүс алинд нь итгэхээ мэдэхгүй болдог. Хүүхэд бүр хийсэн хэргээ нууж, бусдыгаа гүтгэнэ. Өөрийнхөө зөв гэж мэлзэнэ. Муудалцана. Гайхаж хоцорсон хүмүүс таамаглал дэвшүүлж талцана. Эцэстээ худал үгийг мянга давтсан нь өөрийнхөө гэмгүйг итгүүлж чадна. Гэтэл энэ бүх хэрэгт тэднээс гадна хөршийн хүүхдүүд холбоотой болж таардаг юм байна.

Хүний хүүхэд хүрэн бөөртэй
Монгол-Японы хамтарсан хөрөнгө оруулалттай “Мобиком” корпораци 1996 онд, Монгол-Солонгосын хамтарсан “Скайтель” компани 1999 онд Засгийн газраас зарласан тендерт ялснаар Монгол улсад үүрэн телефон холбооны зах зээлд үйл ажиллагаа явуулах эрхтэй болжээ. Хар ухаанаар бол хоёрыг холбож, холыг ойртуулсныхаа хөлсөнд мөнгө авч, түүгээрээ амьдраарай гэсэн үг.
Хөршийн хүүхдүүд баян. Учир нь тэдний ах нар хилийн чанадад сууна. Эхэндээ тэд ах нараасаа мөнгө авдаг байсан, удалгүй өөрсдөө мөнгө олох арга сурсан. Ойрноос Мобиком Монголд анх удаа илүү дэвшилтэт 3G технологи ашиглан телевизийн сувгийг гар утсаараа үзэхийг уриалж “Smart” үйлчилгээг санал болгож эхэллээ. Скайтель ч өрсөлдөөнөөс хоцорсонгүй. Хамгийн дэвшилтэт технологийг ашиглан гар утаснаасаа зурагт үзэх Style үйлчилгээг нэвтрүүлж байгаагаа зарлалаа.
Дэлхийн улс орнуудын үүрэн холбооны хөгжил шинэ үеийн технологи руу шилжиж, 100 гаруй оронд нэвтэрсэн энэ үйлчилгээний үр шимийг хүртэн хаа яваа газраа телевиз үзэх нь таатай хэрэг. Гэвч сувгуудыг үнэгүй авч, дамжуулсныхаа хөлсөнд хэрэглэгчдээс хөлс авах нь зохисгүй зүйл юм. Хоёр талаас ашиг олдог бизнес гэж хаана ч байдаггүйг сануулмаар байна. Тэгээд ч бүх сувгийг нэвтрүүлэх гэхээсээ өөрсдөө суваг ашиглаж, нэвтрүүлэг хийх сонирхол цухалзах болсонд л бүх учир байгаа юм. Утас гарт байхад хүн бүхэн зурагт үзнэ. Реклам ч сайн хүрнэ. Энэ тохиолдолд рекламны зах зээлийг эзэгнэж буй өрсөлдөгчид өөрсдийнхөө рекламыг телевизүүдэд өгөх шаардлагагүй болно. Эзэмшилдээ телевизтэй болохоор ашиг орлого хэд дахин өсөх нь мэдээж. Телевизүүд тэр үед ажиллах шардлагагүй болно. Нэг үгээр хэлбэл зах зээлээс шахагдана. Мэдээллийг олон нийтэд биш хувь хүнд зориулан үйлдвэрлэж эхэлбэл хяналт нэгмөсөн алдагдана. Нийгмийн оюун санаа хаашаа эргэхийг ч тааварлах аргагүй.
Хүний бизнес рүү хүчээр дайрах нь гадаадын улс орнуудад ёс суртахуунгүй алхам, хориотой үйлдэл. Тэр тусмаа нийгмийн сайн сайхан, тогтвортой хөгжлийг хангахад үйл ажиллагаагаа чиглүүлэн, бизнесийн ёсзүйг эрхэмлэн дээдлэх, бизнест хамааралтай оролцогч талуудын хүлээлт, ашиг сонирхлыг эхний ээлжинд тавина хэмээн нийгмийн хариуцлагаа тодорхойлсон компанийн хувьд амлалтаасаа ухарсан хэрэг. Ашгийн төлөө байгууллагын алсаа хараагүй энэ мэт үйлдлээс болж улсын аюулгүй байдал, үндэстний хэмжээнд том хохирол учирч болно. Өргөн нэвтрүүлэг дамжуулах эрх тэдэнд байхгүй.
Харилцаа холбооны зохицуулах хороо салбартаа шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байгууллага. Хэрвээ хаа хаанаас ашиг олж болдог юм бол телевизийнхэн ч үүрэн телефоны үйлчилгээ эрхлэх зөвшөөрөл авмаар байна. Яагаад болохгүй гэж... Бүгдээрээ сайхан амьдарцгаая.
Хүүхдүүдийн хийсэн хэрэг ингээд олонд ил боллоо. Аавыг унтаж байх хойгуур хэдэн дураараа хүүхэд нь гэрээ буулгаж орхижээ. Эхэндээ ч буулгая гэж бодоогүй л байх. Ардчиллыг эрх чөлөө гэж бодсон хэрнээ эрх чөлөө нь өөрөө хариуцлагыг ямагт үүрүүлж байдаг гэдгийг мартчихаж. Ардчилсан нийгмийн эрх чөлөөт иргэд өөрсдийн сонгосон төлөөллөөр төр бариулж, тэдний үйл ажиллагаанд хяналт тавин, хариуцлага тооцож, харин сонгогдсон төлөөлөгчид нь ард түмнийхээ санаа бодол, хүсэл эрмэлзэлд тулгуурлан сайхан нийгэм байгуулахын төлөө дуу хоолой, ажил үйлсээ нэгтгэн зүтгэх үүрэгтэй гэж хичнээн ч ярив даа. Энэ боломжийг хангахад мэдээллийн хэрэгсэл, тэр дундаа өргөн нэвтрүүлэг чухал үүрэгтэй.

Шоовдор
Өнөөдөр Америкийн олон нийтийн телевиз болох PBS-ийг Америкийн хэдэн сая хүн 24 цагийн турш үзэж байна. Хүүхэлдэйн кино, настны эрүүл мэнд, гэр бүлийн боловсролд зориулсан нэвтрүүлгүүд, рекламаар дүүрээгүй, тэнцвэртэй, бодит мэдээллийг үндэсний сүлжээгээрээ дамжуулан орон нутгийн телевизүүдээр нэгэн зэрэг цацахын зэрэгцээ дэлхий дахинаа үнэлэгдсэн BBC-ийн мэдээллийн хөтөлбөрийг гэрээ ёсоор дамжуулдаг. Олон нийтэд ийм л телевиз хэрэгтэй.
Гэтэл Монголын өргөн нэвтрүүлгийн салбар шоовдор хүүхэд шиг байна. Телевизийн салбар, тэнд ажиллагсдын мэргэжлийн стандартын үнэлэмж, өнөөгийн болоод цаашдын чиг хандлагыг зөв тодорхойлоосой, дараа нь олон нийтийн болоод өргөн нэвтрүүлгийн хууль гаргаасай гэж энэ салбарынхан хүсч байсан. Яаруу сандруу гаргасан олон нийтийн телевизийн тухай хуулиа эргэн нэг харах, цаашлаад өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж буй арилжааны ашиг сонирхлын хэт ноёрхлоос өргөн нэвтрүүлгийг хамгаалах, түүний олон нийтэд хүрч үйлчлэх баталгааг хангах эрхзүйн зохицуулалт хэрэгтэй байна. Төр өргөн нэвтрүүлгийн салбарыг чиг үүргээ шударгаар гүйцэтгэхэд нь тус болж, хөгжлийг дэмжих зохистой арга хэмжээнүүдийг авах үүрэгтэй бөгөөд энэ салбарын өсөлтөнд саад болохуйц онцын шаардлагагагүй хориг саадыг тавихаас татгалзах ёстой юм. Энэ үүргийн дагуу нийгмийн зүй ёсны захиалга болох өргөн нэвтрүүлгийн хуулийг батлах нь нэн чухал бөгөөд хойшлуулшгүй ажил болоод байна.
Ингэхэд энэ аав яасан их унтаж байх юм бэ? Сэрэх цаг нь болсон баймаар юм. Аавыг сэрээе

3 comments:

Damdaa said...

надаас урт бичих юм, уншсангүй гарлаа. Дараа уншия гээд л, намайг бас хүмүүс тэгдэг байх даа хөөрхий, ккк.

Anonymous said...

Deer ni nemeed helehed internetuud bas Mongoliin TV suvguudiig gadaadad baigaa mongolchuudad zoriulaad shuud bolon shuud busaar (bichleg) tsatsaad ehelsen bn le

Anonymous said...

You could even move it to different days as long of each workout, fitness guides for
each exercise and a nutrition guide. Balance
your diet with fruits, down to the videos 1st one and
boy it's crazy. They also will pull blood into our digestive track, but also helps to reduce cholesterol and can help prevent gallstones and bowel cancer. With Lean you will be doing a lot more Ab Ripper X on the day you need to skip, then great.

Check out my website: %anchor_text%