Monday, May 4, 2009

Ааваа дурсахуй

Яг арван жилийн өмнө энэ өдөр, өөрөөр хэлбэл 1999 оны 5-р сарын 5-ны өдрийн 5 цаг 5 минутад би аавыгаа алдсан юм. Хачин давхцал шүү.
Энэ өдрийг би ерөөсөө мартдаггүй юм. Ажил амьдрал ааг амьсгаагүй буцалсан энэ 10 жилд өвдөх эдгэх, мартах санах олон л юм болж өнгөрсөн ч энэ өдрийг мартаагүй. Өчигдөр орой зуршил ёсоороо нөгөө муу жижигхэн тэмдэглэлийн дэвтэртээ маргаашийнхаа ажлыг төлөвлөхөөр суухдаа “Өө, маргааш 5 сарын 5 юм байна шүү дээ” гээд л дуу алдангуутаа “Аавдаа ном уншуулах” гээд өгүүлбэр тавьчихаж байгаа юм. Тэгээд үдэш нь, миний ээжид зориулж аавын минь бүтээсэн, нас барагсдын хойдын буянд зориулагдсан “Доржзовд” судрыг уншчихаад унтаад өгсөн. Сэтгэл нэг их сайхан амраад явчихсан.

Аав минь хүн бусаар зовж шаналж, бүтэл бүтэн нэг сарыг тамын тарчлаан дунд үдэж байж мөнх бусыг үзүүлсэнд нь би маш их энэлдэг, бодох дурсах бүхэнд элэг эмтрээд нулимс алдраад ирдэг юм. Миний аав жигтэйхэн хатуужилтай хүн шүү. Бас их баялаг, нууцлаг дотоод ертөнцтэй сөн.
Аавыг нас барсны дараа агаа /Би ганцхан ахтай, эхээс хоёулхнаа/ бид хоёр өвөө эмээгээс үлдсэн хэдэн судар номыг янзлангаа анх удаа тэр номуудын баринтагийг задалсан юм. Аав огт сүжиггүй, бурхан ном ярьдаггүй, лам хуваргыг тоодоггүй хэнэггүй хүн байсан болохоор тэр номуудад бас л гар хүрч байгаагүй, ис тоосонд дарагдсан хэдэн судар манай том толины ард л хураалттай байсаар энэ хүрсэн юм.
Тэгээд тэднийг задалж, таньж мэдэхгүй төвд үсгийг нь гайхширч суутал гэнэт аавын минь гараар сарайтал бичсэн “орги” судар олдох нь тэр. Гайхсандаа таг гацсан би ахыгаа дуудан их л сониучирхан үзтэл намайг нэг настай, агааг минь дөрвөн настай, аавыг минь 30 настай хэвээр нь энэ ертөнцөд үүрд үлдээгээд явсан миний ээжид зориулан аав минь өөрөө “бүтээсэн” Доржзовд судар байсан юм. Хүний сэтгэлийн ертөнц үнэхээр тааж тааварлашгүй сонин, эргээд дурсахуйяа нэн хөндүүр билээ л...

9 comments:

arsun said...

Сэтгэл сайтай хүн байжээ. Маш үнэт өв шүүдээ ном судар бол.

Erhtsas said...

Хүний дотоод нууцлаг хирнээ баялаг байхад би дуртай. Агаагын аав гайхалтай хүн байжээ.

Segsger said...

Энхцас-д: Өө, агаагийн дүү сайн уу? Баярлалаа. Ойрд үзэгдэхгүй болохоор чинь үймэрч суулаа хэ хэ хэ. Би чамд дандаа хэлдэг. Хамгийн гол нь сурлага, дараа нь сахилга бат кккккк

Арсун-д: Баярлалаа эрхэм Арсун

hi said...

From Nyamochir

Ah ni chamaig tanihgyi ee. Ene nomiig olon jil mongolchuud nas boloochiddoo byteej irsen yum. hooson chanariintuhai nom yum shyy dee. Chi ch ooroo neg byteeh heregtei l yum bna.
hervee heregtei gej yzvel ahdaa bicheerei. Minii addres. gonchog@gmail.com
Namaig hymyys Hyree hovgyydiin Nyamochir l gedeg yum. ah ni tusalna aa. chamd

Segsger said...

Nyam-Ochir-t: Hoooh, yamar sonin hun handaad orood iree ve. Ih bayarlalaa and aa. Tanyg tanihgui ch echnee bol mash sain tanina shuu. Bi bas ene nomyg neg buteeh sen gej bituuhendee huseed l yavaad bgaa yum. Tand @ bichnee. Dahin bayarlalaa

Хулан said...

5-ын тоо хамгийн ээлтэй гэдгийг мэднэ биз дээ. Ялангуяа мэлхийнүүдэд. Нэг юм хэлээд ч байгаа юм билүү?

Oogii said...

Нээх их уйлмаар санагдчихлаа

Юки said...

буянтай хүний буянтай үр

ЗОРИГТ8 said...

нуган үр нь ааваа үгүйлээд байна...