Friday, October 26, 2012

Хүү


Өндөр таазтай хавчиг өрөөний голд зориуд зассан том вандан, дээр нь мөнөөх бүсгүйн нас эцэслэхдээ гэрээсэлсэн нөгөө хачин, нисдэг таваг шиг далибагар, ер бусын этгээд авс юу юугүй хөдлөн хажуу тийшээ гулсан унах гэж байгаа ч юмуу эсвэл хана таазыг нэвтлэн хаа нэг тийшээ нисэн одох гэж байгаа юм шиг сонин сэтгэгдэл төрөхөөр тавигджээ. Магадгүй энэхүү сонин авс доторх “зорчигч”-тойгоо нисэн одож гэмээнэ хана таазны алинд ч өчүүхэн завсар, нүх сүв үлдэхгүй, энэ багир хүнд өрөө тэр чигтээ юу ч болоогүй мэт санаа алдах ч үгүй үлдэх байх даа гэж бодогдоно.
Яг энэ үед жаалхүү мөнөөх таваг шиг хачин авсны ирмэгт тулж ирснээ зохимжгүй муухнаар эхэр татах нь тэр. Өөрөө тэр дуунаасаа цочив уу гэмээр хачин хулгаснаа хуруу нь эв хавгүйхэн нэг сарвалзаад сая л нэг цээжний гүнээс нялх хонгорхноор санаа алдаад уйлж эхэллээ. Хүү хачин чимээгүй уйлах аж. Нулимс нь урсаад л, тэгснээ божгор муу гараараа гялсхийтэл шудраад авах ч эл өрөөнд түүнээс болж үүсэх анир огт мэдрэгдэхгүй нь хачин. Яагаад ч юм хүү шуухитнахгүй, чив чимээгүй уйлж байсан юм. Түүнийг хэн нэгэн энд байхыг нь олох юм бол гайхширч сандрахдаа таг хөшчих юмуу, аль эсвэл дуу алдан гүйж хүрээд гараас нь хөтлөн чирээд гарах байсан байх. Ашгүй энд тийм юм болсонгүй.
Дөнгөж саяхан, хэдхэн өдрийн өмнө өөрийг нь хөтлөн дэлгүүр рүү явж байсан ээж нь “Баавгай ахаа, баавгай ахаа” гээд л дуу зааж өгөөгүй гэж үү? Дөнгөж саяхан л ээж хүү хоёр бие биедээ эрхэлж хэн хэн нь хэлээ хазан жаргацгааж байгаагүй билүү? Хүү аяархан дуулж эхэллээ. “Баавгай ахаа, баавгай ахаа...”.
Тэр хэзээ ч ганцаараа дуу дуулж байгаагүйгээ мэдлээ. Ээж нь дэргэд нь хүүгээ урамшуулан жоохон хүүхдийн хоолойгоор “Баавгай ахаа..” гээд дуулахгүй болохоор дуу нь ч нэг их үргэлжилж гавьсангүй. Гэнэт эхэлсэн шигээ гэнэт тасарчихлаа. Ээж нь хэзээ ч түүнтэй дахиад “Баавгай ахаа... Баавгай ахаа...” гээд дуулахгүй юм байна шүү дээ гэж мэдэнгүүтээ хүү аймаар гашуунаар уйлж, бүр суун тусаад л, яг л гудамжинд ээждээ эрхлээд өнхрөөд өгдөг шигээ ойчиж байгаад чангаар уйлж гарлаа. Хачирхалтай нь хэн ч орж ирсэнгүй. Аргадсангүй. Бас л нөгөө дуугаа гэнэт дуулахаа зогссон шиг уйлахаа ч зогслоо. Тэгээд л хэсэг зуур гайхшран манарч зогссоноо урамгүйхэн үүд рүү алхав. Жаалхүү босгондоо бүдрээд хаалга мөргөөд уначихлаа. Босч ирэлгүй хэсэг удав. Тэгснээ гэнэтхэн пүрштэй юм шиг ухасхийн босоод тэр эрчээрээ гүйж одлоо.
Нэг л мэдэхэд хүү байдгаараа хөөрчихсөн, ажил явдал болсон газрын аядуу намуун өнгө аясыг орвонгоор нь эргүүлж тэнгэрийн дуу мангасын буу гэгч шиг хашгирч онгирч явлаа. Хүн бүрийн хувцас хунар, үс гэзэгнээс татаж чангааж, хойлгын идээ ундаа бэлдэж суусан эзэгтэй нарыг уулга алдуулж, заримыг нь бүр балтасхийтэл цочоож уушиг зүрхийг нь амаар нь гаргачих шахав. Тэгсэн ч хүү зогссонгүй, хашгираад л, гүйгээд л, замдаа дэвхцээд л, дуулаад л... “Тэгэхдээ “Баавгай ах”-ыгаа дуулсангүй, том хүний янз бүрийн дууг огцом чангаар, инээдтэй марзан аялж, хого хого инээгээд сүйд.
“Энэ муу золиг чинь яаж байгаа юм бэ”, “Хаанаас гараад ирэв дээ, тоглож л явсан баймаар юм”, “Хүүхэд гэдэг амьтан мөн хачин шүү, өрөвдмөөр юм”, “Үгүй яадаг золиг вэ, наадахаа бариад ав” гээд л энд тэндгүй томчууд дуу хадааж эхэллээ дээ. Хүү гүйсэн чигтээ хаалганы цаана очоод нөгөөдүүл рүү хэлээ гаргаж
-Чаддаг юм бол бариад ав л даа. Мангаруудаа, та нар бол энэ дэлхийн хамгийн мангар хүмүүс шүү за юу. Хөөё Ёрвооноо та яг далайн дээрэмчин шиг харагддаг ш дээ, тэрийгээ мэдэх үү, аан, мэдэх үү? Тэр Соожий аажаа яасан тарган юм бэ, наад өөхнөөсөө надад зарчих, мөнгө нь энэ байна гээд атга дүүрэн мөнгө сарвайх нь өөд болоочийн хойлгын ажилд хүмүүсийн хандивласан, эмээгийнх нь цэгцэлж амжаагүй мөнгөнүүд байх ажээ. Хүүд хэлэх хэлэхгүй юм гэж алга. Ёстой л хамар дор хагархай гэдэг шиг бурж өгч байна. Сонссон улсууд уулга дуулга алдан хөөцөлдөх боловч барьж авч чадсангүй ээ. Хүү нэгэнт гудамж руу гараад гүйгээд алга болж.
Ард нь үлдсэн хүмүүс “Энэ хүүгийн ухаан ээдэрчихэв үү дээ” хэмээн айж бишүүрхэх мэт хоорондоо үг солин гайхалзацгааж байх зуур жаалхүү харин Афас гудамжны Таатрын чөлөөгөөр “Манай ээж үхээгүй, ээж маань амьд байгаа юм байна. Намайг сэрээгээд өгчих л дөө тэгэх үү” гэж орилоод, дуу хадаагаад явж байлаа.
Энэ дуунаар Афас гудамжны хий үзэгдэл босон харайж, өглөө нь өрөөнийхөө хаалганд хатагтай Г-гийн нямбайлан өлгөсөн даавуун даашинзыг нэвтлэн хаалганыхаа гадна хэдийнэ гараад ирчихжээ. Жаалхүү гүйгээд л, цамцаа дэрвүүлэн гүйх зуураа хашгираад л, сүүлдээ хоолой нь цахиртаад хахаж цацан бүгшүүлж эхэллээ. Афас гудамжны хий үзэгдэл түүнийг гайхан харах боловч хүү сэхээ самбаагүй хашгирч ханиалгаж өчүүхэн ч сааталгүй алхана.
Хүү гэнэт хажуудаа хэн нэгэнтэй яваа мэт ярьж гарлаа. “Би өвдөөгүй. Босгон дээр унаад ердөө өвдөөгүй. Эмээ надад хэлсэн. Хүн зүүдэндээ өвддөггүй гэж. Би аймаар зүүд зүүдлээд байна. Сэрнэ, заавал...” гээд л үглээд явах аж. Хүү гүйж эхэллээ. Таатрын өргөн чөлөө өнгөрч Бүрхэгийн жижиг гудамжаар өгсөн шууд Соолог цамхгийг зорих нь тэр. Хий үзэгдэл хүүгийн явдлыг гүйцэхээ болиод мөн л гүйж явлаа. Соолог цамхаг дээр гарч ирэхдээ хүү жигтэйхэн амьсгаадчихсан, тэр жижигхэн биедээ баймгүй эрчирч чангарсан урам зоригтой, эрс харцаар орчноо нэгжиж, яг л том хүн шиг хэнгэнэтэл санаа алдаад дараа нь өөрийгөө шоолов бололтой түсхийтэл инээд алдав. Хий үзэгдэл ч мөн дагаад инээд алдлаа. Харин хүү ажирсангүй. Тэгснээ гэнэтхэн өмднийхөө халааснаас замын цагдаагийн шүглийг дуурайлган хийсэн тоглоомон шүгэл гаргаж ирснээ тасхийтэл үлээчихэв. Хий үзэгдэл өөрийн эрхгүй чихээ хоёр гараараа дарж “Яагаад сахилгагүйтээд байна даа, нөхөөр” гэж ээнэг дотнохноор асуулаа. Хүү чихгүй толгой шиг зогсож байсан ч мань хүн өөртөө баярлав. Тэр хэзээ ч аав байж үзээгүй хэрнээ сая яг л эцэг хүн шиг нэг их хайр дүүрэн дуугарчихсандаа өөртөө бантах ч шиг, тэгсэн атлаа нэг л сайхан санагдаад явчихлаа. Тэгээд хайр дүүрэн харцаа хүүгийн зүг эргүүлтэл, ээ бурхан минь...!
Хүү яах ийхийн зуургүй дарцаглан хийсчих нь тэр. Тэр аймшигт Соолог цамхгаас шүү дээ. Тасхийтэл, өөрөөсөө цочтол хашгирсан боловч түүнд дуу нь сонстсонгүй ээ. Гайхахдаа уйлах гэсэн ч нулимс байдаггүй. Нэг л мэдэхэд хар хурдаараа Соолог цамхгийн шатыг алгасан харайлгаж явлаа. Бууж ирээд тэр юу үзэв ээ, Бурхан тэнгэр минь, нөгөө муу хүү... Яаж байгаа нь энэ вэ гэж хашгиравч нэгэнт оройтжээ. Гэвч хашгирсаар л. Аймшигтайяа цурхиран, хамаг биеэ базлан, өр цоортол халаглахыг нь харсан хэний ч элэг эмтэрч, энэ яваа насандаа мартахааргүй яс маханд нь хадагдан үлдмээр энэ зургийг хүмүүс үл хайхран бяцарч нас барсан хүүгийн дээрээс шавах аж. Гэвч хожим хүмүүс хүүг ээжтэй нь хамт оршуулахдаа ч, оршуулгын цувааны ард мань хий үзэгдэл толгойгоо ганзагалан амьгүй биеэ чирэн алхаж явахад нь ч анзаараагүй билээ.
Оршуулгын цуваа Афас гудамжны Таатрын чөлөөгөөр өнгөрөх үес хатагтай Г цонхныхоо нүсэр хөшгийг үл мэдэг хөдөлгөн гунигтайяа ширтэн зогсохыг хий үзэгдлээс бусад нь бас л хараагүй юм. Толгойгоо эсвэл дээш нь өргөж хязгааргүй тэнгэр рүү сунгаж, эсвэл ганзагалаад өөрийгөө бүрмөсөн мартан алхаж явах үест гэнэтхэн тэр хатагтай Г-г хараад зогтусч, тэгэхэд л өөрийгөө хэнд ч хэрэггүй амьтан гэдгээ зүрхээ урагдтал мэдэрч энэ ертөнц болоод үзэн ядагч хүмүүстэйгээ салах ёс хийсэн. Гэхдээ өнөөдрийг хүртэл салаагүй л яваа нь гайхмаар. Учир нь тэр яаж салж хагацахаа мэддэггүй билээ. Хүслээр болдоггүй хяслант орчлон гээд л хүмүүсийг ярихад тэр ямар ихээр инээж, элгээ хөшөөж тэднийг шоолдог байлаа даа. Хачин юм шүү. Болдоггүй юм гэж байдаггүй гэж боддог залуу байсан билээ тэр. Гэтэл ертөнц гэдэг мэддэггүй юмаар дүүрэн ажээ. Үгүйдээ л гэхэд энэ муу хүүг хар л даа. Хэн түүний нууцыг мэдэх юм бэ, надаас өөр гэж үглэх тоолондоо Тэр мөнөөх хүүд харамсч өөрийн эрхгүй хөндий цээжнийхээ цаанаас хэнгэнэтэл нэг санаа алддаг билээ. Тэгэхдээ тэр хүүг сэрсэн болов уу гэж дандаа боддог юм. Сэрэхэд нь ээж нь дэргэд нь байсан байгаасай гэж бурхандаа залбирдаг болсон сон. Бурханд тэр өмнө нь хэзээ ч залбирч үзээгүй билээ.
2005 он

1 comment: