Tuesday, January 29, 2008

ЭНЭ АМЬДРАЛЫН АЯСААР ЯВАХГҮЙ


Цаг үедээ гайхамшгаа мэдрүүлж цаг үеэ чимж явсан олон арван суут хүмүүсийн амьдралынх нь зорилго хүсэл мөрөөдлийг ажиглаад байхад тэд хэзээ ч урсан буй амьдралын аясаар явж байгаагүй, харин ч тэр урсгалыг сөрөн зогсч өөрийн орон зайгаа эзлэхийг чармайж байсан нь харагддаг. Цаг хугацааны гол мөрөн урсаад л өнгөрч байхад чухам тэд л урсгал дунд өөрсдөө сүрлэг гоёмсог хад цохио, аварга модод болон биежин үлдэж ертөнцийн хувьсан өөрчлөгдөх хуулийн үгүйсгэн үүрд мөнхжин хоцордог байдаг. Гурван мянганы тэртээх сохор Гомер, хоёр мянганы өмнөх Будда Шагжмуни, долоон зууны өмнөх Чингис Богд, сэргэн мандалтын Шекспир, Данте, Раффель, Моцарт, Бетховен гээд л бүгд ийм л гайхамшигийг үзүүлж чадсан. Тэд бурхад байсан уу. Үгүй шүү. Бидэнтэй адилхан л мах цусанд төрсөн хүмүн заяатангууд. Яагаад тэд ийм гайхамшигтай байж чадав аа. Цагийн цагт үл мартагдахуйг урласан эдгээр хүмүүс зорилготой байж. Төрсний эцэст үхэх хатуу хуулийг мэдэх ч өөрийгөө шатааж гэрэлтснээр амьдралаа гайхамшиг болгоно гэдгээ мэддэг байж. Ингэж мэдэхэд нь тэдэнд аугаа их зорилго туслажээ. Аугаа их зорилгыг биелүүлэх аугаа их тэсвэр тэвчээр, авьяас мэдлэгийг тэд олж авч чаджээ. Энэ амьдралын аясаар явбал хэзээ ч хүрэхгүйг ухаарч, энэ л нийтлэг уруу дорой, цөхрөлийг хамгийн түрүүнд өөрөөсөө таягдан хаяж чадсан байна. Хөрөнгө мөнгөөр авьяас билэг, алдар нэрийг олж амьдралын утга учрыг нээнэ гэдгийг хэзээ ч хүлээн зөвшөөрсөнгүй. Ийм замаар олдсон бүх зүйл хоосон болохыг таньж мэдэж чаджээ. Хүн бүхэн гэгээрэлд хүрч чадахын ариун үнэн бол энэ. Тийм ээ амьдралын аясаар явахгүй гэдэг ийм аугаа замналыг үлдээнэ. Амьдрал хар бараан болжээ. Цаг хугацаа нэг л өөр болжээ. Өнөө цагийн шувуу хүртэл буруу дэвдэг болоо юу даа. Ийм гуниглал, цөхрөл, ийм мухардал биднийг жинхэнэ сүйтгэж байна. Ийм л хатуу цэвдэг, ариун сайхан зүйлгүй орчлонд ариун явна гэдэг утгагүй мэт хүмүүст санагддаг болжээ. Би л, бид л үүнийг таягдан хаяхгүй бол хэн энэ орчлонг чинь гэрэл гэгээтэй болгох болж байна аа. Хүсч мөрөөдөж, зорьж үзье. Урсгал даган хөвөхгүйгээр нэг ч удаа гэсэн сөрж амьдрахаар сэтгэл шулуудья.Ертөнцийн мөнх бусыг үгүй болгож, нарыг баруунаас нь мандуулья гэсэнгүй гагцхүү өөрөө өөртөө сэтгэл хангалуун туйлын зорилготой зөв амьдарья. Тэгээд бусдыг дагуулья. Энэ хорвоо дээр мөнгөнөөс илүү бүтээл туурвил, амьдралыг таньсан ухаарал, сайн сайхныг дээдлэх гайхамшиг байдгийг харцгаая. Цаг хугацаа, амьдрал гэдэг та бидний өөрсдийн үйлдэж буй хар саарал замналд хиртдэгээс бус угаас цөвүүн үе гэж хэзээ ч байдаггүй юм. Бусдын буруу үйлдэл, шударга бус зан чанарын өмнө загас шиг байхаа больё. Уруудан доройтож байгаа нэгнээ дээш өргөн аргадья, эр хүн шиг бай гээд ухаарлын үгээ хайрлая. Өөдлөн дэвжин буй нэгэндээ тэнхээ өгье. Яагаад өнөөдрөөс эхэлж ийм үзэл санаатай байж болохгүй гэж. Бусдыг хайрлаж байж өөрөө өөдрөг явахаа мэдсээр байж бид яах гэж нэг нэгэндээ ийм хатуу цэвдэг хандана вэ. Өчүүхэн төдий хичээвэл л бүх зүйл тэгшрэнэ шүү дээ. Бусад нь тэгэхгүй байхад би нэг их бурхан шиг аашлаад ч яах билээ гэж байгаа бол энэ чинь эндүүрэл. Учир нь та бусдад өгсөн хайр халамжаасаа амьдрал хэчнээн баяр баясгалангаас бүрэлдэн бүтдэг тухай, бусдыг хайраараа гэрэлтүүлэх нь жинхэнэ аз жаргал болохыг та мэдрэх болно. Зөвхөн та өөрөө өмсч зүүх идэх уухаар дутахгүй бүрхэг саарал гудамжаар алхалж, бүрхэг саарал амьдрал дунд амьсгалж амьдарч байснаа энэ л мөчид ухаарна. Гуниг дүүрэн амьдралын аясаар амьдармааргүй сэтгэгдэл байвал таньд энэ бүх хүмүүсийн өмнөөс баярлаж талархснаа илэрхийлье Хэзээ нэгтээ та туулсан амьдралаа эргэцүүлэн нухацтай бодож үзсэн үү. Юу таньд баяр баясгалан өгч байв, юу танд эрхэм сайхан урам зориг өгч байв, юу таныг аз жаргалтай болгож байв аа. Хэн нэгний ухаарал, хайр бэлэглэсэн сургамж, хэн нэгний атаархам амьдралын замнал, хэн нэгний таны төлөө зовнисон зовнил, халамж…. Энэ бүхэн шүү дээ. Муу муухайд автаж урсчихалгүй өөрийнхөөрөө байж гэрэл гэгээтэй байсан өчүүхэн төдий хугацаа чиний амьдралын энэ олон жилийн үнэ цэнэтэй тэнцэнэ. Учир нь сайн сайхны үр эцэс хойноо заавал сайн сайхан аз жаргалын мод болон ургадаг болохоор тэр шүү дээ. Уртаас урт энэ замд арав ч алхахгүй чи өөр нэг учралтай тохиох болно. Тэр учрал тань эргэж харахдаа нулимстай нүдээр эргэн харах аль эсвэл аз жаргал гэрэлтсэн харцаар харах эсэхийг чинь шийднэ. Эцсийн эцэст зүүний үзүүр дээр тогтох эсэхэд шийдэгдэх хүмүн заяа зөвхөн нэгэн нэгнийхээ хайр халамжин дээр тогтдог юм. Анд нөхдийн, амраг сэтгэлийн, эх үрсийн, ахан дүүсийн хайр, халамжийн сэтгэл. Чухам хорвоо ертөнцийг бүтээж, цаг хугацааг чимж байдаг энэ л зүйлийг аугаа хүмүүс магтан дуулж, хүсэн зорьж амьдарсныхаа төлөө хүмүүний түүхэнд мөнхрөн үлдсэн байдаг. Хөгжим, яруу найраг, жүжиг, кино, уран баримал, уран зураг чухам энэ л эх мөрнөөс ундран гарч энэ л эх мөрний урсгалыг сэлбэдгээрээ амьдрал утга төгөлдөр, цаг хугацаа гэрэлтэн гийдэг билээ. Хар саарал манан дунд хаачихаа мэдэхгүй хүйтэн жавар дунд яваа юм шиг санагдвал.. Бүх зүйл мөнгөөр хэмжигдэж, бүх зүйл шударга бусын мөсөнд барьцалдсан мэт бодогдвол... Хүмүүс битүү хөлхсөн гудамжинд дайруулчих шахан ганцаардан сэтгэл зүрх чинь хоосорсон мэт анзаарагдвал би таньд ганцхан зүйлийг хичээнгүйлэн захья. Энэ санагдаж, бодогдож, анзаарагдаж байгаа амьдралынхаа аясыг бүү дага. Сөрж амьдар. Гэрэл гэгээ дүүрэн сөрж амьдар. Учир нь энэ бол таньд ганцхан олдох зөвхөн таны л амьдрал

1 comment:

Anonymous said...

Нээх сайхан болчихлоо_ Цангаа тайлагдаж байгаа юм шиг л...

Би үргэлж "халуунтай" явдаг юм. Бусдаас хамааралгүй тэр халуурал минь намайг гэрэл гэгээ тийш хөтөлж яваа гэдэгт итгэдэг ээ