Monday, January 28, 2008

АРЫН САЙХАН ХАНГАЙД АМАРЧ ТУХАЛСНАА ЦУХАСХАН...


Хунтай нуурын анир зургийн хальсанд
Намрын сар гарсан ч өвсний сөл ногооноороо, уудам хөх тэнгэрт сэмжин үүр сэмрэн нүүдэллэх нь сэтгэлд ер бусын нэгэн хээг урлан байх шиг. Хөндийн зэрэглээ тэртээд туналзах нь тунгалаг хөшгийг санагдуулах агаад тэрхүү хөшигний хормойд тэнгэр газар нийлэн тэврэлдэж борог өнгөө золгуулах нь зөөлөн мэдрэмж төрүүлнэ. Тэр анирт хөндийн дундуур дуу шуутайхан довтолгож явлаа бид. Явсан хэрэг бүтэмжтэй, басхүү далимд нь эрүүл агаарт хоёр хоног сайхан амраад буцаж яваа улс дуулахаас яахав гэцгээн өөрсдийгөө доргиож явтал “Хүүе хүүе, зогс, дуугаа аялдаарай, чимээгүй” гээд л зурагчид маань цүнх саваа онгичиж гарах нь тэр. Гэтэл замын хажуугийн зэгст нууранд ангир, хун шувууд битүү чуулж, нуур бүхэлдээ жигүүртний буудал болсон байхыг бид анзаараагүй юмсанж. Үнэндээ зурагчдаас өөр улс ажиглахаар ч үгүй тэртээ доор зэгст нуур ногоорон үзэгдэнэ. Дөнгөж саяхан л Мандаж гардаг нар нь шингэнэМанантайгаа хоёулаа даа хө… гээд л хангинуулж явсан зурагчин Батсүх, Рэнцэндорж нар зэгсэн дундуур гэтэн одоход бид чимээ гаргачихаас эмээн машинаасаа бууж ч чадахгүй хун шувууны сүрдэм цагаахан үзэсгэлэнг нүд сэтгэлээрээ бишрэн харж байлаа. Ажлаа бодохгүй хөөрцөглөөд л гэж саяхан бидэнд зэмлүүлж байсан манай хоёр агшны дотор төрөл арилжин албаны дүрээ олчихсон нь нээрээ л эмээн сүрдмээр. Байгалийн амьд зургийг амьсгаа даран ширтэж байх зуур нөгөө хоёр зорилгоо биелүүлчихээд бөөн дуу шуу болсоор хүрч ирсэн нь замын туршид сэтгэлд нь тороод байсан хүслээ бүтээж санаа амарснийх бололтой. “Загатнасан газар маажсан” ийм нэгэн санамсаргүй содон агшныг тэр хоёр битүүхэндээ анаад л явсан гэх. Манай аяллын зорилго “Самбуугийн ном”-ын зургийг авах. Арын сайхан хангайд ажлынхаа ихэнхийг нугалчихаад буцаж яваа нь энэ. Монгол орноо гадаадад сурталчлах Засгийн газрын захиалгаар МОНЦАМЭ агентлагаас англи хэлээр эрхлэн гаргаж байгаа номыг гардан бүтээгчид нь тус агентлагийн Гадаад мэдээллийн газрынхан. Дарга нь Г.Пүрэвсамбуу. Манайхан газрын даргынх нь нэрээр Самбуугийн ном гэж ярих. Самбуугийн номын нэрэмжит энэ удаагийн албан томилолт хугацааны хувьд давчуухан байсан ч гэлээ “Нийслэл хүү” кинонд Батхишиг “Сэтгэлдээ хөөртэй, хальсандаа зурагтай ирлээ” гэдэг шиг бид ч уран бүтээлийн чамлахааргүй олз омогтой явсан юм. Агентлагийн захирал, Гадаад мэдээллийн газрын дарга, Санхүүгийн, Дотоод мэдээллийн, Гэрэл зургийн албадын дарга нараас бүрдсэн нүсэр баг сурвалжлаганд анх удаа ганзага нийлсэн нь энэ. Зангиа костюмтай дарга нараа аяны хувцастай сахилгагүйтэхийг харах соньхон байлаа. Ажил албаны талаарх яриа хөөрөөнүүд манайхан гэх нэгэн сэтгэлд нэгдэж нийлэх нь нэг л өөриймсөг.“Анзааралгүй олон шувуудыг үргээсэн боловчигАппарат дурандаа үлдээлээ дээ хө…” хэмээн бид тасарсан дуугаа үргэлжүүлэн зохиож цагаан талд босоо тоос орхин цааш довтолголоо.
Арын сайхан хангайд амарч тухалснаа цухасхан…
Тав дахь өдрийн орой ажил тарсны дараа нийслэлээс гарч Хархоринд алжаал тайлан, шөнөжин довтолгосоор өглөөн нартай уралдан Арын хангайн барааг харав. Аймгийн төвөөс зүүн урагш арваадхан км-ийн зайтай Мааньтын хөндийд зусаж байгаа Жамц гуайнд дөрөө мултлахад өглөөний хар шүүдэр хатаж амжаагүй байлаа. Архангайн Жамц гуай МОНЦАМЭ-ийн орон нутгийн сурвалжлагч нарынхаа “Ангийн дарга” нь. Хөхүүртэй айраг бүлж зогссон ач хүү нь сүрхий хэвлүүхэн мэндэлж угтлаа. Өвөөгийн ажлын газрынхан хотоос ирнэ гээд эмээ намайг эрт босгосон гээд нүдээ эргэлдүүлэн дуржигнах арваад насны энэ бор хүү миний анхны танил. Эмээ өвөөгийн амины жаалууд гэх том жижиг хоёр Санжаа биднийг явах хүртэл гар хурууны үзүүрт ойр байж “зөөлөн чихтэй хүүхдүүд” хэмээн магтуулж үлдсэн юм. Жамц гуайн хань Хандсүрэн гэж ёстой л Жамцынх гэдэг айлын төлөө төрсөн гэлтэй том, жижиг бүх амьтны тогоо шанагатай нөхөрлөсөөр насаа элээж яваа ч цаг наргүй энэ ажилгүйгээр амьд явж чадахгүй тийм нэг хангинасан эгч. Хүний өөрийн гэхгүй хүү минь, дүү минь гэж уулгалах. Ангир үрдээ амин хайрАмраг наддаа наран хайрҮргэлж ундрах мөрөн хайрҮйлийн үргүй хань минь гэх сэтгэлд шингэсэн сайхан дууг наргиан наадмын дундуур Жамц гуай бидэнд аялж өгсөн нь ханьдаа зориулж өөрийнх нь бичсэн шүлэг байсныг хожуу мэдсэн юм. Хөдөөдөө хайртай дагшин хэдэн уран бүтээлчдийн нэг бол манай Жамц гуай. Малаа маллана, үрсээ хайрлана, машин барина, бизнес хийнэ, зохиолоо туурвина, мэдээгээ бичнэ. Юм юмтай, орчин үеийн хэлээр бол овсгоотой хүн. Гэвч тос даасан монгол сэтгэл, ховорхон хүн чанар цаг ямагт үнэртдэг юм. Нар баруунаа хэлбийх үед бид Тайхар чулууг зорин хөдөллөө. Аймгийн төвөөр дайран баруун хойшоо гарах өндөрлөг замд аймгийг бүхлээр нь тольдох завшаан тохиолдлоо. Шугамдсан мэт жирийтэл эгнэх гэр хороолол борооны дараа улам ч өнгөтэй, цэмцгэр харагдана. Уул устай сүрлэг газарт байрласандаа тэрүү, ер нь л нэлээд өвөрмөц цэвэрхэн газар юм. Хашаа бүхэн байшинтай, ихэнх нь байшингийнхаа өмнө хөнгөн тэрэг сойсон нь оршин суугчдынх нь амьжиргааны түвшинг илтгэж байх шиг. Үйлчилгээний газрууд элбэгтэй, аймгийн төвүүдэд тэр болгон байдаггүй хангалуун байдал харааны үзүүрт тэмтрэгдэнэ. Цагаан даваа гэж цагтаа алдартай байсан Монголын том даваануудын нэгийг дурайсан дардан замаар төвөггүй давлаа. Шинэхэн зассан цагаан зам нь Мянганы замын нэг хэсэг гэнэ. Аавтайгаа нийслэл хүрээг зорин анх ирэхдээ давж байсан Цагаан давааны тухай Пүрэвсамбуу даргыг ярихад аргагүй л хэцүү даваа байж дээ гэх зураглал сэтгэлд бууж байсан. Архангайхны төдийгүй баруун нутгийн зорчигчдын эрхгүй шагшиж буй бүтээн байгуулалтын энэ томоохон ажлын нэг хэсгийг ийн мэдрэхдээ Мянганы замыг бүр хурдлаасай гэх яаруу сэтгэл төрж байлаа. Тайхар чулууны араар урсах Тамирын голын бургасанд хорхог хийн амарч тухлаад Жамц гуайнд зусланд эргэж ирэхэд дахин бороо орж эхэллээ. Ийнхүү байгаль биднийг нар хураараа шагнасан нь гэрэл зургийн хальснаа уран бүтээл болон амилж, “Самбуугийн ном”-нд солонгын гэгээ, адууны үүрсээн, сэтгэлийн өнгө хослон шингэлээ.
Тэмдэггүй зам, тэмдэгрэх үүрийн заагт
Нар хэвийх үед Өгий нуураас хөдөлж тун удалгүй бүрэнхий боллоо. Нутгийн хүнээр заалгаж гарсан хэдий ч зам салахдаа буруудаж хөдөөгийн бүдэг замаар орчихжээ. Дөнгөж саяхан л дуулалдаж, онигоо ярьж хөгжиж явсан хүмүүс дуугаа хураан барайгаад явчихлаа. Бидний өмнө явсан захирлын машин ард үлдэж энхэл донхол харгуйд гэрэл нь нэг ил гарч нэг далд орон бүдчинэ. Манайх шиг уул талаа хэрчсэн олон замтай, дур мэдэн явцгаадаг улсын хувьд замын тэмдэглэгээ зайлшгүй шаардлагатай аж. Хараа хяналтнаас хол, хээрийн замд жолооч нар хээгээ алдаж өөрсдийн тааллаар зам нээж, “төөрдөг байшин” зохиосоор удлаа. Ядаж гол гэж үзсэн замынхаа хоёр хажуугаар тэмдэг суурилуулчихвал будилсан нэгэнд хөтөч болж, амь наана, там цаана яваа нэгэнд нь авралын од ч болох юм билүү. Хээрийн замд юу тохиолдохыг хэн мэдэх билээ. Ямартаа л хэдэн сарын өмнө манай улсад амьдарч байсан Польшийн дипломат ажилтан Дорнодын талд төөрч, эгээ л “байгалийн” олз болчихоогүй. Тэр хүн ямар зорилготой явсан нь энд чухал биш ч хэрэв золгүй явдал учирсан бол хөдөө тийш хараа сунгадаггүй төр засгийн маань нэр гарах байлаа гэж энэ үед өөрийн эрхгүй бодогдож байв. Төөрч будилж, төвөгшөөж, мэгдэж явсан ахархан зам, сайн мэддэгтээ эрдэж туулсан урт замаас илүүтэй хүнээс ямар их тэвчээр, сэтгэлийн хат шаарддаг болохыг салаалсан олон харгуйн дунд бүрхэг түгшүүрт автан явахдаа би мэдэрсээр л байлаа. Хэрэв энэ үед шатахуун дуусч, хоёр машин хоорондоо төөрч, зүг чигээ алдан бэдэрсэн бол яах байсан бол. Өвдөж зовсон, өлсөж цангасан нэгэнд өглөө болтол ямар урт хугацаа шаардагдах бол. Гэрэлд ойж тодордог замын тэмдэг гэгч хэрэгтэй газраа залуурын мод, зааны ясан таягнаас ч үнэтэй аж. Өглөө болоход замаа олж үргэлжлүүлсэн ч дэмий бензин шатаахаар нуурын эрэгт тааваар хонодог байж гэх харуусал хүн бүхний амнаас сонсогдож байв. Гэвч Архангайн сурважлагчийндаа очиж амарч тухалсан өег сэтгэгдэл энэхэн зуурт сэргэж нийслэл хүрээ ойртохын хэрээр сэтгэл тэжээж байлаа. /2006 он/

No comments: