Бум
бужигнаж түм түжигнэсэн зээлийн газар. Баргил байж ядан хөлөө сэлгэж зогсоно.
Бороо орж байна. Тэрээр элэгдэж хуучирсан муу саравчтай улаан малгайгаа гартаа
атгажээ. Үжирсэн сэмэрхий бор пальто, өсгий нь эргэсэн инээдэмтэй түнтгэр
гутлаа хялавхийн харснаа мөнөөх л доогтой гуниглуу инээд уруул дээгүүр нь
мишилзээд ирлээ. Гэвч тэр өөрийгөө өрөвдсөнгүй. Хэзээд л ийм байсан хойно,
юундаа ч өрөвдөх билээ.
-Хөөе
улаан малгайт аа, чи чинь яагаад дусагнаад унав аа? Тэсэхээ болив уу гэж
зэргэлдээх булангаас дээрэнгүй дуу хадах нь тэр. Гайхсан ч үгүй. Улаан малгайт
нэрэндээ дассан гэх нь ч хаашаа юм, гэхдээ л ажирсан шинжгүй мөнөөх л сонин
гэгэлзүүр бодлоо үргэлжлүүлж авай. Харин дусагнахын хувьд ч хэдийнэ
дусагначихаж. Өчигдөрхөн тэндэхийн үглээ Цахирам авгайн өвсөн шүүрээр балбуулж
элдүүр нь ханасан өнөөх муу бөөр нуруу нь нэг л аятайхан тавираад явчих нь тэр.
Харамсалтай нь дахиад л дусагначихлаа хөөрхий. Амьтанд ад үзэгдэхээс илүүтэй
өөрт нь, хөөрхий жаахан бардамд нь хэзээ ч зохиж наалддаггүй аймшигт мэдрэмж
дахин зурсхийсэн ч ажрахгүй байхаар шийдлээ. Өөр арга нэгэнт алга болжээ.
“Намар
шиг хаврын өдөр” хэмээн хаа нэгтээгээс унш луу, эсвэл хэн нэгэн тийн ярьж ч
байлуу, юутай ч яг энэ мэдрэмж энэ л үгээрээ бодлыг нь нэвтлэн орж ирэхдээ
бяцхан гуниг төрүүлчихлээ. Өмнө нь иймэрхүү хөндүүр ч гэмээр соньхон мэдрэмж
төрөх бүхэнд тун таатайхнаар бодол санаа нь чөлөөлөгдөх шиг болдог сон. Энэ
удаа тэгсэнгүй. Нууцлаг баяр төрөөсэй гэж хүлээгээгүй ч байж мэднэ. Учир нь
мөнөөх аймшигт зөн совин дотор сэтгэлийг нь мэрсээр тэр байтугайг анзаарах
сөгөөгүй зогсож байлаа. Хайрлан санах юм юу ч үгүй хачин өдөр. Хэзээ ч цээжин
дотроо ийм хөндий хоосон байж түүнийхээ төлөө тарчилж үзээгүй болохоор тэр
хачин мэдрэмжнээсээ зугтах гэхдээ гуйлгын бадар болох даг дайр болсон муу бор
уутаа өмнөө бариад чимээ шуугиан бараадан хүн урсгалын дунд шуугин орж
явчихлаа.
Үргэлжилсэн
урт лангууны дэргэдүүр гөлрөө өвчтэй хүн шиг дүйнгэтэн явсаар залхах тийшээ ч
хандав. Яг энэ үед түүнд хулгай хийж үзмээр хүн бусын хачин хүсэл төрж улмаар
бүр тэчъяадаж эхэллээ. Юу хулгайлах вэ? Үнэхээр хэрэг болчих юм л бол дээр сэн.
Гэвч бодоод бодоод хулгайлчих юм санаанд нь орсонгүй. Уг нь бол хоосон гэдэс,
хонгио толгойноос өөр юмгүй хүнд эдэлж хэрэглэхээс эхлээд идэж уух хэрэгцээ их
л баймаар. Хачирхалтай нь хулгай хийхийг сэдсэн нь хоол шиг бодол байж. Энэ
бодолгүйгээр өлсөх юм байна гэдгээ гэнэт мэдээд бүр гайхширч орхилоо. Тийнхүү
удтал тээнгэлзэж мунгинасны эцэст Цахирам авгайн дэрсэн шүүрнээс өөр ухаан
санаанд нь орж ирэх юм олдоогүйд ч болсон уу буцаад л дусагнасан мөнөөх газраа
хүрээд ирлээ. Эргүү төлөг шиг зорилгогүй тэнэж явсаар бороо зогссоныг ч
анзаарсангүй.
Өдрийн
наран баруунаа хэлбийж туниа муутайхан туяагаа илч гэрэл хүссэн нүүрэн дээр нь
тусгаж байхад харин мань хүн “Шүхэр, шүхэр л хулгайлдаг байж” хэмээн бодож
байлаа. Магадгүй, өвлөөр ч, зунаар ч, бүр бороо гээч зүйл байдаггүй байсан ч
шүхэр л хулгайлж мэдэх юм. Хулгайлсан шүхрээ өвгөнд өгч таарна. Өвгөн илт
баярлахгүй ч бас голохгүй, зүгээр л хүнээс авдаг бэлэгний л нэгэн адилаар
хүлээн авах байсан биз. Баргил энэ тухай бадаг бүдэгхэн төсөөллөө нэрж хэсэг
тэнэгрэн зогссоны хойно ерөөсөө өвгөнтэй л уулзъя гэж шийдлээ. Өвгөнтэй
уулзсаны дараа л тэр хулгай хийх тухай өнөөдрийн бодол хэрэгцээнээс нь үүдэлтэй
юм байна гэдгийг мэдэв.
Яагаадыг
бүү мэд, нэг л мэдэхэд өвгөнтэй хэтэрхий илэн далангүй, бас их хэгжүүн бардам
ярьж суулаа. Зээлийн газраас хоёр буудлын хойхно байх ядмагхан уушийн газарт
өвгөн тэр хоёр хөөрөлдөж байв. Баргилд энэ өвгөнөөс өөр найз газар дээр
байхгүй. Харин газар доорх оромжинд нь бол олон хүн бий. Тэд бүгд л Баргилын
найзууд. Тун гайхалтай нь өвгөн хэзээ ч түүнд гар сунгахаас татгалздаггүй.
Гэхдээ гуйгаагүй байхад нь сарвайна гэж үгүй. Баргил түүнээс цөөхөн л гуйсан.
Өвгөн ч бүгдэд нь тусалсан. Эргүүлж авна гэхгүй. Өгөх ч юм байх биш. Өвгөн ч
үүнийг сайн мэднэ. Гэхдээ Баргил өвгөнөөс онцгой үед л тусламж хүсдэг байлаа.
Газар доор амьдрагсдын эгэл нэгэн төлөөлөгч гэдгээ сайн мэдэх ч тэдний увайгүй
занг тэвчдэггүйг нь энэ гярхай өвгөн олж харсан ч байж мэдэх юм. Өвгөн энэ удаа
ч мөн сайхан загналаа. Би чамд боломж олгоё, хэд хэрэгтэй юм бэ гэж палхийтэл
асуугаад хариулахын ч завдал өгөлгүй яг л хэрэгтэйг нь тоо ёсоор /хэтэрхий их
байлаа/ ширээн дээр тоолоод чулуудчих нь тэр.
-Хүн
боломж болгоныг хайрлаж бөөцийлөн тордох ёстой юу хишигтээн?
-Чи
юу гэж бодож байна, өөрийнхөөрөө л бол.
-Наад
хариулт чинь үнэхээр хангалтгүй байна.
-Би
л хувьдаа боломжийг бордох ёстой гэж боддог. Тордох ч ёстой. Ер нь нөгөө
асуултыг чинь “тийм” гэж хариулах гээд байна л даа.
-Энэ
чинь тааллаараа бол гэж хэлсэн дээрх үгтэй чинь зөрчилдөж байна.
-Чи
ер нь адармаатай. Асуудлыг дандаа хүндрүүлж байдаг. Зовж таашаал авах хүсэлтэй
хүн юм. Харин бусдыг өөр шигээ бүү зовоож бай гэж зөвлөмөөр байна.
-Лут
дүгнэлээ. Уг нь танаас нэг л зүйлийг хүссэн юм. Өгснийг чинь зовлон гэж хүлээж
авах уу, жаргал гэж хүлээж авах уу гэдгээ мэдэхгүй байсан учраас өөртөө
хариулахын тулд танаас асуучихлаа, уучлаарай.
-Үүнээс
хойш өөрөөсөө л асууж бай. Хүний хариулт чамд зохихгүй юм байна.
-...
-Би
хүнд туслахдаа харамж горилж тусалдаггүй.
-...
-Зөвхөн
өгөө аваа боддог хүнд бас дургүй.
Энэ
удаа Баргил тэссэнгүй. Сүүлийн үед байнга бодогдоод дотор сэтгэлийг нь төнхөөд
байсан нөгөөх зүйл нэг л мэдэхэд аман дээр нь гараад ирэв.
-Бурхан
ч гэсэн наймаалцдаг.
-Арай
ч тэгж гүжирдэж болохгүй байх шүү. Бурханыг хүртэл наймаачин болгочихдог айхтар
хүн юмаа чи.
-Бурханд
өгөх, надад өгөх хоёр чинь яг адилхан. Ер нь та бурханлиг хүн болохоор бурханыг
бодож л надад өгсөн байлгүй.
-Бурханд
өгсөн бол дээр байж.
-За
тэр. Одоо л үнэнээ хэллээ. Энэ тусламжаас чинь татгалзлаа. Гэхдээ татгалзаж
байгаагийнхаа төлөө авъя. Иймэрхүү зөвшөөрлийг л өөрөөсөө хүлээж байсан юм.
-Чи
мөн хачин хүн ээ. Их нэрэлхүү юм. Та нар чинь уг нь нэрээ идчихсэн улс л байдаг
сан. Ядахад наад үнэр танар үг яриа хоёр чинь зохихгүй байна. Ийм олон үг хэл
бололгүй зүгээр л авчихсан бол дээр байсан юм сан.
-Ингээд
л таны мөнгө жигшүүрт мөнгө болон хувирлаа шүү дээ. Анх сарвайж байхад чинь
бурханы гараас хүртчих дөхсөн. Одоо харин хүний гараас авах боллоо. Гялайлаа.
-Бурханаар
туслуулах дургүй юм биз дээ?
-Бурханд
туслах л дуртай.
-Эхлээд
өөртөө тусалчихдаг бэнчинтэй болоод бурханд тусалвал дээр дээ.
-Бурханд
туслахад бэл бэнчин хэрэггүй ээ.
-Тэгвэл
ертөнцийн бүх гуйлгачингууд бурханы анд нөхөд, үнэнч туслагчид нь болж чадах нь
ээ?
-Бурхан
зөвхөн мөнгөтэй хүнд боломж зардаггүй байлгүй.
-Мөнгөөр
боломжийг худалдаж авдаг юм. Мөнгө гэдэг чинь өөрөө том боломж. Түүнийг ч гэсэн
бурхан өгдөг.
-Бурхан
тэгэхээр зөвхөн баячуудад л хайртай гэсэн үг үү?
-Ядууст
ч бас хайртай.
-Тэгвэл
яагаад тэдэнд мөнгөнөөсөө сарвайхгүй байгаа юм бэ?
-Тэд
мөнгөөр шагнуулах гавъяагүй.
-Баячууд
ямар гавъяа байгуулсан юм бэ?
-Бурхан
л мэддэг байх.
-Сайхан
л хэрэг байна. Бурхан гуай тэгэхээр ялгаварлан гадуурхагч болж таарах нь ээ?
-Харин
зарим бурхан тийм байх юмаа. Яг одоо нэг нь өөдөөс хараад өөрийгөө бас зарим
нэг этгээдийг ялгаварлан гадуурхаад сууж байх юм.
-Надтай
ингэж яриад нэмэргүй дээ.
-Яая
гэхэв.
-Мөнгөөрөө
намайг худалдаад авчихсан гэж бодож байвал том эндүүрэл шүү. Би бурханд
зарагдчихсан.
-Сайн
л байна бурханы бараа минь. Бурхан чамайг яагаад худалдан авсныг ойлгохгүй л
юм. Би л хувьдаа гуйлгачныг худалдан авахгүй.
-Би
танаас “гуйж” байсан удаагүй. Бусдаас бол өөр хэрэг.
-Бурханаас
гуйж цадсан болохоор надаас юугаа гуйхав дээ. Бурхан гуай тэгээд туслагч нартаа
хэр гар сарвайх юм бэ дээ? Ойрд орлого давгүй юу?
-Муу
байгаа. Тэнгэрийн царай, миний царай хоёр баргархан л өдрүүд байна.
-Ялгаварлан
гадуурхахаа болихгүй бол ялгавартай өдрүүд үргэлжлэх л байх даа. Бурхан гуайд
өргөх тахилаа жаахан нэмбэл яасан юм бэ?
-Нэмж
байгаа.
-Мөнгөөр
өргөөд үзвэл зүгээр сэн.
-Энэ
мөнгийг бурханд биш өөртөө өгнөө, хувцаслана.
-Сайхан
санаа. Бурхан хувцасанд чинь дурлаж мэднэ шүү. Заримдаа тэр их моод хөөцөлддөг
юм.
-Та
бас л өгсөн мөнгөө бурханы өргөл болгож орхилоо. Би түүнд мөнгө өгөхгүй гээд
байна шүү.
-Надтай
л адилхан бурханд мөнгө өргөх гэж байж юундаа өөр хэлээр ярьдаг юм бэ дээ. За
тэр яахав. Үг олдлоо. Явах минь. Чамтай дэмийрч байхаар хэдэн бор цаасаа эргэх
нь дээр байна. Бурхан багшид таалагдах юм олж эгэлдрэх гэж байгаа чинь сайхан
санаа шүү залуу минь.
Баргил
буцлаа. Амьдралдаа барьж үзээгүй их мөнгө атгачихаад явж байхад түүнд ямарч
баяр хөөр төрсөнгүй. Газар дорх гэрийнхээ үүдэнд ирсэн ч яаран орохыг
төвдсөнгүй. Тэр ямар нэг зүйл олж бодох гэсэн боловч ухаан санаа нь хов хоосон
байлаа.
2007 он. Улаанбаатар
4 comments:
Manaihaan, sanaa onoogoo huvaaltsaarai. Segsger chen urgeljilsen ugiin yum bichih sanaatai oroldood bgaa shuu. Ene uguulleg geed tavichihsan zuils bol bie daasan neg yum bish, zohiolyn dotorh uguulemjuudiin heseg bgaam
Харилцан яриа нь таалагдаж байнаа. 2007 он гэчихсэн байхаар нь нэг өгүүллэг юм бна гэж ойлгосон юм. Тэгтэл үгүй юм байж. Үгүй тусмаа сонирхол татаж байна. цаашдаа яах бол гэж. Харин Баргил маань их юм боддог номтой маягийн хүн болж таарах нь. Бас жаахан өөрийнхөөрөө, гөжүүд юм. тэгэхээр цаашид өрнөх нь сонирхолтой байж мэднэ. Харин яаж эргэх бол? Өөрийнхөө дургүй дүр төрхөнд очих вий дээ. Зүгээр л шивнэхэд нэг дор хэт их номчирховол яадаг бол? энэ зүгээр миний бодол. Гэхдээ амжилт хүсье. баахан илүү үглэв
Ergeed irsen baina, goyo goyo bichleg oruulsan baina. Uran buteeliin amjilt. Unshsanii daraa yum boduulsan surhii chambai boljee.
Peak: Hooe ee sain uu daa naizaa
Bun:Bayarlalaa, Ug iluudehgui ee
Post a Comment