Monday, January 28, 2008

ТЭНГЭРТ МӨРТЭЙ, ГАЗАРТ ӨРТЭЙ БҮСГҮЙ


Алган дээрээ өнхрүүлж өсгөсөн энхэр охиноо суран бүсээр сухай болтол нь ороолгочихсон аав учиргүй гэмшиглэн дүнсийхэд алганы мөргүй турьхан биеэ гүвдрүүттэл шийтгүүлсэн 18-тай охин харин нулимстай инээж зогссон гэх. 1966 оны намрын тэр нэгэн өдөр Түмэнжаргалынх гэдэг айл зөрүүд охиныхоо хэцүү араншинд бууж өгөхөөс өөр замгүй болж, эмнэлгийн халаад эсгэж байсан ээж нь үйлээ зогсоожээ. Хоёр хөгшнийгөө гомдоож зорьсоных ч юмуу, амьдралын энхэл донхол харгуйд унаж бүдрэлгүй “хөлгөө жолоодож” эхэлсэн бүсгүй тэр цагаас хойш ижий ааваасаа хазгай үг сонсолгүй явсаар Монголын шилдэг 100 эмэгтэйн эхэнд нэр нь жагсаж асан 1997 онд бид анх танилцаж билээ. Аймгийн сонины захиалгаар нисэх буудлын шинэ даргатай ярилцлага хийхээр зорьж очсон нь тэр л дээ. Хэнтий аймгийн нисэх буудлын ойролцоох бяцхан хүлэмжинд үзээ хараагүй шинэ сонин ногоо тордон зогссон эгэлхэн бүсгүйг ярилцлагын маань баатар гэж ер санаагүй сэн. Ажил сайжруулах даалгавартайгаар төвөөс томилогдож ирсэн нөгөө том дарга маань нисгэгчдийн бор жаалуудтай цэцэг жимс ярьсан шиг зогсож байж билээ. Хүлэмжинд эхэлсэн яриа маань төдөлгүй хүний сайн сайхны төлөөх сэтгэлийн нүнжиг ханхлуулан үргэлжилсэн нь саяхан санагдавч найман жил харвасан сум шиг өнгөрч өнөөдөр тэрээр Сэлэнгэ нутагт хоббигоо даган цэцгээ тордож цэлмэг тэнгэр рүүгээ хараа талбин явна. Монголын хөх тэнгэрт дэлхийг тойрох урт замыг туулж, тийрэлтэт хөлгөө залуурдан, агаарт 16800 цаг “суурьшсан” түүний дуртай ажил нь газрын хөрснөөс цэцэг ургуулах ажээ. Нисгэгч-ногоочин маань гавъяаныхаа амралтыг эдлэх зуураа “нийгэмд сайн үр тарих” мөнөөх хүслээ эдүгээ ч ажил хэрэг болгосоор л явна. Тэр дэндүү шударга. Хэлснээ хийдэг, хийснээ мартдаг хүн. Хэдхэн өдрийн өмнө кофены ширээний ард хууч хөөрөх зуураа “Та чинь яах аргагүй л Монголын анхны эмэгтэй нисгэгчдийн нэг юм байна шүү дээ?” гэхэд бараг л цочих нь холгүй уулга алдаж “Тэр болохгүй ээ. Анхны шүхэрчин Загдхорлоо гэж байсан. Энэ хүн 2-3 удаа буусан гэдэг. Анхны нисгэгч Ичинхорлоо гэж хүн бий. Аэродром дээр нисэх буух сургуулилт хийж байсан. Тийм болохоор намайг заавал анхны гэх гээд байвал эмэгтэй нисгэгчдээс анх удаа хот хоорондын тээврийн шугамд зорчигч суулгаж ачаа тээгээд нисч чадсан хүн гэвэл харин болох байх. Бас “Монгол эмэгтэй хүн нисч чадна гэдгийг үзүүлээд өгье” гэж андгайлж байснаа биелүүлсэн явдал ёстой анхных нь болов уу даа” гээд тас тас хөхөрч байсан. Бас болоогүй ээ, “Хэнхэг Сумъяа хэлэхээ хэнбугайд нь ч хэлчихнэ. Нүд харж байхад хэл дуугарахгүй бол нүгэл болно шүү дээ. Бидний үеийн “гажиг” хүмүүжил ийм л байгаа юм. Шуудхан хэлчихдэг маань зарим үед ад болдог ч амьтан ах дүүсийн ам нааштай байдаг юм. Энэ л надад болоо” гэж байсан. Тэрээр “гажиг” хүмүүсийнхээ нэгэнд Ардын уран зохиолч Бавуугийн Лхагвасүрэн гуайг бас нэрлээд авна билээ. Эрхэм яруу найрагч маань дээр үед Сумъяа эгчтэй нисэхийн сургуульд тохой залгаж суусан нь миний хувьд мэдэхгүй мэдээлэл байв. Сумъяа эгч хар нялхаасаа л газар шороонд дурлаж, “Том болоод агрономич болно” гэдэг “гажиг” хүүхэд байж. Аав ээж нь амин ганц охиноо эмч болгочих хүсэлтэй тул агрономичийнх нь тухай яриаг хорихгүй ч чихнийхээ гадуур өнгөрүүлдэг байжээ. Тэгээд л 10-р анги төгссөн жил нь түүнийг Анагаахын дээд сургуульд ногоон гэрлээр оруулчихсан аав нь додигор гэгч гэртээ ирээд зөрүүд охинтойгоо түнжин хагарсан нь тэр. Сумъяаг суран бүсээр сургаж чадахгүйгээ ойлгосон ээж нь эсгээд байсан эмнэлгийн халаадаа арга буюу орхиж, ажилгүй сургуульгүй дураараа охиныхоо аягийг нь харзнан хүлээжээ. Гэтэл мань хүн хэний ч санаанд оромгүй шийдэл гаргаж, тухайн үед нисгэгч бэлтгэх анхны дамжаа болж байсан ДОСААФ-ын курст шалгуулаад орчих нь тэр. Аав ээж хоёр нь хэлэх үгээ олохгүй толгой сэгсэрцгээж суусан гэдэг. Ингээд ад авъяастай охин нь 21 нас шүргэж явахдаа нисгэгч болж 250 гаруй эрэгтэйчүүдийн дунд ганцаараа гараа өргөөд орж явчихжээ. Нисэхийн анхны курсээс эхлээд мань хүн ч ёстой есөн эрүү гэгчийг хэд нугалан давж, шүд зуусны хүчинд царцаа ногооны залуурын ард очсон байна. Анхны томилолт нь ч бас л бөөн адал явдал. Өмнөговьд томилогдон хоёрдугаар нисгэгчээр ажиллаж байсан түүнийг гурван сарын дараа цэргийн нисэх дээр дуудан “цэрэг” болсныг нь мэдэгдээд Ховдын цэргийн хороонд нууцын зэрэглэлтэй албан бичиг хүргүүлэхээр томилжээ. Ховдод үүргээ амжилттай гүйцэтгээд маргааш нь буцаад нисэх болж. Онгоц дөнгөж өндрөө аваадахтал дарга нь гэнэт ухаан алдчихжээ. Нисгэгч хүн хурдан сэтгэж, богино хугацаанд үйлдэл хийж чаддаг байхыг яс махандаа шингэтэл заалгасан нь хэрэг болж онгоцны удирдлагыг гартаа аваад шууд л төв рүү холбоо барьж чадсан байна. Хөлгийн залуурыг атгачихаад явж байхад нисэхийн сургуулийн бүх багш нүдэнд нь харагдаж самбар дээрх хичээл тархи руу нь урсаж байсан гэж ярихдаа өөрийгөө шоолон чангаар инээдэг юм. Тормоз багшийнх нь талд, хөл нь шүргэж хүрэхгүй байсан ч амжилттай газардуулж дөнгөсөн байна. Говь-Алтайд онгоцтойгоо буулт хийх нь таарсан Жанар /хожим нь гавъяат нисгэгч болсон/ багшийгаа хүзүүдээд л цурхиртал уйлж байсан гэдэг. Туулсан замаа тайвшраад бодоход АН-2-ын маршрутаар биш том онгоцны замаар буюу 3500-гийн өндрөөр явахыг 4500-д нисч ирсэн байжээ. Ингэсний төлөө нэг сарын дараа дэслэгч цол зүүсэн нь анхны том урам болж. Энэ баярын хажуугаар хүнд хэцүү үе бас л олон тохиолдож байсныг дурсахдаа одоо хэр сэтгэл нь өвддөг гэнэ. Тийм нэг хэцүү явдал 1980 онд АН-24-тэй Баян-Өлгийд буухад нь тохиолджээ. Цэрэг хүргэж очсон онгоц аймгийн буудал дээр газардах үеэр онгоцны сэнсэнд хоёр хүн хэрчигдчихээд дүрсэлж хэлэхэд ч хэцүү юм болсон гэдэг. Нисгэгч нар хуулиар буруудаагүй ч, зүрх нь олон өдөр “хууль бусаар” шимшрэн өвдөж явсан гэнэ билээ. Бас тээр жил Сүхбаатар аймаг руу цэргийн дарга нар суулгаад нистэл холбоо тасарч салхинд хөөгдөөд Дорноговийн нутгаар хил давчих шахжээ. “Төөрсөн онгоцоо эх нутгийн буйд хөрсөнд буулгаж чадсанаар Хятадын шоронд хатах хатуу үйлийг буцаасан” гэж хөөрөлхөн ярихыг нь сонсоод хариуцлагатай энэ албаны хүнд хүчрийг элгээрээ мэдрэх шиг болсон. “Миний ээж их хатуу чанд хүн байсан. Би сурагч болохоосоо өмнө бие даагаад боорцгоо хийчихдэг байлаа. Өндгөө хатган хавдган монгол гутал ширж, өмсөх зүүхээ өөрөө оёж шиддэг болсон. Өнөөдөр ч гэсэн би төмөр байхад яндан дархалчихна. Байр сууцныхаа заслыг гадна доторгүй хийчихэж дөнгөнө. Ер нь ажил дагаж хатуужил тэвчээр бий болдог гэж боддог шүү. Хүнийг хөдөлгөх дуртай, хөдлөхийг нь хараад баярлах дуртай хүн” гэж ярина билээ. Тэрээр 28 жил нисгэгчээр ажиллахдаа монгол эмэгтэй хүний элээгээгүй урт замыг хороож, долоон сая гаруй км-ийг туулахдаа бодол санаандаа юу эсийг уралдуулж явсан гэх вэ. Хүний хүсэл мөрөөдөл гэдэг хязгааргүй. Тиймээс ч Сумъяа дарга тэр л агуу их хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүлэлдээ хүрч түүнээ гүйцэн амьдрах гэж дуунаас хурдан хөлөг жолоодон тэнгэрт гарчээ. Эдүгээ ч тэрээр хүсэл мөрөөдөл, зорилго тэмүүллийнхээ тэнгэрт ээлжит нислэгээ хийсээр явна. Бугуйн цаг тасралтгүй цохилох энэ цаг дор Сэлэнгэд хаврын анхны ногооны үр хөрсөн дороо бүрэлдэн, түүний ээл гар дорын үрсэлж намар бидэнд ирэх нялх ногоод соёолж байгаа...

3 comments:

Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.
Anonymous said...
This comment has been removed by a blog administrator.