Эртний хүмүүс ваар савыг анх урлахдаа дэлхийн соёл иргэншлийн түүхнээ тэмдэглэгдэх агуу дэвшил хийснээ ч мэдсэнгүй, тэрхүү бүтээл нь хожмын түүхэнд хараар бичигдэх гай гамшгийн эхлэл болно гэдгийг ч зөгнөөгүй юм.
…Вааранд хадгалсан элдэв жимс хадгалалтын явцад эсэж задраад бага хэмжээний спирттэй ундаа болсныг хүмүүс анх мэдэж уусан нь арван тамтай архи хэмээх ундаа бий болохын эхлэл байлаа. Хүмүүс өдөржин ажиллаж, биеийн хүнд хөдөлмөр хийж ирээд дээрх ундааг уухад алжаал тайлагдан, түр зуурын сэргэлт өгч байгааг анзаарч, уул ундаанд ид шидтэй зүйл байна хэмээн ойлгон улмаар янз бүрийн аргаар бэлтгэн ахуй амьдралдаа өргөн хэрэглэдэг болжээ. Энэ цагаас л хүн төрөлхтөн зовлонг зоосоороо худалдан авч эхэлсэн гэдэг. Гэвч тэр үеийн согтууруулах ундаа 10-20 хувийн спирттэй байжээ. Манай тооллын 6-7-р зууны үед Арабууд дарс нэрж спирт гарган авсан нь хүн төрөлхтөнийг шидэт ундааныхаа хар цагаан талыг ялгахад хүчтэй нөлөө үзүүлсэн гэдэг.
Архи, мансууруулах бодис болон сэтгэцэд нөлөөт бодисуудыг хортойгоор хэрэглэх явдал ХХ зууны эцэст бүх дэлхийг хамарч ДЭМБ-ын сүүлийн үеийн судалгаагаар архинд донтох болон сэтгэцэд нөлөөт бодисын хамааралтай өвчтөний тоо 500 саяд хүрчээ. Дэлхийн өндөр хөгжилтэй 15 оронд сүүлийн 40 жилд хийсэн судалгааны дүнгээс үзэхэд архинд донтох өвчний тархалт 10-20 дахин нэмэгдсэн байна.
Монгол Улсад архинд донтох өвчин сүүлийн 15 жилд хоёр дахин өссөн бөгөөд насанд хүрэгчдийн 51,2 хувь нь архийг байнга хэтрүүлэн хэрэглэж байгаагийн 20-оод хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Энэ нь нийгмийн чанартай үзэгдэл юм. Шилжилтийн үеийн эдийн засаг, ахуйгаас үүдсэн бэрхшээл нь хувь хүний сэтгэлзүйд сөргөөр нөлөөлж гутранги үзлийг төлөвшүүлж энэ нь эргээд нийгэмд хортойгоор нөлөөлдгийг өнгөрсөн үеийн түүх бэлхнээ нотолдог. Манайд өнөөдөр энэ л байдал давтагдаж нийгэм бүхэлдээ хямралд орж архидалт хавтгайрч, этгээд үзэлтэн, анархистууд "дотоод"-оосоо гадагшаа хальж нийгмийг донсолгох болов. Энэ эвдэрсэн сэтгэхүйг яах билээ гэдэг асуудал одоо хууль хяналтын байгууллагынхны толгойны өвчин болж нийгмийг эрүүлжүүлэх талаар ам өрсөн "сэтгэцгээх" боловч төдийлөн үр дүнд хүрэхгүй байна. Архичдаасаа айж сэрэмжлэхээрээ Багахангай руу албадан эмчилгээнд ачуулж, аль эсвэл хазгай гишгэлтийг нь анаж байгаад төмөр торны цаана суулгах л хоёр аргатай. Согтуу хүн хазгай гишгэхгүй байна ч гэж юу байхав. Энэ нь ч амжилттай үр дүнд хүрч, оны эцсийн тайлан тооцоо нь телевизийн мэдээнээс хүмүүсийн тархинд шууд кайф болон очиж байна. Шөнийн хотоор зүрхээ зүсүүлэн, орчин тойрноо хялалзан явдаг бидний хувьд энэ нь кайф байхаас ч яахав. Айдгаа авдартаа хийж амар амгаланг мэдэрсэн хүмүүс энэ амар амгалангийнхаа төлөө залбирч айдсыг нь манаж байгаа шоронгийн хуягуудад найдах л үлдэнэ.
Харин торонд орсон нөгөөдүүл юу болж байгааг бид мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй. Манай хүмүүнлэг ардчилсан нийгэм согтуурах донтой этгээдийг захиргааны журмаар албадан эмчилж, эсвэл үйлдлийнх нь төлөө шоронд хийж байгаад бид баярлаад л. Тайзан дээрх үйл явдлын өрнөл энэ. Үзэгчид ч уйджээ. Гэтэл өөр өнцгөөс харсан шинэ үзэгдлүүд гарч эхэллээ. Ардчилсан нийгмийн зарчмаар өөрсдийгөө тунхагласан энэ хүмүүс бол архичид өөрсдөө байлаа. Тэд ч бас хорт зуршлаасаа салахыг хүсчээ. Амьдралын хатуу хүтүү, сэтгэл санааны энэлэл шаналлыг биеэр амссан учраас тэд өөрсөддөө тохиромжтой шинэ аргыг сонгон хэрэглэсэн нь архаг архичдын Аминчлахуй /АА/ цуглаан байв. Монголд анхны АА цуглааныг 1998 онд Мөнхбат, Ганбат нар "Бид "нэртэйгээр байгуулж, архинд донтох өвчтэй хүмүүсийг татан оролцуулж эхэлжээ. Архаг архичдыг албадан эмчлэх ажиллагаа компаничилсан шинжтэй, эмнэлгийн үйлчилгээ, анагаах аргазүй илт үгүйлэгдсэн, орчин нөхцөл нь дорой шинжтэй байсан бол Архичид аминчлахуй цуглаан нь тэдний дунд жинхэнэ амьд халуун уур амьсгалыг бүрдүүлж, архины асуудлыг бие сэтгэлээрээ ойлгож түүнээсээ салахыг зорьсон чин хүслийн үндсэн дээр нэгдсэнээрээ онцлог юм. Сэтгэлзүйн энэ эмчилгээг 1950-иад оноос дэлхийн улс орнууд амжилттай туршиж АА-гийн шугамаар хоёр сая гаруй хүн архинаас бүрмөсөн гарчээ.
Алкогол Аноним /АА/ гэдэг нь өөрсдийнхөө зовлон бэрхшээлийг хамтран шийдвэрлэхийн тулд мөн архинд донтох гэдэг нэртэй эртнээс илэрхий, нууцлаг энэ өвчнөөс эдгэрэхийг хичээж байгаа бусаддаа туслахаар хамтран нэгдсэн хэдэн зуун мянган эрэгтэй, эмэгтэй гишүүдийг эгнээндээ нэгтгэсэн нөхөрлөл юм. "Архичид аминчлахуй" нийгэмлэг анх 1935 онд АНУ-ын Охайо мужийн Акрон хотод нэгэн нэрд гарсан мэс засалч Нью-Йорк хотын нэгэн бизнесментэй уулзсанаар үүсэл сууриа тавьсан түүхтэй. Тэд хоёулаа найдвараа алдсан архичид байсан боловч тэдэнд АА нөхөрлөлийн үндэслэгчид болох хувь тавилан тохиожээ. АА-гийн 12 алхам бол архичны амьдралын хэвшилд орж түүнийг архинд донтох хүслээс нь алхам алхмаар чөлөөлж аз жаргалтай, ашиг тустай хүн болгодог хүн чанараараа оюун санааны нийтлэг зарчмуудын цогц юм. Архидалт мансуурлын эсрэг ассоциаци, Сэтгэц эмгэг мансуурал судлалын төвийн Наркологийн сайн дурын эмчилгээний алба АА хөдөлгөөнийг нийтийн дунд дэлгэрүүлж архигүй орчны хүрээг өргөтгөх, энэ ажилд төрийн бус байгууллагын хүч бололцоо, сүлжээг дэмжин ажиллаж байна. Одоогийн байдлаар Монголын АА хөдөлгөөн бүх аймаг, дүүрэгт салбар төвүүдтэй болж эдгээр цуглаанд нийт 1600 гаруй хүн хамрагдан эрүүл саруул амьдрал руу тэмүүлж буй судалгаа гарчээ. Архинд донтох өвчин болон бусад мансуурах донг эмчлэх, урьдчилан сэргийлэх ажилд хөгжилтэй орнууд үндэсний бүтээгдхүүний орлогын гурваас доошгүй хувийг зориулдаг нийлэг жишиг хэдийнэ бий болжээ. Харин манай улсын хувьд энэ тогтолцоо хараахан төлөвшөөгүй, архичид зөвхөн сэтгэлийн тэвчээр, бусдыгаа хүндэтгэх, бие биедээ итгэх илтгэл найдвараараа цуглаанаа үргэлжүүлж зөвхөн өөрсдийнхөө ухамсар дээр оршин тогтнож байна. Энэ бол манайхны хувьд гавъяа, бусад улс орны туршлагатай харьцуулахад тэр болгон байдаггүй зүйл. АА хөдөлгөөн ийнхүү хүрээгээ тэлж эрүүл хүмүүсийн тоог нэмсээр байна. Харин харамсалтай нь тэднийг эргээд эрүүлээр хүлээн авах нийгмийн сэтгэлгээ дутагдаж байна. Баар, кафе-д орвол кофе, ундаанаас өөр зүйл авсангүй, орлого оруулсангүй гээд хөөгөөд гаргана, хуучин танилууд нь үгийн өө сэв бүхэнд өнгөрсөн амьдралаар нь дарамтална. Энэ бол монгол сэтгэлгээ. Засарч буй архичдыг эргүүлж түлхэх, тэднийг дахин халтирахд хүчтэй нөлөөлж буй энэ сэтгэлгээг бид засаж залруулна гэж байхгүй бололтой. Тийм болохоор архичдаас арав дахин илүү тэвчээрийг л шаардах үлдлээ. Тэр цагт бид биш цаг хугацаа тэднийг дүгнэх биз ээ