Showing posts with label Сэтгэл хуучирдаггүй. Show all posts
Showing posts with label Сэтгэл хуучирдаггүй. Show all posts

Wednesday, February 13, 2013

Мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ...


Хайрын өдөр хайртай холбоотой нэг дурсамж тавьчихъя даа.1997 оны 2-р сарын 14-ны өдөр би эмчдээ анхны захидлаа бичиж байсан юм. Тэгэхэд би хайрын “Хонгорзул” сонинд ажилладаг байлаа. Тэр үед Монголд Валентины өдрийг тэмдэглэдэг хүн тийм олон байгаагүй байх аа. Манай сонины охид, залуус л баахан онгироотож Уншигч редак-цийн уулзалт, найр наадам санаачилж хөл болдог байв. Тэр өдрийн орой ажлаа тарж харьчихаад сэтгэл гэгэлзээд хачин. Хорин насаа угтсан хонгор гэнэн үе шүү дээ. 10-р ангидаа аймгийнхаа нэг мэс засалчид дурлачихсан гэж байгаа.
    Анх удаа эмчдээ захидал бичдэг юмаа. “Сайн байна уу ... эмч ээ? Өнөөдөр хоёрдугаар сарын 14, Гэгээн валентины өдөр. Гадаа өвөл болчихсон, харин миний сэтгэл зунаараа...” гээд л ундруулж өгдөг юм. Тэгэхдээ хайртай гэдэг үгийг огт бичээгүй. Энэ өдрөөс хойш эмчдээ олон жил олон олон захидал бичсэн мөртөө хайртай гэдэг үгийг нэг ч бичээгүй. Гадаа хавар болж байна, зун болж байна, өвөл болж байна, намар болж байна, би тийм юмны тухай бодож байна гээд л дандаа л мэдрэмжээ бичдэг байж. Хамгийн хөгийн нь буцах хаяггүй захидлууд. Хэн бичээд байгааг нь хэдэн жил асууж сураглаж явсан гэнэ лээ миний эмч.
     Эмчдээ дурласан шиг ахин нэг ч хүнд тэгж дурлаагүй би өнөөг хүртэл. Тэнэг хайртай байсан. Заримдаа шандуурч шаналах үедээ бурхантай их найз болчихно. Уг нь бол ясны атиест хүн шүү дээ нөхөр Сэгсэр. Бурхантай найзлах үедээ түүнээс их сонин зүйлс гуйж гувшина. “Бурхан минь надад хагалгаа хийлгэх өвчин хайрлаач” гэх жишээний. Эмчийнхээ гар дээр л очиж байвал үхсэн ч хамаагүй байж. Тэр үед бурхан надад тусалж хагалгаа хийлгэх өвчин хайрласан бол өвдөлт маань жинхэнэ кайф байх байсан л даа. Бурхан нэг удаа гарыг минь хугалж өгсөн ч найзууд маань эмчид минь хүргэлгүй гэмтэлд хүргээд шохойдуулчихсан юм даг. Би аймаар харамсаж байж билээ, гэмтлийн шохой тасарчихгүй яав даа гээд хэхэ. Насаараа хайрласан, дурласан тэр хүн маань намайг мэдэлгүй байсаар эндээс явчихсан даа. Ийм нэгэн хайрын түүхтэй хүн дээ танай найз Сэгсгэр...


Tuesday, October 6, 2009

Би Баярмаа багшдаа хайртай


“Баярмаа багшийн группийнхэн” гэдэг лут нэртэй, багшдаа дулдуйдан бас ч гэж нэлээд биеэ тоох хандлагатай хэдэн нөхөд орос хэлний хичээлийнхээ дараа үндсэн ангидаа орж ирэхэд манай нөгөө группийнхэн тэвэг тоглосон, пуужин нисгэсэн хэдэн атаманууд л сууж байдаг сан. Тэвгэнд бухимдаж пуужинд оногдсон хэсэг нөхөд Баярмаа багшийн группийнхнийг атаархангуй сонжих нь сэтгэлд нэн таатай байдаг байж билээ. Хүүхэд нас аа гэж...
Жаахан байхад Баярмаа багш маань их том хүн шиг санагддаг байж. Угаасаа хүүхэд насанд багш нар маань л бидний мэдэх, бидэнд ойр том хүмүүс байлаа шүү дээ. Тэр том хүмүүсээс бидэнтэй ойр дотно найзалсан нь үнэхээр ховор. Баярмаа багш бол яах аргагүй бидний хамгийн хайртай, дотно найзын минь нэг байсан юм. Их ч булагнадаг сан. Хичээлээ үнэхээр өгөөжтэй заана. Тэгсэн мөртөө хичээлийн 45 минутын 5-ыг нь яаж ийгээд хямгадчихсан бидэнд хөгжилтэй сонин сайхан юм ярьж өгнө. Орос дуу шүлэг заана. Багш гэрээсээ пянз тоглуулагч авчирчихаад л багахан хэмжээний концерт дэглээд өөрсдөө түүндээ хөөрхөн баясчихдаг сан манай группийнхэн. Тэр үед нэг ангийг хоёр групп болгоод хоёр тусдаа ангид орос хэлний хичээл ордог байсан юм. Манай Баярмаа багшийн группийнхэн хичээлийн хөтөлбөрөөрөө хэзээний л нөгөөдүүлээ ардаа хаячихсан явна. 4-р ангийн орос хэлний “Радуга-1” гэдэг улаан номынхоо хуудсыг дэлгээд үзсэн хичээлээ харж сууж байгаа манай группийнхэн дээр ирсэн нөгөө группийн хэд маань паах пөөх болоод л явчихна. Бид нар тэднээс хэзээний л түрүүлээд 4-5 хуудас өмнө оччихсон явж байх жишээтэй. Нэлээд хэдэн хичээлээ тэгж түрүүлж үзчихсний дараа нэг өдөр Баярмаа багш бид нарыг аваад орос хэлнийхээ хичээлийн цаг дээр зурагчинд очиж группээрээ зургаа авахуулж билээ. Тэр зураг одоо ч бидэнд байгаа. Ямар хөгжилтэй гоё өдөр байсан гэж санана аа. Тэр үед аймагт ганцхан зурагчин байдаг, зургаа авахуулна гэж сүртэй юм болдог байлаа шүү дээ. Бүгдээрээ зургаа авахуулчихаад замдаа цасаар байлдан, багшийнхаа нүүрийг цасаар угаачихаад бөөн баяр хөөр болж уур утаа савсуулсан хүмүүс дараагийн хичээлийн өмнөхөн ангидаа дуу хуур болон орж очиход нөгөө группийнхэн бас л нэг их атаартаж билээ. Зарим нь Баярмаа багшийн группт оръё гэж ангийн багшдаа хэлж байсан санагдана.
Юугаа ч мэдэхгүй хонгор бага насанд гадаад хэлний хичээлтэй минь хамт гадаад ертөнцийг бидэнд бэлэглэсэн Баярмаа багшдаа бид хайртай. Багш минь бидэнд хүн хүнээ хайрлах хайр, бие биенээ хүндлэх сэтгэл, соёл, нийгэмд бие хүн байхын утга учир хийгээд өнөөдрийг минь бэлэглэсэн. Аймгийн төвийн 10 жилийн хичээлийн ширээнийхээ араас арайхийн цухуйж байсан сахилгагүй бор жаалууд өнөөдөр бүгд том хүн болсон. Ширээ нь томдсон нялхас шиг бие нь томдсон жижиг хүмүүс болоогүй ээ. Багш бидэнд ямар том хүн болохыг үггүйгээр заасан, бид ч бас багш шигээ хүн болохыг тэсгэлгүй мөрөөдөж өссөн шүү дээ...
Энэ бүхнийг эргэн дурсахын учир нь тэртээд үлдсэн бага насны минь эрхэм хөтөч Баярмаа багштайгаа би өнгөрсөн баасан гаригт IT паркт болсон “Блог бидний амьдралд” өдөрлөгийн үеэр уулзан тэврэлдсэн явдал байлаа. Блог нийтлэлийн уралдаанд намайг тэргүүн байр эзэлснийг багш минь хэн нэгний блог дээрээс олж мэдчихээд шагнал гардуулах ёслол дээр нь хүрээд иржээ. Бас болоогүй ээ, шинэхэн хэвлэгдсэн “Монголын нууц товчоо”-н дээр шавьдаа сэтгэлийн үгээ биччихсэн хүрээд ирж. Миний Баярмаа багш ийм л хүн. Хамгийн хачирхалтай нь багш маань бидний багад их том хүн шиг харагддаг, санагддаг байж. Гэтэл тэр үед хонгорхон жаахан охин байж шүү дээ. Яагаад гэвэл багш тэр өдөр миний өмнө ямарч багш биш, харин миний үе тэнгийн найз бүсгүй шиг тэгж л харагдаж байсан. Миний багш угаасаа мөнхийн залуу зүрх сэтгэлтэй хүн дээ.
Юмны учрал гэдэг сонин. Би тэр нийтлэлийн уралдаанд олон нийтлэл илгээснээс шүүгчид “Сэтгэл хуучирдаггүй” гэдэг нийтлэлийг минь шалгаруулсан байсан. Багш аа, та энэ нийтлэлийн ГОЛ БААТАР нь билээ. 20-оод жилийн өмнө орос хэлээр хазгай муруйхан алдаад бичихэд минь аашлаагүй харин инээсэн, хонгор бага насыг минь голоогүй харин хайрласан ТА л бидэнд сэтгэл хуучирдаггүйг мэдрүүлсэн. Хайрт багшдаа энэ ертөнцөд тохиолдож болох хамгийн сайн сайхан бүхнийг хүсье. Алдарт зураач Анри Матисс нэгэнтээ “Олж харахыг хүссэн хүн бүхний төлөө цэцэгс хаа сайгүй дэлгэрч байдаг” гэж хэлсэн билээ...