Төрсөн минь үнэн бөгөөд
дэлхий хэмээн нэрлэгддэг энэ газарт ... жил байгаа минь бас үнэн юм. Ийнхүү байх
хугацаандаа амьдраагүй нь бас үнэн билээ. Амьдарна гэж үнэндээ яадгийг би
мэдэхгүй боловч мэдэлгүйгээр амьдарч орхиогүйгээ бас батлах байна. Учир нь би
амьдрахыг огт бодоогүй учраас амьдралыг танин мэдэж, бас хүн төрөлхтөний нэгэнт
бий болгож амжсан тэрхүү зам жимээр нь яваагүйгээ л сайн мэдэж байна. Надад
арван таван толгой, атгаалжин хар бие байхгүй. Байсан ч би өөрийгөө мангас гэж
нэрлэхгүй байх байсан. Надад одоо харин нэг толгой бий. Тэр нэгхэн толгой маань
википидеагаас тав дахин их мэдээлэл агуулах чадвартай ч би түүнийг ганц ч удаа
хоолонд оруулж байгаагүй.
Showing posts with label Өгүүллэг. Show all posts
Showing posts with label Өгүүллэг. Show all posts
Sunday, April 7, 2013
Амьдарч үзээгүй хүний дурсамж
Төрсөн минь үнэн бөгөөд
дэлхий хэмээн нэрлэгддэг энэ газарт ... жил байгаа минь бас үнэн юм. Ийнхүү байх
хугацаандаа амьдраагүй нь бас үнэн билээ. Амьдарна гэж үнэндээ яадгийг би
мэдэхгүй боловч мэдэлгүйгээр амьдарч орхиогүйгээ бас батлах байна. Учир нь би
амьдрахыг огт бодоогүй учраас амьдралыг танин мэдэж, бас хүн төрөлхтөний нэгэнт
бий болгож амжсан тэрхүү зам жимээр нь яваагүйгээ л сайн мэдэж байна. Надад
арван таван толгой, атгаалжин хар бие байхгүй. Байсан ч би өөрийгөө мангас гэж
нэрлэхгүй байх байсан. Надад одоо харин нэг толгой бий. Тэр нэгхэн толгой маань
википидеагаас тав дахин их мэдээлэл агуулах чадвартай ч би түүнийг ганц ч удаа
хоолонд оруулж байгаагүй. Saturday, October 27, 2012
Нулимсаа үнэлэгч
Хувцас гэж хэлэхэд
хувцасны заяа гомдмоор, майхан шиг хэлхгэр ямбуу цамцан доторх туранхай хэгзгэр
бие нь дүнзэн байшин дахь буриад пийшин шиг халуу дүүгээд, сайртталаа уйлсан
хацар дээр нь хаврын цэцэг мэт ялдам инээд дэлгэрчихээд тун чиг хөөртэй алхаж
яваа түүнийг аз жаргалтай хурим руу яарч яваа биш өөд болоочийн оршуулгаас
буцаж явааг өмссөн хувцас, гартаа дүүгүүрдэх хулсан таяг сэлт нь хялбархаан
гэрчлэх ажээ. Өнөөдөр түүний хувьд онцгой баяр талархалт өдөр биш ч өнгөрдөг
талийгаачийн ар гэрийнхэн урьд хожид байгаагүй өгөөмөр сэтгэл гаргаж 200 юань
сарвайсан нь охиныг ийнхүү жигүүрлэн дарцаглахад хүргэжээ. Хаврын анхны бүйлс
гөлөглөсөн өнгөрөгч хөөлүүр сард л тэрээр сая нэг 17 нас хүрч хүний өөдөөс нас
зүсээ ам дүүрэн зарлах боломжтой болоод байгаа юм. Өмнө нь түүнийг хойлгын
найранд очиж чөтгөр ч тэсэмгүй гашуунаар цурхиран орилж, нүдэндээ булингар
тогттол асгаруулан мэгшихэд нь хүмүүс үл тоомсорлон, харин ч түүнд ажил олгосон
талийгаачийн ар гэрийнхнийг мөнгөө шандагнан бага хүүхэд бахируулж байгааг дооглон
мушийцгаадаг байсан билээ.
Friday, October 26, 2012
Хүү
Өндөр
таазтай хавчиг өрөөний голд зориуд зассан том вандан, дээр нь мөнөөх бүсгүйн
нас эцэслэхдээ гэрээсэлсэн нөгөө хачин, нисдэг таваг шиг далибагар, ер бусын
этгээд авс юу юугүй хөдлөн хажуу тийшээ гулсан унах гэж байгаа ч юмуу эсвэл
хана таазыг нэвтлэн хаа нэг тийшээ нисэн одох гэж байгаа юм шиг сонин сэтгэгдэл
төрөхөөр тавигджээ. Магадгүй энэхүү сонин авс доторх “зорчигч”-тойгоо нисэн
одож гэмээнэ хана таазны алинд ч өчүүхэн завсар, нүх сүв үлдэхгүй, энэ багир
хүнд өрөө тэр чигтээ юу ч болоогүй мэт санаа алдах ч үгүй үлдэх байх даа гэж бодогдоно.
Monday, October 22, 2012
Баргил
Бум
бужигнаж түм түжигнэсэн зээлийн газар. Баргил байж ядан хөлөө сэлгэж зогсоно.
Бороо орж байна. Тэрээр элэгдэж хуучирсан муу саравчтай улаан малгайгаа гартаа
атгажээ. Үжирсэн сэмэрхий бор пальто, өсгий нь эргэсэн инээдэмтэй түнтгэр
гутлаа хялавхийн харснаа мөнөөх л доогтой гуниглуу инээд уруул дээгүүр нь
мишилзээд ирлээ. Гэвч тэр өөрийгөө өрөвдсөнгүй. Хэзээд л ийм байсан хойно,
юундаа ч өрөвдөх билээ.
-Хөөе
улаан малгайт аа, чи чинь яагаад дусагнаад унав аа? Тэсэхээ болив уу гэж
зэргэлдээх булангаас дээрэнгүй дуу хадах нь тэр. Гайхсан ч үгүй. Улаан малгайт
нэрэндээ дассан гэх нь ч хаашаа юм, гэхдээ л ажирсан шинжгүй мөнөөх л сонин
гэгэлзүүр бодлоо үргэлжлүүлж авай. Харин дусагнахын хувьд ч хэдийнэ
дусагначихаж. Өчигдөрхөн тэндэхийн үглээ Цахирам авгайн өвсөн шүүрээр балбуулж
элдүүр нь ханасан өнөөх муу бөөр нуруу нь нэг л аятайхан тавираад явчих нь тэр.
Харамсалтай нь дахиад л дусагначихлаа хөөрхий. Амьтанд ад үзэгдэхээс илүүтэй
өөрт нь, хөөрхий жаахан бардамд нь хэзээ ч зохиж наалддаггүй аймшигт мэдрэмж
дахин зурсхийсэн ч ажрахгүй байхаар шийдлээ. Өөр арга нэгэнт алга болжээ.
Subscribe to:
Posts (Atom)
