Энерги гэдэг үг дөнгөж саяхныг хүртэл зөвхөн физикийн шинжлэх ухаанд л хэрэглэгддэг байлаа. Гэтэл өнөөдөр сайн муу энергитэй хүн гээд л амтай бүхэн ярьж бичиж, эл үг бидний амьдралыг тодорхойлогч чухал хэрэглэгдэхүүн болжээ. Нам засгийн шийдвэрээр энэ үгийг хэрэглэхээр тунхагласан бол ингэж өргөн хэрэглээ болтлоо нэлээн юм туулах байсан биз. Зөвхөн энэ жишээнээс л харахад та бид ухамсраар бус “өгөгдлөөр” амьдраад байгаа юм биш үү? За энэ ч яахав үндсэн сэдвээсээ халиад өөрийн үзлээ тунхаглаад уналаа. Хамгийн гол нь та бүхэндээ амласан нөгөө гайхал Мулдашевийн ярилцлагыг эвлүүлэн сийрүүлжээ суутал энэ мэт соньхон мэдрэмжүүд сэтгэлд төрөгдсөн хэрэг л дээ. Манай шинжлэх ухаан амьдралын зөвхөн гадна өнгө, өөрөөр хэлбэл хүний сайн сайхны төлөө, хэрэглээний төлөө улайрч тэр түвшинд л хөгжсөний үрээр хүн гэдэг амьтан өөрийгөө танихаа больтлоо “гоёж” амжсан ч дотоод сэтгэлийнхээ агуу их хүч чадлаас амсах нь бүү хэл өнгийж ч амжаагүйн харгайгаар “ганган 00” болчихоод байна. Иймээс дэлхий ертөнцөөрөө хүний дотоод мөн чанарыг сонирхох дэвшилтэт хандлага нэгэнт цаг үеийнхээ шаардлагаар ч гэх үү бий боллоо. Эрдэмтэд дорныг сонирхож эхэллээ. Дорнын гүн ухаан, буддизм бол шинжлэх ухаан бус шинжилчихсэн ухаан гэдгийг бид саяхнаас л мэдэрч байгаа. Монголчууд дорнын улсын хувьд их мэдлэгийн цөм дунд төлжсөн хэрсүү ухаант ард түмэн билээ. Эртний энэ мэдлэг мартагдаж шинжлэх ухаан рүү буцаж алхдагийн даваан дээр шинжлэх ухаан “шинжилчихсэн ухаан” рүү эргэж байгаад баярланам. За ингээд олныг үл нуршин Мулдашевтай хөөрөлдсөнөө толилуулъя. Тэгэхдээ бас нэг хүлцэл өчих зүйл байнаа. Өмнөх бичлэгтэй утга агуулга давхцаж буй олон зүйл байгааг хүлцэнэ үү.
-Мулдашевийн баг Монголыг зорих болсон шалтгаан маш сонин байна. Юу таныг нааш нь хөтлөв өө?
-Эхлээд би танд энэ глобусыг үзүүлье. Би голчоор нь хадаас хатгасан байгаа биз дээ? Энэ хадаасны наад бөөр нь Номхон далайн Пасхи арал, харин цаад тал нь Монгол Алтайд таарч байна. Энэ сонирхолтой биш гэж үү? Пасхи арал дээрх олон зуун тоннын жинтэй цул чулуун баримлуудыг тэртээ “бүдүүлэг” үед хүн төрөлхтөн өөрсдийн гараар бүтээж чадсан гэдэгт би үнэндээ эргэлздэг. Яг үнэндээ бол итгэдэггүй. Энэ аварга хүн чулуун хөшөөнүүд миний судалгаанд онцгой байр суурь эзэлдгийг та бүхэн мэднэ. Бүх судалгаа шинжилгээ маань яван явсаар доод тив буюу Шамбалын орон гэгч зүйлд тулж ирээд байна. Би энэ “газрыг” олох их эрэл хайгуулд хөтлөгдсөөр өнөөдөр энд /Монголд/ ирчихээд сууж байгаа нь энэ.
-Миний бодоход Доод тив ч бай, Шамбалын орон ч бай тэр газарт бодол сэтгэлийн /сэтгэлгээний биш шүү/ хүчээр, магадгүй бясалгалаар дамжин хүрэх юм шиг санагдах юм?
-Яг үнэн. Энэ бол мэдээж бодитоор оршин буй хот тосгон биш. Бясалгал бол тэнд биднийг хүргэх хөсөг байх л даа. Хүн төрөлхтөний мэдлэг өнөөдөр үнэхээр балчир байна.
-Тэгэхдээ домог үлгэр зэрэг аман зохиолуудад эдгээр нь бодитоор дурдагдсаар л ирсэн. Үлгэр үнэн болох цаг ирж байгаа юм биш үү?
-Үлгэр бол зохиол биш эртний мэдлэгийг өнөө бидний үед тээж ирсэн маш үнэт мэдээллийн аман хэлбэр гэж би ойлгодог. Тэр тусмаа дорнын ард түмэн үлгэрээ хүртэл урлагийн түвшинд хүргэж, утга санаагаа нарийн нягт боодол, давхар давхар сонин содон сэрэхүйгээр нууцалж чадсан нь гайхмаар. Нэг талаасаа урлагийн цэвэр сонгодог бүтээл, нөгөө талаасаа мэдлэгийн ариун цогц гэмээр юмуу даа. Монголын үлгэр домгийг сүүлийн үед би бас нэлээд сонирхож байгаа. Монгол бол эртний мэдлэгтэй ард түмэн гэдгийг би хүлээн зөвшөөрнөө.
-Шамбалын орныг Монголоос хайх болсон нь бас л нэг шалтгаантай байгаа даа?
-Би Пасхид хийсэн судалгааныхаа дараа шууд Монгол Алтайд ирсэн. Дэлхийн нэг бөөрөөс нөгөө бөөрөнд шууд шилжин судалгаагаа хийж байна. Учир нь Пасхи арал дээр цоорхой таваг шиг олон хар нүхнүүд байдаг. Ёроолгүй, эцэс төгсгөлгүй тийм нүхнүүд. Энэ газрын яг эсрэг талд юу байгаа бол гэх бодол нааш нь намайг авчирсан. Гэтэл энд намайг юу хүлээж байсан гэж санана. Таамаглаж төсөөлж байсан тэр зүйлээ Алтайгаас олоод маш их балмагдсан шүү. Энэ бол Доод тивийн судалгаанд үнэтэй хувь нэмэр оруулах онцгой зүйл байлаа. Монгол Алтайд миний эрж хайж байгаа тэр хар нүх байна. Тэдгээр нь зүгээр л нэг нүх биш биш Доод тивтэй холбогддог ариун дагшин газар юм.
-Та Шамбалыг оюун санааны зэрэгцээ ертөнц-мэдлэгийн цогцолбор, тэр харагддаггүй, бясалгалаар л дамжин хүрч болох тухайд санал нийлсэн шүү дээ. Тэгээд хар нүх хайгаад байгааг чинь юу гэж ойлгох вэ? Миний хувьд таны яриад байгаа хар нүх гэдэг чинь бас л нөгөө бодит, нэг үгээр хэлбэл шатаар уруудаад л орчих байшин барилгархуу санагдаад байх юм?
- Энэ бол бодит зүйл өөрөөр хэлбэл таны яриад байгаа хаалга гэвэл бас андуу ташаа болох биз ээ. Тэгэхдээ магадгүй энэ нь Доод тивтэй холбогдох хаалга ч байж болох талтай. Дэлхийн хаанаас ч Доод тив буюу Шамбалтай холбогдож болох ч цөөхөн ариун газар байдаг. Тэдгээр нь хүний оюун санааны хүчийг төвлөрүүлж, биежүүлж байдаг. Даяанчид, их бясалгагчид яагаад уулын агуй сэлтийг сонгодог вэ гэдгийг бодъё л доо.
За яахав, тайван газар, олны хөлөөс хол гэх байдлаар ойлгож болох ч үнэндээ байгалийн “амин цэг” гэж бас байдаг байх л даа. Тэрийг тэр их билэгт хүмүүс мэдэрдэг биз. Үүнийг одоогоор дэлгэрэнгүй тайлбарлахад эрт байна аа. Энэ тухайд миний үзэл хандлага их өөр. Юутай ч танай эндээс хайснаа олсон. Иймэрхүү ариун газарт өндөр мэдрэгчтэй дижитал аппаратад дүрс нь гардаг Нүдэн хүн буюу энергин биетүүд “амьдардаг”. Энэ бол оюун ухааны асар өндөр чадамжтай, хүний бодол сэтгэхүйд нөлөөлж ч чаддаг амьд амьтан. -Ийм “амьтдыг” өмнө нь хаанаас олж байсан бэ? Тэднийг яагаад заавал амьд гэж үзээд байгаа юм бэ? Химичид, физикчид үүнийг хамгийн энгийнээр тайлбарлачихаж чадна шүү дээ?
-Пасхид энэ амьтан байсан. Бас цөөн хэдэн ариун газарт тааралдаж байсан. Гэхдээ ийм олноор нь үзэж байсангүй. /дижитал аппаратаар авсан үй олон дүрснүүд үзүүллээ/. Тэд маш хурдан байрлалаа солин хөдөлдөг болох нь зурагнаас харагдаж байна. Тэр биетүүд ухаалаг, ариун газрын хамгаалагчид. Бид одоогоор түүнийг бүрэн таньж мэдээгүй байгаа учраас их болгоомжтой хандаж байгаа. Энергин биетүүдийг судлахад дөрвөн давхар бөмбөлгөн хэлбэртэйгээс гадна дундаа буюу биеийнхээ төв хэсэгт чагт маягийн зүйлтэй. Энэ нь хас тэмдгийг санагдуулж байна. Хас тэмдгийг утга учрыг Монголчууд сайн мэднэ. Гитлер Шамбалыг хайж байсан, бас хас тэмдгийг бэлгэ тэмдгээ болгосон. Гэхдээ тэр хас тэмдгийг буруу харуулж хэрэглэснээр бүх үйл ажиллагаа нь буруу зүгт чиглэгдэж буруудсан.
-Та Доод тив гэж нэрлээд байгаа тэр зүйлээ тодруулж хэлнэ үү. Монголчууд Доод тив гэгчийг үлгэр домогтоо олонтаа өгүүлдэг ч энэ нь Шамбалын /Бурханы ариун газар, диваажин/ орон биш харин ч бүр эсрэгээрээ буюу Там гэх ойлголттой ойр төсөөлөгддөг.
-Доод тив гэж нэрлэх нь хэр зохимжтойг би мэдэхгүй байна. Гэхдээ энэ бол там биш харин бурхадын орон гэж ойлгох нь илүү зохимжтой байх. Судалгаа маань бүрэн дүгнэлтэд хүрчихээгүй байгаа болохоор энэ тухайд одоохондоо хувийн төсөөллөөсөө хуваалцахад эрт байна. Би бас дашрамд хэлэхэд хиргисүүр хэмээх эртний байгууламжуудыг давхар судалж эхэлсэн. Зарим хиргисүүр хүний гараар бүтээсэн гэхэд эргэлзмээр асар их чулуун овоолготой байх бөгөөд дор нь юу ч байхгүй байх тохиолдол олон. Энэ нь магадгүй Доод тивтэй холбогдох, үүд хаалганых нь тэмдэглэгээ ч байж болох юм. Хиргисүүрийн чулууд нь хүний цуглуулсан овоолго биш харин дороос нь түлхэж гаргасан зүйл ч байж болох талтай. Орос Алтайд байсан Улаан хааны албат хэмээх шувуун хүний сүг зураг энд Монгол Алтайд бидний олж илрүүлсэн тэрхүү шүтлэгт агуйн хананд биднийг угтсан нь бас л гайхширмаар сонин хэрэг шүү. Үүнийг бид Доод тивээс гарч ирсэн амьтан гэж үздэг. Бид нэгэн мэдээллийн дагуу орос /Горный/ Алтайд бас судалгаа хийсэн юм. Тэндээс мөн л эцэс төгсгөлгүй гүн цооног олдсон. Дотор талыг нь пааландсан юм шиг тэгшхэн тийм нүх байсан. Би дэлхийн 50 оронд судалгаа хийсэн. Миний ирж буй 51 дэх орон-Монгол улсад ийм сонирхолтой “бэлэг” намайг хүлээж авсанд их бэлгэшээж байна даа.
Тэрээр өөрийг нь угтан авч Монголд /Ховдод/ байх бүхий л хугацаанд нь түшиг болсон Монголын психотроникийн хүрээлэнгийнхэнд талархлаа илэрхийлээд Монгол нутагт байдаг байгалийн сонин содон байгууламжууд, Дорноговийн шүтлэгт уул ус, тэндэхийн Шамбал нэрт газарт судалгаа хийхийг маш их хүсэж байгаагаа хэлсэн. Мөн ирнэ гэж амлсан. Судалгааны аяллын төлөвлөгөөгөө өмнөх жилд нь гаргачихдаг учраас энэ жилдээ хараахан амжихгүй, гэхдээ ойрын жилүүдэд заавал Монголд дахин хөл тавих хэрэгтэй гэдгээ догдлон ярьж байсан юм.