Monday, March 31, 2008

Дуулиант мэдээ


Зартай алан хядагч Усама Бен Ладен өнөө өглөө Монголоос баригдлаа. Түүнийг Хэнтий аймгийн Баянхутаг сумын нутаг дахь Баянхүрээ уулын агуйд бие хамгаалагч 20 хүний хамт орогнож байхад нь Тагнуулын төв газрын удирдлагаар манай хүчний байгууллагын ажилтнууд баривчилсан байна. Баривчилгаанд Америк, Оросын Тагнуулын ажилтнууд оролцсон тухай Ройтерс агентлаг мэдээлжээ. Баривчилгаа явагдах үед буудалцаан болсон ч азаар хүний амь эрсдээгүй, харин гэмтэж бэртсэн хүмүүст эмнэлгийн яаралтай тусламж үзүүлж байгаа тухай уг мэдээнд дурдсан ч хэдэн хүн шархдсан нь одоогоор тодорхойгүй байна. Мөн баривчилгаанд оролцсогдын тоог ч нууцалж байгаа юм. Интерполийн шугамаар эрэн сурвалжлагдаж байсан түүнийг Оросын тагнуулын мэдээгээр баривчилсан хэмээн албан бус эх сурвалжууд мэдээлж байна.


Жич: Хамгийн халуун эл мэдээг эрхэм блогчиддоо хамгийн шуурхай хүргэж байгаадаа баяртай байна. Баянхүрээ уул нь 108 агуйтай хэмээн түүхэн сурвалжуудад тэмдэглэгдсэн ч одоогоор 49 агуйг нь олж тогтоосон, мөн үеийн үед шилийн сайн эрсийн бүгэж, амьдарч байсан нутаг гэдгээрээ алдартай юм байна.

Tuesday, March 25, 2008

МОНГОЛ ХҮН “ЦААСАН ДЭЭР” Л АМЬД ЯВАХ ЭРХТЭЙ...



Монгол хүн амьд явах эрхтэй. Энэ бол Үндсэн хуулиар тунхагласан хүний дээд эрх. Харин монгол хүн амьдрах эрхээ бүрэн дүүрэн эдэлж чадаж байгаа юу? Өнөөдөр энэ үнэхээр ноцтой асуудал болоод байна. Монголын нийгмийн өнөөгийн тогтолцоо монгол хүний эсрэг үйлчилж, амьдрах орчны хомсдолоос болж монголчууд эх орноосоо дүрвэж эхэллээ. Өглөө бүрийн сонины дугаар, орой бүрийн зурагтын нэвтрүүлгээс сэтгэл нухсан энэхүү хатуу үнэн үргэлж тэмтрэгдэх болов. Гадаадад ажиллаж, сурч, амьдрах нь монголчуудын дээд мөрөөдөл болоод зогссонгүй, энэхүү мөрөөдлөө биелүүлэх аянд сүргээ мордоцгоож байна. Статистикээс харахад монголын өрх болгоноос 2.7 хүн өнөөдөр гадаадад амьдраад эхэлчихжээ. Тэд яг л тамын тогооноос диваажин руу хүрэхээр зүтгэх шиг амь биеэ огоорон тэмүүлцгээж байна. Энэ бидэнд юуг хэлээд байна вэ? Монгол нутаг хүн амьдрахын аргагүй там уу гэвэл үгүй ээ. Харин ч бидний цөөхөн монголчууд буян хурсан эх нутгаа бурхан гуйсан ч бүү өг гэж үр хойчдоо сургаж эх орныхоо элс шорооны ширхэг бүрийг цусаараа хамгаалж ирсэн ард түмэн. Тэгвэл газрын диваажин Монголоосоо дүрвэцгээхийн учир юу вэ? Монгол нутаг диваажин нь диваажин боловч энэхүү диваажинд ардчилсан шинэ үеийн хүмүүсийн хэрэгцээг бүрэн хангахуйц төрийн бодлого, нийгмийн үйлчилгээ дутагдаж байна. Үүнээс болж хүмүүс америк мөрөөдлөөр амьсгалж, аргаа барахдаа Солонгост хөлсний ажил хийх болж. Зөвхөн монголдоо гэх омог сэтгэлтэй хэд нь аргаа барж, хуруу хумсаа хуйхлан байж хэдэн бор юм олоодохвол төр /татвар/ нь хамаад явчихна. Тэгээд бас болоогүй ээ, социализм хэмээх утопи мөрөөдлийн амтанд ард түмнээрээ автаж 70 жил “жаргасных” мөнөөх коммунист мөрөөдлийнх нь зэс цухуйж, нүдтэй болгон нь хялайж, амтай болгон нь харааж, жинхэнэ тамын тогооны үлгэр буцалж эхэлнэ. Нийгмийн ийм орчинд хэн махаа зулгааж, цусаа соруулахыг хүсэх вэ дээ, бүгдээрээ л биеийн амрыг харж төсвийн байгууллага бараадан автобусны мөнгөө хүлээцгээнэ дээ. Дордох ч үгүй, дээрдэх ч үгүй ийм л амьдралыг хүссэн хууль журам үйлчилж байна манайд. Саяхан аль ч билээ телевизээр Шархадны эмнэлгээс оргочихсон байж мэдэх нэг их хачин гажиг дээл хувцас эрлийзжүүлээд өмсчихсөн, эрхи зүүлт хослуулаад хүзүүндээ тохчихсон лут үзмэрч авгай хар домын судраар тархи угааж гарах нь тэр. Болоо ч үгүй ээ бас мөнөөх дэлгэцийнх нь дор “Нэвтрүүлэг шууд явж байгаа тул үзмэрч Тэр гуайгаас асууж лавлах зүйлээ ... дугаарын утаснаас лавлана уу” гээд титр урсаад байдаг. Яахав, рекламны эрхээ төрөөр хасуулчихсан нөгөө муу хэдэн телевизүүд маань үзэгчдээсээ мөнгө сааж ядаж байгаа арга л юм даа. Үзмэрч авгай руу хүмүүс холбогдох юмаа. Бүр утас нь зогсоо чөлөөгүй хангинаад л. Харин хамгийн инээдтэй нь төлбөртэй утасны бүх хэрэглэгчид өнөөх бөө гаралтай үзмэрчээс асуусан асуулт нь “Гадаад руу гарах гэсэн юм, виз бүтэх болов уу” гэдэг хувилчихсан юм шиг ижил гуйлт горьдлогууд. Бараг 99 хувь нь ингэж асуусан шүү. Ядаж байхад нөгөө үзмэрч нь ганц ч гайгүй үг унагахгүй юмаа. “Их барцадтай байна, надаар засал хийлгэ” гээд Гандангийн арын гэр хорооллын нохойны зурагтай, ногоон хаалгатай хашааг л уйгагүй зааж зурах юм. Ядахдаа ганц хэрүүлч нөхөр залгаад “Та одоо болиоч ээ” гээд хэлчих болов уу гэж горьдсоор суутал нэвтрүүлэг ч нэг юм дууслаа. Дараа нь инээдтэй гэхээсээ илүү эмгэнэлтэй оргиод, эх орноосоо дүрвэж буй монголчуудаа бодон өр өвдөөд эхлэх нь тэр. Өнгөрөгч бямба гаригт 25-р суваг телевизээр монголын охид бүсгүйчүүд хүн худалдаалах гэмт хэргийн золиос болж байгаа тухай аймшгийн нэвтрүүлэг гарлаа. Хэлэлцүүлэгт нь төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллүүд оролцсон. Тэдний ярьж байгаа тоо баримтууд үнэхээр зүрх зүсмээр зэвүүн сонсогдож байлаа шүү. Ядахдаа л Эрээн, Макао руу хууртаад худалдагдчихсан охидоо олоод ирэх эрхзүйн чадамж төрд нь байдаггүй юм байна. “Манайх бусад улс оронд очиж мөрдөж шалгах мөнгө байхгүй, мөнгө нь байлаа ч тийм төрлийн гэрээ конвенцид нэгдээгүй болохоор үнэхээр арга алга” гээд цагдаагийнхан нь учирлаж бүлтэгнэж байхыг харах нь үнэн өрөвдөм. Монгол хүн амьд явах эрхтэй. Харин энэ эрхийг баталгаажуулах нь төр засгийн үүрэг байлтай. Юутай ч өнөөдөр Үндсэн хуулиар олгосон амьд явах эрхээ эдлэх гэж Монголчууд хандсан зүгтээ хилийн дээс алхаж байна...

Sunday, March 23, 2008

Мэдрэмж гэх үү, нэг тийм юм...

Гайхах хэрэгтэй, хайрлах хэрэгтэй
Өөр бас хэн нэгний хуудаснаас тасдаж

Хээрийн цэнхэр салхинд хийсгэх эсвэл
Хэвтэж байхдаа дуулж
Хэнэггүй гэнэхэн уйлах хэрэгтэй
Тайтгарч чадахгүй бол үхэх
Таалагдалдаа үнэнч үлдэх хэрэгтэй
Мянган он улирахад шинэ жилийн баяр ч хэрэггүй
Мартагдал дундаас ургаж өлгийтэй хүүхдийг цочоох хэрэггүй
Зүгээр л ингээд амьдрах
Зүүдэндээ ярьж дэмийрэх
Хайр, гайхшрал аль алиных нь хамт
Хамаг бүхнийг гишгэн амьд явах...

Saturday, March 22, 2008

Захидал ирлээ...

Өнөөдөр би шуудангаар захидал хүлээж авлаа. И мэйл, гар утас гээд л эргэн тойрны бүх холбоо харилцаа цахимжсан энэ үед шуудангийн дугтуй хэмээх бараг мартагдах шахсан ч танил дотнохон цаасан уутан дахь халуун дотно үгс надад хаяглагдан ирсэн нь сэтгэлийг хөдөлгөв.

Сайн байна уу, зөрүүдхэн бяцхан наран минь. Баруунаас мандаж зүүн тийш зорьж, гагцхүү намайг-дотор сэтгэлийг минь гийгүүлж байгааг чинь цаг үргэлж мэдэрдэг шүү. Хаврын сар гарлаа. Юуны өмнө чамдаа хаврын мэнд хүргэе. Мөрөөдөл, энхрийлэл, урьхан салхины, дөлгөөхөн том сарны, Онон цөнгөө түрэх, монос нахиалах улирал юм даа. Гэвч өлмий дор цас чихарч, хүүхдүүд ууланд чаргаар гулгаж, айлын хашаанаас хөшөө сүхний дуу дуулдсаар байна. Шинэ жил, Цагаан сарын сонинтой захиа ирэх болов уу гэж их харсан. Хариу захиа ирэхээс нааш бичихгүй гэсэн тэвчээр маань Жавхаагийн ирэх өдөр хүртэл үргэлжилсэн боловч /горьдлого тасарсан ч гэсэн/ чамд би сэтгэл зүрхээ сонсгохгүй байж чадахгүй нь. Зандаа, танайхан сайн биз дээ? Шүлэг мөрөөдөл, найз нөхдийнхөө тухай баяр гунигаасаа хуваалцаач дээ гэж гуйх байна... Намар чиний захиа ирэгч үүрээр эрээгч үнээ минь тугалсан...
Одоо цагт хайгаад ч олдохгүй жинхэнэ "орги" сэтгэлтэй, мөн дэндүү "орги" амьдралтай, хачин хэдэн нөхөд минь буйд хөдөөд /бүр хөдөөгийн хөдөө/ амьдарч, соёл иргэншлийн дуулианаас огт ондоон зүрх сэтгэлийн лугшилтаа анирдан суудаг билээ. Тэднээс хааяа гэнэтхэн захидал ирэх нь шувуу нисэх шиг, салхи үүсэх шиг болдог оо. Тэдний захидал надад хүн байхын утгыг өвдтөл сануулж, их хотын саарал амьдрал дунд би зүрхний угаас өөрийн эрхгүй ханхийтэл санаа алддаг юм. Би "өөрчлөгдөж" байгаагаа мэдэрдэг...

Thursday, March 20, 2008

Зүгээр л... нэээх сайхан...


Тархи толгой нээх хоосон байлаа саяын хэд хоног. Тамирдаад л... Харин өнөөдөр яасан юм гэмээр жигтэйхэн хөл хөөр болоод сэтгэл сэвхийтэл хөнгөрөөд явчихдагийн. Яаснаа яг мэдэхгүй байна л даа. Нөгөө Дарамын Батбаяр гуайн хэлдэг “Айсуй баярын зөн” гээч нь энэ юм болов уу... Юутай ч гадаа хавар болжээ. Магадгүй байгалийнхаа хуулиар сэрж байгаам байлгүй дээ. Гэнэтхэн таталсан хэдэн мөрийг энэ завсарт хэн нэгэнд “уншиж өгмөөр” байна.


Эрчилгүй цагийн хүйтэн уруулаар

Үнсүүлж зогсох юутай таатай

Эргэлзэл хүслээ үүрд огоорсон

Хавар шиг цээжинд зөөлөн бороо...

Нойтон, ийм сайхан ганц навч

Ногоон ч биш, шар ч биш, бас...

Энэ мөрөөдөл үү, зураг уу, аль эсвэл амьдрал уу

Эгээрэн санагалзахын хэрэг юун

Хичнээн олон дотно дүр

Хэлж мэдэхгүй энэ хүмүүс

Улиран одож, угтан ирэх

Цаг хугацаанд сүлрэн нэгдэх

Ухаан санаа, дур хүслийг минь

Бурхан үнсэж чөтгөр адислах

Эргэлзэл хүслээ үүрд огоорсон

Хавар шиг цээжинд зөөлөн бороо...

Monday, March 17, 2008

Эрчүүддээ баярын мэнд хүргэе

Эр цэргийн албанд зvтгэсэн, зvтгэж байгаа, ирээдvйд зvтгэх, зvтгэхийг хvсч байсан ч чадаагvй, зvтгэснээс бараг ялгаагvй алин боловч “амьдралын төлөөх албанд амь хайргvй зvтгэж яваа” танд баярын мэнд хvргэе. Бvсээ чанга бvслэж, бvсгvйгээ хайрлаж яваарай.

Saturday, March 15, 2008

Санаа алдалтын үзүүрт...

Сарын газарт
Жилийн зовлон тээж очих нь дээ
Санагдсан бодлоо
Хаврын салхинд нээж хэлэх нь дээ
Аяархан санах
Алтнаас үнэтэйг
Амраг минь мэдээсэй...