Thursday, April 11, 2013

Мөнгөний эзэн



     Энэ дэлхийн бүх мөнгө минийх гэдгийг та бүхэнд дуулгаж байгаадаа таатай байна. Би нийт мөнгөнийхөө тоог мэдэхгүй боловч өдөр бүр миний халаасанд 5-10 доллар л явдаг. Харин дансанд маань мөнгө бараг байхгүй, хааяа л орлоготой үед ганц хоёр 100 доллар болдог юм. Учир нь би иймэрхүү хэрэглээнд дассан, үүнийгээ өөрчлөх гэж боддоггүй хүн. Би мөнгөө ингэж арвилан хэмнэж байхад миний мөнгийг маш үрэлгэн зарцуулдаг хүмүүс дэлхий дээр дэндүү олон. Тэд тэгээд л дасчихсан. Би үүнд нь гайхдаг ч үгүй. Миний мөнгө дэлхий дээрээс хийсээд явчихгүйгээс хойш хэн нь юунд хэдийг зарах, хэний халааснаас хэнийх рүү орох, аль тивийн банкнаас нөгөө рүү шилжих нь надад үнэхээр хүртээлгүй хэрэг гэж боддог. Юутай ч энэ бүх мөнгө миний 20 долларын үнэтэй хуучин жинсэн өмдний халаасан дахь задгай зооснууд шиг дээр доороо оролцон байраа сольж л байдаг. Хэнд сонин санагдах вэ дээ. Харин миний мөнгөөр намайг хөлсөлдөг хүмүүс л надад хамгаас сонин санагддаг юм. Нэгийн ард тэмбумаас цааш төсөөлшгүй олон тэг тавигдах хэмжээний тэр мөнгөнөөсөө нэгийн ард нэг хоёрхон тэгтэй өчүүхэн хэсгийг сугалж авахын тулд нэгийн ард төсөөлшгүй олон тэг тавигдах хэмжээний эсүүд минь бүгд ажиллаж хөдөлмөрлөдөг учраас амьдрал надад сонин сайхан зүйл гэж бодогдог.

Wednesday, April 10, 2013

Ай, хавар аа


Би байгалийн амьтан биш
Харь гаригаас ирсэн
Биеэ тарималжуулсан
Байгаль орчинд ээлтэйгээр
Бодох минь цэцэг үрслэх шиг
Болц нь гүйцсэн төмөрлөг 
                           ишин дээрээ
Огт оргүйг дуулна, үл ганхана
Орчлонгийн хавар цаг юм сан...

...



Сэрүүн зүүдээ
Унтаж буй өөртөө ярихад
Навчис зулгарах нь сонстоно
Цонхны цаадах үхэлд
Буруутай мэт
Цаг чагхийнэ
Цочоохгүйн тулд
Зүрхээ зогсоож
Хайрлахыг хүснэ

Sunday, April 7, 2013

Амьдарч үзээгүй хүний дурсамж



Төрсөн минь үнэн бөгөөд дэлхий хэмээн нэрлэгддэг энэ газарт ... жил байгаа минь бас үнэн юм. Ийнхүү байх хугацаандаа амьдраагүй нь бас үнэн билээ. Амьдарна гэж үнэндээ яадгийг би мэдэхгүй боловч мэдэлгүйгээр амьдарч орхиогүйгээ бас батлах байна. Учир нь би амьдрахыг огт бодоогүй учраас амьдралыг танин мэдэж, бас хүн төрөлхтөний нэгэнт бий болгож амжсан тэрхүү зам жимээр нь яваагүйгээ л сайн мэдэж байна. Надад арван таван толгой, атгаалжин хар бие байхгүй. Байсан ч би өөрийгөө мангас гэж нэрлэхгүй байх байсан. Надад одоо харин нэг толгой бий. Тэр нэгхэн толгой маань википидеагаас тав дахин их мэдээлэл агуулах чадвартай ч би түүнийг ганц ч удаа хоолонд оруулж байгаагүй.

Saturday, April 6, 2013

Ерөнхийлөгчөөс асууя

Ардчилсан Монгол Улсад цуурч явсан амаараа Танаас нэг зүйл асууя.  Баярцогтын хужаад бэлэглэсэн Монгол улсын эрхэм Ерөнхийлөгч өө, танд бодогдох юм юу ч алга уу?