...Өдөржин ганцаар сууж залхаад хувцасаа өмсөж гадагшаа гарлаа. Орой болчихсон болоод ч тэр үү, гудамж эль хульхан. Хааяахан зөрж өнгөрөх хүмүүсийн царайнаас би ганцхан зүйлийг олж харж байлаа. Энэ бол орон гэртээ яарсан, оройтсондоо эвгүйрхсэн тийм л нэг танил дүр зураг. Яагаад ч юм бэ, би хэрэгтэй юм шиг хүн бүхний нүүр царайг алгалсалгүй анзаарч, өөртөө хэрэгтэй нэг л юмыг тэднээс нэхээд байлаа. Эцэстээ энэ нь надад ямарч утга учиргүй санагдахад налж зогссон гэрлийн шонгоо орхиж машины зам дагуу бяцхан зөргөөр орон хоёр байшингийн цаана орших нэгэн жижиг хүнсний мухлагийг зорив.
Азаар зорьж ирсэн газар минь намайг найрсаглан угтаж хэдхэн мөчийн дараа би ирсэн замаараа урьдынхаасаа арай л илүү урам зоригтой алхаж явлаа. Халаасанд байсан цөөн хэдэн үрчгэр төгрөг минь харин ч үнэ цэнэтэй хувиллаа сонгож давхарлаж өмссөн даавуун хүрэмний дотоод энгэрт сэтгэл зугаацуулж явна. Нээрээ би юунд архи худалдаж авав аа? Сонин юм. Үнэндээ мэдэх юм алга. Би анх гэрээсээ гарахдаа үүнд л лав зориогүй. За яахав. Хэнд хамаатай юм. Ууна. Согтоно л биз...
Гэнэт сэтгэл хувьсхийж би ч яриан бодлоосоо сэрж орхих нь тэр. Эргэлдэн хийсэх навчис над дээр ганц нэгээрээ бударч байх юм. Аа, одоо л саналаа. Намар болчихсон байна шүү дээ. Өчигдөр манай ангийн Гээг санаа алдаад л уйтгарлаж суусан. Цонхны цаадах ертөнц сонин шүү гэж хэлэхэд нь би юу ч ойлгоогүй билүү? Нээрээ өчигдөр намар ирчихсэн байж шүү. Ийн бодох зуур дахиад л бөөн гуниг нөмрөөд авлаа. /Өөрийн эрхгүй л шүүрс алдчихлаа/. Цээжин цаана навчис шажигнан... Тийм ээ, ийм л намрыг би анзааралгүй явж...
Бодол хөвөрсөөр авч алхмын тоогоор гээгдсээр ахиад л сэтгэл хов хоосорч, нэг л мэдэхүй өнөөх муу уйт оромжныхоо гадаа ирлээ. Хаалгаа нээн ороход нэг л зөөлөн дулаан илч өөдөөс пүнхийж сэтгэлийн салхи ч намсхийгээд явчихлаа. Одоо архиа ууна. Цагаан өмсгөлт эрхэм хайртынхаа төлөө, цаг хугацааг дарсаар амталж согтоно. Ай, орчлон ийм л сайхан... Эхний хундагаа тогтооё.
Цэнгэл баяр аз жаргалын төлөө
Цэнхэр дуу инээд нулимсны төлөө... Тэр, дарсан дотор хөвөх нулимсыг минь хар даа! Таныгаа санахын зуурт нулимс алдуураад ирлээ. Ийм л уяхан гэгээн хайр шүү дээ Та минь! Гэрэлт наран дор хичнээхэн жил амьдрах сан билээ Та бидэн. Айсуй учрал бүхэн шив шинэхэн. Ахиад л намрыг мартлаа. Удаахь хундагаа тогтооё...
Ахин дахин уулзаж учрахын төлөө
Амьд яваа хоног өдрүүдийн төлөө...
Түүний минь зүрх цохилон буй цагт ертөнц өнө мөнх оршмуй. Цаглашгүй үнэнч тэр зүрх нэгэн цаг дор надад амьдралыг эргүүлэн бэлэглэж билээ. Таны зүрх хүмүүний төлөө цохилохын хамт хүмүүн төрөлхтөний зүрх “Амьдрал, амьдрал...” хэмээн лугшин байнам. Аяа, гэгээн зүрхт зовлон анагаагч минь сонс доо. Бүх ертөнцийн эмч нар мандтугай гэж бүх ертөнцөөр хашгирмаар л санагддаг аа. Одоо мэлтэлзэн буй энэ сэтгэлээ тогтооё.
Хундага дарс энэлэл тайтгарлын төлөө
Хуучин шинэ зөн мөрөөдлийн төлөө... Үүлс өргөн шувууд буцах намар цагийн анирт орой сэтгэлийн буйдад лаа гэрэлтэж, сэрүүхэн тийм л тайтгарал зүрх тэмтрэн ирдэг ээ. Ай, ийм л сайхны төлөө урт наслах сан. Миний сэтгэлийн гэрэлт уй минь. Чив чимээгүй урсах энэ бүлээхэн урсгал хааш одно вэ. Дараагийн хундагаа тогтооё.
Ертөнцөд хүн болж төрөхийн төлөө
Ер бусаар хайрлан дурлахын төлөө... Тэр нэг удаа зүрхийг минь чагнаж билээ. Тэгэхэд юу сонстсон бол? Магадгүй, зуун жилийн өмнөх борооны чимээ, цасны уйлаан... За даа, мэдэхгүй юм. Ямарч л атугай тэр минь чагнуураа эвхэн эргэхдээ инээмсэглэсэн юм даг. Тэр өдөр надад хавар ирж билээ. Түүний бэлэглэсэн ертөнцөд анхны яргуй дэлбээлэх нь сонстсон. Итгэн сүслэх энэ хундагаа тогтооё.
Шүлэг дуу гэгээн өдрийн төлөө
Шүүдэрт зөрөг гэрэлт андын төлөө... Тэнгэр минь, би ямар их азтай вэ! Сонсооч, Тэр минь амьд шүү дээ. Үүнээс илүү аз жаргал гэж юу байх вэ. Гунихын цагтаа түүний амьдран буй цаг хугацаа, гэргий хүүхдийнх нь өмчлөлд атаархан гашуунаар цөхрөн уйлдаг сан билүү? Ай тэнэгхэн охин. Бүү уйл. Энэ их аз жаргалд нулимс илүүднэ. Бурхан чамайг шагнажээ. Тэр амьд шүү дээ. Тийм ээ, би азтай юм. Гоо сайхан хүсэл тэмүүлэл, амьдрахын урам, шинэ өдрүүд өмнөөс айсуй. Ай гэрэлт эрхэм минь. Би урт насалнаа. Энэ сайхны төлөө. Сүүлчийн хундагаа тогтооё.
Ирэх өдрүүд үл мартагдахын төлөө
Итгэл дээр цэцэг ургахын төлөө...1996 он.