Showing posts with label Өдрийн тэмдэглэл. Show all posts
Showing posts with label Өдрийн тэмдэглэл. Show all posts

Tuesday, November 17, 2009

Зүрх минь санаа алдаж байна...


Хүнд битгий хэлээрэй. Яагаад гэвэл энэ миний нууц түүх. 1998 оны тэмдэглэлүүд. Гэвч одоог хүртэл хөндүүр, нууцхан хэвээр сэтгэл дотор санаа алдалтын минь хаа нэгтээ хийсч л явдаг юм. Бурхан минь цаг хугацаа бүхнийг мартуулдаг гэж худлаа юм байна. Өнөөдөр чинь 2009 он шүү дээ...

* * *
...Тэр үед залуухан сайхан эмч. Би түүнд дурлаж байсан. Хэзээ ч мартагдахгүй тэр дүр. Биеэ үзүүлэхдээ дандаа ичдэг ч хамгийн их аз жаргалыг тэнд л мэдэрдэг байж билээ. Чагнуурынх нь ормоор дугуй дугуй хээ үлдэхэд тэр инээж байдаг байсан. Би ч бас инээдэг... Орой болгон бурхнаас өвчин гуйж залбирдаг байлаа. Түүний гар дээр дахин очихын тулд тэр шүү дээ.
* * *
Би танд хайртай гэж хашгирдаг, шивнэдэг, дэвтэртээ бичдэг, харин хэлдэггүй. Хэлдэггүй учраас та мэддэггүй. Мэддэггүй болохоор та инээдэг, тоглодог, шоглодог, заримдаа бүр гомдоодог. Гомдох бүхэндээ би уйлдаг. Та “уучлаарай” гэж хэлдэг. Харин нулимсыг минь арчдаггүй. Тэгсэн хэдий ч би уучилсан л байдаг. Уучлаарай эж хэлээгүй үед чинь ч уучилдаг. Яагаад гэдгийг би мэдэхгүй. Та ч бас...
* * *
Та намайг уйланхай жаахан охин гэж боддог. Юу ч мэдэхгүй бяцхан амьтан гэж санадаг. Гэтэл би таныг бодолтой чинь хамт цээжиндээ тээгээд хайрлаж явдаг. Би хайрлаж мэднэ.
* * *
Цаг хугацаа өнгөрсөөр байхад та ингээд зогсолтгүй алхсаар л байх хэрэг үү? Ганцхан удаа эргэж хараач дээ. Тэгвэл танд хавар, зун, намар, өвөл хамтдаа харагдаж харин би тэнд гав ганцаараа уйтгарлан зогсоо нь үзэгдэх болно. Энэ л агшинд та миний зуун жилийг ойлгож магадгүй. Энэ зуун жил хэдийд эхэлснийг, хаана дуусахыг та мэдэх үү?
* * *
Өнөөдөр би зүрх сэтгэлтэйгээ ярилцлаа.
–Биелэх үү?
–Хэзээ ч үгүй
–Яагаад?
Би өөрөө хүсээгүй юм
–Тэгвэл яах гэж...?
–Зүгээр л...
–Утгагүй юм
–Харин тийм ээ
* * *
Өнөөдөр тантай тун адилхан хүн явж байхыг хараад өөрийн эрхгүй араас нь дагав. Машин сигнаалдах үед тэр эргэж харсан. Инээд хүрмээр улцгар шар нүүр... Ээ бурхан минь, та намайг уучлаарай.
* * *
Таныг зүүдэлсний маргааш өдөржин л таны тухай бодлоо. Орой нь бороо орсон. Борооноор таны тухай л бодон алхаж явлаа. Бодол минь харин нороогүй.
* * *
Өнөөдөр нээх их гоё цэнхэр цамц өмсчихсөн байсан. Энэ нь түүнд их зохиж байлаа. Хувцас юу ч биш гэж ярьдаг үгэнд би итгэдэггүй. Гоо сайхныг ч, хайр дурлалыг ч хувцаслаж байж л сая тэр төгс төгөлдөр харагддаг шүү дээ. Өнгө гэрлийг үгүйсгэгчдэд би дургүй. Тэр минь өнөөдөр үнэхээр сайхан харагдаж байсан.
* * *
Сэгсгэр минь, сэтгэлээ редакторлох хэрэггүй. Ертөнцөд төгс төгөлдөр зүйл гэж үгүй бөгөөд тэрхүү гайхамшигт төгс төгөлдөр рүү үргэлж тэмүүлж байдаг гагц зүйл нь сэтгэл өөрөө юм. ]
* * *
Урьд нь хүмүүс үүнийг хэлсэн, бичсэн, харин би одоо давтаж байна. Тэгэхдээ урьд өмнө сонстож байгаагүй тийм яруу хоолойгоор, яриангүй үнэмшилтэйгээр бодож байна. Энэ агшинд итгээрэй. Зүйрлэшгүй үнэт сэтгэлийг минь мэдэрвэл...
* * *
Бие минь бийгээ мартаж, би өөрөө нэг л хачин. Гэмшил төрөх шиг хуйс хуйсхан салхи үүсээд, таны тухай гуниглуухан сэтгэж эхэллээ би.
* * *
Дэмий, бүх юм дэмий... Уулзах минь ч утгагүй, хүсэх минь, мөрөөдөх минь цөм биегүй. Халуун дулаахан угталт ч үгүй. Зүгээр л хэт хөөрсөн шунал хүсэл, хөөсөрсөн хөөс. Өөр юу ч биш. Зүрх сэтгэл минь хов хоосон байна.
* **
Гадаа бороо орж байна. Та бороонд дуртай шүү дээ. Тийм учраас би бичиж байна. Энэ борооноор тань руугаа очих сон. Намайг алгаа дэлгэн угтахгүйг чинь мэддэг болохоор... Сайндаа л та “Миний дүү юу хийж яваа чинь энэ вэ, хар борооноор...” гэж хэлэх биз. Гэтэл би таны дүү биш. Ойлгож байна уу? Ингээд л хашгирмаар санагддаг шүү дээ.
* * *
Энэ тэмдэглэлүүд яг л өвчний түүх шиг. Эмч өвчтөнүүдийг историйг өмнөө дэлгээд зовиур шаналлынх нь тухай бичдэг шүү дээ.
* * *
Хязгааргүй шударга хайр минь таныг энхрийлэн тэврэг. Хэдийгээр та бидэн өнөөдөр газар нутгийн хувьд алс зайтай байгаа ч сэтгэл зүрх минь ямагт хамт цохилсоор байна. Сонс л доо... Мөнх бусын өмнө хүмүүс бие биенээ хайрлахгүй байж яаж болох билээ дээ. Тэр тусмаа та бид хоёр...
* * *
Жигдхэн амьсгалан тайван нойрсох чамайгаа хараад тэмдэглэлээ бичиж сууна. Залбирал хүслийг минь сонсож өнөөдрийг над руу илгээсэн бурхан танд баярлалаа. Аз жаргалдаа итгэх сэн. Яг одоо би юун тухай бичихээ ч мэдэхгүй нь.
* * *
Цагийн цохилт “тэнэг тэнэг” хэмээн лугшиж байна. Учир нь би бүхэнд шунан дурладаг хэвээрээ.
* * *
Догдлонгуй ширтсэн мөнөөх гайхамшигт харц одоо ямар болсон бол? Хэрэв тэр өөр болсон бол /Тэгсэн гэдэгт эргэлзэхгүй байна/ би түүнийг дурсаж байгаа нь тэнэг хэрэг болох сон. Гэвч хорвоо эргэж буй. Би чамайг буруутгамааргүй байна.
* * *
Яагаад чи над руу ийм хуурамчханаар ширтэнэ вэ. Чиний нүднээс би хайр энхрийллийг эрсэн боловч олсонгүй ээ. Гэтэл би яагаад чамайг ийм их хайраар өлгийднө вэ. Хайртыг минь ялдам болгооч гэж ямар бурханд хэлэх вэ?
* * *
Шинэ жил, шинэ зуун эхлэх мөчид чин сэтгэлээсээ чамтай хамт байхын тулд ийнхүү бичиж сууна. Яагаад гэвэл өнгөрсөн он жилүүдэд чи бидэн дэлхий хэмээх гариг дээр төрж хамгийн эрхэм хүмүүсээ энд оршуулж баяр гунигийн нулимсаа шүлгээрээ нэрсэн. Ах дүү ч бай, амраг садан ч бай хоёул учирсан минь юутай их аз вэ.
* * *
Заримдаа их ганцаардах юм. Гэхдээ зүрх сэтгэлийн мөнхийн гэгээ болсон чамайгаа бодохоор би ганцаардах ч учиргүй, үхэх ч эрхгүй гэдгээ мэдэрдэг.
* * *
Өнгөрөн одох, угтан ирэх цаг хугацаанд хайртай. Таны минь амьдран буй ертөнцийн зовлон нь жаргалын амттай байдаг. Та минь эрүүл энх, аз жаргалтай л явбал тэр нь миний хамгийн том шагнал байх болно. Ерөөсөө л би үүний төлөө ертөнцөд ирсэн юм биш үү...
* * *
Хэдийгээр энэ өдөр хоногууд юу ч үгүй хов хоосон өнгөрч байгаа ч энэ нь надад бага зэрэг бодлогошрох, гансрах боломжийг олгож байна. Маргаашид би яарах сэтгэлгүй болчихож. Нэг л тойргоороо элэгдтэл, залхтал эргээд байх шиг санагдах юм. Түүнээ ч илүү шаналлыг өдөр бүр амсаж байна. Ирэх өдрүүдийг би халуухан харц, дотнохон үгс, чиний үнсэлтээр төсөөлж явсан. Сүүлчийн хэд хоног би орь ганцаар амьдарч байна. Зүрх сэтгэл дотроо л амьдарч байна.
* * *
Зүрх минь санаа алдаж байна. Өөрийн эрхгүй л, хүссэн ч эс хүссэн ч би “Амьдрахын төлөө” л зүтгэж байгаа минь харамсмаар. Амьдарч буй минь гунигтай.

Tuesday, February 10, 2009

Би дурлачихлаа


Сэтгэл нэг их гоё хөндүүрлээд, байн байн гараа хүргэж шархыг хөндөөд, түгшингүй атлаа таатайхан инээмсэглээд алхаж явна. Гадаа хавар болчихсон нь ч нөлөөлж байгаа юмуу, алхаад л баймаар, тэнээд л баймаар. Хачин гэгэлзсэн хүн орж гаран холхиод л, сайхан нь дэндсэн юм бодоод л, тэрэндээ бас төвлөрч чадахгүй өөрийгөө шоолон инээд алдаад л. Нэг л мэдэхэд гар зүрх рүүгээ яваад, элгээ тэврээд, өөрийгөө хайрлаад, түүнийг бүр их хайрлаад... Даанч тэр мэдэхгүй яваа.

Thursday, March 20, 2008

Зүгээр л... нэээх сайхан...


Тархи толгой нээх хоосон байлаа саяын хэд хоног. Тамирдаад л... Харин өнөөдөр яасан юм гэмээр жигтэйхэн хөл хөөр болоод сэтгэл сэвхийтэл хөнгөрөөд явчихдагийн. Яаснаа яг мэдэхгүй байна л даа. Нөгөө Дарамын Батбаяр гуайн хэлдэг “Айсуй баярын зөн” гээч нь энэ юм болов уу... Юутай ч гадаа хавар болжээ. Магадгүй байгалийнхаа хуулиар сэрж байгаам байлгүй дээ. Гэнэтхэн таталсан хэдэн мөрийг энэ завсарт хэн нэгэнд “уншиж өгмөөр” байна.


Эрчилгүй цагийн хүйтэн уруулаар

Үнсүүлж зогсох юутай таатай

Эргэлзэл хүслээ үүрд огоорсон

Хавар шиг цээжинд зөөлөн бороо...

Нойтон, ийм сайхан ганц навч

Ногоон ч биш, шар ч биш, бас...

Энэ мөрөөдөл үү, зураг уу, аль эсвэл амьдрал уу

Эгээрэн санагалзахын хэрэг юун

Хичнээн олон дотно дүр

Хэлж мэдэхгүй энэ хүмүүс

Улиран одож, угтан ирэх

Цаг хугацаанд сүлрэн нэгдэх

Ухаан санаа, дур хүслийг минь

Бурхан үнсэж чөтгөр адислах

Эргэлзэл хүслээ үүрд огоорсон

Хавар шиг цээжинд зөөлөн бороо...