Саруул багш маань 2009 оны зун эх орондоо ирж
амрах үеэр бид хоёр хамтран “Эх хэлний эрэлд” хэмээх цуврал нэвтрүүлгийг
“Монгол” телевизэд хийж өгсөн юм. Нэг орой хоёулаа хууч хөөрөн ганц нэг
шар айраг шимэнгээ хэл шинжлэлийн судлагдахууны нэг төсөөт үг нь монгол яруу
найрагт элбэг байдаг тухайд ярьж билээ. Орой нь хариад төсөөт үгсийг нийлүүлэн
Саруул багшийнхаа нэрээр шүлэг бичсэн сэн. МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн
багш Мягмарын Саруул-Эрдэнэ одоо АНУ-гийн Индианагийн их сургуулийн Төв европ
судлалын тэнхимд судалгааны ажил хийж байгаа. Хэл шинжлэлийн ухааны доктор
тэрээр Вашингтон хот орчмын монголчуудын холбооны удирдах зөвлөл, “Цахим өртөө”
төрийн бус байгууллагын удирдах зөвлөл, Индианагийн их сургуулийн дэргэдэх
“Монгол” нийгэмлэгийн захирлуудын зөвлөл болон Америкийн Монгол судлалын төвийн
захирлуудын зөвлөлийн гишүүн юм. Мөн тэрээр гадаад дахь монголчуудын www.dayarmongol.com сайтыг эрхэлдэг. Саруул багшийн үг бүхнээс
монгол ханхалдагт би баярладаг...Friday, October 5, 2012
Саруул-Эрдэнэ
Саруул багш маань 2009 оны зун эх орондоо ирж
амрах үеэр бид хоёр хамтран “Эх хэлний эрэлд” хэмээх цуврал нэвтрүүлгийг
“Монгол” телевизэд хийж өгсөн юм. Нэг орой хоёулаа хууч хөөрөн ганц нэг
шар айраг шимэнгээ хэл шинжлэлийн судлагдахууны нэг төсөөт үг нь монгол яруу
найрагт элбэг байдаг тухайд ярьж билээ. Орой нь хариад төсөөт үгсийг нийлүүлэн
Саруул багшийнхаа нэрээр шүлэг бичсэн сэн. МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн
багш Мягмарын Саруул-Эрдэнэ одоо АНУ-гийн Индианагийн их сургуулийн Төв европ
судлалын тэнхимд судалгааны ажил хийж байгаа. Хэл шинжлэлийн ухааны доктор
тэрээр Вашингтон хот орчмын монголчуудын холбооны удирдах зөвлөл, “Цахим өртөө”
төрийн бус байгууллагын удирдах зөвлөл, Индианагийн их сургуулийн дэргэдэх
“Монгол” нийгэмлэгийн захирлуудын зөвлөл болон Америкийн Монгол судлалын төвийн
захирлуудын зөвлөлийн гишүүн юм. Мөн тэрээр гадаад дахь монголчуудын www.dayarmongol.com сайтыг эрхэлдэг. Саруул багшийн үг бүхнээс
монгол ханхалдагт би баярладаг...Wednesday, May 18, 2011
“Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө”

Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу гэж ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн дуу ажээ. “Ай Нанаа”-г үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж язгууртан гэр бүлд төрж өссөн бөгөөд орос, хятад, манж хэл бичигт гаргууд нэгэн байжээ. Монголд тариа тарих, алт олборлох зарлигийг зөрчдөг Чин ван Ханддорж 13-р Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь Манжийн хааны дургүйцлийг улам бадраажээ. Ханддоржийн хүү Данзанжамцыг Баруун зууд ном үзэхээр явах замд нь “Хааны ордны ёс алдсан” гэдэг шалтгаанаар манжууд Бээжинд зэрлэгээр цаазалж толгойг нь цар тавган дээр тавин хадгаар бүтээж аавд нь барьсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрээр толгойн гудайн өвдөг сөгдөлгүй “Монхор үрээсээ хагацах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө” гээд “Манж Хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Ар ханхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Чин ван Ханддорж нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ
Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ
Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө
Зүүд нойрон дундуу хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө
Урд уулын зэрэглээ байнаа, ай Нанаа минь ээ
Угтаад очсон чинь үгүй л байна аа хө
Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ
Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө... гэж дуулжээ. Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дуулдаг байжээ. Энэ жил Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавихаар бэлдэж байгаа ажээ
/Жич: http://www.touristinfocenter.mn сайтан дээр ийм нэгэн түүх байсныг олж блогтоо сийрүүлэв/
Thursday, December 11, 2008
ЧИНИЙ БЭЛЭГЛЭСЭН ЕРТӨНЦӨД
Азаар зорьж ирсэн газар минь намайг найрсаглан угтаж хэдхэн мөчийн дараа би ирсэн замаараа урьдынхаасаа арай л илүү урам зоригтой алхаж явлаа. Халаасанд байсан цөөн хэдэн үрчгэр төгрөг минь харин ч үнэ цэнэтэй хувиллаа сонгож давхарлаж өмссөн даавуун хүрэмний дотоод энгэрт сэтгэл зугаацуулж явна. Нээрээ би юунд архи худалдаж авав аа? Сонин юм. Үнэндээ мэдэх юм алга. Би анх гэрээсээ гарахдаа үүнд л лав зориогүй. За яахав. Хэнд хамаатай юм. Ууна. Согтоно л биз...
Гэнэт сэтгэл хувьсхийж би ч яриан бодлоосоо сэрж орхих нь тэр. Эргэлдэн хийсэх навчис над дээр ганц нэгээрээ бударч байх юм. Аа, одоо л саналаа. Намар болчихсон байна шүү дээ. Өчигдөр манай ангийн Гээг санаа алдаад л уйтгарлаж суусан. Цонхны цаадах ертөнц сонин шүү гэж хэлэхэд нь би юу ч ойлгоогүй билүү? Нээрээ өчигдөр намар ирчихсэн байж шүү. Ийн бодох зуур дахиад л бөөн гуниг нөмрөөд авлаа. /Өөрийн эрхгүй л шүүрс алдчихлаа/. Цээжин цаана навчис шажигнан... Тийм ээ, ийм л намрыг би анзааралгүй явж...
Бодол хөвөрсөөр авч алхмын тоогоор гээгдсээр ахиад л сэтгэл хов хоосорч, нэг л мэдэхүй өнөөх муу уйт оромжныхоо гадаа ирлээ. Хаалгаа нээн ороход нэг л зөөлөн дулаан илч өөдөөс пүнхийж сэтгэлийн салхи ч намсхийгээд явчихлаа. Одоо архиа ууна. Цагаан өмсгөлт эрхэм хайртынхаа төлөө, цаг хугацааг дарсаар амталж согтоно. Ай, орчлон ийм л сайхан... Эхний хундагаа тогтооё.
Цэнгэл баяр аз жаргалын төлөө
Цэнхэр дуу инээд нулимсны төлөө...
Тэр, дарсан дотор хөвөх нулимсыг минь хар даа! Таныгаа санахын зуурт нулимс алдуураад ирлээ. Ийм л уяхан гэгээн хайр шүү дээ Та минь! Гэрэлт наран дор хичнээхэн жил амьдрах сан билээ Та бидэн. Айсуй учрал бүхэн шив шинэхэн. Ахиад л намрыг мартлаа. Удаахь хундагаа тогтооё...
Ахин дахин уулзаж учрахын төлөө
Амьд яваа хоног өдрүүдийн төлөө...
Түүний минь зүрх цохилон буй цагт ертөнц өнө мөнх оршмуй. Цаглашгүй үнэнч тэр зүрх нэгэн цаг дор надад амьдралыг эргүүлэн бэлэглэж билээ. Таны зүрх хүмүүний төлөө цохилохын хамт хүмүүн төрөлхтөний зүрх “Амьдрал, амьдрал...” хэмээн лугшин байнам. Аяа, гэгээн зүрхт зовлон анагаагч минь сонс доо. Бүх ертөнцийн эмч нар мандтугай гэж бүх ертөнцөөр хашгирмаар л санагддаг аа. Одоо мэлтэлзэн буй энэ сэтгэлээ тогтооё.
Хундага дарс энэлэл тайтгарлын төлөө
Хуучин шинэ зөн мөрөөдлийн төлөө...
Үүлс өргөн шувууд буцах намар цагийн анирт орой сэтгэлийн буйдад лаа гэрэлтэж, сэрүүхэн тийм л тайтгарал зүрх тэмтрэн ирдэг ээ. Ай, ийм л сайхны төлөө урт наслах сан. Миний сэтгэлийн гэрэлт уй минь. Чив чимээгүй урсах энэ бүлээхэн урсгал хааш одно вэ. Дараагийн хундагаа тогтооё.
Ертөнцөд хүн болж төрөхийн төлөө
Ер бусаар хайрлан дурлахын төлөө...
Тэр нэг удаа зүрхийг минь чагнаж билээ. Тэгэхэд юу сонстсон бол? Магадгүй, зуун жилийн өмнөх борооны чимээ, цасны уйлаан... За даа, мэдэхгүй юм. Ямарч л атугай тэр минь чагнуураа эвхэн эргэхдээ инээмсэглэсэн юм даг. Тэр өдөр надад хавар ирж билээ. Түүний бэлэглэсэн ертөнцөд анхны яргуй дэлбээлэх нь сонстсон. Итгэн сүслэх энэ хундагаа тогтооё.
Шүлэг дуу гэгээн өдрийн төлөө
Шүүдэрт зөрөг гэрэлт андын төлөө...
Тэнгэр минь, би ямар их азтай вэ! Сонсооч, Тэр минь амьд шүү дээ. Үүнээс илүү аз жаргал гэж юу байх вэ. Гунихын цагтаа түүний амьдран буй цаг хугацаа, гэргий хүүхдийнх нь өмчлөлд атаархан гашуунаар цөхрөн уйлдаг сан билүү? Ай тэнэгхэн охин. Бүү уйл. Энэ их аз жаргалд нулимс илүүднэ. Бурхан чамайг шагнажээ. Тэр амьд шүү дээ. Тийм ээ, би азтай юм. Гоо сайхан хүсэл тэмүүлэл, амьдрахын урам, шинэ өдрүүд өмнөөс айсуй. Ай гэрэлт эрхэм минь. Би урт насалнаа. Энэ сайхны төлөө. Сүүлчийн хундагаа тогтооё.
Ирэх өдрүүд үл мартагдахын төлөө
Итгэл дээр цэцэг ургахын төлөө...
1996 он.