Tuesday, March 30, 2010

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан нийгмийн орчин дутагдаж байна


/Хөлнийхөө эрхшээлд орсон ч хөгжлийн бэрхшээлд ороогүй Дэндэв андынхаа хүсэлтээр сурвалжлага сүнгэнүүлчихлээ/
...Тэргэнцэртэй хүн шатаар буух гээд бууж чадахгүй байх, эсвэл харааны бэрхшээлтэй хүн зориулалтын бус гарцаар гарч яваад машинд дайруулангаа алдахыг хараад бидний хэн нь ч ухасхийн тусалдаг шүү дээ. Тэр хүн мэдээж “баярлалаа” гэж хэлдэг ч өрөөлд саад болж байгаа өөртөө гутарч сэтгэлийн дарамт хураадаг байна. Харин өндөр хөгжилтэй улс орнууд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан зам, гарц, шат, тэмдэглэгээ зэргийг хот төлөвлөлтдөө хэзээ ч мартдаггүй, мартсан газруудад нь хуулийн дагуу шаардлага тавьж хүний эрхийг хамгаалдаг ажээ. Ингэсэн тохиолдолд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрсөддөө зориулсан үйлчилгээг эдэлж нийгмийн амьдралд бусдын тусламжгүй оролцдог нь тухайн хүний сэтгэлзүйд ч нэн таатай, эрүүл саруул бусаддаа ч төвөг хүндрэл учруулахгүй туйлын зөв зохицуулалт болдог байна. Харин Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулсан үйлчилгээ байхгүйгээс хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн олонх нь сэтгэлзүйн хувьд гутранги, нийгмийн амьдралд идэвхитэй оролцож амжилт гаргах чадвар султай байдаг нь судалгаагаар нэгэнт тогтоогджээ. Зам, барилга барьсан компаниуд нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст зориулагдсан шат гарцыг мартчихдаг, тухайн барилгыг ашиглалтад хүлээн авч байгаа мэргэжлийн хяналтынхан нь ч үүнийг юманд бодож зарга хийхгүй чимээ амиагүйхэн шиг хүлээгээд авчихдаг нь манай өнөөдрийн нийгэмд хэвшил болжээ. Харин ард нь хөгжлийн бэрхшээлтэй олон арван хүмүүсийн эрх ашиг зөрчигдсөөр байгаа юм. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудал хэдийнэ хуульчлагдчихсан ч хэрэгжилтэд нь хяналт тавих механизм үгүйлэгдсээр байна. НҮБ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг хамгаалах конвенцид нэгдэн орсон гишүүн орны хувьд энэ асуудалд анхаарлаа хандуулах цаг болсныг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн төлөөллүүд төрд дахин санууллаа. Өнгөрөгч амралтын өдрүүдэд төр засгийн үйлчилгээний Нүхт цогцолборт болсон “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ба хэвлэл мэдээллийн хэрэгсэл” сэдэвт сургалтын үеэр эл асуудал хурцаар хөндөгдсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх зөв үзэл хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилготой тус сургалтыг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн “Хуульзүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Бизнес инкубатор” төв, Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс хамтран зохион байгуулсан бөгөөд сургалтад хүний эрх, сэтгүүлзүй, шашин, нийгмийн олон талын төлөөллүүд оролцож санал бодлоо хуваалцсан юм. Монголын өнөөгийн нийгэмд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хандах олон нийтийн хандлага нь нэг бол хэт өрөвдөж хөөрхийлсэн байдалтай эсвэл бүр гадуурхаж төвөгшөөсөн хоёрхон хэлбэртэй байдаг нь тэдэнд сэтгэлзүйн томоохон дарамт учруулдаг байна. Тэд төрөөс мөнгөн тэтгэлэг, сэтгэлзүйн дэмжлэг горилохын оронд зүгээр л хэний ч туслалцаагүй нийгмийн амьдралд оролцох боломжоор нь хангаад өгөхийг л хүсдэгээ энэ үеэр хэлж байсан юм. Хүний эрхийн зөрчил нь гол төлөв далд хэлбэрээр оршдог учир тэдгээрийг олж илрүүлэхэд сэтгүүлчдээс ихээхэн үүрэг хариуцлага шаардах болсон энэ үед Монголын хэвлэл мэдээллийн байгууллагын нийтлэл, нэвтрүүлэгт иргэдийн улс төрийн болон иргэний эрхийн асуудлыг түлхүү тусгадаг, харин эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай бага хөндөж байгаад хөгжлийн бэрхшээлтэй иргэд сэтгэл дундуур байгаагаа ч ярьж байлаа. Хүний хөгжлийг уриагаа болгосон хүмүүнлэг ардчилсан нийгэмд амьдарч яваа хэн боловч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудалд анхаарлаа хандуулж тэднийг нийгмийн нэг идэвхитэй институцийнх нь хувьд хүн ёсоор хандах зайлшгүй шаардлага тулгараад байгааг энэ удаагийн арга хэмжээ харууллаа.

Tuesday, March 23, 2010

Тусламж дагасан аялал


Нүд аргам хуурай уулс, хараа цуцам уудам говь, нүүгэлтэн хөглийх их нуруудын дээгүүр Монголын хөх тэнгэр анир гүмхэн цэлийж үүлсээ сэмлэн асарлана. Талын хүний сэтгэлд бүхлээрээ багтах гэж эвхэгдсэн мэт Алтайн хөх уулс оргилын цас шигээ ихэмсэг, омог бардам дүнхийх нь эрт галвын хөхөмдөг дурсамжийг хаяалах шиг. Идэрхэг хөх салхинд тэргүүн өргөн сүглийх их уулсын нутаг Говь-Алтай.

Уул нурууд нь, ус гол нь хүний биеийн эрхтэн тогтолцооны захын мэдрэл хавьцаа тэмтрэгдэх хуурай шаргал нутаг яагаад ч юм жигтэйхэн танил санагдах ажээ. Манжийн дарлалд нэгэн үе өвдөг сөхөрч асан Монгол түмний сэтгэлийг нөмөрлөж харийн сэрүүн салхины халх бараа нь болж байсан Алтайн их уулсын нутаг шүү дээ. Засагт ханы хөх харчуул нь зангирч босохоороо сур шиг чангарч Бурхан Буудайн хөх салхин дорх бууриа өмгөөлөн тэмцэж байсан түүх саяхных. 1960-аад оныг хүртэл буун дуу тасраагүй гэж хүүрнэх, он жилүүдийн үнэн түүх нүүрнийх нь атираанаас тэмтрэгдэх цөлх сайхан буурлуудтай энэ нутагт олонтаа тааралдах. Өдгөө энд энх цагийн салхин дураар сэлгүүцэж эрх чөлөө тусгаар тогтнолын үнийг сануулах мэт зөөлөн сэвшинэ.

...Монгол нутагт минь хүйтний ам цаашилж хөхүүрийн ам наашилж буй хаврын эл өдрүүдэд Алтайн их уулсын цас ханзрах яагаа ч үгүй, говь талдаа цасны амьсгалтай салхи тасхийж, чөмөг царцам жавар тачигнаж байх ажээ. Энэ жил Алтай нутагт хатуухан өвөл тохиож, хүний мөс, малын чанарыг тэмтрээд өнгөрлөө гэж буурлууд хуучилж сууна. Эртний чулууны бичигт зүүн аймаг хүнээ барж баруун аймаг малаа барна гэсэн байдаг юм гэнэ билээ базарваань. Нээрээ ч улс амьтныг түгшээсэн айхтар хэрэг төвөг зүүн зүгээс л дуулдах юм. Харин манай Алтай нутгийн мал сүрэг сүүлийн 10-аад жил өөд бараа харсангүй. Тэнгэр хангай догширч зундаа байнгын гантай, өвөлдөө зудтай л тулалдаж суудаг боллоо. Олон жил дараалсан байгалийн хүнд хэцүү бэрхшээлд хүн малгүй өвдөг сөхөрч байна даа гээд л хэнгэнэтэл санаа алдах буурлуудын үгс сэтгэлд нэн хөндүүрхэн. Хаврын сар хэдийнэ гарсан ч Говь-Алтай аймгийн ихэнх нутаг хөр цастайгаа, үе үехэн шуурахад нь өеөдсөн малууд нь тэсэлгүй “шуурсаар” л байна.

Өнгөрсөн намар 2,2 сая орчим толгой мал тоолуулсан Говь-Алтай аймаг өнөөдрийн байдлаар 600 мянга орчим малаа зудад алдаж 1000 орчим айл огт малгүй болон хотоо харлуулаад байна. Он гарснаас хойш тус аймагт төр засгийн болон байгууллага хувь хүмүүсийн хандиваар нийт 1.5 тэрбум орчим төгрөгийн тусламж хүргэсэн хэдий ч хаврын тарчиг энэ өдрүүдэд нөхцөл байдал өдрөөс өдөрт хүндэрсээр байгаа юм. Хангай газрын сахлаг өвс, тал нутгийн тарчиг ургамлын алиных нь ч бараа харагдахгүй, зундаа зулаг болтлоо гандаж өвөлдөө өвч цасан хучлагатай байсан энэ нутагт малын хамар хатгах өвс байтугай малчных нь хаяанд бурзайх аргал ч байхгүй, чухам л ховор зэврийн дунд гачил зовлон болж, нүд сэтгэлийнхээ галаар нүцгэн улаан гараараа зудын гамшигтай тэмцэж сууна. Ямартаа л хүмүүнлэгийн тусламжийн түүчээг хөтөлж очсон МУЗН-ийн Ерөнхий нарийн бичгийн дарга, Алтай нутгийн уугуул Равдангийн Самдандовж “занги”-ийг “Шинэ цагийн Цахиур Төмөр, шилийн сайн Тоорой банди” хэмээн уруул дэвсэн угтаж байхав. Ядарч зүдэрсэн ардад идэш уушийг нь дөхүүлж, хил давуулан шил дамнуулан агт морьд хөөж, арвай буудай ганзагалж ирдэг асан сайн эрс шиг санагдаж л дээ. Үнэндээ ч олон улсын хүн ардад Монголын зуд турханыг ойлгуулж таниулан хүмүүнлэг сэтгэлийнх нь хандив дэмжлэгийг хүн арддаа хүртээж яваа түүнийг шинэ цагийн “Сайн эр” гэх нь монгол сэтгэлгээнд харшлах зүйл биш, харин ч орчин үежүүлээд ойлговол ойртож наалдсан ойлголт гэлтэй.

Ядарч зутарсан Говь-Алтайн малчдад очиж байгаа 100 сая төгрөгийн тусламж чухам л цагаа олж, эзэддээ хүрснийг энэ дашрамд тэмдэглэсү. Энэ нь Олон улсын улаан загалмай улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны Гамшгийн яаралтай тусламжийн сангаас зудад нэрвэгдсэн Монголын малчдад олгосон 550 сая төгрөгийн буцалтгүй тусламжийн нэг хэсэг юм. МУЗН болон холбогдох байгууллагуудын судалгаа, мал өвөлжилтийн мэдээ сэлтийг үндэслэн эл тусламжийг Говь-Алтай, Завхан, Хөвсгөл, Өвөрхангай, Архангай аймгуудын өвөлжилт хүндэрсэн сумдын 1200 малчин өрхөд олгохоор болжээ. Харин Говь-Алтайн 12 сумын 295 өрхөд хүмүүнлэгийн эл тусламж хүрч байгаа юм. Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд нэг өрхөд гурван сарын хүнсний хэрэглээний зориулалтаар 75 кг гурил, 15 кг будаа, 3 кг элсэн чихэр, 3 кг давс, 3 литр ургамлын тос, 3 ширхэг цай зэрэг хүнсний багц, мөн хүүхэд, том хүний дулаан хувцас, эсгий гутал зэрэг зүйлс малчдын гар дээр очлоо.

Зовох цагт нөхрийн чанар танигддаг гэдэг шиг хийсээд ирсэн зовлонг наалдаад үлдэхийн цагт л хүн гээч амьтан хүмүүнлэгийн тусламж гэгч үгсийг жинхэнэ утгаар нь ухамсарладаг бололтой. Монголын улаан загалмайчдын учирлаж хачирлаж байж Олон улсын улаан загалмайгаас олж ирсэн тусламжийг хүртсэн хөдөөгийн зон олон маань нүдэндээ нулимстай, хоолой цахиртуулан байж “баярлалаа”-гаа хэлж байх нь бас л харууштай. 2002 онд миний бие МУЗН-ээс зохион байгуулсан зудын нөхөн сэргээлтийн тусламжийн цуваанд багтан Говь-Алтайд ирж байхад малчдын амьдрал өнөөдрөөс бүр ч хэцүү байж билээ. Мянгат малчин хотоо харлуулчихаад Улаан загалмайн тусламж авч байхыг хараад хоолой зангирч байснаа мартдаггүй.

...Энэ удаагийн тусламжийн аяныг орон нутагт амжилттай сайхан зохион байгуулсан Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хорооны эелдэг найртай хамт олныг энд зориуд тэмдэглэн хэлэхээс аргагүй ээ. Ажилсаг нь дэндсэн Алтайн Улаан загалмайнхандаа зориулан дуу хүртэл гаргасан бид. Аймгийн салбар хорооны дарга Ч.Хандмаа гэж чухам л нөгөө дуунд гардагчлан “орсон гарсанд дуутай цайтай, олонтой явахын заяа түшсэн” сүрхий бүсгүй. Тусламжийн аянд ганзага нийлсэн манай сэтгүүлчдийн баг Алтай нутгаас хүлгийн жолоог буцаан залах замдаа Хандаа дарга болон хайр халамж ханхалсан эвсэг тэр хамт олныг үгээ олохгүй магттал Р.Самдандовж дарга харин ч нэг хэнэггүйхнээр “Улаан загалмай бол гамшиг зовлон тохиолдсон газарт бурхны гар болон очдог тийм л үүрэгтэй байгууллага. Зовж зүдэрсэн улсад уриалган хайлган л байж чадахгүй л юм бол улаан загалмайч гэж өөрийгөө нэрлэх эрх хэнд ч байхгүй. Гэдийгээд суудаг төрийнхнөөс өөр байхыг л би хороон дарга нартаа захидаг. Хандаа дарга ажлаа л хийж байна” гэдэг юм даа. Үгээрээ биш үйлдлээрээ ажлаа мэдрүүлсэн, үүргээ ухамсарласан “өөр” байгууллага байна билээ Улаан Загалмайнхан. Сайхан л санагдсан. Юутай ч хүмүүнлэгийн тусламж дагасан энэ удаагийн аяллаас хүнд хэцүү зовлонг ч нүдээрээ харлаа, хүн сэтгэл ханхалсан эрхэм хүмүүстэй ч танилцлаа, Алтайн ханагар уулсын сүр сүлдийг ч биширлээ, айсуй урин цагийг бүр яаран даллалаа.