Showing posts with label Археологи. Show all posts
Showing posts with label Археологи. Show all posts

Monday, January 28, 2008

Ч.АмартүвшинМонгол улс, ШУА-ийн Археологийн хүрээлэн
Монгол нутаг дахь хиргисүүрийн дурсгал

I. ОршилII. Хиргисүүрийн судалгааны байдалIII. Хиргисүүрийн он цаг, тархалт, ангилалIV. Хиргисүүрийн өнөөгийн судалгааV. Дүгнэлт______________________________________________________
_______________________
I. Оршил
Монгол оронд амьдарч байсан эртний хүмүүс нийгмийн хөгжлийн дагуу өөрийн аж ахуйг эрхлэн явуулж ирсэн ба тэдний амьдрах ухаан өргөжин тэлэхийн хирээр төмөрлөгийг нээн олж ахуй амьдралдаа хэрэглэх болжээ. Тэрхүү төмөрлөгийн анхных нь зэс байв. Байгалийн цэвэр зэсийг ашиглан гоёл чимэглэл, хөдөлмөрийн зэвсгийг хийж, урьдын уламжлалт чулуун зэвсгийн хамт хэрэглэж байсан зурвас үеийг хүн төрлөхтөний түүхэнд энеолит буюу зэс чулууны үе гэж нэрлэдэг бөгөөд энэ үеийг Монгол орны оршин суугчид дамжиж ирсэн байна. Монгол орны энеолитийн үе нь өмнөх неолитийн үеийн дэвсгэр суурин дээр уламжлагдан гарч ирсэн юм. Гэхдээ энэхүү энеолитын үе нь чулуун зэвсгийн үеэс хүрэл зэвсгийн үед шилжих шилжилтийн завсрын богино үе байсан юм. Харин түүний дараагийн үе буюу хүрэл зэвсгийн үед амьдарч байсан хүмүүс, эртний хүрэл зэвсгийн үйлдвэрлэл явуулж байсан дурсгалууд, дөрвөлжин булш, хиргисүүр, буган хөшөө, хадны зосон болон сийлмэл зураг зэрэг олон төрлийн дурсгалыг үлдээсэн байна. Эдгээр хүрэл зэвсгийн үеийн дурсгалуудаас товч боловч дурдья. Монголын хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн нэгэн чухал дурсгал бол буган чулуун хөшөө юм.Эрдэмтэд буган хөшөө хэмээн гонзгой урт чулууны хажуугийн дөрвөн урт талыг сайтар засч, гурав зааглан гол төлөв нүүрэн талын заримдаа нүүрэн ба ар талын оройн хэсэгт нар, сар хоёроос гурван ташуу зураас, хүний нүүрний дүрс хөшөөний их биеийг ороолгон сүрэг бугыг загварчлан дүрслэн тэдний доогуур бүс татаж, зэр зэвсэг зүүсэн байдалтай дүрсэлсэн хөшөө чулууг хэлдэг (1-р зураг). Евразийн хээр талын бүс нутагт хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үед өргөн тархсан түүх соёлын гайхамшигт дурсгал болох буган чулуун хөшөөг эрдэмтэд 100 гаруй жилийн тэртээгээс судлаж 700 орчим буган чулуун хөшөөг олж илрүүлжээ . Буган хөшөө тал хөндий, уулын ам бэл, жижиг уул толгойн орой дээр ганц нэгээрээ буюу хэд хэдээрээ бүр арав хориороо ч тохиолдох ба мөн хиргисүүр, дөрвөлжин булшны дэргэд тэдний гадаад хана, булангийн хөшөө болгож босгосон байхаас гадна заримдаа авсны таг, хана, ёроол болгож ашигласан байдаг. Буган хөшөөг тойруулан чулуугаар цөөн хэдээс хэдэн зуун жижиг цагираг өрж үйлдсэн байх нь элбэг. Судлаачид буган чулуун хөшөөг МЭӨ II мянган жилд холбогдуулан түүнийг хүрэл зэвсгийн эцэст зарим нь бүр төмөр зэвсгийн түрүү үед үүссэн гэж үзэж ирсэн юм . Мөн Монгол нутагт хүрэл зэвсгийн үед амьдарч байсан овог, аймгуудын оюуны соёлын нэгэн чухал дурсгал бол хадны зосон болон сийлмэл зургийн дурсгал юм (2-р зураг). Монгол нутаг хадны сийлмэл зургийн дурсгалаар дэлхийд баялаг орны нэг бөгөөд тэдний үндсэн хэсэг нь хүрэл ба төмөр зэвсгийн эхэн үед хамаарна . Монгол нутгийн хүрэл зэвсгийн үеийн түүхэнд холбогдох томоохон дурсгалын нэг нь дөрвөлжин булш юм. Монгол орны төв болон дорнод бүс нутгуудаас илрүүлсэн, эртний хүмүүсийн үлдээсэн дурсгалуудын дотроос нилээд эртний хэлбэр болох хүрэл зэвсгийн үед холбогдох дурсгалыг “дөрвөлжин булш” буюу “хавтгай чулуут булш” хэмээн нэрлэсэн (3-р зураг). Хүрэл зэвсгийн үед Монгол нутагт амьдарч байсан эртний овог аймгууд нас барсан хүмүүстээ зориулан тэгш дөрвөлжин хэлбэртэй чулуун байгууламж хийж, түүн дотроо хүнээ оршуулах зан үйл гүйцэтгэж байсан энэхүү ерөнхий зүй тогтол нь ганц манай орноор хязгаарлагдахгүй өдгөөгийн хилийн чандад орших Байгал нуурын зүүн баруун, өмнөд нутгаар, мөн Өвөр Монголын зарим хэсэгт тархсан байна. Дөрвөлжин булшийг одоогийн байдлаар 510 орчмыг малтан шинжилсэн бөгөөд эдгээрээс зарим булшинд радиокабоны задлан шинжилгээ хийж ойролцоогоор МЭӨ VII зуунд хамаарагдахыг тогтоосон юм. Гэхдээ он цагийн асуудлыг зөвхөн лабораторийн шинжилгээнд дулдуйдах биш сүүлийн үеийн судалгааны үр дүнд илэрсэн олдвор эх хэрэглэгдэхүүнийг хөрш зэргэлдээ орны болон бусад археологийн хэрэглэгдэхүүнтэй харьцуулан жишиж МЭӨ XII-VII зуунд хамааруулан үзэж байна . Бид дээрх хүрэл зэвсгийн үеийн буган чулуун хөшөө, дөрвөлжин булш зэргийг нэгбүрчлэн тоочин авч үзсэн нь бидний сонирхон буй хиргисүүртэй он цаг, оршин буй газар зүйн орчин, зохион байгуулалт зэргээрээ нягт холбоотойгоос гадна Монголын хүрэл зэвсгийн үеийн талаар товч мэдээлэл өгөх зорилгыг агууллаа.Хиргисүүр нь өнөөгийн Монгол улсын нутаг хийгээд Орос, Хятадын нутагт багтах Алтайн нурууны бүс нутаг, Шинжаны хязгаар, Байгал нуурын орчим нутагт тархсан бөгөөд монголчууд энэ дурсгалыг газар бүр янз бүрээр нэрлэж иржээ. Жишээ нь, баруун монголчууд хялгасан-хүүр, киргиз-хүүр, төв монголчуууд хэрэгсүүр гэх мэтээр ялгаатай нэрлэнэ. Харин археологийн утга зохиолуудад хиргисүүр гэсэн нэрээр дөрвөлжин буюу дугуй хүрээ чулуутай голдоо дугуй чулуун дараас бүхий эртний ёслолын байгууламж бүхий булшийг нэрлэсэн юм .II. Хиргисүүрийн судалгааны байдал
Хиргисүүрийн судлан шинжлэх ажил манай эриний XIX зууны 70-80-аад оны үед эхэлсэн ба Оросын судлаач Н.Н.Потанин , В.В.Радлов нар Монгол нутгаар хайгуул судалгаа хийж байхдаа анхааран үзэж археологичдын сонорт хүргэжээ. Оросын археологич Ю.Д.Талько-Грынцевич энэ зууны эхээр хиргисүүрийг сонирхон судалж байх үедээ хиргисүүрээс чулуун зэвсгийн үеийн болон олон үеийн дурсгал хадгалагдсан өвөрмөц дурсгал болохыг тогтоосон байна. 1920-иод оны сүүлчээр Г.Ф.Дебец , Г.И.Боровка нар хиргисүүрийг манай эрний VI-VII зууны дурсгал хэмээн үзсэн байдаг. Эдгээрээс хойш А.П.Окладников ОХУ-ын Буриадын нутагт 1947-1948 онуудад хиргисүүрийг судлан шинжилж байжээ . Мөн энэ үед хиргисүүрийн судалгааны талаар хэдийгээр бие даасан нэгэн сэдэвт бүтээл хараахан гараагүй боловч археологийн тулгуур бүтээлүүдэд нэр заан дурдагдсаар ирсэн байна. Энэ талаар Д.Наваан “Дорнод Монголын хүрлийн үе” УБ.,1975, Н.Сэр-Оджав “Эртний түүх” УБ.,1978, Т.Санжмятав “Архангай аймгийн эртний түүхийн дурсгал” УБ.,1987, Д.Цэвээндорж “Эртний урлагийн түүх” УБ.,1974 зэрэг зохиолуудыг дурдаж болно. Харин Монгол нутагт хиргисүүрийн судалгааны ажлыг үндсэн хоёр хэсэгт хуваагдан авч үзэх боломжтой юм. Үүнд, нэгдүгээрт, дурсгалын гадаад зохион байгуулалтын ангилал судалгаа, хоёрдугаарт, дурсгалын малтлага судалгаа гэсэн хоёр хэсэгт багтаж байна.Нэгдүгээр хэсгийн буюу ангилал судалгаанд Оросын судлаач В.В.Волков , Э.А.Новгородова , Ю.С.Худяков , Д.Эрдэнэбаатар , Д.Наваан зэрэг судалаачдын судалгааны ажил хамаарагдана. Эдгээр судлаачид хиргисүүрийн гадаад зохион байгуулалтыг харьцуулан судлаж үзээд үндсэн хэдэн төрлийн байгааг тодруулах оролдлогыг хийсэн байна. Энэхүү гадаад бүтэц, зохион байгуулалтын судалгааг хийснээр бүс нутгийн онцлог, эртний овог аймгуудын зан заншилаас хамааран хэлбэрийн хувьд өөрчлөгдөж байсан гэдэг дүгнэлтийг гаргасан байдаг. Хиргисүүрийн судалгааны хоёрдугаар хэсэг болох малтлага судалгааны ажил нь Өмнөд Буриад, Умард болон Төв Монголд 25 газар 46 хиргисүүр малтснаар тодорхойлогдоно. Үүнээс 20 хиргисүүрээс нь ясны үлдэгдэл гарсан байна. Эдгээрээс 9 тохиолдолд хүнээ нуруугаар нь дээш нь харуулж тэнэгэр байдалтай тавьсан бол 1 тохиолдолд хажуу бөөрөөр нь хэвтүүлээд хөлийг нь хагас нугалсан байжээ. Мөн 8 тохиолдолд толгойгоор баруун зүг, 3 тохиолдолд баруун хойд зүг чиглүүлэн тавьсан байжээ. 12 тохиолдолд хүнээ эртний өнгөн хөрсөн дээр тавьж оршуулсан бол 3 тохиолдолд 15-20 см гүнтэй булшны нүхэнд тавьсан байжээ. 11 хиргисүүрийн дараас доороос том чулуугаар хийсэн чулуун хайрцаг олджээ .Хиргисүүрийн малтлагаар эд өлгийн зүйлс бараг гардаггүй. Үүний учир нь нэг бол бүгд тоногдсон, эсвэл анхнаасаа эд өлгийн зүйлгүй оршуулдаг зан үйл байсантай холбоотой. Гэхдээ цөөн хэдэн хиргисүүрээс хүрлийн үед холбогдож болохуйц ваар савны хагархайнууд болон зарим хүрэл эдлэл олдсон бөгөөд тэдгээр нь ихэнхдээ дараасны дундаас гарчээ. Мөн 7 хиргисүүрийн төв дараасны дундаас мал амьтны яс олдсон байна. Харин хиргисүүрийн дагуул байгууламжаас адууны яс, хүрэл эдлэлүүд гардаг. Хэдийгээр хиргисүүрээс гардаг хүн малын яс хадгалалт муутай байдаг боловч цөөн хэдэн хүний гавлын яс гарчээ. Баруун болон Төв Монголоос гарсан гавлын яснууд европ төрхтэй байсан бол Сэлэнгийн хөндийгөөс гарсан хоёр гавлын яс монгол төрхтэй байжээ . Харин манай орны нутаг дэвсгэрт цөөн тооны хиргисүүрийг малтан судлаад байна. Тухайлбал, 1988 онд МЗТСХЭ-ийн хүрэл ба төмөр зэвсгийн түрүү үеийн дурсгал судлах анги Завхан аймгийн Тосонцэнгэл сумын ойролцоо 5 хиргисүүрийг малтан судалжээ. Эдгээрийн хоёр нь гадуураа дөрвөлжин хүрээтэй, уг хүрээний дөрвөн буланд чулуун жижиг дараастай, үлдсэн гурав нь гадуураа хүрээгүй байсан байна. Гурван булшнаас оршуулгын шинж тэмдэг илэрсэн бөгөөд нөгөө хоёр нь тахилга тайлгын байгууламж байсан байна . Монгол-Францын хамтарсан экспедиц 1997 онд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын савд 3 хиргисүүр , Монгол-Америкийн хамтарсан археологийн экспедиц 1999 онд Увс аймгийн Бөхмөрөн сумын Байрамын шилд нэгэн том хиргисүүрийг малтан шинжилсэн нь мөн нь л тахилга тайлгын байгууламж байжээ. Байрамын шилийн хиргисүүр 3 м өндөр, 22 м голдоч бүхий чулуун дараастай, дарааснаас дөрвөн зүгт дөрвөн өргөн зам татаж 60 м голдоч бүхий гаднах дугуй цагираган хүрээтэй холбосон байна. Хүрээ ба замын өргөн нь 3 м болно . 2001 онд Монгол-Бельгийн хамтарсан археологийн экспедици булган аймгийн Дашинчилэн сумын нутаг Харбухын голны баруун эрэгт нэгэн хиргисүүрийг малтан шинжилсэн байна. Энэ хиргисүүр нь гадна талаараа 25х27 м хэмжээтэй дөрвөлжин хүрээтэй. 9 м голдоч бүхий овоолсон чулуун дараастай байсан бөгөөд гадна хүрээний зүүн талд хоёр эгнээ 8 чулуун дагуул байгууламжтай. Зүүн талд мөн 5 дагуул байгууламжтай байжээ. Зүүн талын дагуул байгууламжуудыг малтан үзэхэд 30-50 см-ийн гүнд нэг нэг адууны толгойг хиргисүүр лүү харуулан тавьсан байна. Хиргисүүрийг малтах явцад дараас чулууны дороос газар ухалгүй өнгөн хөрсөн дээр тавьж дээрээс нь чулуугаар дарсан хүний оршуулга илэрчээ. Хүнээ толгойг нь баруун тийш хандуулан тэнэгэр байдалтай дээш харуулан хэвтүүлж оршуулсан байна. Хүнээ дагалдуулан тавьсан ямар нэгэн эд өлгийн зүйлс олдоогүй боловч дараас чулууг цэвэрлэх явцад чулууны завсар хоорондоос гайхалтай сайн хадгалагдсан хүрэл ооль олдсон ажээ .Мөн 1999-2000 он, 2003-2004 онуудад Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушгийн өвөрт Монгол-Японы хамтарсан хээрийн шинжилгээний анги хиргисүүр болон буган хөшөөний цогцолбор судалгааг хийж гүйцэтгэсэн байна . Тэд Уушгийн өврийн 1-р хиргисүүрийг бүхэлд нь малтаж, гадаад дотоод зохион байгуулалт, бүтцийг нягтлан шинжилжээ (4;5-р зураг). Малтлагын үр дүнд хиргисүүрийн тахилын байгууламжуудаас хойлголон тахисан адууны яс, шавар ваар савны хэлтэрхий зэрэг олдвор, хэрэглэгдэхүүн гарсан.
III. Хиргисүүрийн он цаг, тархалт, ангилал
Хиргисүүрийн он цагийн асуудлын талаар судлаачдын олон янзын саналууд байдаг. Харин эдгээрээс Оросын судлаач А.Д.Цыбиктаров , Ю.С.Худяков , П.Б.Коновалов , З.Батсайхан , Д.Эрдэнэбаатар нар хиргисүүрийг хожуу хүрэл болон скифийн үе буюу дөрвөлжин булштай нэгэн үед холбогдуулдаг бол Г.И.Боровка, А.П.Окладников, И.И.Кириллов нар түрүү дундад зуун буюу түрэгийн үед холбогдуулан авч үздэг байжээ. Өнөөгийн судалгааны түвшинд уг дурсгал хөгжингүй болон хожуу хүрлийн үед холбогдох нь тодорч байна. Үүнийг радиокарбоны он цаг болон хүрлийн үеийн бусад дурсгалтай ямар харьцаатай байгааг нь шинэ хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан харьцуулах аргуудаар батлаж байна. Умард Монголд малтсан зарим хиргисүүрийн дагуул байгууламжийн дотроос гардаг адууны ясанд хийсэн радиокарбоны шинжилгээгээр МЭӨ XV-XIII зуун гэсэн он цаг гарч байна [Giscard,1999]. Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилийн эхэн үед холбогдуулан авч үздэг бөгөөд бүтэц зохион байгуулалтыг нь авч үзвэл, нас барагсадаа гол төлөв баруун болон баруун хойд зүг рүү чиглүүлэн тавьдаг байсан нь тодорхой байна. Мөн ихэнх тохиолдолд булшны нүх ухалгүй газрын хөрсөн дээр хүнээ тавин чулуугаар дарж оршуулдаг байсан нь тогтоогдсон. Хиргисүүрийн тархалт нь Монгол улсын нутаг дэвсгэр хийгээд Орос, Хятадын нутагт багтах Алтайн нурууны бүс нутаг, Шинжаны хязгаар, Байгал нуурын орчим газрыг хамарна. Монгол орны хувьд археологийн дурсгалуудаас хамгийн элбэг тааралдах нь хиргисүүр мөн бөгөөд төв болон баруун Монголын нутагт голын уудам хөндий, өндөр уулсын бэл, энгэрт ганц нэгээрээ болон хэдэн арваараа бүлэглэн оршино. Харин дорнод болон өмнөд Монголын нутгаар бага боловч мэр сэр тааралдах нь бий. Энэ нь нэг талаараа хүрэл төмрийн түрүү үеийн нүүдэлчин овог аймгуудын нутаглах хүрээ, тухайн үеийн байгалийн нөхцөл байдал зэргээс хамаарагдах нь дамжиггүй юм. Судлаачид хиргисүүрийг гадаад зохион байгуулалтаар нь 6-7 төрөлд хуваан үзсэн байдаг . Тэд хиргисүүрийг ерөнхийд нь дөрвөлжин буюу дугуй хүрээтэй, огт хүрээгүй, дагуул байгууламжтай, дагуул байгууламжгүй зэрэг онцлог шинжүүдээр ангилан авч үзжээ (6-р зураг). Гэхдээ энэ нь Монгол нутаг дээр оршин байгаа бүх хиргисүүрийн ангилал бус харин өөрийн үзэж харсан судалгааны хэрэглэгдэхүүн дээр тулгуурлан ийнхүү хуваасан билээ. Хиргисүүрийн ангилалыг бүрэн дүүрэн хийхэд цаг хугацаа, нарийвчилсан хайгуул судалгааны ажлын эмх цэгцтэй байдал нэн шаардлагатай байгаа билээ. Гадаад зохион байгуулалтын ангилалаас гадна хамгийн чухал томоохон ангилал бол тахил тайлгын болон оршуулгын гэсэн хоёр ангилал юм. Энэхүү ангилалыг гүйцэтгэхэд малтлага судалгааны ажил шаардлагатай байдаг тул дээр дурдсанчилан Монгол болон хөрш зэргэлдээ оронд нийт 40 орчим хиргисүүр малтснаас тал хувьд оршуулга илэрсэн сонирхолтой баримт бий. Гэхдээ эдгээр хиргисүүрүүдийн оршуулгууд нь бүгд тухайн он цаг буюу хүрэл, төмрийн түрүү үед хамаарагдахгүй болохыг анхаарах нь зүйтэй юм. Ингэж хэлсний учир нь эртний нүүдэлчдийн дунд өмнө цогцлоосон бүтээсэн булш хиргисүүрүүдэд хожим оруулмал оршуулгууд хийдэг байсан юм. Үүнийг батлах баримт Өмнөд Буриад болон Монголын төв , баруун нутагт малтсан хиргисүүрээс түрэг болон дундад зууны үеийн олдвор эх хэрэглэгдэхүүнтэй оршуулга, мөн радиокарбоны он цагын шинжилгээгээр ч хожуу үед хамаарагдах нь батлагдсан юм.
IV. Хиргисүүрийн талаарх өнөөгийн судалгаа
Энэхүү хиргисүүрийн тухай сэдвийг улам ойлгомжтой болгохын тулд өнөө үед хийгдэж байгаа хамгийн сүүлийн судалгаанаас иш татан оруулж байна. Монгол орны төв хэсэг орших Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын сав нутагт 1991-2002 он хүртэл 10 гаруй жил археологийн хайгуул, малтлага судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн билээ. Судалгааны ажлын зорилго нь тухайн бүс нутагт буй археологийн нийт дурсгалыг илрүүлж, бүртгэл мэдээлэлийн сан бүрдүүлэх, зарим археологийн дурсгалыг малтан шинжлэх явдал байв. Энэ ажлыг гүйцэтгэхэд Монголын үндэсний хээрийн шинжилгээний анги болон Монгол-Америкийн хамтарсан “Умард Монгол”, Монгол-Францын хамтарсан “Эгийн гол” төслүүд ажилласан юм .. Монгол-Америкийн хамтарсан “Умард Монгол” төслийн бүрэлдэхүүн Эгийн голын сав нутагт нарийвчилсан хайгуулыг дагнан гүйцэтгэсэн бөгөөд судалгааны үр дүнд нийт 251 хавтгай дөрвөлжин км талбайгаас янз бүрийн үеүдэд холбогдох 906 том жижиг дурсгал илрүүлсэн билээ. Үүний дотор чулуун зэвсгийн үеийн 28 бууц, хүрэл зэвсгийн үеийн хиргисүүр 389, дөрвөлжин булш 89, хадны зураг 3, буган чулуун хөшөө 1, хүннү булш 119, түрэг булш 3, дундад зууны үеийн булш 71, хадны оршуулга 1, эртний суурингийн үлдэгдэл 2, шинэ үед холбогдох төвд маанийн үсэгтэй чулуун хөшөө 201, сүм хийдийн турь 5 орж байна. Эдгээр хайгуулаар илрүүлсэн дурсгалуудаас хамгийн их тоотой нь хиргисүүр юм. Хиргисүүр нь Эгийн голын хөндийн бүх ам, нугад элбэг тохиолдох бөгөөд дөрвөлжин булшны тархалтаас ялгагдах зүйл бол Эгийн голын урд эрэг, түүний ам, хөндийгөөр хиргисүүр элбэг тохиолдох ажээ. Ингэснээр хиргисүүр нь тухайн үеийн овог аймгуудын тахилга тайлгын зан үйл гүйцэтгэдэг байгууламж учир нутаглаж буй газар нутагтаа олон тоотойгоор үйлдэж байсан бололтой. Хиргисүүрийн гадаад зохион байгуулалтын хувьд дугуй болон дөрвөлжин хүрээ, эргэн тойрон дагуул байгууламжтай нийтлэг хэв шинжтэй байна. Хиргисүүрийн голын овоолгын голч нь 5-25 м орчим хэмжээтэй, гадуур дугуй хүрээний голч 40-100 м орчим байх ажээ. Дагуул байгууламжууд нь ихэвчлэн тойрсон маягтай, зарим тохиолдолд зүүн талд нь 1-2 эгнээ болон ялимгүй дугуйрсан байна . Эгийн голын хөндий дэхь хамгийн том хэмжээтэй хиргисүүр нь Дархан уулын урд бэлд орших бөгөөд түүний голч нь 70 м, гадуур хүрээний голч 100 м орчим хэмжээтэй (7-р зураг). Уг хиргисүүрийн зүүн талд хүрээний дотор дөрвөлжин хавтантай чулуун дөрвөн байгууламж бий. Хамгийн жижиг хэмжээтэй хиргисүүр нь Баянголын хөндийд, голын зүүн эрэгт 5 м голчтой гадуураа дугуй хүрээтэй нэг хиргисүүр бий. Эгийн голын хөндийд дөрвөлжин булшны тархац Баянгол, Бэлсэг, Холтост нуга, Битүүгийн цагаан, Уургын гол зэрэг 5 аманд тархсан байна. Тархалтаас ажиглахад ихэвчилэн хиргисүүрийн байршилтай давхцсан байдалтай байх бөгөөд зарим тохиолдолд хиргисүүрийн хүрээн дотор хүртэл байна. Ийм маягийн оршуулгын газрууд Эгийн голын хөндийд олон тохиолдсон бөгөөд үүнд Баянгол, Дархан уул, Эмгэнт хошуу, Бэлсэгийн хөндий зэрэг газруудыг нэрлэж болох юм. Өөрөөр хэлбэл энэ нь хиргисүүртэй нэг цаг үед юм уу эсвэл түүнээс арай хожуу үед холбогдох нь илэрхий юм. Гэхдээ үүнийг бид нарийвчилсан хайгуулын үр дүнд хүрлийн үеийн дурсгалуудын тархац, байршлыг хавтгай дээр буулган тодорхой хэмжээний судалгаан дээр үндэслэн хэлж байгаа юм. Хайгуулаар илэрсэн хүрлийн үеийн дөрвөлжин булш, хиргисүүр, хүрлийн үеийн бууц суурингуудын байршлыг ажиглагдахад тухайн бүс нутагт тодорхой хэмжээний олонлог буюу групп үүсгэн уулын томоохон ам, нугад бөөгнөрсөн байдалтай байна. Энэ нь овог аймгаараа амьдарч байсан тухайн үеийн хүмүүсийн амьдрах газар нутаг өөрийн гэсэн хил хязгаартай байсныг гэрчилэх баримт болох юм (6-р зураг). Мөн бид хиргисүүр, дөрвөлжин булшны тархацыг зөвхөн Эгийн голын сав нутгаар хязгаарласангүй түүнээс зайтай зарим газруудад ерөнхийлсөн хайгуулын ажлыг гүйцэтгэж үзэхэд мөн л тодорхой газар нутагт бөөгнөрсөн, хоорондоо харьцангуй тусгай хэсгүүд ажиглагдаж байна (8-р зураг). Хиргисүүрийн он цагтай давхцан байдаг дөрвөлжин булшны судалгааг давхар хийх явцад мөн нэгэн сонирхолтой зүйл ажиглагдаж байсан. Бид хайгуулаар илэрсэн дөрвөлжин булшнаас сонгон 13 газарт нийт 27 булш малтан шинжилсэн юм. Эдгээр дөрвөлжин булшнаас олдсон хүрлээр хийсэн гоёл чимэглэл, адуу малын тоног хэрэгсэл, зэвсгийн зүйлсэд хатууллагын болон химийн найрлагийн судалгаа хийхэд томоохон нуга, аманд бөөгнөрөл үүсгэн орших овог аймгуудын хүрэл боловсруулах арга ажиллагаа, химийн найрлаг зэрэг нь ялимгүй ялгаатай гарсаныг энд дурдах нь зүйтэй юм . Энэ бүх судалгаанаас үзэхэд тухайн үеийн овог аймгууд харьцангуй тусдаа, бүлэглэл үүсгэн амьдарч өөр хоорондоо эдийн засаг, нийгмийн харилцааг бүрдүүлсэн байдалтай байсан болов уу гэсэн дүгнэлтэнд хүрч байна. Бидний өмнөх судалгаа нь хиргисүүрийн гадаад дотоод бүтэц зохион байгуулалт, ангилалын асуудлыг хөндөж байсан бол сүүлийн үеийн судалгаагаар тухайн хиргисүүр, дөрвөлжин булш, хадны зургийг үлдээгч овог аймгуудын амьдарч байсан газар нутаг, хүмүүсийн амьдах орчинг тодруулах судалгааг түлхүү хийж байна. Харин одоо хайгуулаар илэрсэн хиргисүүрүүдийн зарим малтлага судалгааны үр дүнгийн талаар товч өгүүлье. Битүүгийн цагааны 2-р хиргисүүр. Уг хиргисүүр 6,5 м хэмжээтэй голчтой, дугуй хэлбэртэй, гадуураа хүрээгүй. 1997 онд Монгол, Франц, Оросын археологичид хамтран малтсан. Өнгөн хөрсний цэвэрлэгээ хийж дуусахад 6,6х7,2 м хэмжээтэй, хойноосоо урагш сунаж нурсан байдалтай чулуун дараас илрэв. Дараас чулууны зузаан 45 см орчим байх бөгөөд дараасыг зайлуулан цэвэрлэж үзэхэд дөрвөлжилж өрсөн 2,5х3 м хэмжээтэй чулуун хашлага илэрсэн юм. Энэхүү чулуун хашлага дотор цэвэрлэгээ хийж үзэхэд оршуулгын нүх болон хүн малын яс ямар нэгэн эд өлгийн зүйл илэрч мэдэгдэлгүй эх газрын хөрс гарч малтлага дуусав. Битүүгийн цагааны 5-р хиргисүүр. 13,5 м дугуй голчтой. Дөрвөлжин чулуун хүрээтэй байсан бололтой. Хиргисүүрийн хойд болон баруун талаар 2-3 м үргэлжилсэн хүрээ чулууны ор мэдэгдэх боловч бусад хэсэгт үгүй болсон байна. Хиргисүүрийн дараас чулуу нь урд тал руугаа нурж хэлбэр нь эвдэрснээс ялимгүй зууван хэлбэртэй харагдана. Өнгөн хөрсийг цэвэрлэх явцад дараасын хойд хэсгээс 2 ширхэг шавар ваарны хагархай илэрсэн. Чулуун дараасны дор төв хэсэгт нилээд эвдэрсэн шинжтэй чулуун хайрцаг гарсан бөгөөд том хавтгай чулуунуудаар уг хайрцагны ханыг хийгээд жижиг чулуугаар чигжин тогтвортой болгосон байна. Хайрцагийг том хавтгай чулуугаар таглаж битүүлсэн байжээ. Эдгээр хавтгай чулуунуудын дундаж хэмжээ нь 60х142 см байх бөгөөд хайрцагны доторхи цэвэр зай нь 103х50 см хэмжээтэй байна. Чулуун хайрцаг дотор оршуулга болон ямар нэгэн эд өлгийн зүйл илрэн олдоогүй боловч 2 ширхэг хөхөвтөр өнгөтэй хайрган чулуугаар хийсэн чулуун зэвсгийн үлдэц олдсныг цаашид үргэлжлүүлэн малтан шинжилж үзэхэд чулуун зэвсгийн үеийн бууц болох нь илэрсэн юм. 8-р чулуун байгууламж. Энэ байгууламж хоорондоо 10 гаруй метр зайтай хоёр байгууламжийн нэг нь юм. 1,2 м хэмжээтэй голч бүхий дугуй дараастай. Намхан хавтгай дараастай. 8-р байгууламжийг 2х2 м хэмжээтэй дөрвөлжин талбайгаар малтаж үзэхэд 15-20 см зузаан чулуун дараас дуусаж эх газрын хөрс гарсан ба дараас доороос оршуулга болон ямар нэгэн эд өлгийн зүйл гараагүй болно. 15-р хиргисүүр. 14 м голчтой дугуй чулуун дараастай, дөрвөлжин чулуун хүрээтэй хиргисүүр бөгөөд дөрвөлжин хүрээний талууд ертөнцийн зүг чигийн дагуу байна. Хүрээний тал бүр нь өөр өөр хэмжээтэй, зүүн талын урт 23 м, урд талын урт 18,2 м, баруун талын урт 20 м, хойд талын хүрээний хагас нь үгүй болсон ба одоо байгаа уртын хэмжээ зүүн талаас эхлээд 10 м байна. Дөрвөлжин чулуун хүрээний зүүн талаар тал саран хэлбэрээр байрласан 13 жижиг дугуй чулуун дагуулууд байсныг зүүн хойд талаас нь латин цагаан толгойн үсгийн дарааллаар дугаарлан малтсан юм. Уг хиргисүүрийн голын дугуй дараасны дээр өвс, шороон хучилга байхгүй, том том чулуугаар нэг нь нөгөөгөө дарж хучсан байдалтай. Дараас чулууны өндөр төв хэсэгтээ 1,2 м. Дугуй дараасны захын чулуунууд нь багавтар хэмжээтэй байна. Голын том дараасны 2-р үеийн малтлагад төмөр хуягны дөрвөлжин ялтас 3 ширхэг олдсон ба нэг нь хадгалалт сайн бүтэн бол нөгөө хоёр нь зэвэнд идэгдэж хэлбэр төрхөө алджээ. Дараас чулууны төв хэсгийн дор 1 м урттай 40-60 см өргөнтэй тэгшлэн зассан хад чулуугаар 3,2 м урттай 1,8 м өргөнтэй гонзгой урт хэлбэрийн хашлага өрж хийсэн байх ба уг хашлагын дотор оршуулга болон тахилга хийсэн шинж тэмдэг мэдэгдэхгүй боловч зүүн хойд талын буланд нь хашлага чулуу байхгүй байгаагаас харахад тонуулчдын гарт өртсөн байж болзошгүй юм. Дөрвөлжин хүрээний зүүн талд байх 13 жижиг дугуй дагуулын дараас чулууг зайлуулж үзэхэд 11 дагуулаас нь адууны толгой, хүзүүний яс, дөрвөн туурай зэрэг илэрлээ. Энд гол төлөв залуу, даага буюу шүдлэн адууны толгойг хошуугаар нь зүүн тийш харуулан тавьжээ. Мөн B дагуул дотор адууны толгойн ястай хамт хар хүрэн ваарны хагархай 3 ширхэг, J дагуул дотроос адууны толгойн ясны хамтаар нарийн цувимал хүрэл ороомог цагираг 3 ш, хүүхдийн гавлын ясны хэсэг, зарим шүд зэрэг илэрсэн нь анхаарал татаж байна. C,N дагуулаас ямар нэгэн эд өлгийн зүйл болон хүн, малын яс илэрсэнгүй.Бурхан толгойн хиргисүүр. Энэ хиргисүүр Бурхан толгойн өвөрт тэгш гадаргуутай дэвсэг дээр байх бөгөөд 1992 онд малтсан байна. 28-30 м голчтой зууван дугуй чулуун хүрээтэй, дугуй хүрээний төв хэсэгт 9 м голчтой дугуй хэлбэрийн чулуун дараастай. Уг дараас чулууны чанх урд талд 4х5 м хэмжээтэй дөрвөлжин хэлбэрийн дараас чулуу байна. Голын дараасыг цэвэрлэн үзэхэд 20 см зузаантай байсан ба түүний дороос оршуулгын нүх, хүн малын яс илэрсэнгүй. Эндээс эх газар гарч малтлага дууслаа . Дархан уулын хиргисүүрийн 1-р дагуул. Дархан уулын урд бэлд, Хайлаантын голын баруун тал дахь уужим хөндийд буй нэг том хиргисүүрийн эргэн тойронд буй 10 орчим дөрвөлжин хэлбэртэй дагуул байгууламж байсны зүүн урд талд нь буй нэгийг сонгон малтжээ.570х550 см хэмжээтэй дөрвөлжин хэлбэртэй дагуул юм. Энэ дагуулын дараас чулуу нь жигд хавтгай байх бөгөөд дараас чулууны зүүн талаар нилээд сунасан хэлбэртэй. Дараас чулууг цэвэрлэх явцад булшны зүүн урд талаас улаан өнгийн ваарны хагархай их хэмжээтэйгээр олдсон. Мөн зүүн хойд талаас гурван хянгатай 1 ширхэг хүрэл зэв гарсан. Дараас чулууг аван доош малтахад 20 см-ийн гүнд урд талаас мөн нэг хүрэл зэв гарав. Малтлагын гүн 70 см болоход эртний хөрс гарч малтлагыг зогсоов. Малтлагаар хүн, малын яс илэрсэнгүй. Холтост нугын 9-р хиргисүүр. Энэ нь хиргисүүрийн соёлд хамаарах боловч хэлбэр болон үүргээрээ ялгаатай өвөрмөц дурсгал юм. Ийм хэлбэрийн дугуй чулуун дараастай хүрээгүй байгууламжид оршуулга байдаг нь илэрхий болоод байна. Энэ булш нь Холтост нугын баруун сугын хоёр халзан хошууны өвөрт 20 орчим метрт оршино. Дараасны хэмжээ 4,5х5 м. Ялимгүй зууван дугуй хэлбэртэй, зүүн хойд талын хадан хошуунаас чулуу нурж булшны хойд хэсгийг эвджээ. Дараас чулууг зайлуулсны дараа хэмжээний хувьд ижил чулуунуудыг дугуй хэлбэртэй өрсөн байлаа. Дараагийн үеийн дараас чулууны цэвэрлэгээг хийж үзэхэд 30 см гүнд газрын хөрсөн дээр цул том чулуунуудыг тойруулан тавьсан болох нь илэрсэн бөгөөд энэхүү хүрээний дотор бага насны хүүхдийг чанх баруун тийш толгойгоор нь хандуулан оршуулсан байлаа. Уг хүүхдийг хоёр хөлийг нь жийлгэн, зүүн гарыг их биеийг дагуулан тавьж, баруун гарыг цээжийг нь дамнуулан тавьжээ. Баруун гарын шууны болон хурууны яснууд байхгүй байв. Уг оршуулгыг хүрээлж байгаа хашлага уртрагийн дагуу 190 см, өргөргийн дагуу 170 см хэмжээтэй зууван дугуй хэлбэртэй. Гүн нь 154 см. Уг оршуулганд ямар нэгэн эд өлгийн зүйлс дагалдуулан тавиагүй. Дараас чулуу болон оршуулгын байдлаас харахад тоногдсон шинжгүй байна. Эмгэнт хошууны 1-р хиргисүүр. Уг хиргисүүр дөрвөлжин чулуун хүрээтэй. Хүрээний хэмжээ тал бүр нь бараг ижил, хойд тал нь 22 м, зүүн тал 18 м, урд тал 22 м, баруун тал нь 19 м байна. Дөрвөлжин хүрээний төв хэсэгт 13 м голчтой 1 м өндөртэй уулын хад чулуугаар овоолж хийсэн дугираг дараастай. Дөрвөлжин хүрээний хойд зүүн талууд нь эвдэгдээгүй, нөгөө талууд нь нилээд эвдэрчээ. Урд талын хүрээний зүүн гадна талд 1,3х1 м хэмжээтэй 8 дугуй дагуулуудыг зүүн хойноос зүүн урагш чиглүүлэн цувруулан байгуулжээ. Голын чулуун дараасыг цэвэрлэж байх явцад 3 төрлийн ваарны хагархай 10 ширхэг илэрсэн бөгөөд 1 нь хүрэн улаан өнгөтэй, бүдүүн ширхэгтэй, хоёр дахь төрөл нь элс давамгайлсан зуурмагаар хийсэн бөгөөд 7 хагархай олдсон, гурав дахь төрөл нь солбисон жижиг дөрвөлжин хээтэй бөгөөд 2 ширхэг тус тус олдсон юм. Хүрээний гаднах 1-4-р дагуулыг малтахад хошуугаар нь зүүн зүгт хандуулан тавьсан адууны толгойны яс гарчээ. Харин 5-р дагуулаас адуу малын яс илрээгүй.Эмгэнт хошууны 2-р хиргисүүр. Эмгэнт хошууны баруун урд үзүүрт оршиж буй энэ хиргисүүр зууван дугуй хэлбэртэй, чулуун дараасны хэмжээ нь 9 м голчтой. Хиргисүүрийн зүүн урд талд 3-4 м голчтой зууван дугуй хэлбэртэй хоёр дагуул бий. Энэхүү хиргисүүр болон дагуулуудыг хамтад нь бүрэн талбайгаар малтан шинжилж үзэхэд ямар нэгэн булш оршуулга илэрсэнгүй. Харин зүүн урд талын хоёр тусдаа байгаа чулуун дарааснуудын дороос 3 ширхэг хүрэн өнгийн ваарны хагархай, чулуун зэвсгийн хугархай хэсэг нимгэн чулуун ялтас тус тус илрэн олджээ. Эгийн голд 5 газар 9 хиргисүүр ба түүнд холбогдох байгууламжийг 1992-1999 онд малтан судалжээ. Үүнд, Битүүгийн цагаанд 2, 5, 8, 15-р хиргисүүрийг, Бурхан толгойд 1 хиргисүүр, Дархан уулын хиргисүүрийн 1 дагуулыг, Холтост нугын 9-р хиргисүүрийг, Эмгэнт хошууны 1, 2-р хиргисүүрийг тус тус малтсан байна. Энэ хэрэглэгдэхүүнээс харахад Эгийн голын хиргисүүрүүд Монгол болон Тува, Өвөр Байгалийн ижил төстэй дурсгалаас онцын ялгаагүй нийтлэг оршуулгын зан үйлтэй болох нь тодров. Эдгээр хиргисүүрүүд нь 1,2-13,5 м голчтой голын дараас овгор, зарим тохиолдолд түүний гадуур байх дөрвөлжин болон дугуй хүрээ, мөн зарим тохиолдолд үүний гадуур байх дагуул байгууламжуудаас бүрдэнэ. Дагуулын тоо 2-13 хүртэл байх бөгөөд зарим тохиолдолд түүний дотроос адууны яс илэрдэг байна. Хиргисүүрийн гол дарааснаас хүрлийн үед холбогдох эд өлгийн зүйлс, хүн малын яс бараг гардаггүй. Зөвхөн Битүүгийн цагааны 15-р хиргисүүрийн доороос хөгжингүй хүрлийн үеийн афанасьевийн соёлын ваар савтай төстэй шавар савны жижиг хэлтэрхийнүүд гарсан билээ. Мөн дагуулын дотроос хүрэл зэв, хүрэл цагирган бөгж зэрэг зүйлс гардаг ажээ. Үүнд, Битүүгийн цагааны 15-р хиргисүүрийн нэгэн дагуулаас залуу адууны ясны хамт хүрэл цагирган бөгж 4 ш, Дархан уулын хиргисүүрийн нэгэн дагуулаас хүрэл зэв тус тус гарчээ . Энд тэмдэглүүштэй онцлог зүйл бол Холтост нугын 9-р хиргисүүр хэлбэрийн булш юм. Энэ булш дөрвөлжин булшнуудтай хамт нэг оршуулгын талбайд байсан бөгөөд малтлагаар толгойгоор нь баруун зүгт хандуулсан хүүхдийн оршуулга байжээ. Дээрх дурсгал гол төлөв хиргисүүртэй хамт нэг талбайд оршдог Мөнгөн-тайга хэлбэрийн гэж нэрлэгддэг оршуулгын дурсгал мөн юм. Зарим судлаачид энэхүү одоогоор бага судлагдаад байгаа өвөрмөц дурсгалыг хиргисүүрийн соёлыг үлдээгчдийн оршуулгын дурсгал болов уу хэмээн таамагладаг ажээ.
V. Дүгнэлт
Монгол нутагт оршин тогтнож байсан нүүдэлчдийн өв их түүхийн нэгэн хуудас болох хүрлийн үеийн чухаг дурсгал, тахил тайлгын анхны баримт болох хиргисүүрийн талаар бид товч боловч өгүүллээ. Хиргисүүр хэмээх манай улсын нутаг болон Орос Алтай, Тува, Баруун хойд Монголоос Өмнөд Буриад, Дорнод Монгол хүртэл өргөн уудам нутагт энд тэндгүй элбэг тааралдах сүрлэг бөгөөд нарийн ёс жаягтайгаар цогцлоосон дурсгалын судалгаа шинжилгээний ажил XX зууны эхэн үеэс эхлэн өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэхүү судалгааны үр дүнд хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилд хамаарах дурсгал болохыг судлаачид батлаж чадсан юм.Уг дурсгал нь чулуун овгор дараас түүний гадуур байх дөрвөлжин болон дугираг хүрээ үүнийг дагалдсан том жижиг хэлбэр хэмжээтэй чулуун дагуул байгууламжуудаас бүрдэнэ. Хиргисүүрийн хэлбэр хэмжээ нь нэн олон янз байх бөгөөд одоо болтол бүрэн төгс ангилал хийгээгүй байна. Хиргисүүр нь тухайн үеийн овог аймгуудын дээд тэнгэртээ мөргөж, аз хийморио даатгадаг байсан тахил тайлгын чухал цогцолбор газар мөн бөгөөд энэ нь өнөөг хүртэл монголчуудын дунд уламжлагдан ирсэн овоо хэмээх ижил зан заншилтай зүйл болон уламжлагдан ирсэн бололтой. Хиргисүүрийн малтлага судалгааны явцаас ажиглагахад төв овгорыг гадуур буй дагуул байгууламжаас адууны толгой, хөлний мөчний ясыг хйолголон тавьсан байдаг. Мөн хиргисүүрийн гаднах хүрээ болон төв овгороос хүрлийн ваар савны хагархай, хүрэл олдворууд гардаг билээ. Энэ нь тахилга тайлга үйлдэх явцад хоцорсон эд зүйлс мөн бололтой. Гэхдээ нийт хиргисүүрүүдийг тахил тайлгын зориулалтаар босгодог байсан гэж хэлэхэд арай эрт байна. Үүний учир нь малтан шинжилсэн зарим хиргисүүрээс оршуулга илэрч байгаа нь зан үйлийн хувьд нарийн учигтай зүйл байсан нь тодорхой юм. Энэ бүх асуудлыг шийдэхэд өнөөгийн түвшинд нарийвчилсан судалгааг үргэлжлүүлэн нийт хиргисүүрийн нарийвчилсан мэдээлэлийн сан бүрдүүлэх, үүнд тулгуурлан нэгдсэн ангилал гаргах, хиргисүүрийг бүтээгч ар түмний аж ахуй, нийгмийн байдлын талаар дорвитой судалгаа шаардлагатай байна.


1-р зураг. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушигийн өврийн буган чулуун хөшөө

2-р зураг. Баянхонгор аймгийн Баянлиг сумын Бичигтийн амны сийлмэл зураг болон Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын нутаг Тольжгийн боомын улаан зосон зураг

3-р зураг. Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Ханангийн энгэрийн дөрвөлжин булш

4-р зураг. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушигийн өвөрийн хиргисүүрийн гадаад зохион байгуулалт
5-р зураг. Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын нутаг Уушгийн өврийн хиргисүүрийн тахилын дагуул байгууламж

6-р зураг. Монгол орны хиргисүүрийн гадаад зохион байгуулалтын төрөл зүйл

7-р зураг. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын сав нутаг дахь хиргисүүр, дөрвөлжин булшны тархацын зураг

8-р зураг. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын нутаг Эгийн голын сав дахь Дархан уулын хиргисүүрийн гадаад зохион байгуулалт
9-р зураг. Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Эгийн голын сав нутаг орчмын хүрлийн үеийн дөрвөлжин булш, хиргисүүр бүхий бүлэглэл бүхий газруудын байршил

Монгол нутгаас хосгүй олдвор олдлоо

Мөн л нэлээд эртний ярилцлага. Сонирхвол сонирх л доо. хэ хэ

Археологичид Говь-Алтай аймгийн Тайшир сумын нутгаас 4000 орчим жилийн өмнөх эртний хүний араг яснуудыг олсон байна. Эдгээр нь тус нутагт орших хиргисүүрүүдээс гарчээ. Тэд 13 хиргисүүр малтсаны 11 нь оршуулгатай, харин хоёр нь тоногдсон байжээ. Хиргисүүр хэмээх тахилга тайлгын чулуун байгууламжуудаас эд өлгийн зүйлс хийгээд хүний шарил бараг гардаггүй тул уг олдвор нь орчин үеийн археологийн судалгаанд томоохон хувь нэмрээ оруулна хэмээн мэргэжлийн хүмүүс үзэж байна. Тэдний энэ удаагийн малтлагын ажлыг Түлш эрчим хүчний яамны Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвөөс санхүүжүүлсэн байна. Улаанбоомд УЦС барих Засгийн газрын шийдвэр гарсантай холбогдуулан уг ажлыг гүйцэтгэгчид нь эртний ховор дурсгалуудтай тус газарт археологийн малтлага хийлгэх санаачлага гаргаж мэргэжлийн байгууллагат хөрөнгө оруулснаар хөрсөн дорх эл ховор олдвор ийнхүү ил гарчээ. Археологийн багийнхны уг олз олон улсын хиргисүүр судлаачдын дүгнэлтийг ч гуйвуулж мэдэхээр болоод байна. Учир нь ихэнх судлаачид хиргисүүрүүдийг тахил тайлгын зориулалтаар босгодог байсан гэж үздэг билээ. Гэтэл малтан шинжилсэн зарим хиргисүүрээс ийнхүү оршуулга илэрч байгаа нь зан үйлийн хувьд нарийн учигтай зүйл байсныг гэрчилж байгаа юм. Археологийн дурсгалыг авран хамгаалах “Тайширын дурсгал” хэмээх энэ төсөл ирэх 5-р сард дуусах юм байна. Төслийн эхний ээлжийн 30 гаруй хүн өвлөөр малтлага хийсэн бөгөөд дараагийн ээлж тун удахгүй үлдсэн ажлаа дуугахаар Говь-Алтайг зорих гэж байна. Тайшир суман дахь Улаанбоомын УЦС-ын гортигт багтсан газарт байгаа 21 дурсгалд шоргоолжин булш гэх мэт ховор чухаг зүйлс ч байгаа юм. Малтлагын үр дүн, олдворын үнэ цэнийн тухайд ярих нь арай эрт байна хэмээн уг ажлыг удирдан зохион байгуулж байгаа хүмүүс ярьж байна. Гэхдээ “онцгой чухал, ач холбогдолтой, үнэ цэнэтэй бас бус зүйлс илэрсэн” гэдгийг тэд үгийнхээ үзүүрт цухалзуулна билээ. Ингээд Улаанбоомын орчимд малтлага хийсэн археологийн багийн ахлагч, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн Археологи, антропологийн лабораторийн эрхлэгч Ч.Амартүвшингээс зарим зүйлийг тодруулсан юм.
-Хиргисүүрээс өмнө нь хүний шарил олдож байсан тохиолдол бий юу, энэ малтлагаас гарсан олдворыг онцгойлох шалгаанаа жаахан тодруулна уу?
-Хиргисүүрээс “хүн” олдоно гэдэг маш ховор тохиолдол. Ингэж нэг дор олноороо олдож байсангүй. Энэ бол хиргисүүр судлалд нээлт гэж болохуйц томоохон үйл явдал боллоо. Хиргисүүрийг чинь зөвхөн тахилга тайлгын байгууламж гэж ойлгож дасчихаад байсан юм шүү дээ Хиргисүүрүүдийн оршуулга нь бүгд тухайн он цаг буюу хүрэл, төмрийн түрүү үед хамаарагддаггүй. Учир нь эртний нүүдэлчдийн цогцлоон бүтээсэн булш хиргисүүрүүдэд хожим оруулмал оршуулгууд хийдэг байсан нь судалгаа шинжилгээний явцад батлагдсан юм. Харин бидний малтлагаар илэрсэн шарилууд бол яах аргагүй, эртний “орги” булш.
-Шинэ олдворууд хэдий үед хамаарах вэ?
-Хүрлийн үе буюу МЭӨ 7-р зууных л болов уу. Өнөөдрөөс 3-4 мянган жилийн өмнөх гэсэн үг. Тэдний “нойрсож байсан” газарт удахгүй Тайширын УЦС-ын далан баригдах юм шүү дээ. Дашрамд Түлш, эрчим хүчний яам болон бидэнтэй хамтран ажилласан тус яамны Эрчим хүчний судалгаа хөгжлийн төвийнхөнд талархаж буйгаа илэрхийлье. Үнэнийг хэлэхэд одоо газар сэндийлэх эрх олоод авчихсан хэнбугай нь ч түүх соёлын ховор өв дурсгалдаа хайр найргүй ханддаг болоод байна шүү дээ. Заамрын алтны орд газарт хүнд механизмын хөл дор “эртний хүмүүс эдлэл хэрэглэлтэйгээ” сүйрч байна. Харин “Айвенхоу Майнз”-ийнхан хайгуулын ажлаа бидэнтэй хамтарч хийх санал тавьж ажил хэрэг болгож байна. Иймэрхүү зөв сэтгэл манай бизнесийнхэнд дутаж байгаа нь эмзэглүүштэй зүйлийн нэг л дээ.
-Хиргисүүр гэж яг ямархуу зүйл байгууламж болохыг уншигчдад маань тодруулж өгөхгүй юу?
-Дөрвөлжин буюу дугуй хүрээ чулуутай, голдоо чулуун дарагдастай эртний ёслолын байгууламж бүхий булш л даа. Хиргисүүр нь өнөөгийн Монгол улсын нутаг хийгээд Орос, Хятадын нутагт багтах Алтайн нурууны бүс нутаг, Шинжааны хязгаар, Байгаль нуурын орчимд тархсан бөгөөд энэ дурсгалыг газар нутгуудад янз бүрээр нэрлэж иржээ. Жишээ нь, баруун монголчууд хялгасан-хүүр, киргиз-хүүр, төв монголчууд хэрэгсүүр гэх мэтээр. Хиргисүүрийг судлан шинжлэх ажил манай эриний XIX зууны 70-80-аад оны үед эхэлсэн ба Оросын судлаач Н.Н.Потанин, В.В.Радлов нар Монгол нутгаар хайгуул судалгаа хийж байхдаа анхааран үзэж археологичдын сонорт хүргэсэн байдаг. Судлаачид хиргисүүрийг МЭӨ II мянган жилийн төгсгөл МЭӨ I мянган жилд хамаарах дурсгал болохыг баталсан.
-Говь-Алтайн хиргисүүрээс гарсан эртний хүний шарилуудыг он гарснаас хойш олдож байгаа хамгийн үнэ цэнэтэй олдвор гэж ойлгож болох уу?
-Үнэхээр тийм. Энэ жил археологичдод өгөөжтэй, урамтай эхэлж байна. Төрөөс бидэнд судалгаа шинжилгээний зардал өгч чадахгүй, археологичид маань “суудлын” ажилтай болоод байгаа энэ үед ТЭХЯ хуулиа хүндлэн бидэнд дэмжлэг үзүүлснээр л энэ үр дүнд хүрлээ. Үүнтэй зэрэгцэн асар хариуцлагатай үүрэг ногдож байна. Хүний араг яс бараг бүрэн бүтнээрээ ингэж олдож байгаагүй учраас нарийвчлан судлах, насыг нь тогтоох гээд олон ажил өмнө хүлээж байна. Олдворуудаа шинжилж судлах ажил удахгүй эхэлнэ.
-Ингэхэд араг яснуудаа хаана хадгалж байна вэ? Археологийн олдворын хадгалалт хамгаалалтын талаар тодруулахгүй юу?
-Манай хүрээлэнгийн хашаанд дөрвөн контейнер байна даа. Тэнд л энэ эмзэг нандин зүйлсээ төмрийн хог шиг чихчихэж байгаа юм. Үнэхээр сэтгэл эмзэглүүштэй. Алтаар үнэлшгүй ховор эрдэнээ иймэрхүү байдалтай л хадгалж байна. Мэргэжлийн хүмүүсийн хувьд энэ үнэхээр харахаас халшрамаар хэцүү байдал. Булш бунхнаас алт эрдэнэс олохоороо музейд өгч хадгалуулдаг. Ядахдаа цоож цуургатай газар байж байсан нь дээр гэж л тэр шүү дээ. Судлах шинжлэх хэрэг гарахаараа мэргэжилтнүүд нь музей руу гүйлддэг. Ямар “Алтнаас үнэтэй зүйл шүү” гээд араг ясаа музей дээр бариад очилтой биш, ажлынхаа өрөөнд агуулалтай биш, тиймээс энэ хавьд контейнерт л хэвтэж байна.
-Танай хүрээлэнд археологийн ховор олдвор, булш, эртний эдлэлийн талаар байгууллага, иргэдээс мэдээлэл ирдэг үү?
-Ийм мэдээлэл зөндөө. Гэвч тэр бүхнийг очоод судалж шинжлэх, эрэн сурвалжлах боломж байдаггүй. Энэ чинь асар их зардал шүү дээ. Тэр байтугай хууль бусаар булш ухаж археологийн асар нандин олдвор олчихоод зараад дамлаад явж байхад бид нар яаж ч чадахгүй. Хүний юмыг булаагаад авч болдоггүй, худалдаад авах чадалгүй, дэмий л амь тэмцээд өнгөрдөг. Харин бид саяхнаас мэдээлэл цуглуулж эхэлсэн. Ядахдаа бусдын мэдэж байгааг мэргэжлийн байгууллага нь "сонссон" байя л даа.

Эл бяцхан ярилцлагаас манай улсын археологийн салбарын өнөөгийн дүр зураг багахан ч болов харагдсан байх гэж найдна. Өнгөрсөн үеийн амьд түүх хөрсөн дороо анир чимээгүй нойрсч, судлах ёстой эрдэмтэн мэргэд нь мөнгөнд хавчигдан чулуун байшинд суудлын ажил хийж байна. Хааяахан хэн нэгний халааснаас юмуу, хаялга сайтай байгууллага, аж ахуйн нэгжийн данснаас хэд гурван төгрөг "хялайлгавал" учиргүй баярлаж уул хадаа зорих Монголын археологичид өнөөдөр дэлхий нийтийн хөгжил даяарчлагдаж буйд л талархаж сууна. Даяарчлалын салхи далд хөшгийг сэвэлзүүлж буй энэ үед аль эртний түүхийн улбааг хадгалж үлдсэн эд өлгийн зүйлс үйрч үгүй болох аюулаас "олон түмний хүчээр" аврагдана гэдэгт итгэхээс.

ИХ ХААНЫ ОРДНЫГ ХӨДӨӨ АРЛААС ИЛРҮҮЛЖЭЭ

Аль эрт бичиж нэгэн нэгэн сурвалжлагыг "Археологи"-тоо орууллаа. Цаг хугацааны хувьд хоёр жилийн өмнөх юм шүү. Гэхдээ сонирхсон хүндээ сонин байж магадгүй гэж бодов.
...Монгол-Японы хамтарсан "Шинэ зуун" төслийн хүрээнд хийгдсэн археологийн судалгаагаар 13-р зууны үеийн Монголын нийслэл хотын туурийг илрүүлсэн байна. Чингисийн Аураг орд буюу Аврага хот хэмээн түүхийн эх сурвалжуудад дурдагддаг энэ хосгүй чухал байгууламжийг Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Хэрлэнгийн хөдөө арлын орчмоос олжээ. Мөн энд төмөрлөгийн үйлдвэр байсан тогтоцыг илрүүлсэн нь дэлхий дахинд шуугиан тарьж мэдэхээр байна. Монгол Улсын Ерөнхийлөгч "Буурал түүхийн жимээр" хийж буй аяллын маршрутынхаа дагуу Хэнтий, Сүхбаатар аймагт саяхан ажиллаад ирлээ. Энэ үеэр археологичид дээрх үнэ цэнэтэй мэдээллийг Ерөнхийлөгчид дуулгасан юм. Буурал түүхийг хөрсөндөө нууцалсан тэрхүү газарт өнөөдөр талын сэвэлзүүр салхи агь таанын үзүүр илбэх агаад газрын шарх хэдийнэ хээрийн буйд бэлчир болон эдгэжээ. Найман зууны тэртээ их хаан өргөөгөө засаж их цэрэг өртөөлөн буудаллаж байсан ор мөр үнэр ч үгүй эдгэсэн энэ газрын элгэнд Чингисийн Аураг орд түүхийн он дарааллын бичээсээ нууцлан оршиж байгааг хамгийн орчин үеийн металл хайгчаар хийсэн геофизикийн судалгаагаар тогтоосон байна. Уг газрыг манай нэрт археологич Х.Пэрлээ агсан 1960-аад оны үед судалж энд төмөрлөг боловсруулдаг үйлдвэр байжээ гэсэн таамгийг дэвшүүлж байсан байсан гэнэ. Аураг ордны нийт талбайн хэмжээ 1200*400 метр орчим ажээ. Мөн энд хоёр давхар хэрэм бүхий томоохон байгууламж байгаа нь түүхийн гурван чухал үед буюу Чингисийн, Өгөөдэйн, Юань гүрний үед хамаарагдаж байгаа юм байна. Энд нэгдсэн малтлага хараахан эхлээгүй ч он цаг тогтооход хангалттай баримт материал олдож байна хэмээн археологийн багийн гишүүд ярьж байхад манай нэрт археологич, ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор Д.Баяр нарын хүмүүс түүхийн сурвалж бичиг, аман домог, баримтуудад түшиглэн олдворуудыг таньж мэдэх боломж хийгээд харьцуулсан судалгааныхаа талаар Ерөнхийлөгчид тайлагнаж байлаа. Аураг орд нь эртний нийслэл Хархорингоос өмнөх Монгол улсын улс төрийн гол төв, нийслэл хот байжээ гэдэг нь хөдөлшгүй баримтуудаар нотлогдож байна хэмээн ШУА-ын Ерөнхийлөгч, академич Б.Чадраа онцлоод төлөвлөгдсөн судалгааны 90-ээд хувь нь хийгдээгүй байгаа ч дээрх дүгнэлтэд итгэлтэй байна гэдгээ Ерөнхийлөгчид хэлсэн. Дашрамд дурдахад Японы Засгийн газрын "Өвсний үндэс" хөтөлбөрийн санхүүжилтээр уг газрыг хашаалсан хайс барихаар болсон байна. Танилцуулгын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр Их хуралдай хуралдсан энэ газарт УИХ-ын чуулганы хуралдааныг бодитоор нэгэн удаа хийхэд ч болохгүй гэх газаргүй хэмээн бодож байгаагаа ярина билээ. Цаашлаад Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн Дарьганга сумын нутагт орших Хөргийн хөндий хэмээх хүн чулуудын "хотхон"-д хүрэлцэн очиж эртний монголчуудын чулуун хөргүүдтэй "уулзлаа". Хүн чулуун дурсгалыг зөвхөн Түрэгийнх хэмээн саяхныг хүртэл нотолж байсан бол уг газарт байгаа дурсгалууд нь цөм Монголынх гэдэг нь бас л тогтоогджээ. Сонирхолтой нь эндэхийн хүн чулуудын өмсгөл, дээл хувцасны хээ нь мөнөөх Аураг орд бюу Аврагын балгаснаас олдсон дээлний хээ угалзтай адилхан гэнэ. Тэрчлэн Хэнтий, Сүхбаатар аймгийн нутаг дахь хад чулууны бичээс, тэндээс олдсон олдворууд нь бүгд нэг нэгнээсээ улбаалсан нарийн сэжмээр холбогдож байгаа талаар ч түүхчид ярьж хэлж байсан. Дарьганга сумын ойролцоо Ноён, Хатан, Хүү, Бэр нэртэй дөрвөн хүний чулуун хөшөө байх агаад тэдгээр нь их хэлмэгдүүлэлтийн шуурган жилүүдэд толгойгоо цавчуулж эрэмдэг болсныг хожим нутгийнхан нь боржин чулуун "хиймэл толгой"-гоор орлуулжээ. Энэхүү дөрвөн хөргийг өөр өөр төрлийн, өнгө зүс ялгаатай чулуугаар харилцан адилгүй ур чадвар гарган хийсэн боловч ерөнхий хэлбэр байдал, дүрсэлж гаргасан хувцас, эд хэрэглэл нь нэгэн цг үе, нэг соёлын хүрээнд хамрагддаг юм байна. ШУА-ийн Археологийн хүрээлэнгийн захирал Д.Цэвээндорж Бэр хөшөөг эрэгтэй хүний баримал гэдгийг судалгаагаар тогтоосныг яриад нутгийн оршин суугчид ахуй амьдралдаа ойртуулах замаар домоглон Бэр хөшөө хэмээн нэрийддэг байсан гэж байлаа. Мөн үеэр археологч, эрдэмтэн судлаачид шинжилгээ судалгааныхаа бүтээлийн эмхэтгэлийг Ерөнхийлөгч болон түүнийг дагалдан яваа Сүхбаатар аймгийн уугуул, Шадар сайд Ч.Улаан, Хэнтий аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Д.Арвин нарт бэлэглэж байв. Түрэгийн үеийн дурсгалуудын дээлийн энгэр нь буруу байхад Монголын үеийн дурсгалын энгэр нь зөв байдгаараа онцлог гэнэ. Мөн Хөргийн хөндийн хүн чулуудын дунд хос бэлэгтэй болон нүцгэн хүний баримлууд байгаа нь онцгой сонирхол татаж байгаа бөгөөд судлаачид үүнийг тайлбарлахдаа, тухайн үед томоохон эрх дархтай байсан язгууртан хүнийг алдаа эндэгдэл гаргасных нь төлөө гэсгээх зорилгоор ийнхүү дүрсэлсэн байж болох талтай гэж ярилаа. Хөргүүдийн дүрслэлийн хамгийн нийтлэг зүйл нь бүгдийг ямар нэг юман дээр сандайлан сууж байгаа байдлаар дүрсэлсэн явдал бөгөөд энэ нь түрэгийн хүн чулуунаас ялгарах гол онцлог нь болдог ба өөрөөр хэлбэл тэдгээр нь 13-14-р зууны монголчуудад хамаарах зүйл болохыг баталдаг байна. Мөн ихэнх хөргийг малгай, гуталтай атал биедээ хувцасгүй нүцгэнээр дүрсэлж, цээжинд нь товгор хөх гаргахын сацуу эр хүний хүйсийн тэмдэг дүрсэлж сийлсэн нь ямар нэг хорио цээртэй зан үйлийн ул мөр байж болох талтай гэнэ. Дээрх хүн хөргүүдтэй холбоотой төрөл бүрийн домог яриа байх бөгөөд тухайлбал хөргийн хөндийн хүн чулуудын талаар: Эрт дээр цагт энэ нутагт нэгэн ноён албат ард, ахан дүүсийн хамт нутагладаг байжээ. Тэгээд нэгэн удаа албат ардаа цуглуулан их ан авд гарч Хөргийн хөндийгөөр зээр хөөн авлаж, хөндийн хойд үзүүрт байх Бичигт хэмээх эгц цавчим хадат ангал руу хашин шахаж үй олноор нь хаднаас унаган хүйс тэмтэрч устгажээ. Тэгээд үүнээсээ болж тэнгэрийн цээрлэл хүртэн удам угсаагаараа сүйрсэн гэдэг. Тэр ноёныхныг гэр бүлээр нь хөргийн хөндийд нутаглуулан эд хөрөнгийг нь дагалдуулан хийж хүн чулуу босгон Бичигтийн хадан дээр "Хойч үеийнхэн ийм явдал дахин бүү гаргатугай" гэсэн утгатай бичиг сийлэн үлдээсэн гэж ярьдаг байна. харин судлаачид Дарьгангын хүн чулууд бол эзэн Чингис хааны алтан ургийн тахил тайлгын онгон хөшөө дурсгал хэмээн үздэг бөгөөд энэ нь ч нэлээд зүйлээр батлагддаг байна. Өнгөрсөн сард Хөвсгөл аймгаас эхэлсэн "Буурал түүхийн жимээр" гэх энэхүү аялал 3000 гаруй км-ийг туулж үзсэн харснаа дүгнэн ярилцах үес ШУА-ийн Ерөнхийлөгч Б.Чадраа Ерөнхийлөгч Н.Энхбаярт хандан нэгэн зүйлийг цохон тэмдэглэхийг хүссэн юм. Тэрээр хэлэхдээ, "Аливаа ард түмэнд судсанд нь цохилох бахархал хэрэгтэй. Тиймээс Монголыг их язгууртай үндэстэн гэдгийг гэрчлэх энэхүү чухал эд зүйлсийг хадгалах, хамгаалах төрийн бодлого үгүйлэгдэж байна. Үүнийг болгоон үзэж судалгаа шинжилгээний зардал, хадгалалт хамгаалалтын нэгдсэн тогтолцоог буй болгох нь эрхэм чухал" хэмээн үзэж байна гэсэн юм. Түүхийн үнэ цэнэтэй ховор дурсгалууд хээрийн дэвсэгт бороо шороонд эвдэрч гэмтэн өөрийн гэх өнгө төрхөө улам бүр алдсаар байгаа нь судлаачдын сэтгэлийг ихээхэн эмзэглүүлж байдаг, иймээс эх хувийг нь нийслэлд төвлөрүүлж музей байгуулах, оронд нь дуураймал загвар хийж тухайн байсан газарт нь залах зэрэг арга хэмжээг цаг алдалгүй авах хэрэгтэй гэж үзэж байгаа юм байна. Мөн гадаад дотоодын судлаач шинжээчид түүхийн эл дурсгалуудын зураг, загвар, хэвийг авч дэлхий дахинд үзүүлэн таниулж эхэлсэн нь монгол нутаг дахь хүн чулуудын хувь тавиланд заналхийлж, үнэ цэнийг нь хямдруулах сөрөг үр дагавартайг ч энэ үеэр ярьж хэлж байсан билээ. Чулуунд нас гэж байдаг, энэхүү насны хэмжил одоо бараг дуусах дөхөж байна хэмээн тэд шогширч байсан. Ерөнхийлөгч Сүхбаатар аймгийн нутагт ажиллах үеэрээ Хилийн цэргийн 17-р отрядын Ламтын заставт зочилж тус заставын хариуцсан хэсэг дэх хилийн 999-р тэмдэгт баганыг эргэсэн юм. Мөн заставын хойхно талд орших хос чулуун хөшөөн дээр очсон нь энэ нутагт байгаа чулуун хөшөөдөөс өнгө хийцээ алдаагүй цорын ганц дурсгал нь гэж хэлж болохоор байлаа. Шаргал өнгийн элсэн чулуугаар уран гоёмсог сийлж хийсэн бөгөөд хоёул түшлэгтэй исэрт сууж байгаа дүртэй. Чулуун хүмүүс энгэртээ хундага маягийн юм барьсан нь тахилга тайлгын холбогдолтой ажээ. Ер нь ихэнх хүн чулуун хөшөөд биеийнхээ цээжин хэсэгт хундага барьсан байх агаад тэр нь нас барагч өөрөө хойлгын тахилга, идээнд оролцож байна гэсэн утгыг илэрхийлдэг гэнэ. Эдгээр хүн чулууд нь дүрэг хэлбэртэй, голыг нь хотойтол ухсан чулуун овоолгын төв дунд байсан гэнэ. Чулуун овоо тус бүрийг малтан шинжихэд хүн оршуулсан булш биш, харин онгон тахилгын шинж чанартай дурснгал болох нь мэдэгдсэн байна. Түргийн хүн чулуудад эзэнтэй дурсгал олон байхад Монголынход эзэнтэй дурсгал бараг байдаггүй аж. Харин Дорнод аймгийн Халх гол сумын нутаг дахь Шонх таван толгойд байдаг бүтэн хүн чулууг Чингис хааны отгон хүү Тулуйн дурсгалд зориулсан гэх таамаглал байдаг байна. Манай улс дахь хүн чулуун хөшөөдийг судлах шинжлэх ажил Оросын эрдэмтэн В.А.Казакевичийн удирдлагаар 1980-аад оноос эхэлжээ. Энэхүү 20 гаруй жилийн судалгаа шинжилгээний нөр их ажлын үр дүнд хөшөө чулуудыг зөвхөн Түрэгийн үеийн дурсгал биш Монголын дурсгалууд бас нэлээдгүй хувийг нь эзэлж байгааг тогтоосон нь Монголын түүхийн үечлэлийг тодруулахад ихээхэн хувь нэмэр болжээ. Одоогоос 50-60 мянган жилийн өмнөх олон арван дурсгал Хэнтий аймгийн Хэрлэнбаян-Улаанд байдаг ба Хэнтий Сүхбаатар аймаг нь эртний түүхийн өлгий нутаг гэдгээрээ Монголд төдийгүй дэлхий дахинд алдарших цаг ойрхон байгаа юм болов уу гэсэн сэтгэгдэл төрж байлаа. Аураг орд буюу Аврагын балгасыг олсон нь Монголын ард түмэнд төдийгүй биднийг анхааран ажиглаж байгаа дэлхий нийтийн сонирхлын гадуур өнгөрөхгүй гэдгийг Ерөнхийлөгч тэмдэглээд Монголын тулгар төр байгуулагдсаны 800 жилийн ойг Хархоринд товлосон нь арай эртэдсэн ч байж болох талтайг цухас дурдаж байсан. Тиймээс ч Хэрлэнгийн хөдөө аралд /Аураг орд-д/ УИХ-ын чуулганыг нэгэн удаа хуралдуулж хүндэтгэл үзүүлэх нь зүйтэй гэсэн хувийн саналаа ивсэн болов уу. Юутай ч Монгол төрийн сүлд ивээж өндөр дээдсийн голомт өөдөө харагдахын эхлэл ийнхүү тавигдлаа. Ерөнхийлөгчийн орон нутагт ажилласан энэ удаагийн томилолт арвин их мэдээлэлтэй амтархах содон үйл явдлуудаар дүүрэн байсныг хэлэх нь зүйтэй байх. Тэрхүү сонин содон үйл явдлуудын захаас цухасхан дурдахад ийм байна.

Sunday, January 27, 2008

БИЛГЭ ХААНЫ БУЛШНААС ЮУ ОЛДСОН БЭ?

Архангай аймгийн Хашаат сумын нутаг Хөшөө Цайдам хэмээх газарт буй Билгэ хааны онгон танхилгыг малтах явцад эрдэнийн чулуун шигтгээтэй алтан титэм, мөнгөн буга болон их хэмжээний алт мөнгөн эдлэл олджээ.
Монгол-Туркийн Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн дагуу түрэгийн үеийн хөшөө дурсгалыг судлах, хадгалах, хамгаалах зорилгоор Билгэ хааны онгон, тахилын дурсгалыг хөндсөнийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр цацсан ч олдворын талаар археологичид ам ангайлгүй удсан юм. Дээрх мэдээллийг өгсөн МУИС-ийн Түрэг судлалын тэнхимийн эрхлэгч Ц.Баттулга үүнийг тайлбарлахдаа "Сүүлийн үед алт, мөнгө олбол тухайн хээрийн шинжилгээний анги их сайн ажилласан гэж үзэх, зарим тохиолдолд хэвлэл мэдээллийнхэн хэтэрхий дөвийлгөн бичсэнээс булш тоногч хүмүүс гарах хандлагатай байна. Алт нь эрт үед ч байсан, одоо ч байгаа металл, харин бидэнд алт эрдэнэс гол биш, эртний түүхээ таньж мэдэх эд хэрэглэгдхүүн хэрэгтэй шүү дээ" гэсэн юм. Нэр бүхий хааны огт хөндөгдөөгүй, дэлхийд алдартай эл дурсгалын малтлагыг удирдсан архилеогич Д.Баяр нарын эрдэмтэд уг олдворын талаар ном бичиж нийтийн хүртээл болгох гэж байгаа юм байна. Мөн бичээс судлалын хэсэгт нь ажилласан Ц.Баттулга уг хөшөөний эх бичээсийг өмнөх эрдэмтдийн судалгааны бүтээлтэй харьцуулж, нөгөө талаар Монгол нутагт байгаа руни бичгийн бусад дурсгалыг нягтлан судалж байгаа аж. Билгэ хааны гэрэлт хөшөөг 735 онд босгожээ. 1889 онд Оросын газарзүйн нийгэмлэгийн Дорнод Сибирийн салбараас Н.М.Ядринцевээр удирдуулсан шинжилгээний анги энэ гайхамшигт дурсгалыг анх үзэж улмаар дэлхий дахинаа мэдээлсэн байна. Эдгээр дурсгалыг олсноор “Руни буюу тайлагдашгүй нууц” хэмээн нэрлэгдэж байсан бичгийг судлах, тайлан унших оролдлого, судалгаа эрчимжсэн гэдэг. Копенхагений их сургуулийн профессор В.Л.Томсон 1893 оны 12-сарын 15-нд Дани улсын эзэн хааны эрдэм шинжилгээний нийгэмлэгт уг бичгийг тайлан унших цагаан толгойг олж тогтоосноо тайлагнаснаар эл бичгийг унших боломж бүрэн нээгджээ. Руни бичгийг уншиж судлахад В.В.Радлов ихээхэн үүрэг гүйцэтгэсэн байна. Көлтигин, Билгэ хааны хөшөөний бичээсийг Б.Ринчен гуай орос хэлнээс анх орчуулсан байдаг. Харин энэхүү сонгодог дурсгалыг монгол хэлнээ галиглан орчуулах ажлыг манай эрдэмтэд хийж эхэлжээ. Билгэ хааны хөшөө онгоныг Монголчууд эрт цагаас эхлэн хамгаалж ирсэн түүхтэй ажээ. Жуулчдын тэмдэглэлээс үзвэл Хархорин хотыг анх байгуулж байсан тэр цагт ч эдгээр хөшөөг мэддэг, хамгаалуулж байсан байсан мэдээ бий. Их зохиолч Д.Нацагдорж Судар бичгийн хүрээлэнд ажиллаж байхдаа энэ хөшөөг хамгаалах санал оруулан, сахиул гаргуулж цалинжуулан ажиллуулж байсан тухай баримт архивт хадгалагдан үлджээ. Хожим нь уг хөшөөг дэлхийн соёлын өвд бүртгэн, ЮНЕСКО-гийн хамгаалалтад авсан байна.