Monday, June 30, 2008

НУУЦЛАГ, ДОТНО ЕГИПЕТ ОРНООР... /ҮРГЭЛЖЛЭЛ/

ТАМД УНАСАН ТЭМЭЭ

...Кайрын амьтны хүрээлэнгээр зугаалж явсан Монголын эрхэм сэтгүүлчдийн чихэнд “Танай нутгаас ирсэн тэмээ энд бий” гэх үг хачин содон сонстож нэг бөхт тэмээний нутагт үзмэр болж буй хоёр бөхтөө үзэхээр сониучирхан очицгоов. Тэнд бид юу харсан гэж санана. Нүд халтирч самсаа борхироод өөрийн эрхгүй нүүр бурууллаа. Тэнүүн говьдоо нүд хужирлаж явсан тэнгэрийн амьтан маань энд усны амьтан шиг улаан шир болчихсон, ширхэг ч үс хялгасгүйн дээр ширээ бөх нь гүрдгэр хөх биеэ дагаж унаад тамд унасан зовлонтын дүрийг энэ насанд мартахааргүй шингээн угтлаа. Төмөр торон хашааны хаягдмал буланд эвдэрч тарж уначихсан тэмээний амьд шир, бурхан минь тэмээ гэж хэлэхэд ч хэцүүтэйеэ амьтан хүзүүгээ сунгаад амь тавих цаг мөчөө тоолон хэвтэж байлаа. Азиас ханьтайгаа ирсэн гэх тэр амьтны “эр нөхөр” нь хэдийнэ хүний нутагт ясаа тавьжээ. Үр зулгзага нь болох нүцгэн хөх ботго далайн байцааны навчинд амиа тавьж өөрийг нь үзэхээр ирсэн гадныхны гараас навчийг булаахаар хомхойрон үхэлдэх нь эгээ л нохой шиг. Монгол мал гэж хэлэх арга алга. Баян арабууд хүүхдүүдээ зугаацуулан мөнөөх тэнэг амьтныг байцааны навчаар хууран хүссэн газар руугаа нохой шиг дагуулан очиж торны наанаас патиар татуулцгаах аж. Нүд хальтирч зүрх шимшрэм эл зургийг харж алмайрсан бидний хэдэн нөхөд сэтгэлээ өвтгөн байж тэмээгээ дуудлаа. “Сөөг сөөг, сөөг сөөг”.
Гэтэл хөөрхий нөгөө амьд зовлого болсон зовлонт адгуус, зовхио нээхээс ч түүртэж байсан тэр муу амьтан элэг нутаг нэгт эзэн хүнийхээ дуугаар сэгхийтэл босоод ирэх нь тэр. Дэнхэн данхан гэж гуйвж ганхсаар салгалаад ирэхдээ бөн бөн нулимстай байлаа. Бүсгүйчүүд нь орь дуу тавин халаглаж эрчүүд маань хүртэл шимшрэлийн гашуун нулимсаа гүдхийтэл залгисан шүү. Хий дэмий л ам нь ангалзан хүзүүгээ гүрдийтэл зүтгэлэх тэмээний нүднээс бөөн бөөн нулимс унасаар. Дотор сэтгэлдээ орь дуу тавихын хэрээр дуу хоолойгоо түгжин бүлхэрч зогссон надад “Буу байгаасай. Хөөрхийг зовлонгоос нь салгаж буян үйлдчихээд буцах сан” гэх арга барагдсан бодол элэг мэрж байлаа. Бурхан минь, бүү үзэгд. Амьтны хүрээлэн гэдэг чинь амьтны там юм байна шүү дээ хэмээн өөр хоорондоо эрээнтсэн хоолойгоор ярилцах зуураа тэмээнийхээ аманд байцааны навч дөхүүлцгээсэн ч навч ч зажлах тэнхэлгүй болсон тэр амьтны нүдэнд Монголын уудам нутаг театрын хөшиг хаагдах шиг харанхуйлан үзэгдээд зүгээр л гашуун усан дуслууд бөмбөрөн хулжиж байлаа. Энэ насанд бодол сэтгэлээс арилахгүйгээр яс маханд хагадаж үлдэх эмгэнэлт зураг.
Амьтны хүрээлэнд анааш үзэхээр зорьж ирсэн эх газрын хэдэн монголд анааш заанууд арилан одож, ахиад юу ч үзэж харах хүсэл сонирхол хэдийнэ мартагдан хөшицгөөжээ.
Удтал зовлон ярьж тарчлан зогссон бид “Буцъя, больё” гэж үг солилцоод эргэхүй сөөнгөтөн дуугарах зовлонт тэмээний буйлаан яг л золбин жингэр тарчлан гинших шиг гаслантай сонсогдов оо. Дэмий л дотор сэтгэлээ сэмлэж, урагдах дуунд нь хоргодсоор автобусандаа суугаад буудлаа зорин явахдаа бид хэлж боломгүй хүнд гунигт цөмөөрөө автаж дуу шуугүйхэн харьсан билээ. Ийн үзэхүй монгол хүн, монгол нутаг хоёр хэзээ эртийн, хэний ч таашгүй тийм амин холбоотойгоо ухаарч бурхадын шүншигт нутагтаа бушуухан эгэхийн далд хүсэлд автаж явсан. Бас нэгэн ухаарал гэмшиглэн хальт зурсхийсэн нь, хэзээ ч бид монгол малаа харьд өгч болохгүй юм байна, нэгэнт монгол нутгаа олж төрсөн амьд амьтныг ухаант хүн ингэж тарчлаан зовоож, тамд өгчилгөх нь хэдэн төрөлд өршөөгдөмгүй нүгэл болно гэж бодогдсон шүү. Манайхан сүүлийн үед гадаадын төр засгийн томчуул болоод нэр хүндтэй нэгнийг айлчлан ирэхэд шандаст хурдан хүлгүүдээ хадаг сүүтэй барьж, ёслон хүндэтгэдэг болсон нь нүдэнд харагдаж, учир төөргийг нь мэдэхгүй алс руу унаа хүлгээ ийн блэг болгон илгээх нь хичнээн гунигтай тухай эрхгүй санааширч явлаа. Буянт малдаа буруу санадаггүй монгол түмний их ухаанаар энэ асуудалд хандах ёстой юм байна гэдгийг хаа холын халуун орны бүгчим тэнгэр дор мэдэрснээ та бүхэнтэйгээ цухасхан хуваалцахад ийм буюу.
Үргэлжлэл бий.

Wednesday, June 25, 2008

НУУЦЛАГ ДОТНО ЕГИПЕТ ОРНООР... /ҮРГЭЛЖЛЭЛ/

Үргэжлэл. Эхлэл нь дор бий

Дух нь цоорсон ч нүд нь гэрэлтсээр...

Египетэд царай муутай хүн гэж үнэхээр байхгүй. Өтгөн хөмсгөн дорх тас хар нүд, яралзсан цагаан шүд, сайхан бор царайгаараа Энэтхэгүүдтэй төстэй ч эрэмгий хурц харц, найрсаг инээмсэглэл нь бусдаас өөр. Тэд өдөрт зургаан цаг мөргөл үйлддэг. Мөргөлийн цаг нь болоход олон нийтийн үйлчилгээний газарт ч хамаагүй хувь хувийн даавуу олбогоо цүнхнээсээ гаргаж дэвсээд л мөргөж эхэлнэ. Тэдний мөргөлийг юу ч зогсоож чадахгүй бөгөөд бүгд үнэн сэтгэлээсээ хандана. Энэ үедээ тэд бүгдээрээ ертөнцөөс түр зуур тасардаг байх гэж бодсон. Тэд манайхан шиг шавар чулуу, алт мөнгөн бурхад хүзүүнээсээ зүүж, хоймортоо залж түүнтэйгээ "шивнэлдээд" байхгүй, нүдээ тас аниад түрхэн зуур орчноо мартах нь нэгэн төрлийн бясалгал, оюун санааны аминдэм нь болдог мэт санагдсан. Магадгүй энэ л итгэл үнэмшил, тэнгэртэй харьцах харьцаанаасаа тэд оюун санааны илч тэжээлээ сэлбэж тэр ч утгаараа дандаа инээж дотроосоо гэрэл цацруулан урам зоригтой амьдарцгаадаг байж ч мэдэх юм. Юутай ч учир мэдэх хүний амнаас Египетэд хатуу чанга хууль гэж бараг байхгүй, төрийн хуулиуд нь автын хөдөлгөөн зохицуулах төдий нийгмийн үйлчилгээний зарчмууд байдаг гэж сонссон юм байна. Тэд Аллах тэнгэртээ бүхнийг даатгаж, амьдралын, хувь хүний бүхий л хууль нь тэр эрэмбээр явагддаг болохоор "тархай бутархай", цөс нь цалгисан монголчуудтай харьцуулах аргагүй нэг үзэл, нэг бурхантай, тэрхүү бурхан нь оройн дээд шүтээн байгаад зогсоогүй амьдралыг нь заагч луужин гэдгийг нь мэдэрч, бас гайхаж байлаа. Юутай ч тэд учиргүй их инээд алдсан, тэр нь чин зүрхнийх нь алсаас ил гарч ирдэг, тогтоож боломгүй их баяр хөөртэй, өөдрөг хүмүүс болох нь замд хааяахан тааралддаг гуйлгачнаас нь хүртэл харагдаж байсан. Ямартаа л Иран Иракийн дайны үед мөргөлийн цаг нь болоход хоёр тал гал зогсоон мөргөлөө үйлдээд унаж байхав дээ. Хэзээ ч билээ бас худлаа хэлэхгүй том хэвлэлийн хуудаснаас уншиж байсан санагдана. Тэдний шашин ийм л шашин. Миний хувьд шашин гэхээсээ илүү итгэл үнэмшил, урамшил, амьдралын тулгуур нь шиг санагдсан. Эрчүүдийнх нь дийлэнх хэсэг духан дээрээ эвэршиж хүрэнтсэн "мөргөлийн бахархалтай". Нүүрэн дээр нь төрөлхийн юм шиг хадаатай байдаг инээмсэглэлийн гэрэл мөргөлийн цагаар унтарч, зугаацлын мөр оргүй арилаад төлөв төвшин, үнэнч хэрсүү Аллахын албатууд болно. Мөнөөх тахимдуу элэгсэг Египетчүүд ийнхүү нэгэн хоромд сүнснийхээ хөгжилд анхаарлаа хандуулахыг анх хараад гайхсандаа "хэлээ гоожуулаад" хөшчихсөн шүү. Гэхдээ л Түвдүүд шиг энэ амьдралаа бурханд бэлэглэчихээгүй, өөрсдийнхөө амьдралыг өөртөө үлдээж үнэнч байдлаа тэнгэрт харуулахаа л өргөл гэж боддог хүмүүс ажээ. Тэд бурхантайгаа төрсөн, бурхантайгаа үхдэг юм байна, бүх амьдралын туршид бурхантайгаа хамт амьдардаг юм байна гэж яагаад ч юм бэ бодогдсон шүү.

Цөлийн эзэд

Египетийн нийт газар нутгийн
96 хувь нь эзгүй цөл, зөвхөн дөрвөн хувьд нь хүн ам нь таран суурьшсан. Нил мөрөн, Улаан тэнгис, Суэцийн суваг, Газар дундын тэнгисээ дагасан хотуудтай, халуун орны папирус, бальс, дал модод элбэг ургана. Мөн манайхны тасалгааны цэцэгсийг олон наст ургамал болгон сортжуулж тарьц суулгац бэлтгэсэн байх нь олонтаа тааралдана. Гудамжуудад нь сарнай цэцэгсийн төгөл үргэлжлэн тааралдах нь хэвийн үзэгдэл. Энэ бүхнээс тухайн ард түмний уйгагүй хөдөлмөр зүтгэл тэмтрэгдэх аж. Цөлийн элсний нарийн тоос, таримал цэцэрлэгийнх нь ургамлын унгирал үргэлж дарж байдаг тул гудамжиндаа хүртэл машинаа битүүлэн хучиж орхино. барилгын талбайд моддын сүүдэрт өглөө орхисон машинууд орой нь ирэхэд навч тоосонд дарагдаад эгээ л 100 жилийн өмнө хээр хаягдчихсан мэт болчихсон байх тул ингэхээс ч аргагүй. Кайр болон далайн эргийн бусад том хотуудад Хилтон, Шератон, Интерконтенталь зэрэг дэлхийд алдартай зочид буудлуудын сүлжээ тааралдах боловч тэдгээр нь мөн л египет маягийн шороон саарал өнгийг имиджээ болгон сонгож бусдаас онц ялгарах юмгүй дүнсийлдэнэ. Энд уран барилга байхгүй, харин нэгэн хэв загварын өндөр нам, дөв дөрвөлжин байшингууд ис тортгон дунд хэзээний мөнөөх л төрхөөрөө ярайлдах нь нэг л уйтгартай. Египетийн бүх гэрлийг унтраачихавл сансраас тэднийг олж харах аргагүй, бүх барилга нь газрын өнгөтэй, онгойж харлан эзгүйрсэн цонхтой. Яг нуувч шиг. Тэд гурван дайны хөлд үрэгдэж элэгдсэнээ чимээгүйхэн шивнэдэг.Мөн энд жуулчны цагдаа бий. Дашрамд хэлэхэд биднийг тэнд байх бүхий л хугацаанд буутай жентельмен /хамгаалагч/ дагалдаж явсан. 80 сая хүн амтай туөмнөх с улс нэг сая цэрэгтэй армитай гэсэн. Томоохон албан байгууллага, дипломат корпусын үүдэнд автомат буутай цэргүүд зогсоцгооно. Тэд ака буугаа барьсан чигтээ жуулчид руу даллан найрсаг гэгч нь инээмсэглэж, боломж олдвол ганц нэг үг сольчихыг бодно. "Египетэд тавтай морил" гэдэг үгийг тааралдсан хүн бүхэн хэлнэ, хүндэлнэ, Офисын инээмсэглэнэ. Цэргүүд нь хүртэл шүү

...Аан, агуу их Чингис хаан уу...?

Гудамж, дэлгүүр, зах, амьтны хүрээлэн гээд л бидний явсан суусан газар бүрт хаанаас ирснийг маань асуун сониучирхах египетчүүдтэй тааралдаж явлаа. Энд бидэнд шарууд /америк, европчууд/ ихээхэн содон харагддагтай эгээ л адилаар тэнд азиуд үнэхээр сонин хачин харагддаг бололтой юм. Хамгийн түрүүнд л Хятад уу гэж асууна. Үнэхээр л дэлхийн эх газарт хятад хүний хөл хүрээгүй нутаг үгүй гэдэг нь ортой дог. Дараа нь Япон уу гэнэ. Тэгээд л Тайлан, Малайз гээд таавар тааж гарна даа. Өөрсдөө тэрэндээ зугаацан хөөрч байгаа гэж жигтэйхэн. Тэгж тэгж мухардаад "за хэлчих л дээ" гээд л найрч гарна. Монгол гэнгүүт ёстой шокод орно доо. Хооох гээд л. Тэгээд л Чингис хаан гээд л эрхий хуруугаа гозойлгоно. Үүнээс өөр Монголыг орлуулчих мэдээлэл тэнд даанч үгүй. Хаана байдаг вэ гэж асууна. Орос Хятадын дунд гэхээр гайхна. Нутаг дэвсгэрийнхээ хэмжээг хэлчихвэл за тэгээд л өнгөрөө. Ёстой л чухам "хэлээ гоожуулаад" алмайрчихна. Тэгэхдээ л тун чиг сайхан найрсаг, үнэхээр дотно нөхрийн харцаар үднэ. Жаал зугаа наймаа худалдаагаа бас сурталчлаад авч амжина. Тэнд томоохон үйлдвэр үйлчилгээний газар нэн ховор, Египетийн брэнд болсон үнэртэн, папирусан дээрх зураг, алт, мөнгөө л худалдана, наймаалцана. Худалдаа наймааны тал дээр хятадуудыг санагдуулаад авахаар овжин. Үнэртэй усны тухайд бол ярих юм байхгүй, сайхан орги байгалийн бүтээгдэхүүн, цэцэгсээс гаргаж авсан тосон духинүүд. Бас тэдгээртээ зориулсан ганган хээнцэр шилэн бортого, жижиг сувинерүүд элбэг. Бараг ТҮЦ бүхэн шил үлээж тийм сав хийнэ, үнэртэн бэлтгэнэ. Хулхи үнэртэн гэж даанч байхгүй, байх ч аргагүй. За харин тэрийгээ рекламдахийг бол үзүүлээд өгнө дөө. Гар хөл, хаа тааралдсан ил газар л түрхээд байна, үнэртүүлээд байна, сүүлдээ бүр гарахын түүс болж бараг л зугтаж зулбах нь холгүй нэг юм мултарна. Араас инээгээд л үлддэг нь сайхан шүү. Манай багийн гишүүн 25-р суваг телевизийн найруулагч Жамъянжавийн "найз" Фару /манай буудлын ойролцоох дэлгүүрийн эзэн/ тэнд очсон 14 монголыг "тэнгэрээс илгээсэн" гэх үнэртнээрээ ёстой нэг төрөл арилжтал сэнхрүүлж, биднийг үнэртэй усны талаар иж бүрэн мэдээлэлтэй болгоод зогсоогүй өөрийнхөө дэлгүүрийн шошготой Клеопатра, Тутанхамун, Рамзес зэрэг сүрчгүүдийг Монголд тээж ирэхээс өөр аргагүй болгосон. Өөрөө ч тэрээр Монголчуудын найз гэдгээрээ хөөрхөн омогшиж додигор гэгч нь үдэж билээ. Биднийг Египетийн таван одтой, үндэсний зочид буудал Пирамизад буулгасан манай эрхэм нөхөд /Энэ удаагийн сургалтыг Египетийн сан, Гадаад хэргийн яам, Эль-Гомхуриа сонин хамтран зохион байгуулсан/ үдэш болгон эргэж тойрч, бие сэтгэлийн амар амгаланг асууж нягталж байсныг энд бас дурдууштай. Юутай ч энэхүү хандлага нь бидэнд хүндэтгэл гэхээсээ илүү ажлын хариуцлага гэгчийг ягштал мэдэрдэг хүмүүс юм даа гэх бодол төрүүлсэн.

Үргэлжлэл бий.

Saturday, June 21, 2008

НУУЦЛАГ, ДОТНО ЕГИПЕТ ОРНООР

Тоосгоны зах, эсвэл бор ёотон...

“Онгоцонд яваа хүнийг амьдын ч тоонд, үхсэний ч тоонд оруулдаггүй” гэх үг нэг л ёозгүй сонсогдох авч эртний Египетийн их нийслэлийг зорьж яваа бидний хэсэг нөхөд аян замаа түүртэлгүй хороож, төсөөлөл, мөрөөдлийнхөө зүг яарч байлаа. Бээжингээс оройн 20 цагт ниссэн манай багийнхан Каирт өглөөний 6.30 цагт газардсан ч цагийн зөрүүнээс болж тэнгэрт 14 цаг аялжээ. Онгоцны цонхоор Кайр хот олон саарал тоосго шиг харагдах нь багад минь эмээгийн бор тагшинд хар цай дүүргэхэд уусч дүрсээ алддаг ёотонтой эгээ л адилхан санагдаж билээ. 20 сая гаруй хүнтэй энэ их хотод газрын өнгөтэй том жижиг бор саарал байшингууд завсар зайгүй эгнээстэй, эмх замбараа муутайхан уйтан давчуу гудамжуудад нь хормойгоо чирсэн египетчүүд хөлхөлдөж хорвоогийн амьдрал эрээнтэн байдаг нь гаднаас харсан хүнд бас л сонин зураг. Байнгын 40 хэмийн халуунд хар бараан өнгийн нүсэр хувцас, нүднээсээ бусдыг битүүлсэн гоо бүсгүйчүүл урт туушин өмсгөлтэй эрчүүл нааш цааш хөлхөх нь бидний хувьд үнэхээр харь, өөр ертөнц аж. Гэсэн хэдий ч Египетийн ард түмэн нэн найрсаг хүмүүс болох нь тэдний инээд алдсан харц, зөрж өнгөрөх гадныхны зүг элэгсэг нь аргагүй мэндчилэх сэлтээс шууд мэдрэгдэн, ахуйдаа зохицож аяндаа тайтгарсан сан.

Египетчүүд дээрээ гурван эзэнтэй

Тэдний толгой дээр гурван том эрх мэдэлтэн байх бөгөөд хамгийн дээд талд Аллах тэнгэр, түүний дор эртний их хаан, харин гурав дахь нь Египетийн нэгдүгээр хүн буюу ерөнхийлөгч Хосни Мубарак юм. Албан байгууллага, атар хөдөөгийн замын хажуу дахь том самбар гээд л хаанаас ч түүний асар том хөргүүдийг харж болно. Дээр үеийн орос Ладагаар орчин үеийн гадаадынхныг таван одтой буудалд нь хүргэхээр яваа найрсагхан египет жолоочийн энгэрийн халаасанд Мубарак ахын бурханчлагдсан хөрөг заларч явахад нэг их гайхах хэрэггүй. Бид ч бас 14 хоногийн сургалтын хугацаанд эрхэм Мубарактай хамт байснаа хэлэх хэрэгтэй. Египетийн том хэвлэл /хуучнаар манай “Үнэн” сонин гээд ойлгочиход болно/ Эль-Гомхуриа сонины газар дахь сургалтын танхимд тэрээр бас л биднийг угтаж, хичээж татуулсан инээмсэглэлт ихэмсэг хөргөөрөө Монголын чөлөөт хэвлэлийнхнийг “муухай харсаар” үдсэн юм. Хагас социалист эл оронд хэвлэлийн эрх чөлөө харьцангуй хумигдмал болох нь бидэнд хичээл зааж байсан докторуудын найрсаглан тайлбарлах зарим зүйлээс цухалзаж байсан. Египетийн сангаас буурай орнууд руу хандан хэрэгжүүлдэг хэмээн тунхагладаг ч үнэн хэрэгтээ улс орноо гадаадад сурталчлах үндсэн зорилготой сургалтын эл хөтөлбөрт хуучин социалист дэглэмд байсан СНГ-ийн гишүүн орнууд хамрагддаг байснаа сүүлийн жилүүдэд зөвхөн Монголтой “тулж ажиллаж” эхэлсэн тухай тэд ярьж байлаа. Өнөөдөр дэлхий нийт Ойрхи Дорнодын тухай мэдээ мэдээллийг зөвхөн АНУ-ын амнаас л сонсч, арабын ертөнцийн тухайд өрөөсгөл үзэл бодолтой байгааг засч залруулах үүднээс их гүрнүүдтэй илтээр холбоотон болоогүй, өөрсдийн бодлогоор бие даан хөгжиж байгаа “буурай” улсуудын хэвлэл мэдээллийнхэнтэй хамтран ажиллах бодол санаа эл сургалтын үеэр олонтаа цухалзах шиг болсон. Дээрх хугацаанд сэтгүүлзүйн болон ХАА-н чиглэлээр Монголоос нийт 750 хүн сургасан гэнэ. Египетийн нийгмийн байгууллаас социализм нэвт ханхлах хэдий ч эдийн засгаа зах зээлд хэдийнэ шилжүүлж, аялал жуулчлалыг тэргүүлэх чиглэлээ болгосон нь төрийн бодлогын бас л нэг ухаалаг давуу тал гэлтэй. Бид өөрсдийнхөө мэдэх хэмжээгээр л социализм хэмээн нэрлэж байгаа ч угтаа зөвхөн Египетийнх л гэмээр бие даасан, өвөрмөц хөгжлийн томъёололтой, алдаагаа ч гавъяа болгон ашиглаж чадах ухаалаг удирдагчидтай, сонин бүтэц бүхий нийгмийн байгуулал санагдсан. Энэ улсад үзэж харах зүйл элбэг. Агуу пирамид, сфинксээс эхлээд дэлхийн хамгийн урт гол Нил мөрөн Каир хотынх нь дундуур урсана. Нилийн эрэг дагасан жуулчдын хотхон, усан онгоцон дээрх ресторануудад нь орчин үеийн бүх үйлчилгээ байна. Аялал жуулчлалаас орох орлого нь тасралтгүй мөнгөний урсгал болон улсын сан хөмрөгийг зузаалж байдаг болохоор энэ талын үйлчилгээ нь түлхүү хөгжжээ. Алдарт Суэцийн сувгийнх нь түрээсийн жилийн орлого улсынх нь төсвийг бүрдүүлчихдэг гэсэн.
Шарм-Эль-Шейх

Кайраас 500 гаруй км-т Синайн байгалийн үзэсгэлэнт газарт байх Шарм-Эль-Шейх хот руу жуулчдын урсгал тасралтгүй хөвөрнө. Хоёр урсгалтай өргөн замаар уралдан довтлох машинуудаас нь л харахад тус улсын энэ бүс их хөлийн газар болох нь мэдрэгдэнэ. Кайрын нарийн гудамжуудад мөрөө хавчих нь холгүй чихэлдэн зөрдөг оросын Лада, Газ-24, Солонгосын жижиг автобуснууд, соната, элентранууд ард үлдэж дандаа орчин үеийн шил толь болсон хөнгөн тэргүүд, Хьюндайгийн том автобуснууд зөрж эхэлнэ. Шарм-Эль-Шейхийн байшин барилгууд ч Кайрын улигт саарал өнгөнөөс хагацаж цагаан цайвар өнгөөр сүлрэн угтана. Энд дэлхийн баячууд мөнгөө үрэхээр ирдэг. Улаан тэнгисийн эрэгт байх эл хотоос жуулчны баазууд салбарлан далайн эргээ даган цаашилжээ. Казино, диваажингийн усан сан, энэ улаан цөлд яаж байгуулав аа гэмээр цэцэрлэгт хүрээлэн, сүрлэн сүүдрэвчүүд, өнгө өнгийн цэцэгс гээд л нүд эрээлжлэм сонин сайхан зүйлс үргэлжлэх нь Газар дундын тэнгисийн эрэгт байх Алесандра хоттой эгээ л адилхан. Кайраас умард зүгт 300 орчим км-т орших Александра хотод бид мөн зочилсон билээ. Александра бол далайн эрэг дэх агуу цайз, түүхийн гэрч болсон барилга байгууламж, музей үзмэрээрээ имиджээ хийсэн Египетийн бас л нэгэн бахархал байсан юм. Харин Шарм-Эль-Шейх бол анагаах увдисаараа дэлхийд алдаршсан Улаан тэнгисийн эрэгт байрладаг давуу талаа ашиглан амралт сувиллыг түлхүү хөгжүүлсэн, хүмүүс жинхэнэ ядаргаагаа тайлахаар зорьж ирэх гайхалтай газар байв. Шарм-Эль-Шейхээс нааш Кайр орох замд тааралдах Синайн уулс нь ер бусын хэлбэр галбиртай, байгалийн пирамидууд байх бөгөөд архитектурчид энүүгээр явбал байгаль дахь уран барилгын эл цогцолборуудаас гайхамшигт санаа олж их хотод нүд баясгах зүйл олноор бүтээх байх даа гэж эрхгүй бодогдсон.

Үргэлжлэл бий