Sunday, July 19, 2009

Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод


Шаналсан дуугаа надад үлдээгээд
Цаг хугацаа нисэн одлоо
Шаргал замын эхэнд хөл минь бодлогошроод Өчигдрийн дурсамжаар зүрхээ ирлэлээ
Дурлал хайрын үгс одоо
Хуучин номын завсарт үлдэнэ
Гал дөлтэй агшинг үлээж

Ганц амьдрах хүслээ орхино

Одоо над руу зориглон ирэх
Он цаг янаг минь болоход
Шаналсан дуугаа надад үлдээсэн

Цаг хугацааг дуулах болно

Monday, July 6, 2009

Архангай явчихаад ирлээ


Байгаль дэлхий ногоон өмсгөлөөрөө гоёж хүний сэтгэл ч мөн түүнийг даган дэлгэрч, мал амьтны зоо тэнийн идээшлэх хангай нутгийн зун. Борооны үнэртэй салхин дундуур агаар зүсэн довтолгож яваа бидний хувьд Арын сайхан хангай нутаг амарч тухлах диваажин шиг санагдаж билээ.
Наадам найр ойртсон цаг болохоор ч тэр үү, хөдөөгийнхөн хөл хөлхөөн ихтэй, айл бүрийн гадаа морины уяан дээр үүрэглэн байдаг хонины борын оронд ам нь ангалзаж амгай нь шаргисан агсам морьд чихэлдэн, айсуй баярын зөн сэтгэл сэвэлзүүлэх аж. Өвсний сөл, айргийн үнэр сэнгэнэж, хонь тааваараа идээшилж, сарлагууд залхуу нь хүрсэн янзтай салхи сөрөн зогсоод хааяахан үгнэж, хазсан өвсөө дуртай дургүйхэн хивнэ. Айлын гадаа адуу ялаархаж, морины хүүхдүүдын сэтгэл тогтохгүй хөвсөлзөн наадмын өдрийг хуруу даран тоолно. Хөндийн зэрэглээ тэртээд туналзах нь тунгалаг хөшгийг санагдуулах агаад тэрхүү хөшигний хормойд тэнгэр газар нийлэн тэврэлдэж борог өнгөө золгуулах нь зөөлөн мэдрэмж төрүүлнэ.
Тэр анирт хөндийн дундуур дуу шуутайхан довтолгосоор Заяын гэгээний нутаг, Тамирын гол, Тайхар чулуун дээр ирлээ. Тэнгэр жаахан бүрхэг, өмнөөс урих зөөлөн сэвэлзүүр салхинаас бороо үнэртэн, байгалийн дагшин хөдөөд сэтгэл нялхарна. Эгэл борог энэ л нутгийн эд эсийн нэгэнд хувилчихсан мэт зөөлөн мэдрэмж төрж үе үед хүмүүсийн амьдрал тэмцэл, баяр гуниг энэ л буйдын гүнд дуу шуугиантайхан өрнөж байсан даа гэх элгэмсүү найртай бодол дотор сэтгэлийн хаа нэгтээ аядуухан хөвсөлзөх нь сонин.
Архангай нутагт энэ жил сайхан зун болж байна. Идээ цагаа элбэг, зуншилга сайтай байгаа нь уулзсан хүн бүхний амнаас унах ээл дулаан үг ярианаас илхэн. Байгалиа л бараадаж хангай дэлхийнхээ ааш аягийг хардаг болохоор дэлгэр сайхан цагт хүмүүсийн сэтгэл ч тэнүүн. Ихтамир сумын нутаг Давааны ар гэдэг газарт бид нэгэн бэсрэг наадам хийж байхтай таарлаа. Нутгийн мянгат малчин Батбаяр улсын наадмын өмнөхөн нутаг нугынхнаа баясуулж хурдан хүлгийнхээ чансааг сорьж, унаач хүүхдүүдийн гарыг цайлган, бөх барилдуулж, сур тэнийлгэн нааддаг болсоор хэдэн он улирч байгаа гэнэ. Аав нь мөн л нутаг усандаа хүндтэй малч нэгэн байсан бөгөөд аавынхаа үеэс уламжилж ирсэн энэ бэсрэг наадмаа жилийн жилд хийж ус нутгийнхнаа нэгэн өдөр ийнхүү баясуулдаг болжээ.
Энэ жилийн наадамд гол усныхан нь айраг цагаа, идээ ундаагаа ганзагалан ирж малгайн тоос үргээн, малын ажлаасаа хугас өдөр холдож магнайн атираа тэнийлгэцгээж байлаа. Хотын бидэнд бол хөдөөгийнхөн маань аглаг буйдын цэнхэр салхин дор тааваар амьдарцгааж цагаан идээ, цайлган сэтгэлээрээ буй бүхнийг сүлсэн хачин их жаргал цэнгэлтэй хүмүүс санагдах. Харин яг тэдний дунд амьдраад хөдөлмөрлөөд эхлэвэл өглөөнөөс орой хүртэл ямархан их ажил амжуулж бохисхийх чөлөөгүй зүтгэдэг нь мэдрэгдэнэ. Малын ажил гэдэг чөлөөгүй хөдөлмөрт нухлуулж, үхрийн зэл, хонины бэлчээрээсээ холдож чадахгүй уяатай өнждөг тэдэнд ингэж нэг нутаг нугынхантайгаа хөөрөлдөн малгайн утаа сэргээх нь нэн таатай баяр болдог бололтой. Эрчүүл нь уяа морьдынхоо шандас хүчийг үзэцгээж, айлын эзэгтэй нар тогооны дээлээ сольж, хүүхэд багацуул нь хөдөөд ховорхон үзэгддэг төв газрын чихэр жимсээр өөрсдийгөө баярлуулж чухам л нэг хужир болно. Асрын өмнө айраг уун нутаг орныхоо сонин хачныг хөөрөлдөх тэднийгээ хараад Батбаярын сэтгэл ч мөн тэнийгээд явчихсан. Үнэтэй жип, үзмэрийн хувцасаар гангардаг хот газрын наадмаас огт ондоо, гүдэс гүндүүгүй, борог эгэлхэн, тос даасан хөдөөгийн наадам явуулын бидэнд жигтэйхэн сонин, басхүү сэтгэл татагдан бодол тэнийм санагдаж байлаа.
Биднийг энэ нутгийг зорин ирэх замд нэг л их анир гүм нутаг цэцгээ дэлгэн угтсан. Санаа алдмаар цэнхэрхэн хөдөө буйдын нуугисан халуун салхинд хэдэн тэмээд идээшилж, зуслангийн айлуудын цагаан гэр зэрэглээн дунд бөртөлзөн, айлын зэлэн дээр сарлаг, хотонд нь бөөрөө нийлүүлэн хивж, мал ахуй нь хүртэл нэг л амгалан налайж байсан сан. Тэр л анир гүмийн дунд дөрвөн цагийн эргэлтэд их амьдрал буцалж бургилж байдгийг энд, наадмын ногоон дэвсэгт, хурсан олны цайлган дуу хадсан газарт, нутгийн түмний дэргэд элгээрээ мэдэрлээ.
Эндээс айраг цагаагаар дайлуулж аяны ерөөлөөр үдүүлсэн бид аймгийн төвөөс урагш 80 гаруй км-т байх төрийн тахилгат Суварга хайрхан уулыг зорьсон юм. Соёлын гавъяат зүтгэлтэн, сэтгүүлч Гочоогийн Жамц ах Суварга хайрхан уулынхаа тухай сайхан дуу хийсэн нь энэ нутгийнхны аялах дуртай дууны нэг болжээ. Манай аяллын багт нэгдэн Суварга хайрханыг зорьсон Жамц ах, дуучин Жанцан, Хангайн нурууны байгалийн цогцолбор газрын захиргааны ажилтан Болдбаатар нар нутгийн айлуудаар бууж яриа хөөрөө дэлгэн, зуншилга, өвс ногооны гарц харж, нутгийнхаа эрт эдүгээгийн үүх түүхээс хуучилж явлаа.
Бид Цэнхэр сумын Цэцэрлэг багийн нутагт малчин Дагважамц гуайнд буусан юм. Дагважамц гуай гэж дуу цөөтэй цөлх эр энэ багийн Засаг даргаар ажиллаж байгаад саяхан нутгийн залууд өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэж өгөөд одоо хэдэн малаа эргүүлэн агаарын сайхан хөдөөдөө эгэл боргилхон аж төрж яваа хүн. Харин эхнэр Даваадорж нь эх баригч бага эмч. Энэ нутаг усныхны бараг л бүх хүүхдийн хүйн ээж буянтай эгч.
Эдниийх нутгийн овооны доохно талд зусаж байгаа. Бид эндээс овоондоо гарч Суварга хайрхнаа дурандлаа. Нутгийнхан энэ овоондоо ихээхэн сүжигтэй, жил бүр тахиж тайдаг, Цагаан сарын шинийн нэгэнд овоондоо гарч идээ будааныхаа дээжийг өргөдөг гэнэ. Суварга хайрханаас эх авсан олон гол горхины нэг Цэнхэрийн гол энэ нутгаар урсдаг. Энэ голд зусаж байгаа айлын улсууд бидний араас овоон дээр ирж наадам найрын бэлтгэл хийгээд хурдан морьдынхоо уяа сойлгын талаар яриа хөөрөө өрнүүлж далимд нь овооны доохно цэнхэрлэх голын доод хөндийд морьдоо тарлалаа.
Үнэхээр ч бид Суварга хайрханыг зорих замдаа Жамц гуайн сэтгэл хөндүүрхэн дурсаад авсан тэр газраар дайрсан юм. Зорьсон хүн л зүтгэж ирэхээс замын улс дайраад өнгөрөх аргагүй бартаат замтай энэ газар, нутгийн олны үеэс үед тахиж шүтэж ирсэн хайрхан уулын бэлд алтныхан газрын хөрсийг сэндийлж амжжээ. Энэ газарт “Монгол газар” компани алт олборлож байгаад нөхөн сэргээлт хийсэн нэртэй хаяад явжээ. Нөхөн сэргээлт хэмээн нэрлэж буй өөг сөөгхөн ганц нэг ногоо ургамар аядаж байгаа хөрсийг нутгийн ажилгүй улс дахин сэндийлж алт угаагаад эхэлжээ. Уурхайн ашиглаж байсан газарт хортон үүрлэх шиг бужигнаад орж явчихдаг нинжа хэмээх хар бүлгийнхэн энэ газрыг ч тойрсонгүй. Гэр бараагаа бариад, эгээ л нэг хөдөө буйдад зусланд гарчихаад суугаа улс шиг аятай тохитой нь аргагүй алт угаацгааж суугаа тэднийг Жамц ах маань л баахан үглэж дуулж, ухуулж сэнхрүүлээд өнгөрлөө. Нэгтэйгүүр ажилгүй, цалин хөлсгүй энэ хүмүүсийн буруу ч юу байхав дээ гэж өрөвдөн бодож болмоор авч нутгийн ариун дагшин хангайгаа ингэж арчаагүйтэж сүйтгэчихээд ард нь яах улс вэ гэж хангинаж байгаа Жамц гуайн аргагүй л зөв байлаа. Эд чинь бүгд л нэг гол усны улс шүү дээ. Тэмцээд тэмцээд хэдэн улс л ад болоод хоцрохоос гавьдаггүй. Тэхдээ л сүүлийн үед байгаль газар шороогоо хайрладаг, сэндийлдэг хоёр хэсэг улс болж хуваагдаад ямар сайндаа л буу сум хөдөлгөх дээрээ тулж байхав дээ, хэцүү уаг ирж дээ гээд л санаа алдахад нь эрхгүй л нэг юм бодогдсон.
Эндээс хөдөлсөн бид бид Ширдгийн голд зусаж буй Баасанжавын хотонд буухад дөнгөж төрсөн сарлагийн тугал тэргэн дороос бадриухан тослог дуугаар мөөрч угтлаа. Шинэхэн уураг, идээ цагаагаар дайлуулж цайлуулсан бид тэндний хотноос Мөнхбат гэх газарчин залууг авч Суварга хайрхандаа гарсан юм. Хайрханы бүр орой дээр уулчин хүн л гарч магадгүй эгц өөдөө нэлээд мацаж хүрдэг гэнэ. Тэгээд ч гадаад дотоодоос очсон амьтан хүнийг нутгийнхан дуртай дагуулж яваад байдаггүй бололтой. Биднийг доодох овоон дээр байхад ч тэд энэ тухай хэлж байсан
Харин азаар хайрхан маань бидний буусан Тавцангийн овоон дээрээс хаан төрхөөрөө сүглийж нүүрээ нуулгүй угтсанд нь ихээхэн билэгшээлээ. Үүнд нь урамшсан бид Жамц ахынхаа бүтээл, хайрхан уулын тухай дууг Жанцангаараа дуулуулж уул хангайдаа тал зассан юм.
Орой болж галаа түлж цай хоолоо хийж, Жамц гуайнхаа боргил дулаан яриа хөөрөөнд чих тавьж, Гурвантамир хүүгийнх нь хийсэн хорхогийн чулууг гартаа бөмбөрүүлэн чухам л хөдөөгийн буйдад жаргалаа эдлэн суухад алсад чоно улих сонстож билээ. Хангайн эзэн савдаг бидэнд аятайхан зугаалаад эвтэйхэн буцахыг анхааруулж байна гэж наргин түүдгийн галд өнийн хууч дэлгэн сууцгаалаа.
Маргааш өглөөний мандах нарнаар буцаж аймгийн төвөө зорилоо. Тэнгэрт цувраа мянган үүлс нүүдэллэж, үүлсийн цаанаас нар мандан таатай сайхан өдөр эхэллээ. Хангай нутаг амьд ногоон үзэмжээрээ нүд сэтгэл баясгаж хаашаа л харна, хад асга, мод бут, ус ургамал жигдэрсэн сайхан газраар явсаар Суварга хайрхны суганаас урссан Нарийны горхин дээр ирлээ. Эндээс жаахан цаашаа яваад бид цагаан газар гарч ирэн моддын хормойд ирэн буудаллаж хэсэгхэн амарсан юм.
Эндээс замын бартаа саад илэрхий намсаж хойд талаараа эрвэн сэрвэн хадтай, хангайн лүглэгэр уулсын дунд байх нэгэн хонхор газарт хүрч ирсэн нь Цэнхэр сумын нутаг дахь Бор талын рашаан ажээ. Цэнхэрийн халуун рашааныг бодвол арай л бүлээхэн, энэ температурт нь хүн халуун усанд орчихож болмоор энэ газарт нутгийхан нэг модон байшин барьж халуун ус болгоод авчээ. Энэ хавийнх нь сумын хөгшид энд зун бүр ирж биеэ тойлон долоо найм хоног рашаанд ороод буцдаг ажээ. Үе мөч, толгой тархины өвчинд гойд сайн гэлцэж байлаа. Наадам ойртсон болохоор хүмүүс рашаан руугаа их цувж ус цасанд орж угаалга хийж байна хэмээн ярьцгааж байв.
....Аймгийн төвөөс зүүн хойш 10-аад кмт байх Жамц гуайн хөдөө гэрт ирж хоносон бид маргааш нь Луу гүний хошуу, Батцэнгэл сумыг зорин хөдөллөө. Жамц гуайн төрсөн нутаг Сэнжит, Цагаан чулуут хэмээх газарт зусаж байгаа Ганбаатар дүүгийнд нь ирлээ. Ганбаатар уг нь 17 настай аймгийн чуулгын босго алхаж, нэгэн цагт лут дуучин болох нь хэмээн нутаг усныхандаа үнэлэгдэн алдаршиж явсан ч ах эгч нар нь бүгд хүний хүн болж нутаг орноосоо холдсон тул отгон хүүгийн хувиар эцгийн гэрийг сахин аавын нутагтаа аж төрөхөөр шийдэн энд суурьшжээ. Түүний дуулсан “Хичлний уянга” дуу нь радиогийн алтан фондод хадгалагдаж байдаг гэнэ. Нэгэн цагт хит болж “Хүсэлтийн хариу” нэвтрүүлгээр долоо хоног бүхэн цуурайтаж байсан эл дууг нь дуулуулахаар бид нэлээд шалсны эцэст Ганбаатар бидэнд дуу дуулж өгөхөөр боллоо.
...Зам зуурын байгаль, нутаг орны зуншилга үнэхээр сайхан. Хоньд тааваараа идээшилж, адуу тургилж харааны үзүүрт дэлгэр цагийн өнгө аяндаа тэмтрэгдэнэ. Ийн явж байтал тал дэлхэн бэлчсэн хонин сүрэг тааралдлаа. Завханы тууварчид ажээ. Энэ жил Завхан нутагт зуншилга муу, хэдэн жил дараалан ган гачиг болж газрын гарц муудсанаас малчид өвсний сөл хөөж явсаар зарим нэгэн сум орон эзгүйдэж байгаа талаар хөндүүрхэн юм ярьцгаалаа. Тэд ч мөн нутаг сэлгэн Төв аймгийг бараадаж яваа гэнэ.
Хүний нутгийн хаяа бараадан яваа тэднийг ая эв хайж, аян замдаа алжааж яваа тэднийг хөнгөхөн санаа алдалттайгаар үдсэн бид аян замаа үргэлжлүүлж нар уулын оройгоор далд орж байх үес Өгий нууранд ирлээ. Нуур ус гэдэг нутаг орныг чимж нүд сэтгэл баясгаж байдаг сайхан зүйл.
Ийнхүү эгшиглэнт хөдөө нутагт минь эрээнтэй бараантай амьдрал өрнөж мөнх хөх тэнгэр энхийн өнгөөр цэлмэхдээ цэлмэж бүхэхдээ бүрхсээр он цагийг өртөөлөн их амьдрал хөвөрсөөр. Юутай ч энэ жил хангай нутагт зуншилга сайхан мал тарган, хүний сэтгэл тэнэгэр байна. Зуны дэлгэр ийм л цагт хөдөөгийн түмний минь хөглөгдсөн сэтгэл амсхийж уртын дууны шуранхай шиг аглаг уудам нутагтаа Монгол наадмаа хүлээн дэвэлздэг билээ. Наадам айсуй.