Өглөө ажилдаа ирсэн чинь манай төв хаалганы хажууханд цусаа гоожуулсан нэг муу хөөрхий нохой хөлөө хэмлээд хэвтэж байх юм. Муусайн нохойны алуурчид дутуу буудаад сэглэчихсэн бололтой юм. Яах аргагүй сумны нүх ээ тэр шарх нь. Цус нь годгодоод байгаа юм чинь. Харж жаахан шимширч зогссоноо гэнэт сэхээ орж ажил руугаа гүйгээд орлоо. Өрөөндөө орж гадуур хувцасаа тайлчихаад, компьютераа асааж, цүнхээ чулуудчихаад /цагаа бүртгүүлж байгаа байдал/ ажлынхаа гуанзнаас жаахан идэх юм аваад Idea-гаа хань бараа болгоод гараад иртэл нөгөө муу амьтан чинь алга. Өр алдчихсан юм шиг жигтэйхэн харамсав.
Тэгээд л нөгөө муу Сэгсгэр чинь бас л эмээгээ бодоод шанаагаа тулаад суучихлаа. Манай эмээ гэж хавиар нэг хашгичиж, гудамжны хүүхдүүдийн нэрийг хольж дуудаж далласан янзын хүн байдаг сан. Эцэг эх нь ажилдаа явцгаачихсан, эзэнгүй хэдэн халтар нөхдүүд байх миний найзууд гэж. Эмээ өдөртөө нэг тогоо дүүрэн тарагтай будаа эргэлдүүлж, хөөе хэнээ нааш ир, хэний дүү ээ хүрээд ир гэж хүүхэд будаалж, гарахад нь гарт нь алдарт “Гурав”-аа атгуулаад гаргах. Тэр ээ, энэ ээ, эмээгээсээ ирж “Гурав”-аа ав гэж дуудна. Тэр “гурав” гээд байгаа юм нь манай эмээгийн барьсан талхны нэг зүсэм, 2 боорцог, 2 ёотон. Би жаахан байхдаа тэр “Гурав”-аас нь үхтэлээ ичнэ. Айлд орохоор аав ээжүүд нь чихэр өгдөг байхад манай эмээ барьсан талх, ёотон савайгаад балай юмаа, энийгээ өгөхгүй байж болдоггүй юм байх даа гээд л шаналах. Харин энэ санаагаа хэлчих юм бол “Цөг муу Зомо. Чи мэддэг юмуу, би мэддэг юмуу” гээд л хангинах тул чимээгүйхэн хөмхийгөө зууна.
Жил бүрийн Ханш нээдэг өдөр өвөөгийн газрыг эргэж ирчихээд л нөгөө алдарт будаагаа бүр үзэм жимстэй “албан ёсны” амтат зоог болгож чаначихаад л сургуулиасаа тараад харьж яваа хүүхдүүдийг хүртэл гудамжнаас дуудаж даллаж авчраад л аягатай будаа бариулаад суулгачихна. За энэ үед ч нөгөө муу Сэгсгэрийн нүүрний арьс шамраад унана даа. Гүйгээд гарах гэхээр дэргэдээ зарах гээд тавихгүй, хүүхдүүдтэй чаг чаг гээд булуу халах зуур нь үүд рүү ухасхийхэд л “Хөөе чи хаачих нь вэ зомо, Байж бай чи, энэ хүүхдүүдэд юмыг нь өг” гээд л гэдрэг суулгачихна. Тэр “Юмыг нь өг” гэдгээс нь би уг нь бултах санаатай ухасхийж байгаа царай нь тэр. Өгөх юм нь юу вэ гэхээр 60 мөнгөний цэнхэр цаастай тал печень, 11 хорийн чихэр 5 ширхэг, 12 мөнгөний нэг дэвтэр. Ядаж печенийг нь бүтнээр нь өгчихгүй дундуур нь хутгаар цаастай нь хамт таллаж хуваагаад өгч байгаа юм. Би ч ичиж бүтэж үхэх шахна. За ингээд л Ханш нээсэн өдрийн арга хэмжээ дуучихсахгүй ээ, үргэлжилнэ. Адууны шөлөн дотор шар будаа хаяад буцалгаж буцалгаж 5-ын бидонд уудлаад агаа бид хоёрт бариулаад гаргана даа. Золбин нохой муур хооллохоор явуулж байгаа нь тэр. Агаа 5-ын бидонтой халуун шөлөө барьчихсан, би нэг муу бөөр нь хонхойчихсон шар төмпөн чирчихсэн “Гөлөөг гөлөг” гэж чанга чанга орилоод л гудамж метрлэж өгнө. Сүүлдээ хоёулаа жоохон тэгж явж байгаад залхангуутаа залхуурч шууд айлын хашаа, амбаарын ёроол руу нөгөө шар будаатай шөлийг нь асгаж орхичихоод харина. Яав миний хүүнүүд, нохойгоо хооллочихов уу гэсээр угтахад нь “Тэгсээн, аягүй олон нохой ирлээ” л гэнэ. Ингэж хэлэхээр эмээ учиргүй баярлаад нөгөө хүүхдүүдэд тарааж байсан чихрээсээ атгаад л шагнана мань хоёрыгоо.
Хүүхэд настай минь хамт бүдгэрэн үлдсэн энэ багахан дурсамжийг өнөө өглөө манай байгууллагын гадаа гасалж угтсан шархтай нохой сэдрээж орхилоо. Одоо ч гэсэн хөөрхий амьтны шархны хөндүүр нь сэтгэл хөндсөөр...