Tuesday, October 26, 2010

Итгэхээ больсон

Цоожтой байшинд аз жаргал бий гэж Цонхигор дүр минь итгэдэг байсан Түлхүүрийнх нь нүхээр шагайх бүхэндээ Түүний сайхныг биширдэг байсан Эзэнгүй байшинд нэг л өдөр Эрхэмсэг ноён буцаж ирсэн Хаалга үүдээ цэлийтэл нээж Харьж ирснээ тэр зарласан Цоожтой байшинд аз жаргал бий гэж Цонхигор дүр минь итгэхээ больсон...

Tuesday, October 19, 2010

Нарантуул


...нэгэн өдөр миний хонгорхон Туул санаа алдан утсаар ярилаа. “Сэгсээхэй минь гадаа цас хаялж байна. Том том ширхэгтэй... Хоёулаа ийм олон өдөр уулзахгүй явж яаж чадав аа. Би талбай хөндлөн алхаад чам руу очлоо шүү” гээд утсаа тавьчихлаа. Юм бичээд сууж байсан би компьюторынхоо нээлттэй хуудсан дээр энэхэн мөрүүдийг тэрлэж билээ. Нарантуул яаманд би ...-д ажилладаг, цас бороо орсон өдөр бид Сүхбаатарын талбайд албатай юм шиг нэгнийгээ хүлээдэг.


Нарантуул минь, навчны судал, цасны амьсгал минь
Намираа бороо, сүүлчийн болзоо, ирэх өдрүүд минь
Аргадахад үг дутах этгээд гунигийн гэрч минь
Асуухад хариулт нь олдохгүй зэлүүд өдрүүдийн анд минь
Ренбрандтын урлан, эцэж цуцаагүй бийрийн ганц зураас минь
Рерихийн хүсэл их нууцын эрэлд хамт зорчсон зоригт минь
Амсарт нь уруулын хээтэй дарсны хундага, дарвуулт хөгжим минь
Амсахгүй олон амтыг нэгэн тагшинд зуурч зүрхээ тэжээгч минь
Намар хаварт өмсгөлөө гандааж өврөө жиндүүлэгч минь
Нас зүсийг огоорон одож хүслээ гүйцээгч минь
Торомгор нүд, нумарсан хөмсөгт, инээд цалгиагч минь
Тоолшгүй олон өдрүүдийг хамтдаа туулсан анд минь
Удаан мартах, удаад ч мартахгүй хэцүү тавилант минь
Урагшаа алхахдаа нүдээ аньж замаа туулдаг заншилт минь
Учирлаад хэрэггүй, гэмшээд барахгүй гэрэл гэгээт минь
Улаан гэрлээр зорчигч, зүүдэндээ итгэгч зүггүй минь
Лаврин үдшээр сэтгэлээ гоодоход чинь толь чамд хэрэг болбол
Лавай сарны сүүмгэр туяанд хамтдаа сууж зүрхийг чинь чагная даа, анд минь