Monday, February 28, 2011

Хүрээний анхны телефон Богдын ордонд хангинажээ


Одоогоос 97 жилийн тэртээ Хүрээний анхны телефон утас Богдын ордонд хангинажээ. 1914 онд Богд хаант Монгол улсын төр засгийн дээд хэмжээний төлөөлөгчид Орос улсад анх удаа ажлын айлчлал хийх үедээ Оросын талд хүсэлт тавьж нийслэл хүрээнд хоёр ширхэг телефон аппарат авчруулан нэгийг нь Богдын ордонд нөгөөг нь Гадаад яамны сайд Чин ван Ханддоржийн өргөөнд тавиулжээ. Харин Сайн ноён хан Намнансүрэн нөр их ажлынхаа дундуур цаг зав гаргаж “Телефон холбоог хэрэглэх журам” гэх ашиглалтын зааврыг монгол, орос хэл дээр найруулан бичиж батлан гаргаж байсан баримт бий. Айлчлалын үеэр Петербург хотын телефон станцыг үзэхээсээ өмнө Сайн ноён хан маань телефон утас гээчийг дуулаа ч үгүй явжээ. Хүрээний телефон хэрэглэгчдийн тоо аажмаар нэмэгдэж 1921 онд 24 болсон бол тухайн жил нь ардын хувьсгал ялж улс орон даяар засаг захиргаа тогтон улсын дотоод дахь бүх ажил идэвхижсэний дүнд 1923 онд 100 хэрэглэгчтэй МБ-100 станцыг суурилуулсан байна. Нийслэл хүрээний телефон холбооны хэрэгцээ цаашид улам түргэн өсөж Ардын засгийн газрын шийдвэрээр 1927 онд телефон станцыг шинэ байранд 300 хэрэглэгчтэй байгуулж дээрх станцаас гурвыг суурилуулжээ. Хүрээний анхны бага сургууль байрлаж байсан түүхт байранд Цахилгаан мэдээний шугам эрхлэх газрыг оруулж байсан нь Спортын төв ордон сүндэрлэн боссон тэр газар юм.

Sunday, February 27, 2011

Монголын их хатны гоёл үзэсгэлэнгийн танхимд

Монголын их хаад алтан дээл өмсөж, хатад нь есөн эрдэнийн үнэт чулуун шигтгэмэл бүхий толгойн алтан чимэглэлээр гоёж явсан нь эдүгээгээс 100-хан жилийн өмнөх түүх билээ.
Эл түүхийн баримт болох эдлэл хэрэглэлүүд Богдын музейд хадгалагдаж байдаг юм. Тус музей Улсын эх дагина хэмээн өргөмжилөгдөж асан, Богдын их хатан Дондогдуламын эдэлж хэрэглэж явсан хувцас хэрэглэл, эд зүйлсээр анх удаа үзэсгэлэн гаргалаа. Үзэсгэлэн нь Монголын тусгаар тогтнолын 100 жилийн ойд зориулагдаж байгаа юм. Богд хаан болон түүний хатны хувцас хэрэглэлийг Монголын шилдэг 120 гаруй зураач, уран хатгамалч, оёдолчид зөвхөн гар аргаар давтагдашгүй ганц хувийг урладаг байжээ. Богд хаантай 21 жил ханилсан энэ хатан тухайн үедээ эрдэм боловсрол тэгш, гоо үзэсгэлэнтэй бүсгүй байсан бөгөөд Шашин төрийг хослон өрнүүлэгч улсын эх дагина хэмээх тамга барьж төрийн хэрэг шийдвэрлэж байсан тухай түүхэнд үлджээ. Улсын эх дагинад анх өргөмжлөгдөхдөө өмсөж байсан түүний дээл үзэсгэлэнд тавигдсан нь олны нүдийг хужирлаж байлаа.

Wednesday, February 23, 2011

Богдын шарил Нарангийн энгэрт бий юу?

Нарангийн энгэр хэмээн нэрлэгддэг Улаанбаатар хотын нийтийн оршуулгын газарт VIII Богд Жибзундамба хутагтын шарил одоог хүртэл байгаа гэдэгт Монголын бурхны шашны зүтгэлтнүүд итгэлтэй байна. 1924 онд VIII Богд Жибзундамба нь 55 насандаа жанч халснаар Монголд Бүгд найрамдах засаглалын хэлбэр тогтсон түүхтэй. Харин энэ хүн нас барахад хаана, хэрхэн оршуулж байсан талаар хүмүүс тэр бүр мэдэхгүй биз ээ. Богд Жибзундамба хэмээх энэ хүмүүн монголынхоо төлөө сэтгэлтэй, монголчууд ч Богд эзэн хаандаа шvтлэгтэй байснаас эл эрхэм хvнээ таалал төгсөхөд Гандантэгчилэн хийдийн мөргөлийн дуганд занданшуулан бунхалсан ажээ. Гэвч 1936-1937 оны үеийн их хэлмэгдүүлэлтийн vеэр VIII Богдын занданшуулсан шарилыг байрлуулсан суврагыг эвдэн гаргасан байхыг маршал Х.Чойбалсан үзээд Баруун Нарангийн эрvvл газарт хайрцаглуулан оршуулсан байна. Монголын бурхан шашинтны төв Гандантэгчинлэн хийдийнхэн саяхнаас Богдынхоо занданшуулсан шарилыг эрж хайж хэд хэдэн газар хөндөж хайсан хэдий ч Монгол Улсын сүүлчийн эзэн хааны шарил эдүгээ олдоогүй л байна. VIII Богдыг таалал төгссөнөөс хойш Хүрээний хамба номонхан Лувсанхаймчиг нарын хүмүүс богдын шарилыг залах тусгай сүм бариулах хүсэлтээ БНМАУ-ын Шүүх Явдлын яаманд өргөн мэдүүлж байсан баримт нь эдүгээ Улсын төв архивын газарт хадгалагдан үлджээ. Тухайн бичгийн эхэд дурдсан нь: “Эдүгээ Жибзундамба хутагтын шарилын сүм суваргыг эрхлэн үйлдүүлэхээр тусгай томилогдсон хүчир хамба Бумгарвуу нараас мэдүүлэн ирсэн нь өчүүхэн бид нар тушаасныг дагаж харъяат хутагтын шарилыг залах сүмийг үнэ хямд ба бололцохыг эрж Улаанбаатар хотын Баруун дамнуурчны мужаан иргэн Ван Шин Цэн хэмээх Мянган, Ву Хува Гүн хэмээх Түмэнбаяр нарын хоёр пүүсэнд хоёр түм, таван мянган янчаан өгч үйлдүүлэхээр хэлэлцэн тогтсон зэрэг явдлыг Хятад, Монгол үсгийн гэрээ бичиг тодорхойлон байгуулж, мэдүүлэн хүргээр ирсний тулд, уул гэрээ бичиг хоёр хувийг бичиг дагалдуулан БНМАУ-ын Шүүх Явдлын яамнаа өргөн мэдүүлээд, гуйх нь толилон тогтоож, харилцан тэмдэглэх ажаамуу. Үүний тул өргөв. Монгол Ард Улсын 15 дугаар он, таван сарын хорин зургаан” гэжээ. VIII Богд Жибзундамба хутагт нь Далай ламын сангийн нярав Гончигцэрэн хэмээх түшмэлийн гэрт төрж 5 настайдаа Монголд залагдан ирсэн түүхтэй. Монголын түүхийн хамгийн эгзэгтэй үеүд буюу XX зууны эхний хоёр хувьсгалыг удирдаж байсан энэ түүхэн хүн Агваанлувсанчойжиннямданзанванчиг хэмээх уртаас урт номын нэртэй байжээ.

Tuesday, February 15, 2011

Мээдрэмж байкүй...


Ажлынхаа өрөөнд ганцаараа, сандлынхаа түшлэг дээр толгойгоо тавиад нүдээ аниад удаан суулаа. Юу ч бодохгүй, юунд ч баярлахгүй, бас гомдохгүй. Нойр хүрэхгүй, тэгсэн мөртөө сэрүүн биш. Зүгээр л уйлмаар ч юм шиг, юу ч яримааргүй, эсвэл амаа хамхихгүй чалчаад эхэлмээр. Хэн нэгнийг хүлээгээгүй атлаа сэмээрхэн догдлоод, тийн атлаа залхуу хүрээд. Цонхоор бүүдгэр мөртөө гэрэлтэй, яг над шиг тэнгэр харагдаад, хачин өдөр болж байна. Гадаа хавар болж байгаа гэсэн...