Wednesday, May 25, 2011

Тэр...


Хэлээгүй үгс
Хэлэгдэхгүй үгс

Хэсэгхэн цагаан үүл болж

Хэц дамжин нүүхэд

Нүүгэлтсэн санааширал

Нүднийх нь өмнүүр

Нүүн завдаад алга болохыг
Би харсан

Яруу найраг шиг хүн

Яруу найраг шиг гуниг

Яасан догдлом улирал вэ

Ямар өвс энд ургах бол...

Monday, May 23, 2011

Сайхан амарлаа

Уул талын дээгүүр бодол санаанууд нисэлдэнэ
Уул тал өөрөө хэзээ эртийн бодол санааны бүтээл юм...





Өнгөрөгч амралтын өдөр гурван найзтайгаа Цэцээ гүн рүү аялж амарлаа. Сэтгэл жигтэйхэн хөгжимлөг болчихоод ирсэн








Wednesday, May 18, 2011

“Монхор үрээсээ салах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө”

Ардын дуу “Ай Нанаа”-г хүмүүс янаг амрагийн дуу гэж ойлгох нь элбэг. Харин энэ дуу хүүгээ алдсан эцэг хүний гуниг харууслаас төрсөн дуу ажээ. “Ай Нанаа”-г үндэсний эрх чөлөөний төлөө тэмцэгч Чин ван Ханддорж зохион дуулсан байна. Ханддорж язгууртан гэр бүлд төрж өссөн бөгөөд орос, хятад, манж хэл бичигт гаргууд нэгэн байжээ. Монголд тариа тарих, алт олборлох зарлигийг зөрчдөг Чин ван Ханддорж 13-р Далай ламыг өргөөндөө өвөлжүүлсэн нь Манжийн хааны дургүйцлийг улам бадраажээ. Ханддоржийн хүү Данзанжамцыг Баруун зууд ном үзэхээр явах замд нь “Хааны ордны ёс алдсан” гэдэг шалтгаанаар манжууд Бээжинд зэрлэгээр цаазалж толгойг нь цар тавган дээр тавин хадгаар бүтээж аавд нь барьсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Энэхүү доромжлол басамжлалын хариуд тэрээр толгойн гудайн өвдөг сөгдөлгүй “Монхор үрээсээ хагацах хэцүү ч Монголоосоо салаагүй цагт болно хө” гээд “Манж Хятадын маалинга шаахайн ул, марал илжигний туурайг Хаалган даваа давуулж Ар ханхын нутагт хэрхэвч гишгүүлэхгүй” хэмээн тангараг тавьж хүүгийнхээ толгойг ганзагалан эх нутагтаа ирсэн байдаг. Чин ван Ханддорж нутагтаа ирээд эмгэнэлд автсан сэтгэлээ

Зүүн уулын зэрэглээ байна аа, ай Нанаа минь ээ

Зүглээд очсон чинь үгүй л байна аа хө

Зүүд нойрон дундуу хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ

Зүүдлээд сэрсэн чинь ганцаараа байна аа хө

Урд уулын зэрэглээ байнаа, ай Нанаа минь ээ

Угтаад очсон чинь үгүй л байна аа хө

Унтах нойрондоо хоёулаа байна аа, ай Нанаа минь ээ

Унтаад сэрсэн чинь ганцаараа байна аа хө... гэж дуулжээ. Чин ван Ханддорж хүүгээ “Нанаа” хэмээн өхөөрдөн дуулдаг байжээ. Энэ жил Үндэсний хувьсгалын 100 жилийн ойд зориулан Улаанбаатар чуулгын хамт олон энэ эмгэнэлт түүх харууслын дуугаар хөгжимт драмын жүжиг тавихаар бэлдэж байгаа ажээ

/Жич: http://www.touristinfocenter.mn сайтан дээр ийм нэгэн түүх байсныг олж блогтоо сийрүүлэв/

Sunday, May 15, 2011

Цонхны цаана


Нүд минь зүгээр л нэг цонхны шил юм гэдэгт би итгэдэг болсон. Миний дотор амьдран байдаг олон нийт яг л вагонд яваа зорчигчид шиг тэр цонхоор заримдаа гадагш харж гадаа хэмээн нэрлэж байгаа тэр ертөнцөд зорчдог. Нүдээр минь гараад нүдээр минь дамжин буцаж орж ирдэг тэднийг би зүгээр л харж суудаг. Хэтэрхий даруу биш тэд цонхоор л харахгүй бол үхчих гэж байгаа юм шиг өрсөлдөн дээр дороо орцгоодог мөртөө цонхоор харсан зүйлсээ хайрладаггүй, тэдний тухай боддог ч үгүй. Ер нь цонхоор харж байгаа атлаа цонхоор харж байгаагаа мэддэггүй улс л даа. Тэгээд харах хэрэг байна уу даа гэхээр хэрэгтэй гэлцэнэ. Ямар хэрэг байдаг юм бэ гэхээр мөрөө хавчицгаана. Ийм л мулгуу этгээдүүдийг өөртөө тээж явдаг хүн дээ би. Нэг удаа согтуу Жо миний хайртай Пийсүү нэрт муужгайг минь өндөрт өргөж ирээд л тэр цонхоор харуулна билээ. Хөөрхий муу Пийсүү өөрийг нь гадагш нь шидэх нь гэж бодсон уу яасан хамаг биеэ хураан арагш зүтгэхдээ согтуу толгойн гарыг маажчихсан. Энэ муу муур хүртэл миний зүрхэн дотор олбог засаад тухалчихсан ногоортлоо унтаад л, сэрэхээрээ нэг их хэрэг бүтээчихсэн юм шиг эвшээж суниагаад бүр нэг гэртээ байгаа амьтны дүртэй тарвалзаж байгааг би бас л дуугүй харж суудаг юм.

Шөнө харин сонин юм болно доо. Би хөшгөө хаачихдаг юм. Гэрэлгүй болчихоор ч тэгдэг юмуу нөгөө олон ядаргаатай нөхөд ашгүй дуу шуугаа хураагаад дор дороо шивэр авир гэлцэж байгаад тааралдсан газрууддаа гулдайгаад унаад өгч байгаа юм. Ёстой нэг дэлхий доргитол сартайтал хурхирцгаана даа. Энэ үед манай вагонд цоо шинэ зорчигчид ямарч тасалбар зөвшөөрөлгүйгээр орж ирээд жинхэнэ үймээн самуунт шинэ амьдрал эхэлнэ шүү дээ. Түг түмэн нөхөд энүүгээр ч нэг тэрүүгээр ч нэг холхилдож инээхдээ инээж уйлахдаа уйлж зарим нь бүр хоолой дээр хутга тулган сүрдүүлж ч байх шиг. Тэгэхдээ тэдний хэн нь ч намайг өнөөдрийг хүртэл алчихаагүй л байна. Цаг хугацаа гээч юм алга болж чухам л мөнхийн орчил дунд бужигналдана. Бодлоор минь боорцог хийж хээвнэг жалир жалир гэж зажилах бол бүр энүүхэнд. Нэг удаа хайрыг минь халуун саванд хийж хүйтэн усанд хөлдөөж байсныг нь санадаг юм. Дархан хүний урлан гэхээсээ илүү мэс заслын өрөөтэй төстэй тун эмх замбараагүй уйтан хонгилд би өөрийгөө маш олон жижиг хэсгүүд болон тарчихсан байснаа ч олж л байсан.

Шилний хэлтэрхийнүүд шиг үй олон хэсэг болж өрөөгөөр нэг тарсан миний эд эсүүд харин шилний хагархай шиг гялалзаж харагдаагүй юм даг. Будаг нь ховхорсон хуучин байшингийн янз моднууд зүсрэн орсон бороонд шинэ хуучин өнгө нь тодорч, усанд олон хоног дэвтсэнээсээ болоод бараг л байгалийн гэмээр өнгө будаг ялгаруулан байлаа. Одоо талаар нэг тарсан надаар ямар нэг бүтээл хийнэ гэдэг үнэхээр төсөөлшгүй ч тийм уйгагүй нэгэн байх аж. Яг л Пеноккио хүүхэлдэйг модоор бүтээгээд амь оруулдаг шиг. Харин би маш хурдан нүдийг минь хийгээсэй гэж бодоод шилний хагархай эрээд явснаа санадаг юм. Тэгээд яг л өмнө нэгэнтээ бодож байсан шигээ цонхны эгэл шил олж мужаандаа өгөхөд тэр миний нүд байх газарт өнөөхийг нааж орхисон. Ингээд л би цонхоороо хартал мөнөөх үймээн самуунт нөхөд нэгэн зүгт дайжин алга болоод харин өчигдрийн цонхон дээр овооролдон бие биенээ татаж унаган мацаж байсан найзууд эргээд ирчихсэн /хэдийдээ ч сэрчихсэн юм бүү мэд/ шуугилдацгааж байсан. Яагаад ч юм надад маш их залхуутай санагдсан тул орондоо орж хэвтээд Пийсүүг өөр рүүгээ дуудсан.

Хааяа би цонхоор харж зогсохдоо тэнд, гадаа байх сан гэж маш их хүсдэг...

Thursday, May 5, 2011

Сэтгэл сэгсийчихээд байна аа


Цас бороо холилдон бударсан ертөнцийн буйдад
Цаг агаарын мэдээ сэрэл хүслээс шалтгаалж...