Tuesday, August 9, 2011

Агийн үнэрт зунаар Хагийн нуурыг зорихуй



Бараг л хамар шүргэм эгц өөдөө мацаж сүүлдээ дөрвөн хөллөн мөлхөж явахдаа буцаад уруудчих вий гэж хамгийн их зовж байлаа. Хэрэв буцаад өнхөрчихвөл эргээд эндээ ирэх гэж бас л энэ хэмжээний хөлс дуслуулна шүү дээ. Хөл туйван ядарч урагш тэмүүлэх хүсэл асар их байвч гишгэнэ гэдэг том бэрхшээл болон хувирлаа. Бөн бөн дуслах хөлсөө нэг шувтарч амсхийх зуураа тэртэй тэргүй булдруу болж хоцорсон хацар нүүрэн дээр баринтаглан шавах шумуулуудаа үргээхчээн аядан дэмий л гараа савав. Өдийд гэртээ тохилог буйдан дээрээ зурагтын суваг солин, гартаа хүйтэн кола барьсан шигээ тарайн хэвтэж байж болох л байсан. Гэтэл ядарч жаргах эз хатгасных нэг иймэрхүү л явж байна даа. Наадамд түрүүлээд ирсэн морь шиг хамаг бие чивчигнэн чичирч зүрх дэлсэж байх зуураа ийнхүү бодож байтал тайгын гүнээс олсон абсурд маягийн таягаа хүчлэн тулсаар миний дэргэдүүр бас л хөлөө зөөж ядан зөрөх манай омгийн ахлагч Номинчимэд “За Сэгсгэр минь яваад байна шүү дээ хө. Хөдөл хөдөл” гээд өнгөрөв. Өнгөрөх ч гэж дээ, надаас дөрөв таван алхмын өмнө гарчихлаа. Ууг нь гараа сунгахад татаад авмаар ойрхон ч гэсэн энэ өгсүүрт таван алхмын өмнө яваа хүн гэдэг юутай ч намайг “хол хаячихаж” байгаа хэрэг шүү дээ. Атаархмаар гэдэг нь.