Tuesday, February 14, 2012

Ямар хөндүүр юм бэ...



Хоёр кг махны үнээр хүнээ хөгжүүлж байгаа
Монгол улс 21-р зуунд оочертоо
алалцсаар л...

Tuesday, February 7, 2012

Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана

Блогоо борц болгосондоо хүлцэл өчөөд сүүлд бичсэн замын тэмдэглэлээ оруулж байгааг хүлээн авна уу. Сэгсгэр нь "Одон" ТВ-гээс өөр ертөнцийг харах цонхгүй болоод удаж байна. "Далайд гарцгүй" болсон шүү найзууд аа, уучилна биз хэхэ. Бас дашрамд хэлэхэд энэхүү нийтлэл энд нийтлэгдсэн

1. Төөрсөөр төрөлдөө

Төвд хүмүүс хонины нэхийг торго даавуу мэтийн бөсөөр өнгөлөлгүй шууд арьсан гадраар нь дээл хийж өмсөх нь элбэг ажээ. Байгаль дэлхий мал ахуйгаа бараадан амьдардаг тэдний хувцас хунар хийгээд бие цогцосын ариун цэврийн тухай бодох нь салхи нь шороотой, санаа алдах нь хориотой энэ нутагт дэндүү илүүц санагдана. Бороо шороонд элдүүр нь ханаж өөрийнхөө өнгийг хэдийнэ гээсэн хөдсөн дээлийн эмжээрт сэмэрсэн хоргойны саа үе үе гялтганах нь сэтгэлд нэг л эмзэг. Гоёл чимэглэлийн зүйл зохиогүй газартаа этгээд гэхээсээ илүү эмгэнэлтэй харагддаг ажээ. Ханцуй хормой нь хамтдаа газар шүүрдсэн хүлхгэр төвд дээлний цаанаас ил гарсан хиртэй хэнхдэг, галзуу мэт гялалзсан нүд, ширэлдсэн үстэй тэдгээр хагас зэрлэг хүмүүс хоорондоо амдо төвдээр учиргүй чанга хашгиралдан ярихыг гайхан сонжихын завсарт зургийг нь дарж явахдаа энэ хөөрхий хүмүүс миний цус махны нэгэн хэсэг байсныг даанч мэдсэнгүй ээ. Түүхийн нэгэн цаг үед Монголын хүчирхэг дээдсийн илдний ир болж явсан итгэмжит хүлэг баатруудын хойчис өнөөдөр ийнхүү Төвдийн их уулсын дунд хүн төрөлхтөний хөгжлийн түүчээнээс гээгдэж түүхийн хуудас зузаалахаар уусан замхарч байгаа нь нэн эмгэнэлтэй.