Thursday, January 17, 2013

Хөөе Сэгсгэр ээ, хэлээ залгичихаа юу



       Өөрсдөө солиорчихоод бусдыг эмчлэх гэж яваа хүмүүстэй л тааралдаад байх юм. Тэд маань ийм л үгнүүд хэлдэг.
    
    -Сэгсгэр ээ, чиний наад яваад байгаа зам чинь нэг л биш. Амьдралаа өөд нь татаач, юугаа хүлээгээд байдаг юм...

    -Хөөе Сэгсгэр ээ, хэлээ залгичихаа юу чи...

    -Архи уухгүй ч гэх шиг, маяглаад бай Сэгсгэр ээ...

    -За чи ч бүр эвшээж байх шив дээ, их эрдэмтэн... үнэхээр өөр байна аа, мань мэтийгээ бодвол. Аян замдаа сайн яваарай, чи их хол явна шүү...
      Би ч гэсэн бусадтай ярилцах хэрэгтэй л байна шүү дээ. Тэгэхдээ арван жилийнхээ дурсамжийг арав хорин жил давтаж биш, анд нөхдийнхөө дутагдлыг давсалж хужирлан баясаж биш, унаж яваа нэгнээ нэмж түлхэн сайрхаж биш, ууж идсэн паянгаа улс амьтанд гайхуулж биш, улс эх орноо муучилж зүхэн ухаантан царайлж биш, утаатай нийслэл хотдоо хордож үхэхээ зарлан үглэж  биш... 
      Өөр ярих юм байлгүй л яахав дээ. Харин яагаад бүгдээрээ ярихгүй байгааг л гайхаж байна. Надад л лав ярих юм зөндөө байна. Тэгэхдээ яривал онигоо болчих байх л даа...

Thursday, January 10, 2013

Хайртай

Хайртай гэдэг үгийг ханзаар бичсэн ч 
       зурлага нь цөөдөөд
Хайртай гэдэг үг тархинд атираа нэмэх нь

       таатайгаар хөндүүр оргиулаад
Хайртай гэдэг үгийн үнийг төлөхөд 

       амьдрал минь хүрэлцэхгүй гачигдаад
Хайртай гэдэг үгийг хэлэхдээ 

       амьсгалын дутагдлаар 
       нас барах юм шиг санагдаад



Хайргүй хачин харцаар орчныг сүлбэн хаачихаа мэдэхгүй суухад
Хайргүй орчлонгийн цас тэргүүн дээр будраад тэндээ хайлах шиг
Хайргүй нам гүм зүрхийг минь зүсэхдээ намайг эс ойлгоод
Хайргүй авсанд минь оруулах хүртэл хайртай шүү чамдаа... хайртай....

Tuesday, January 8, 2013

“Болор цом” үзэхгүй гээд байхад даа...

Өчигдрөөс эхлээд л утас тасралтгүй тачигнаастай. “Сайн уу Сэгсгэр ээ, *Болор цом* үзэх үү?”. Үгүй гэм дээ үгүй, үзэхгүй гэсээр байгаад ам цангачихлаа байна бүр. Ингэхэд энэ улсууд намайг “Болор цом” үзээд явж байхыг хэзээ хараа вэ? 1999 онд аймгийн даргын аймаар уур уцаараас болж Гэмтлийн эмнэлгээс оргон барин байж шохойтой гартай харайж орсноос хойш “Болор цом” гээчийг театр чуулгат нь очиж үзэж үзээгүй хүн шүү дээ хөөрхий. “Болор цом”-оос боломжоороо л хол явдаг нөхөр. Тэгэхдээ энэ чинь, зав чөлөө нь байгаад тасалбарынх нь үнийг дийлж байвал үзчихэд ер нь бол яахав дээ, болохгүй юм ер байхгүй. Тэгэхдээ л үзье гэж боддоггүй юм, нэхх сонин... 

Monday, January 7, 2013

Би Брюс Лиг хулгайлаагүй



    -Сэгсгэр ээ, чи миний Брюсь Ли-г харсан уу?
    -Хараагүй шд. Чи цааш нь хийгээгүй юмуу?
    -Харин би эрээд бүр олдоггүй ээ. Бид хоёрын хамтын жижиг цүнхэн дотор нэг л Брюс Ли байна шд.
    -Тийм, наадах чинь миний Брюс Ли шд. Чинийхыг хоёулаа олъё...
      Нэг зун аймгийн баруун урд байх “Хэрлэн” зусланд амарч байхдаа манай параллель ангийн Эсээ бид хоёр нэг танихгүй зурагчин ахаас Брюсь Лигийн жижигхээн хар цагаан зургийг арав арван төгрөгөөр худалдаж авсан юм. Дөрөвдүгээр ангид байсан нөхдүүд л дээ. Тэр үед чинь Брюс Лигийн зураггүй хүүхэд бол хүн биш байлаа шүү дээ. Нөгөө ангид С.Эрдэнэцэцэг, Ц.Эрдэнэцэцэг гээд хоёр охин байдгийн С нь тэр удаа надтай зуслангийн нэг ээлжинд таарч бид хоёр гайгүй зузаан найзууд болцгоогоод байсан үе. Бид хоёр Эсээгийнхээ Брюсь Лиг эрж өдөржингөө түүний хамаг чемодан, ном дэвтрийг онгичсон боловч олсонгүй. Ингээд Эсээ маань Брюсь Лигээ хулгайд алдчихлаа гээд жаахан урам муутайхан байсан ч хоёулаа тун удахгүй инээж хөхрөлдөн хөтлөлцөөд гүйж явсан юм. Зуслан буух болоод Эсээ бид хоёр юм хумаа хамтдаа эмхэлж цэгцэлж байтал миний чемодан дотроос нөгөө муу алга болсон Брюс Ли гараад ирэх нь тэр. Яг үүнтэй зэрэгцэн би өөрийнхөө Брюс Лиг түрүүлээд чемодандаа хямгадсан минь гэнэт санагдлаа. Эсээгийн нүд шууд 50 мөнгө болж байгаа юм чинь. Би ч бантсандаа чемоданаа хааж орхилоо. Хэдий тайлбарламаар байсан боловч юу ч хэлж чадсангүй. Өөрийнхөө Брюс Лиг хямгадчихаад Эсээгийн Брюс Лиг хайлцаж байхдаа юу бодож байсан хүн бэ тэнэг муу Сэгсгэр. Найз маань нөгөө хамтын цүнхэнд байсан Брюс Лиг надад өгөөд “Чи ч гэсэн энгийгээ хямгад. Аягүй бол бас алга болчихно шүү” гэснийг яана. Би яагаад өөрийнхийгөө хямгадаж далд хийснээ таг мартчихсан юм бол гэж хичнээн бодоод ойлгосонгүй. Хулгайчийг илчилсэн нэг хүн автобусаар аймаг орох замын туршид тун ёозгүй, гүнээ жигшсэн харц чулуудаж, хулмаганаж бантсан муу Сэгсгэр өөдөөс нь харж чадахгүй дальдчсаар ирсэн билээ. Тэрнээс хойш Эсээ найз маань надтай дуугараагүй. 10 төгстөлөө бид хоёр нэг нэгнээ танихгүй мэт явсан. Нэг сургууль юм чинь байнга тааралдана. Тааралдах бүрт надад нэг тийм тамтай мэдрэмж төрдөг сөн. Эсээ маань хожим эмч болсон гэсэн. Бид уулзалгүй олон жил болжээ. Сургууль төгссөнөөс хойш тааралдаагүй. Одоо Эсээтэйгээ нэг сайндах юм сан даа.