Бүсгүй хүний цогцос
хулгайлах, худалдах гэмт хэрэг нэмэгдэж байгаа тухай мэдээлэл Хятадын цахим хэвлэлүүдэд
сүүлийн үед ихээхэн бичигдэх боллоо. Энэ нь Хятадын эртний уламжлалт “Үхэгсдийн
хурим”-ын ёслол дахин сэргэсэнтэй холбоотой юм байна. Нас барсан гоонь эр нөгөө
ертөнцөд эхнэр дагуулан очвол ирэх төрөлдөө сайн заяанд төрдөг, түүнд эхнэр
“бэлэглэсэн” гэр бүлийнхэн нь хэдэн үеэрээ баян чинээлэг амьдардаг хэмээх мухар
сүсэг өдгөө 21-р зуунд дахин сэргэсэн нь тус улсын эдийн засгийн өсөлттэй
холбоотой байж магадгүй хэмээн нийгэм судлаачид дүгнэн бичицгээж байна. Хятад
улс коммунист нийгэмд орсноор эртний мухар сүсгийг төрийн хуулиар цаазалж
“Үхэгсдийн хурим”-ыг хориглосон юм. Шороон түмэн иргэдийнхээ ходоод руу юм
чулуудахын тулд улс орон даяараа өлсөж өлчиржиж, зүтгэж зүдэрч байсан он
жилүүдэд үхэгсдэд байтугай үр хүүхэддээ ч хурим хийх нь хүнд хүчир зарлага байсан
билээ. Харин одоо улс орон нь эдийн засгийн хувьд хүжирхэгжихийн хэрээр ард
иргэд ч амсаж идэхээр гулгиж эхэллээ. Үүнтэй зэрэгцэн хойд насандаа хөрөнгө
оруулалт хийх капиталист санаархал бүхий коммунистууд өсөн нэмэгджээ. Гинжнээс
өөр алдах юмгүй пролетариудын гарт мөнгө очвол яадгийг Хятадын төр шүдээ зуун
харж нүдээ анин халаглавч барьж тогтоож дийлэхгүй, 21-р зуунд хоцрогдсон
заншлаа сэргээлгэж орхив.
Thursday, September 19, 2013
Tuesday, September 17, 2013
Уран зохиолын талаар ярилцъя
Уран
зохиолын талаар уран ярихаа болиод үнэнээ ярьдаг болчихвол л болох юм шиг
санагдах юм. Тиймээс надтай үнэнээ ярих хүмүүстэй хамтран блогтоо цуврал
ярилцлагууд тавьж байхаар шийдлээ. Блог дээрээ “Уран зохиолын тухай ярилцъя”
гэдэг булан нээж байна. Уран зохиолыг бүтээгч, судлагч, шүүмжлэгч, хэрэглэгч,
уншигч хэнд ч ярилцлага маань нээлттэй, бас чөлөөтэй. Энэ ярилцлага уламжлал
болсон асуулт хариултын маягаар биш харилцан яриа маягаар хийгдвэл зүгээр
байхаа. Тэгэхээр уран зохиолын талаар буу халмаар бол миний яахоо мэссэнжирт
ороод ирж байгаарай. Эргээд бичиж сийрүүлэх ажлыг хөнгөвчилж шууд л копи паст
хийгээд л блог дээрээ тавиад байх санаа байна. Ямар вэ андууд аа, саналаа
хэлээрэй. sudar_z@yahoo.com
Wednesday, September 4, 2013
Баруун гар мандтугай
“Би гартай хүн
Би гаргүй хүн” гэдэг урт
найраглалыг тарни шиг цээжилж тав авчихаад учиргүй онгирч байж билээ бага
байхад. Баруун гараа нугардаггүй хэсгээр нь гурав хугалчихаад гартай ч юм шиг
гаргүй ч юм шиг гурван сар гутлаа хүнээр үдүүлсний эцэст гартайгаа гар бариад
сууж байна. Блогоо их саналаа. Зүүн гараараа баруун гараа тээж явсан өдрүүд ард
үлдэж баруун гартаа бал, үзгээ шүүрч авлаа.
Subscribe to:
Posts (Atom)