Friday, October 5, 2012

Саруул-Эрдэнэ



Саруул багш маань 2009 оны зун эх орондоо ирж амрах үеэр бид хоёр хамтран “Эх хэлний эрэлд” хэмээх цуврал нэвтрүүлгийг “Монгол” телевизэд хийж өгсөн юм. Нэг орой хоёулаа хууч хөөрөн ганц нэг шар айраг шимэнгээ хэл шинжлэлийн судлагдахууны нэг төсөөт үг нь монгол яруу найрагт элбэг байдаг тухайд ярьж билээ. Орой нь хариад төсөөт үгсийг нийлүүлэн Саруул багшийнхаа нэрээр шүлэг бичсэн сэн. МУБИС-ийн Монгол судлалын сургуулийн багш Мягмарын Саруул-Эрдэнэ одоо АНУ-гийн Индианагийн их сургуулийн Төв европ судлалын тэнхимд судалгааны ажил хийж байгаа. Хэл шинжлэлийн ухааны доктор тэрээр Вашингтон хот орчмын монголчуудын холбооны удирдах зөвлөл, “Цахим өртөө” төрийн бус байгууллагын удирдах зөвлөл, Индианагийн их сургуулийн дэргэдэх “Монгол” нийгэмлэгийн захирлуудын зөвлөл болон Америкийн Монгол судлалын төвийн захирлуудын зөвлөлийн гишүүн юм. Мөн тэрээр гадаад дахь  монголчуудын www.dayarmongol.com сайтыг эрхэлдэг.  Саруул багшийн үг бүхнээс монгол ханхалдагт би баярладаг...

Санагдах алс, оногдох ойр, дүүжин гүүр шиг сэтгэл минь
Салхин зүгт, альхан цагт, даажин зүүд шиг мартагдах бол?
Амьсгалын хэмнэл, аньсаганы нэрмэл, амьдралын амттай итгэл минь
Амьсаад дурсахгүй, ханьсаад урсахгүй гольдролын дунд яах бол?
Рерихийн хөрөг, эгээрэхийн төлгө, аль нь ч надад сонин биш
Ренбрандтын зураг, эрээн бараан сураг, бүгд адилхан, сөгдөх хэрэггүй
Уул минь, уур минь, ууршаад манантах хүсэл минь
Уйтан хийгээд уудам, зурж болохгүй сүм-сэтгэл минь
Учрал минь хагацал минь, алсраад амьсах алдаа минь
Уйлж суугаад дуулахдаа үгийг нь мартсан дуу-зүрх минь
Лаврин үдэш авиран зүдэгч эвий хонгор гунигтай би
Лавран хийдийн уншлагат эдгэхгүй эртний ерөөлт хөндүүртэй би
Эрслэн зорих тэрслэн золих эмзэг зовиурт зүрхээ яалтай
Энэлэн шархирах зэмлэн архирах гэмшил дүүрэн өдрүүдээ яалтай
Рамын уулнаа мөнх оршсон даяанчийн билиг
Рахын сүүдрээс бодол аврахад сэм цэлмэнэм
Дагшин хөдөөд лагшин амирлаж үүлс өргөн шувууд одоход
Дахиад ирэх хаврыг хүлээж уулс урган тэнгэрт тэмүүлнэм
Эндэхийнхэн Тэндэхийнхтэй адилгүй эрвэн сэрвэн зөнтэй
Эдгэж өвдөхийн зуурт мартаж санах зүүдтэй
Нэг дэхийнх нь тав дахийнхтай адилгүй бүгд өөрийн замтай
Нэгдэхийн аргагүй ертөнц мөнх бусын жамтай
Эгээрэм алсын анир гэгээрэм совингоо илгээхэд
Элийрэм холын бодолдоо дүлийрэм чимээгүй дуншнам

Sunday, September 30, 2012

“Намын 18-р их хурлыг баярлан угтъя”



Өвөрмонголын соёл, олон нийтийн 11 том байгууллага хамтран Хөххотын Спортын ордонд ийм нэртэй нэгэн нүсэр тоглолтыг зохион байгууллаа.

Тоглолтод найрал дууны 15 багийн 4500 гаруй дуучид оролцсон нь уг арга хэмжээний цар хүрээг илтгэж байна. 

 Тоглолтыг ӨМӨЗО-ын АТИХ-ын байнгын хорооны орлогч дарга Хурцаа, ӨМӨЗО-ны улс төрийн зөвлөлгөөний орлогч дарга Наран болон ӨМӨЗО-ны цэргийн тойргийн улс төрийн хэлтсийн орлогч дарга Жан Ин нар хүрэлцэн ирж сонирхсон нь уран бүтээлчдийн хувьд томоохон шагнал болсон юм. Энэ тухай Өвөрмонголын “Өдрийн сонин” дээр мэдээлэхдээ “Тоглолтод ахмад, дунд, залуу, өсвөр үеийн бүх төлөөлөгчид оролцож намын 18-р их хурлыг баярлан угтахын хамт эх орон энхрий намдаа хайртайгаа бүрэн төгс илэрхийллээ” гэжээ. 
 

Friday, September 28, 2012

Авсны таг хадах шиг...



Цангаж үхсэн сэтгэлээ сэрчихэж магадгүй гэж
Царай алдан хүлээсээр үхчихэж магадгүй байна
Хүчилтөрөгч хүргэчих тусламж алс нутагт
Хүрэн өнгөнд уусаад ширгэчихэж магадгүй байна
Тэнгэрийн өнгөтэй нэрнээс нь газар ханхалдаг хотод
Тэвэрч өлгийдөх хүслээ булшилж магадгүй байна
Ав адилхан өдрүүд дээр гарын үсгээ зурах минь
Авсны таг хадах шиг дэндүү энгийн байна.

Tuesday, February 14, 2012

Ямар хөндүүр юм бэ...



Хоёр кг махны үнээр хүнээ хөгжүүлж байгаа
Монгол улс 21-р зуунд оочертоо
алалцсаар л...

Tuesday, February 7, 2012

Үрээ мориндоо мордохоор үг хэлтэй байснаа санана

Блогоо борц болгосондоо хүлцэл өчөөд сүүлд бичсэн замын тэмдэглэлээ оруулж байгааг хүлээн авна уу. Сэгсгэр нь "Одон" ТВ-гээс өөр ертөнцийг харах цонхгүй болоод удаж байна. "Далайд гарцгүй" болсон шүү найзууд аа, уучилна биз хэхэ. Бас дашрамд хэлэхэд энэхүү нийтлэл энд нийтлэгдсэн

1. Төөрсөөр төрөлдөө

Төвд хүмүүс хонины нэхийг торго даавуу мэтийн бөсөөр өнгөлөлгүй шууд арьсан гадраар нь дээл хийж өмсөх нь элбэг ажээ. Байгаль дэлхий мал ахуйгаа бараадан амьдардаг тэдний хувцас хунар хийгээд бие цогцосын ариун цэврийн тухай бодох нь салхи нь шороотой, санаа алдах нь хориотой энэ нутагт дэндүү илүүц санагдана. Бороо шороонд элдүүр нь ханаж өөрийнхөө өнгийг хэдийнэ гээсэн хөдсөн дээлийн эмжээрт сэмэрсэн хоргойны саа үе үе гялтганах нь сэтгэлд нэг л эмзэг. Гоёл чимэглэлийн зүйл зохиогүй газартаа этгээд гэхээсээ илүү эмгэнэлтэй харагддаг ажээ. Ханцуй хормой нь хамтдаа газар шүүрдсэн хүлхгэр төвд дээлний цаанаас ил гарсан хиртэй хэнхдэг, галзуу мэт гялалзсан нүд, ширэлдсэн үстэй тэдгээр хагас зэрлэг хүмүүс хоорондоо амдо төвдээр учиргүй чанга хашгиралдан ярихыг гайхан сонжихын завсарт зургийг нь дарж явахдаа энэ хөөрхий хүмүүс миний цус махны нэгэн хэсэг байсныг даанч мэдсэнгүй ээ. Түүхийн нэгэн цаг үед Монголын хүчирхэг дээдсийн илдний ир болж явсан итгэмжит хүлэг баатруудын хойчис өнөөдөр ийнхүү Төвдийн их уулсын дунд хүн төрөлхтөний хөгжлийн түүчээнээс гээгдэж түүхийн хуудас зузаалахаар уусан замхарч байгаа нь нэн эмгэнэлтэй.